2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Одонтуяа: Эдийн засгийн онц байдал тогтоомоор байна

С.Одонтуяа: Эдийн засгийн онц байдал тогтоомоор байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Одонтуяа: Эдийн засгийн онц байдал тогтоомоор байнаУИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Та “Монголын эдийн засгийн форум-2014” чуулганд оролцсон УИХ-ын гишүүний нэг. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсынхаа хөгжлийн ирээдүйн зураглал, төсөөллийн талаар олон сайхан илтгэл, санал, онол сонсож сэтгэл санаа жаахан ч гэсэн өөдрөг болсон. Улс орон хөгжлийн бодлогоо тодорхойлж төлөвлөх нь маш чухал, зөв хэрэг.  Энэ талаар ярих юм маш их. Гэвч өнөөдрийн манай эдийн засгийн үзүүлэлтүүд, өнөөгийн бодит амьдрал маань биднийг маргаашийн тухай биш харин түрүүчээсээ “шатаж” эхлээд байгаа эдийн засгийн гол тулгуур багануудаа үнс нурам болгочихгүй байх, шуудхан хэлбэл, ард иргэдээ яавал ядууралд нэрвүүлчихгүй энэ хүнд байдлаас авч гарах боломж байна вэ гэдгийг тодорхойлохыг шаардаж байна.


-Ноцож эхэлсэн галыг унтраах арга хэмжээ нь юу байх вэ, тэгэхээр?

-Бид өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд болон иргэдээсээ маш олон төсөл ТЭЗҮ хүлээж авсан. Эдгээр төсөл төлөвлөгөөнд манай бизнесийнхэн төдийгүй жирийн иргэдийн маань эх орноо хөгжүүлэх боломжийг олж харсан оновчтой санаа, зөв шийдэл, сэтгэл зүтгэл шингэсэн санаа олон бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэдгээрийг салбар, салбараар нь багцалж, нэгтгээд хөгжлийн бодлого, үе шаттай төлөвлөгөө болгох боломжтой гэж бодож байна. Шинээр зохиол бичиж цаг алдах хэрэггүй.

Жишээ нь, намайг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үед уул уурхайн компаниуд зовлон, жаргал, бэрхшээл, боломж гээд олон асуудлыг хөндөж тавьж байсан. Нэг хэсэг нь тусгай зөвшөөрлөө хураалгаад хаалгаа барьсан, нөгөө хэсэг нь хайгуул олборлолтод хамаг хүч хөрөнгөө бараад татвараа төлж чадаагүй тухайгаа...

Мөн лицензээ хураалгасан компаниуд дотор олборлолтоо хийж байсан, боловсруулах үйлдвэрээ байгуулчихаад бүтээгдэхүүнээ экспортлоход бэлэн болсон компаниуд ч байсан. Тусгай зөвшөөрлөө хураалган компаниараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүмүүсээс маш их өргөдөл гомдол ирсэн. “106 лицензийн хэрэгт” холбогдолтой гэх компаниудаас ирсэн өргөдөл гомдлуудыг уншиж үзэхэд уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад хэнээс нь ч байцаалт, тайлбар аваагүй, гэм буруутайг нь тогтоох ажиллагаа хийгээгүй хэрнээ шүүхийн шийдвэрийг хоморголон гаргасан байдаг.

Уг нь монгол хүн саалийн үнээнүүдээ ингэж сүрэг сүргээр нь заазалдаггүй биз дээ. Тэр мах комбинатын хашаанд сүргээрээ хашигдчихаад байгаа уул уурхайн компаниуд цагтаа Монгол Улсын экспортын орлогын 91 хувь, ДНБ буюу улс орны маань баялгийн 30 хувийг бий болгож байсан. Тэгэхээр тэдэнд ажлаа хийх боломж олгоод дэмжээд өгвөл улс орны маань валютын урсгал мөн ч ихээр нэмэгдэх эх үүсвэр. Тэр олон компаниудын дийлэнх олонхи ард түмнээ ажилтай орлоготой, хоолтой ундтай байлгах, улс орноо хямралаас гаргахад жинтэй хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэж байна. Тийм учраас эдийн засагт онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед онцгой арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй гэж харж байгаа.


-Ямар арга хэмжээ авах ёстой гэсэн үг вэ?

-Эдийн засгаа түргэн сэргээх онцгой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болж байгаа зарим хуулийн заалтыг түр түдгэлзүүлсэн ч болохгүй нь юу байх вэ дээ. Хуулийн заалтаа түр түдгэлзүүлээд мөнгө босгосон орнуудын жишээ бий.  Тухайлбал, БНСУ, Сөүлийн Олимпийн өмнө хараар амьдарч байсан бүх гадаад ажилчдад жилийн визийг 50 ам.доллараар олгосон байдаг. Цагаачид визтэй, солонгосчууд зуны олимпоо хийх мөнгөтэй, бас тэр жил хууль бус цагаачгүй болсон гэдэг.

Мөн бид сул талаа давуу тал болгох боломжийг эрэлхийлэх ёстой. Жишээ нь, манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс шууд хамааралтай явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Тавантолгойн нүүрсийг урд хөрш хэдээр авах вэ гэдгээс ихээхэн хамаардаг боллоо. Гэтэл асар их нөөцтэй хүрэн нүүрсээ экспортлох нь Монголд ашиггүй байна. Энэ бидний сул тал.


-Тэгэхээр энэ сул талаа давуу тал болгох ямар арга байна?

-Урд хөрш маань манай хилийн урдхан хүрэн нүүрснээс хий гаргадаг үйлдвэр байгуулчихаад Бээжин хүртэл хийн хоолой татаж Бээжинг нүүрсний хийгээр хангаж байна. Одоо ийм үйлдвэр хорь гучийг шинээр барьж байна. Яагаад гэвэл нүүрсний нийлэг хийн үнэ өртөг гаднаас импортолж буй байгалийн хийнээс нь хавьгүй хямд тусна.

Тэгэхээр бид энэ чиглэлээр урд хөрштэйгөө хамтарч ажиллаж чадвал энэ бидний маш том давуу тал болох юм. Хүрэн нүүрснийхээ ордууд дээр хэд хэдэн том үйлдвэр байгуулчихаад хийн хоолойгоор урагш нь хэдэн тэрбумаар нь нүүрснийхээ нийлэг хийг экспортлоод сууж байвал Монгол Улс маань Катараас юугаараа дутах вэ дээ. Гол нь бусдын шалгарсан арга, шинэ технологийг эрж хайдаг, соргогоор олж хардаг, түүнд нь төсөв, зээл гаргаж өгч түргэн ажил хэрэг болгож нэвтрүүлдэг, түүний нь жинхэнэ ёсоор үнэлж урамшуулдаг тогтолцоо маш их үгүйлэгдэж байна.


-Гэхдээ гол гацаа нь төмөр замд байгаа юм биш үү. Дээр нь далайд гарцгүй?

-Монгол хоёр том их гүрний дунд түгжигдсэн далайд гарцгүй орон. Энэ ч бас нэг сул тал. Нэг ухаантай хүн ярьж байсныг санаж байна, “Бид хойд хөршөө байгалийн асар их баялгийн далай гэж үзээд урд хөршөө үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээний асар том далай гээд энэ хоёр том далайг холбосон гүүр нь болох юмсан” гэж.

Үнэхээр ингэж бодож ажиллавал бидний сул тал маань маш том давуу тал болно л доо.  Даанч үе, үеийн төр засгийн удирдлага маань хэтийг харсан реформын шинжтэй олигтойхон бодлого явуулж чадаагүй. Үүнийг би, нийгмийн нэг системд байж байгаад зах зээлийн харилцаанд шилжихдээ хөгжлийн ойролцоо түвшинд байсан Вьетнам, Казахстан мэтийн улсуудтай харьцуулж бодоод хэлж байгаа юм.

Өнөөдөр дэлхий дахин тэргүүн зэргийн асуудал гэж гуравхан юм ярьж байна. Нэгдүгээрт,  байгаль орчинд халгүй, хямд эрчим хүчийг яаж гаргаж авах вэ?. Хоёрдугаарт, хүнсний хангамжийг хэрхэн нэмэгдүүлж, яавал хоргүй хүнс хэрэглэх вэ?. Гуравдугаарт,  байгаль орчныхоо тэнцвэрийг яавал алдагдуулахгүй байх вэ?

Ердөө л энэ гуравхан асуудал. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж чадаж байгаагаар л тухайн орны Үндэсний Аюулгүй Байдал хэмжигддэг цаг үе ирчихээд байна. Улс орны хөгжил дэвшлийн бодлого, өөрчлөлт шинэчлэлт, реформыг энэ тулгын гурван чулуунд тулгуурлаж хийх ёстой болоод байна. Гол нь энэ гурван тэргүүлэгч асуудлын гүнд ард иргэдийн маань амар тайван аюулгүй байдал, хувь хүний хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал байх ёстой гэсэн үүднээс хандаж хийх хэрэгтэй гэж боддог.

Эх орноо дэлхийн хөгжлөөс хоцроочихгүй байх гарц, шийдлийг дарга нартаа даатгаад орхих биш, харин аль болох олуулаа хэлэлцэж зөв замаа олвол бид хүчирхэг болж чадна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.