2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Оюу: Үзэгч хөгжмийг ойлголгүй гарвал хөгжимчин мэдэрч тоглоогүй гэсэн үг

Б.Оюу: Үзэгч хөгжмийг ойлголгүй гарвал хөгжимчин мэдэрч тоглоогүй гэсэн үг

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Б.Оюу: Үзэгч хөгжмийг ойлголгүй гарвал хөгжимчин мэдэрч тоглоогүй гэсэн үгХөгжмийн зохиолч Сангидоржийн Саянцэцэг багштай уулзах завшаан тохиосон юм. Хүний нутагт 30 гаруй жил амьдарч, эх орондоо ирээд жил хагас болж байгаа хүнээс юу эсийг сонсох билээ. Тэрээр нэгэн шавиа ихэд онцгойлон магтаж байсан юм. С.Саянцэцэг тэр шавийнхаа тухай “30-аас дээш насны идэвхитэй тоглож байгаа төгөлдөр хуурч” гэсэн юм. Тэрхүү шавь Б.Оюу нь өдгөө бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр болжээ. Улсын филармонид “Шопений үдэш” тоглолтоо ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөсөн. Төгөлдөр хуурч Б.Оюутай ярилцсанаа хүргэе.

-Ээж, аав хоёр тань хөгжмийн хүмүүс гэж сонссон. Мэргэжлийн хөгжимчин болоход энэ нь нөлөөлсөн байх даа?

-Тэгэлгүй яахав. Ээж, аав хоёр маань Хөгжим бүжгийн коллежийн анхны төгсөгчид.  Аав Монголын анхны мэргэжлийн цохивор хөгжимчин. Ээж харин ятгачин. Хойд Солонгосын мэргэжилтнүүдийн Монголд бэлтгэсэн цөөхөн шавь нарын нэг. П.Адарсүрэн агсны ард хөгжимддөг байсан таван ятгачны нэг.

Европт аливаа ажлыг хоёр, гурван үеэрээ хийсээр ирсэн байдаг. Үүнтэй адил сонгодог хөгжмийн өлгий нутаг болсон Европоос төрсөн шилдэг хөгжмийн зохиолчид бүгд гурав, дөрөв дэх үеийнх байдаг. Генээр нь авьяас дамждаг юм байна. Өөр мэргэжилтэй эцэг, эхээс сор болсон авьяастай хүүхэд л төрдөггүй юм бол хэдэн үеэрээ хөгжимчин гэр бүлээс сод хөгжимчин төрөх магадлал өндөр.

Монголд яагаад өндөр зэрэглэлийн хөгжимчин төрөхгүй байна вэ гэж хүмүүс ярьдаг. Монголд сонгодог урлаг хөгжөөд 50 гаруй жил болж байна. Хөгжимчдийн хувьд дөнгөж хоёр дахь үе дээрээ явж байна. Надтай хамт Хөгжим бүжгийг төгссөн найз маань Италид сурдаг юм. Урлагийн хүнд авьяас, хөдөлмөр, сэтгэл гурав чухал боловч үүнээс гадна асар олон зүйл нэгдэж байж сайн хөгжимчин болдог.

-Төгөлдөр хуурч хүний гар том байх ёстой гэж багш тань ярьж байсан. Өөр юу чухал вэ?

-Хувь тавиландаа баярлах юм их байна. Гар том байхаас гадна биеийн бүтэц бас чухал. Бүх шаардлагад тохирвол төгөлдөр хуурын ангид тэнцдэг. Хүүхэд өөрийн сайн дураар хичээлээ давтана гэж байдаггүй. Эхний таван жил бол хичээлдээ дуртай байна гэж хэзээ ч үгүй. Эцэг, эхийнх нь аль нэг нь ажлаа алдаж, дагаж явж хичээлийг нь давтуулдаг юм. Миний хувьд ч адил.

-Хөгжимчин хүн олон зүйлээс татгалзаж байж амжилтад хүрдэг. Зарим нь бүр хүүхэд ч гаргах эрхгүй, багш нь зөвшөөрдөггүй гэдэг, үнэн үү?

-Хөгжимчин хүн маш олон зүйлийг золиосолдог. Олон зүйлээс татгалзаж, өөрийгөө хязгаарлах шаардлагатай болдог. 2009 онд би Испанид С.Саянцэцэг багш дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар очив оо. Тэнд сар хагас суралцсан. Бөглүү тосгонд байх гэртээ Хятадын Ли Гуа Чао гэдэг охинтой хамт байж таарсан. Багш тэр охинтой Монголд 2012 онд хамт тоглолт хийж байсан юм. Дунджаар өдөр бүр 8-10 цаг хөгжмөө давтана. Бид хоёр бие биетэйгээ уралдаад л давтдаг байсан. Тэгж их бэлдсэний хүчинд Испанид болсон багшийн тэр тэмцээнд тусгай байр эзэлж байсан. Монголоос очиж оролцож байсан хөгжимчид дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ л дээ. Дэлхий дээр A, B, C зэрэглэлийн гурван тэмцээн байдаг. А ангилалд асар өндөр зэрэглэлийн хөгжимчид оролцдог. Хоёр жил хүртэл даянчилж бэлддэг хөгжимчид энэ тэмцээнд ордог. В ангилалд Испанийн тэр тэмцээн ордог юм.

-Үүнийг тань сонсоод мөрөөдлийн чинь талаар асуумаар санагдлаа?

-Бага байхад гэртээ хөгжмөө давтаад болоод л байдаг байсан. Одоо хүмүүс тав тухаа эрхэмлэдэг болсон юм болов уу, хөгжмөө давтаад эхлэхэд л дээр, доороос паар нүддэг болсон /инээв.сур/. Албан тасалгаа түрээслэхээр бас боломжгүй. Албан байгууллагад чимээгүй ажиллах ёстой болохоор хэчнээн дуу намсгагч ханандаа хийгээд нэмэргүй байдаг. Тэгэхээр би мэргэжлийн байгууллагад ажиллах ёстой болдог. Гэтэл Филармони, СУИС, Хөгжим бүжгийн коллеж гэх мэт мэргэжлийн байгууллагад ажиллахаар өдөр тутмын ажлаа хийсээр бэлтгэлээ хийх боломж гарахгүй. Монголд мэргэжлийн гоцлол хөгжимчин байя гэвэл чөлөөт уран бүтээлч байхаас өөр аргагүй. Тиймээс амьдралын аар шаархан асуудлаас ангид, мөнгө бодохгүй амьдарч, 50, 60 нас хүртлээ тоглох юмсан гэж мөрөөддөг. Болдог бол хотоос зайдуу амьдарч хөгжмөө давтаад суухсан.

-Мэргэжлийн төгөлдөр хуурч хоёр цагийн хөтөлбөрийг ноот харахгүйгээр тоглодог байх ёстой юу?

-Дэлхийд ийм шаардлага тавихаа больсон байна лээ. Яагаад гэвэл хөгширсөн хойно хүний ой тогтоолтод гажиг үүсдэг. Олонх нь хөгширсөн хойноо нойргүйддэг. И.Бахын 48 цуврал зохиолыг бүгдийг нь цээжээр тоглож чаддаг нэртэй хөгжимчин амьдралын сүүлийн жилүүддээ ой тогтоолт нь үгүй болсон тухай харамсалтай явдлыг уншиж байсан. Гэхдээ бид орос школоор явдаг. Бид нарыг заавал цээжилж тогло гэдэг. Тиймээс надад цээжээр тоглосон нь эвтэйхэн, гоё байдаг. Ер нь төгөлдөр хуурчид өндөр насалдаг, хэзээ ч зөнөдөггүй нь байнга тоглож, цээжилж, цээжилснээ сэргээж явдагтай холбоотой байх.

-Хөгжмийг яаж тоглох ёстой вэ. Гар хуруугаа савчуулж тоглосныг нь мундаг хөгжмийн зохиолч гэж зарим хүн боддог шиг байна лээ?

-Хамгийн гол нь утга санаа. Баяр жаргалтай аялгууг баяр жаргал төрүүлэхээр тоглох ёстой. Хөгжимчин хүн үүн дээр өөрийнхөө юмыг гаргах ёстой. Тухайн хөгжмийг би тултал нь мэдэрч чадаад тоглох юм бол сонгодог хөгжмийг өмнө нь төдийлөн таашаан сонсож байгаагүй хүн ч мэдэрч чадна. Хэрэв үзэгч тэр хөгжмийг ойлгож, мэдрээгүй гарсан байвал хөгжимчний л буруу. Тэр хөгжимчин өөрөө мэдэрч тоглоогүй байна гэсэн үг.

-Саяхан болж өнгөрсөн Шопений олон улсын хоёрдугаар уралдаанд амжилттай оролцсон гэж сонссон?

-Шопений зарим зохиолыг өмнө нь тоглож байсан. Оролцох шийдвэрийг огцом гаргаад, асар богино хугацаанд бэлдэж тоглосон. Өөрийн хувьд чамлахааргүй амжилт гаргасан. Тиймээс бэлтгэл маань халуун байгаа дээрээ дөрөвдүгээр сарын 4-нд Улсын филармонид тоглоё гэж шийдсэн юм.

Шопений олон улсын уралдаанд бэлдэх сарын хугацаа байсан учраас ахуйгаасаа тасарч бэлдэх шаардлага тулгарсан. Хүн өөрөөсөө золиос гаргаж байж буцааж сайн сайхныг авдаг. Иймээс “Тэрэлж” зочид буудлын захирал Ч.Номинд санал тавьсан. Ч.Номин миний хүсэлтийг хүлээн авч “Тэрэлж” зочид буудал дээрээ нэг сар байлгасан. Би дөрвөн настай охинтой. Охиноо их санана. Охин маань өглөө бүр босохдоо “Ээж ирсэн үү” гэж асууж байсан гэсэн. Цэвэр агаарт охиноо байлгах юмсан гэж бас бодно. Даанч аваад ирэхээр би бэлтгэлээ өдөрт 12 цаг давтаж чадахгүй шүү дээ. Нэг гараараа, нөгөө гараа барьж сар бүгсэн. Үүний ч үр дүнд гарч тусгай байр эзэлсэн. Гурван сар ингэж бэлдсэн бол илүү сайн амжилт үзүүлэх боломж байлаа даа гэж бодогдож байсан. Гэтэл Монголд ингэх боломжгүй. Би гурван сар ажилгүй байвал амьдрал маань яах билээ. Гэхдээ өглөө босоод л “Хөгжмөө давтах юмсан” гэж боддог. Одоо тоглолттой учраас хичээлтэй байсан ч орой нь өдрийн гурван цаг давтаж байгаа.

-Суут хөгжмийн зохиолч Шопений хөгжмийг тоглох гэж байна. Энэ хөгжмийн зохиолчийн тухай хэдэн үг хэлээч?

-Романтизмын хамгийн том төлөөлөгч. Ихэнх зохиол нь төгөлдөр хуурт зориулсан байдаг. Шопенд дургүй, тоглохыг хүсдэггүй төгөлдөр хуурч гэж байдаггүй. Төгөлдөр хуур тоглож сурч байгаа бүх хүн Шопенийг тоглодог. Хүн бүр романтик насыг дайрч өнгөрдөг. Романтик байхыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Би Шопений хөгжмөөс хамгийн цэвэр ариун, хамгийн хүчтэй хайр сэтгэлийг мэдэрдэг. Мөн эх орноо хайрлах сэтгэлийг мэдэрдэг. “Шопений үдэш” тоглолтод багш маань удирдагчаар оролцоно. Хүмүүс “Сонгодог хөгжмийн тоглолтыг үзлээ ч ойлгодоггүй юм” гэж хэлдэг. Ингэж айх хэрэггүй юм. Би зохиолыг хамгийн сайнаар мэдэрч үзэгчдэд хүргэхийг хичээнэ. С.Саянцэцэг багш маань энэ тоглолтыг хөтөлж, бүх зохиолуудын өмнө тайлбарыг нь мэргэжлийн өндөр төвшинд хэлж өгнө. Тоглогч хүн юу мэдэрдгийг хэлж өгнө. Өөр хаанаас олж сонсохооргүй яриа, тайлбар үзэгчдэд хүрнэ. Ингэж тайлбарлахаар сонгодог хөгжмийн талаар ямар ч ойлголтгүй хүн ойлгож мэдрэх боломжтой.

-С.Саянцэцэг багш тань танаар их бахархдаг юм билээ. Энэ хүний шавь болно гэдэг бас л хувь заяа байх даа?

-Сургуульд суралцаж байх үеийг тоглож байгаад тооцдоггүй. Сурч байгаа бол тоглох л ёстой. Диплом авсны дараа хэдэн жил тоглож байгаагаар нь хөгжимчин гэж үнэлэх эсэхийг шийддэг. С.Саянцэцэг багш маань Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Испанид 20 жил амьдарч, хөгжмөө тоглосон. Одоо Монголдоо ирээд жил хагас болж байна. Багш маань Нью-Йоркийн “Карнегийн холл”-д тоглосон анхны монгол хөгжимчин. Японд 1600 хүний суудалтай танхимд тоглосон анхны төгөлдөр хуурч. Москвад Риктерийн нэрэмжит танхимд тоглосон анхны монгол хүн. Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн дээд сургуульд тоглосон нь бас анхных. Ингэж тоглодог монгол хүн одоогоор алга байна. Энэ хүнд тоогдоод, шавь нь гэж хэлэгдээд туршлагаас нь хүртэх завшаан тохиосон хувь тавиландаа маш их талархаж явдаг.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.