2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Энэбиш: “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана" гэдэг л болж байна

Б.Энэбиш: “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана" гэдэг л болж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага


Эрдэнэс МГЛ,  Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиштэй ярилцлаа.

 

 

 

-Тавантолгой төслийг эхлүүлсэн хүний хувьд тантай энэ талаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа зарим зүйлийн талаар ярилцах уу?

 

 

-Тэгье. Дээрх хоёр асуудал дээр нэмээд улс орны одоогийн байдал, уул уурхайн хөгжлийн талаархи үзэл бодлоо бас хэлчихье.      

 

 

-Хэдэн жилийн өмнө Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээнд оролцож байсан Хятадын Шинхуа компанитай энэ Засгийн газрын үед 15 км нарийн царигтай төмөр зам хамтарч барихаар тохирлоо, Шинхуа”-тай хамтарч байна гээд сүүлийн үед их  яригдаад байна. Энэ талаар та хэр мэдээлэлтэй байгаа вэ. Ер нь юу гэж бодож байна вэ?

 

 

-Ер нь алсын стратеги талаас нь үзвэл Хятадын томоохон компаниудтай бизнесийн зөв харилцаа тогтоож хамтран ажиллах хэрэгтэй. Шинхуа бол өмнөд хөршийн нүүрсний хамгийн том компани. Хятадын хил, Ганц модны боомтоос цаашаа өөрийн эзэмшлийн шинэ төмөр зам байгуулсан, хэдэн жилийн өмнө Баруун Цанхийн талбайг ашиглах олон улсын консорциум байгуулах талаар яриа хэлэлцээ явагдаж байхад өмнөд хөршийн оролцоог төлөөлж байсан компани шүү дээ. Энэ үүднээсээ Эрдэнэс-Тавантолгой”-н зүгээс Шинхуа компанитай холбоотой ажиллах нь зөв гэж бодож байна. 2011 онд Тавантолгой ордын Зүүн Цанхийн талбайг ашиглаж эхлэхдээ шинээр эхэлсэн уурхайн үйл ажиллагаа, холбогдох дэд бүтцийн зардал, Хүний хөгжлийн санд ихээхэн хэмжээний мөнгө оруулах шаардлагын үүднээс нүүрсний томоохон урьдчилгаа авах хэрэгтэй болж, тийм хэмжээний мөнгө өгч чадах том компаниудтай харилцах хэрэгтэй болсон үед Хятадын төрийн өмчит Чалко компанитай гэрээ байгуулж байсан юм. Зүүн Цанхийн талбай дээр Чалко”-той нүүрсний нийлүүлэлтийн гэрээтэй, харин Баруун Цанхийн талбай дээр Шинхуа”-тай бизнесийн аль нэг хэлбэрээр холбоотой ажиллах нь гэсэн төсөөлөл, төлөвлөгөө тухайн үед миний хувьд байсан. Баруун Цанхийн талбай дээр олон улсын консорциум байгуулж хамтрах Засгийн газрын төвшний хэлэлцээ утопи маягтай болж, бүтэлгүйтэж зогссоноос Шинхуа”-тай хамтрах явдал хойшлогдоод байсан.

 

 

-Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр Эрдэнэс-Тавантолгой, Энержи Ресурс, жижиг Тавантолгой компаниуд нийлээд  Шинхуа компанитай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ бичиг байгуулсан байгаа…

 

 

-Тэгж сонссон. Энэ бол нүүрсний экспортоо зогсоож өөр улсад байр сууриа алдах бодлогогүй алхам хийсэн хүмүүсийн  ... ичсэн хүн хүн ална гэдэг шиг үйлдэл. Би Шинхуа”-тай нүүрс нийлүүлэх, худалдах гэрээ байгуулж харилцаатай байх асуудлыг ерөөсөө үгүйсгээгүй байна. Харин нэг тэрбум тонн нүүрсийг Тавантолгойн бүлэг ордоос нийлүүлнэ гэдэг нь нэгдүгээрт,  манай  олборлолт, экспортын боломж чадавхийн хувьд үл бүтэх сансрын тоо хэмжээ байна, өөр бусад оронд ч ийм хийсвэр зүйл байдаггүй байж таарна.  Хоёрдугаарт, Монгол Улс, манай компаниуд ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх, тээвэрлэх техник, ложистикийн боломж нөхцөл байхгүй, 20 жилийн дотор ч үүнийг бүрэн бий болгож чадахгүй, гуравдугаарт, том компанитай гэрээ байгуулах нь бодлогын хувьд зөв байж болохч нэг компанид бүх нүүрсээ нийлүүлнэ гэж үүрэг авч  болохгүй, нэг харилцагчийн эрхшээлд бүрэн орно гэсэн үг. Монголын хэдэн компани нийлээд бүү хэл Эрдэнэс-Тавантолгой дангаараа дор хаяж том, жижиг 4-5 нүүрс худалдан авагчтай харилцах ёстой.  Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын компаниудтай хамтран ажиллах, харилцах асуудал хаачив. Нөгөө бидний 1990 оноос хойш ярьж ирсэн Монгол Улсын олон талт бодлого, эдийн засгийн олон харилцагчтай байх явдал яасан билээ. Чалко компанитай 2011 онд байгуулсан гэрээний дагуу дунджаар долоо орчим жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ хамгийн ихдээ 30 саяас хэтрэхгүй. Одоо гэрээбайгуулснаас хойш бараг дөрөв дэх жилдээ ороод явж байна.

 

 

 

-Төр засгийн бүх эрх мэдэл нэг намд, Ардчилсан намд төвлөрөөд байгаа энэ үед уул уурхайн бодлого хэрхэн явж байна гэж бодож байна. Та уг нь энэ намын хүн байхаа?

 

 

-Ер нь бол Ардчилсан нам, ардчиллын талынхан засгийн эрхийг ингэж авах цаг нь болсон байсан уу гэвэл, тийм гэж хэлнэ. Монголд ардчилсан ёс, эрх чөлөөт нийгмийг авчрах тэмцлийг эхлүүлж гол хувь нэмэр оруулсан тул энэ нь  шударга ёсны зүгээс гэх юм уу, засгийн эрхийг сонгуулиар ээлжлэн барьдаг дэг жаягийн дагуу ч гэх юмуу, ардчиллын хөдөлгөөнд анхлан оройлон оролцож байсан миний хувьд хүлээж байсан зүйл. Олон хүн ийм хүлээлттэй байсан байх. Харин төрийн бүх эрх мэдлийг аваад сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны тухайд гэвэл шулуухан хэлэхэд буруу байна гэж би хэлнэ. Зүйрлэж хэлбэл, Монголын түүхэнд тэртээ 1920-иод оны сүүлээр тохиолдож байсан шиг Зүүний, зүүнтний алдаа завхрал-тай төстэй бодлого, үйл ажиллагааны алдаа гаргаж байна. Мэдээж цаг хугацаа, нөхцөл байдал, эзэд нь өөр боловч хэв шинж тэмдгээр нь тэгж бодох, дүгнэх үндэс байна. 1920-иод оны сүүлчээр хэт улаан хувьсгалчид төрөн гарч айлуудыг хүчээр хамтралжуулж, малыг нь хураан нийлүүлж, заримынх нь эрхийг хориглож, гадаадын капиталыг шахан зайлуулж, гар нагаангарган сүрдүүлж, өмнөх бүхнийг үгүйсгэж  байгаад буруутсан байдаг. Одоо Монголын нийгэмд болж байгаа зүйлтэй төстэй үзэгдлүүд тэр үед болж байсан шиг билээ, харамсалтай нь. Тэгээд дараа нь алдаагаа засах гэж нэг хэсэг нь хэт баруун тийш дарж мушгиад, дараахан нь гаднын нөлөөтэй баахан хэлмэгдүүлэлт болсныг бид түүхээсээ мэднэ. Улс орны улс төр, эдийн засгийн бодлого нь баруун, зүүн чиглэлийн гэдгээрээ ялгагддаг. Харин хүний амьдрал сайн муу, сайхан муухай, болох болохгүйн зааг хооронд үргэлжилдэг гэж философи болоод буддын шашин үздэг билүү.

 

        Сосорбарамын уншдаг Р.Чойнямын Зүүд гэдэг шүлэгт Чингис хаан булшнаас гарч ирээд хүүрнэхдээ тухайн үеийн Монголын байдлыг улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна гэж халагласан байдаг. Түүнтэй адил нөхцөл байдал одоо бий болж байж магад. Уг нь иймэрхүү болмооргүй л байгаа юм.       

 

 

 

      -Одоогийн уул уурхайн бодлого ер нь зөв чиглэлд явж байна уу. Гадаадын хөрөнгө оруулалт багаслаа гэж нэлээд ярилаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

 

 

 

-Монголын уул уурхайн салбарын хөгжлийг сүүлийн хоёр жилд албан тушаалтнууд бодлогын алдаа гаргаж гацаалаа. 2004-2012 оны үед  Монголын түүхэнд анх удаа гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай, санхүүгийн салбарт  бизнес утгаараа орж ирсэн. Геологи хайгуул, уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж зөвхөн уул уурхайн салбар, түүнтэй холбоотой ажилладаг компани, айл өрхөд ч  биш ер нь нийт хүмүүст мэдрэгдэж эхэлж байсан. Улсын төсөв томорч, гадаадын  доноруудаас тусламж авахаа зогсоож байсан. Уул уурхай өөрөө их мөнгө, хөрөнгө оруулалт шаарддаг, дагуулдаг салбар тул хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбарт нааштай тусч, Монголын банкуудад гаднын том хөрөнгө оруулалтын сангууд хувьцааны хөрөнгө оруулалт хийж эхэлж байв. Санхүүгийн салбар сайжрахаар иргэд цалингийн зээл авахаас эхлээд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны зээл, санхүүжилт хүртээмжтэй болж эхэлж байсан юм. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж яриад байна гэхээр орчин үед хөгжсөн, хөгжиж байгаа том, жижиг улс орнуудын түүх гадаадын хөрөнгө оруулалтыг зөв салбартаа татаж ухаалаг бодлого явуулсанаар хөгжсөнд учир нь байгаа юм. Манай Монгол цөөхөн хүн амтай, зах зээлийн багтаамж, ажиллах хүчний боломж маш бага, далайд гарцгүй, хоёр том гүрний дунд түгжигдсэн, ядуу, эдийн засаг нь туйлын эмзэг, түлш шатахуунаар хойд хөршөөсөө бүрэн хараат, зах зээл, бараа таваараар урд хөршөөсөө хараат, өөрсдөө консервний лааз, пластик саваа ч хийж чадахтай, үгүйтэй байгаа ийм орон, ийм л хүмүүс шүүдээ. НҮБ-ын байгууллагуудын хийсэн судалгаагаар манай улс эдийн засгийн эмзэг хэврэг байдлын үзүүлэлтээр бүр нэн буурай хөгжилтэй гэгддэг 30 орчим орнуудтай харьцуулж үзвэл дунд хавьд орохоор байдаг юм. Ийм орон өнөөгийн нөхцөл байдалд өөрсдийн хүчээр дээшилж хөгжиж чадахгүй. Хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалт татаж, бизнесийн үүднээс сонирхогдож болох ганц салбар нь уул уурхай. Уул уурхай бол Монголын хөгжлийн тулгуур салбар юм. Уул уурхай бол ихээхэн мөнгө олж болох бидний ганц боломж. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт,  мөнгө орж ирвэл хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбар сэргэнэ. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр дэд бүтэц баригдана, аялал жуулчлалын салбар хөгжих боломж бүрдэнэ. Энэ байдлыг бид сүүлийн 24 жил ярилаа, зохих зохих төвшиндөө уг нь ойлгосон, мэддэг гэж би боддог. Харин бодит байдал ийм байхад уул уурхайгүйгээр хөгжье, монголчууд тэнгэрээс тэтгэгдсэн, заяатай ард түмэн тул сайн сайхан юм бодоод байж байхад болох тухай яриа сэдэв эрүүл зүйл мөн үү. Сүүлийн хэдэн жилийн хэрэгжүүлж байгаа бодлого болоод үйл ажиллагаа дутуу дулимаг, эсвэл яг эсрэг яваад байна. Уул уурхайдаа тулгуурлаж Монголын хөгжлийн дараагийн үе шатанд гарах боломжийг, хөгжлийн 15-20 жилийн боломжийг энэ цаг үед алдлаа.  Баабарын хэлдэг сүгсэлзүүрүүд-ээс энэ асуудал болсон ч юм биш, гол нь  эрх барьж байгаа, байсан бодлого тодорхойлогчдоос болж байна. Ийм байдалд ороход ойролцоогоор Ардчилсан нам 70 хувь, Ардын нам 30 хувийн буруутай гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагчид, тэр тусмаа бидний олон тулгуурт гадаад бодлогын үүднээс харилцаад байдаг олон улсын хөрөнгө оруулагчид үргэсэн, эргэж иртэл лав 10 орчим жил болно. Дотоодын хөрөнгө оруулагч гэж байхгүй, байсан ч тэр нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хэт багадна, хэдэн барилга барихад л хүрэлцэж магад. Уул уурхайн эхлэлийн санхүүжилт том, үйл ажиллагааны зардал их, эрсдэл өндөр тул компаниуд өөрийнхөө мөнгөөр биш банкнаас зээлж, мөнгө босгож хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай дотоодын банкны зээлийн боломж, хязгаар жижиг бага гээд асуудал зөндөө байна. Уг нь Оюутолгой төсөл үргэлжлээд, Тавантолгойг эхэлсэн эрчээр нь явуулаад, дээр нь 5-6 нүүрсний дунд зэргийн орд, нэг хоёрын зэрэг уран, зэсийн орд, алтны ордуудаа боломжоор нь эхлүүлж  ашиглаад, геологийн хайгуул судалгаа үргэлжлэх нөхцөлийг нь хангаад явсан бол Монгол Улс ойрын 20 жилдээ ямар ч санхүүгийн хямрал болж байсан ажрахгүй байсан юм. Харамсалтай нь монголчууд бид ингэж чадсангүй. Ганц Эрдэнэт үйлдвэрийн орлогоор улсын төсвийн 70 гаруй хувь нь бүрдэж байсан он жилүүд хол алслагдаагүй байна.

 

 

 Бидний хуучны танил Казакстан, Лаос, Албаниас эхлээд Ази, түүн дотроо зүүн өмнөд Азийн орнууд хөрөнгө оруулалт татаж урагшаа эрчимтэй хөгжиж эхэлсэн. Монгол ардчиллын үед танигдахгүй болтлоо хөгжлөө энэ тэр гэдэг  бол хэлбэр төдий  зүйл. Яахав шинээр барилгууд баригдаж, хэсэг Монголчууд гадагшаа дотогшоо явдаг болсон, мэдээллийн орчин сайжирсан зэрэг дэвшил байгаа, гэхдээ энэ нь нийт хүмүүст хүртээлтэй, улс орны чадавхид нөлөөлөх гавитай зүйл болоогүй байна. Африкийн орнууд уруу сүүлийн үед хөрөнгө оруулалт урсах боллоо. Хятад, Япон, Европ тус бүрдээ Африктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Удахгүй АНУ-Африкийн орнуудын бизнесийн анхны  уулзалт болно. Эдгээр улсууд Африкийн орнуудад ашигт малтмалын бүтээгдэхүүний оронд дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагаа санал болгож байна. БНМАУ социализмын үед ЗХУ-ын хөдөө аж ахуй, ашигт малтмалын түүхий эдийн бааз, хавсарга байсан. Хариуд нь манайх боловсрол, эрүүл мэндийн чиглэлд дэвшил хийж, хэдэн хороолол бариулж, Европын соёлоос хүртсэн байх.  Одоо ч эхний үед иймэрхүү байдлаар явна. Гагцхүү өөрсдөдөө харьцангуй ашигтай, бодлого сайтай байх нь гол асуудал юм.    

 

 

-Таныг Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал байх үедээ шаардлага хангахгүй хүнд даацын ажлын 10 ширхэг авто машин компанидаа авсан гэсэн асуудлаар АТГ-аас шалгаж байгаа, мөрдөн байцаах ажиллагаанаас зайлсхийсэн хайлгана гэж яриад байх юм.

 

 

-Нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалданагэдгийн сонгодог жишээ энэ болж байна. Намайг улаан хувьсгалаас дүрвэж гарсан  цагаантны дүрд оруулаад, одоо үеийнхээр бол Сноуден маягийн болгоод байгаа юмаа даа, янз нь. Миний бие ямарваа нэг гэмт хэрэг, үйлдэл хийгээгүй бөгөөд зугтаж гарсан зүйл байхгүй. Харин бүр яг эсрэгээрээ ажил хийж, хууль тогтоомжийн дагуу ногдсон үүрэг даалгавраа биелүүлж, хүмүүст хэрэг буян болсон сайн үйлс бүтээж оролцсон байдаг юм. Нэгэнт ийм зүйл яригдаад, зарлагдаад байгаа болохоор тодорхой хариу тайлбар өгье.

 

 

-Тэгээд юун 10 машины асуудал дандаа яригдаад байдаг юм бэ. Шалтгаан нь юу юм бол?

 

 

-Би танай сонинд өмнө ярилцлага өгөхдөө хоёр ч удаа дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Одоо товчилж хэлье. Эрдэнэс-Тавантолгой компани 2010 оноос Тавантолгой ордын Зүүн Цанхийн талбай дээр хөрс хуулалт хийж уурхай ажиллуулж, нүүрсээ экспортод гаргаж эхлэхдээ Хятадын төрийн өмчит Чалко компанитай нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авахаар болсон юм. Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компанид үйл ажиллагааны зардал бас хэрэгтэй байсан. Энэ их мөнгийг хаанаас олох байсан бол. Олборлосон нүүрсээ экспортод гаргаж эхэлж байгаа тул худалдан авагч талыг шахаж нүүрсээ ирээдүйд сар, улирлын графикаар яг нийлүүлнэ гэж гэрээ байгуулаад Эрдэнэс-Тавантолгой мөнгө авсан. Нэгэнт ийм гэрээтэй  тул нүүрсээ цаг хугацаанд нь нийлүүлэх ёстой болно. 2011 онд олборлох нүүрсний уулын ажлын төлөвлөгөө нэг сая тонн. Уурхайд нийлүүлэгдэх  гэрээтэй хүнд даацын машин механизм ирэх хугацаа хоцроод байснаас олборлолтын төлөвлөгөө тасрах гээд байдаг. Ийм нөхцөлд  ажлын онцгой, яаралтай шаардлагын  үүднээс Хятад улсад үйлдвэрлэсэн 10 ширхэг машин авч хөрс хуулалтад явуулсан юм. Тэдгээр машин уурхайд найман сар орчим ажиллаж их ажил гүйцэтгэсэн дээ. Зохих арчилгаа тордолт хийвэл ажил гүйцэтгэх чадвартай гэж хөндлөнгийн экспертүүд  2013 онд дүгнэсэн байдаг. Түүнчлэн олон улсын хөрөнгийн бирж дээр Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг арилжаална, Монголын нийт иргэд хувьцаа эзэмшиж байгаа энэ компанийн үнэлгээ ямар ч тохиолдолд өндөр байх ёстой гэж УИХ-аас лүндэн буулгаад байдаг. Олон улсын хөрөнгийн биржид гарахад аль болох их бүтээгдэхүүн, манай компанийн хувьд бол нүүрс их гаргасан замналтай бол сайн үзүүлэлт болдог. Ингээд ямар ч гэсэн төлөвлөгөөгөө биелүүлсээн.     

 

 

-Үр дүнд нь Засгийн газар Хүний хөгжлийн санд мөнгө аваад иргэдэд өгсөн, тийм үү. Хэрэв Хүний хөгжил сангийн эх үүсвэр бүрдээгүй бол тухайн үеийн Засгийн газар огцрох гээд байсан гэдэг үнэн үү?

 

 

-“Чалко-гоос авсан мөнгөөр Хүний хөгжлийн сангийн тэр оны бүрдүүлэлтийн дийлэнх хэсэг бүрдсэн. Хүний хөгжлийн сангаас хүмүүст  21 мянган төгрөг сар бүр хуваарилагдан очсон бөгөөд хэрэгтэй айлдаа хэрэг болж, архи аваад уух нэг нь аваад уусан л байх. Олон ам бүлтэй, мөнгө төгрөг илүү хэрэгтэй айлууд хуримтлуулсан нь ч бий байх. Төрийн өмчит компанийн хувьд УИХ, Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжоор өгсөн  үүрэг болохоос гадна хувь нийлүүлэгч, эзнийг төлөөлж буй гэдэг утгаар зааврыг нь дагахаас аргагүй л дээ. Бизнесийн алтан зарчимд нийцэхгүй ч хүмүүст мөнгө очиж байгаа гэдэг утгаар хандахаас өөр аргагүй байсан

 

 

Засгийн газар огцрох тухайд гэвэл хэрэв сонгуулиар амласан мөнгөө иргэдэд өгч чадахгүй байсан бол сайд болохоор шүлс нь гоожсон гишүүд  олон байсан тул магадгүй л байсан байх. Хүний хөгжлийн санд мөнгө оруулаагүйгээс засаг огцрох шалтгаан болбол чам дээр шүү гэдэг байсан хүмүүс бий. Миний хувьд 1990-ээд оноос хойш хамт байсан зарим нөхөд тэгж хэлээд байсан болохоор бас боддог байлаа. За, хоёр гол нам хамтраад улс орны уул уурхайн хөгжлийн эхлэлийг тавьж байхад элдэв юм болох шалтгааныг нь бий болгочих вийдээ гэж үүрэг даалгавар биелүүлэхийн хажуугаар боддо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.