2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Антарктидын Эзэн хаан

Антарктидын Эзэн хаан

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Антарктидын Эзэн хаанАгуу ихийн солиорол гэдэг нь  эрүүл мэндийн шинжлэх ухаанд нэгэнт бүртгэгдсэн

-Мания величия (от гре. Μεγαλο-маш том, эсвэл дэндүү ахиулсан; гре. Μανία-сэтгэлийн хямрал)-бусдад хэрэгтэй, алдартай, баян, эрх дархтай, ухаалаг, улс төрийн эрх мэдэл, бүхнийг захирагч зэрэг чадвараа хэт дээгүүр үнэлсэн хүний биеэ авч явах байдал болон хувь хүний шинж чанар*Wikipedia.com    хэмээх өвчин ажээ. Дэлхий ертөнцөд энэ өвчин хэзээ хэрхэн бий болсныг мэдэхгүй ч янз бүрийн шашин болон түүний тэргүүнүүд, үе, үеийн хутагт хувилгаад, иш үзүүлэгч, пап, зөнч гэхмэтчилэн хэдэн мянган агуу ихүүд байх бөгөөд энэ нь ч дэлхийн өнцөг булан бүрт өөр, өөрийн гэсэн хүрээлэл бүхий агуу ихүүдээ үүсгэсэн нь бий. Дэлхийн хамгийн түгээмэл гурван шашны эргэн тойрон дахь агуу ихүүд төдийлөн сонирхол татахгүй ч цаг төрийн ороо бусгаа үед зарим нь тодрон гарч шашныг ашиглах нь их байдаг.

Монголд “байсан” тодорхой жишээ дурдъя

Ардын хувьсгалыг эсэргүүцсэн зарим хөдөлгөөний үед “Халхын заяа буянаар тодрон гарсан ямар ч суманд үл дийлдэх шидийг олсон түүний тараасан зангиаг зүүвээс Шамбалын ариун дайныг дуусч Ванчин богд залартал улаантны суманд огт даагдахгүй, цэргийн мэлмий нээгч сансрын хүчит хувилгаан жанжин, хатан зоригт бүргэд баатар” гэх мэт урт, урт сайхан уул даваад  ч явж мэдэхээр, одоо бодход инээдэмтэй ч зарим нэгэн итгэмтгий улсууд өнөөг хүртэл итгэж мэдэхээр гуншингууд байсан билээ. Тэдгээр нь социализмын үеийн кино сэлт, газар, газрын явган ярианд одоо ч байсаар баяр наадмаар цэнхэр дэлгэц эзэгнэнхэн гарсаар байна.

Олон улсын жишээ дурдъя

Японы Эзэн хааныг Аматерасу дагина тэнгэрээс бууж ирээд төрүүлсэн бөгөөд Эзэн хаан бол тэнгэрийн хүү. Дэлхийн II дайны үед япон цэргүүд Аматерасу дагнийн мутар дор хамгаалагдаж байгаа учраас ар гэртээ санаа зовох юмгүй эзэн хааныхаа ариун нэр төрийг өндөрт өргөж байх зуур америкчууд томоохон хотуудыг нь бөмбөгдөөд агуу ихийн солиорлоос нь салгаж өгч байсан удаатай.

 

Хойд Солонгосын жишээ байна. Ким Ир Сен хэмээх тэдний удирдагчийг “Нар” гэдэг бөгөөд түүний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, тэжээвэр морь, муур, нохой нь нарны аймгийн гаригууд ба Хойд Солонгосын ард түмэн нарны гэрэлд дулаацан нарнаас төрсөн нарны хүүхдүүд нь чучхе үзэл санааны гэрэлт бамбарыг барьж коммунизмыг төгс ялалтанд хүргэсэн тухай агуу их зүйл бас бий. Мэдээж агуу их том, том хөшөө, барилгуудыг барихаа тэд мартаагүй.

 

Японы бас нэгэн жишээ байна. Шоко Асахара гэгч мундаг залуу “Үнэний шашин” гэдэг юм бодож олоод өөрийгөө “Дээд Үнэн” хэмээн зарлаж Шибуяа дүүргийн нэгэн өрөөнөөс үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэрбээр баригдах хүртлээ буюу 1995 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Токиогийн метронд хорт хий цацан (мэдээж өөрөө биш, дагалдагчид нь) олон хүний амь насанд халдаж 9000 хүнийг үүрдийн өвчин шаналалд оруулах хүртлээ ёстой л Япондоо агуу их нь байж чадсан. Хуягласан “Мерседес Бенз”-тэй олон зуун хар хувцастай дагуул, бие хамгаалагчидтай болж, улстөрчид түүний дэмжлэгийг авах гэж олон тооны баян тансаг хүлээн авалтуудыг зохион байгуулж, дээд хэмжээний гадаад айлчлалуудад байнга шахам оролцуулж байсан билээ. Түүний гол бай нь Японы хамгийн алдартай сургуулийн төгсөгчид байсан бөгөөд хамгийн ухаантай ирээдүйтэй залуучуудаар багаа бүрдүүлж байжээ. Мань хүнийг баригдсаны дараа Японы үндэсний цагдаагийн газрынхан Фүжи уулын ойролцоох агуулахаас нь байлдааны Ми-17 онгоц, 1000 гаруй АК47, олон зуун сая ам.доллар, охид, эмэгтэйчүүд, тэр бүү хэл хүүхдүүд амьдарч байхыг нь олсон тухай мэдээлсэн удаатай. Мань хүн агуу хэвээрээ байх боломж байсан ч 1997 онд болох дэлхийн сүйрэл Армагедоноос Японы ард түмнийг хамгаалах бодолдоо дийлдэн ийм алан хядлага зохион байгуулсан гэдэг.

Одоо хамгийн супер агуу ихийн тухай өгүүлье. Туркмен болон Дундад Азийн агуу их юмс бол бүр элэг хөшөөнө. Туркмений Ерөнхийлөгч агсан Сапар Мурат Ниязов шинэ хуанли зохиогоод жилийн 12 сарыг бүгдийг нь өөртэйгээ холбоод нэрлэчихсэн, улсынх нь төвд мань хүний 50 метр өндөр алтан хөшөө байна. Мэдээж хэрэг, тэнд 24 цагийн турш мөнхийн бамбар дүрэлзэн хүндэт харуулууд зогсоно. Гэхдээ энд нэрийн хуудас хэрэглэж болохгүй! Ерөнхийлөгчийн цол гуншин ямар ч нэрийн хуудаст багтахгүй тул агуу их хүн нь нэрийн хуудас хэрэглэхгүй байхад эгэл жирийн ардууд бол санахын ч хэрэггүй. Туркмений экс Ерөнхийлөгч “Рухнама” гэдэг ном бичсэн нь энэ улсын айл, албан байгууллага бүрт байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд, шарил хадгалах газраас бусдад нь шахам л байж, дэлхийн хамгийн олон хэлээр орчуулагдсан юм билээ. Тэр ч бүү хэл хараагүй хүмүүс ч уншиж болох баррель буюу товгор үсгээр ч хэвлэсэн байдаг нь бас агуу. Үүнээс өөр бас нэгэн жишээ байна. Нийт 16 сая ам.доллараар амьтны хүрээлэн, төрөлх тосгоныхоо чиглэлд бариулсан зургаан эгнээ хурдны зам, Каракумын цөл дэх мөсөн хотхон гээд түүний агуу ихийн солиоролд ёстой хязгаар үгүй байжээ. Туркмений “Агуу их”-ийн дэргэд Саддам, Ким, Каддафи нар юу ч биш. Дэлхийн ямар ч дарангуйлагч Сапар Мурат шиг иргэдээ машиндаа хөгжим сонсох, тамхи татах, алтан шүд хийх, нүүрээ будахыг хориглоогүй! Харин тэр л ингэж чадсан. Харамсалтай нь Аллах бурхан түүнд урт нас хайрлаагүй. Гэхдээ тэрбээр спортод дуртай байсан бөгөөд бүх сайдаа 36 километрийн марафонд хүчээр оролцуулж байжээ.

Монголд тийм жишээ байна уу?

Манайд ч бас “Агуу ихүүд” бий. Төрийн сайд нь бөө болж, гал тахиад их мөнгө оруулж ирж байна. Ирэх жил монгол төгрөгийн 90 жилийн ой болох тул муу юм бодохоо болиод энэ түүхт ойгоо хэрхэн яаж угтах вэ гэдэг дээр эрхэм сайд алд биеэ алдартал зүтгэж агуу их үйлсээ хэрэгжүүлж байна. Мөн Чингис хааны алтан ургийн хүн Тулуйн удмын иш үзүүлэгч хунтайж гэх нэгэн эрхэм байна. Тэрбээр удахгүй болох “Монголын эдийн засгийн форум”-д түрүү жилийнхээс ч үр дүнтэй оролцох бэлтгэлээ хангаж байгаа нь зайлшгүй.

Суу ухаан, хатан ухаан гэж агуу их юм бас байна. Хөх тэнгэртэй эмэгтэй хүн л ярина, эрэгтэй хүн бол хэцүү. Агуу их юм Монголд бишгүй л их байна. Кран хазайж од гариг нэгэн эгнээнд орж дэлхий сөнөхийг заасан хүн ч байх. Зөвхөн толгой холбон ярьдаг агуу их ч бий. Тэр ч атугай шороо, чулууг алт, эрдэнэс болгодог нь бас агуу ихэд тооцогдоно. Ёстой л байхгүй юмгүй “Агуу ихүүд” Монголоор дүүрэн. Зарим агуу их нийтлэлчид ч байна. Сангийн сайд асан хүмүүс Монголын түүх 1, 2, 3, 4 гээд л боть, ботиор нь ном бичиж намынхан болон найзууддаа, бас төрийн албаны дарга, даамлуудад шахна. Агуу их болно. Бяр нь нэмэгдэнэ. Улмаар хүчээ авч улам нарийн судална. “Хойд Хятад гэж л байдгаас Монгол гэж галбир байхгүй” хэмээн айлдсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт агуу их нийтлэлч хүртэл байдаг гээд л бод. Хамгийн аймшигтай нь зарим агуу их маань төрийн сайдын алба хашиж байгаа бөгөөд дээр дурдсан “Агуу ихүүд”-ийн 90% нь УИХ-ын сонгуулд нэр дэвшиж байсан түүхтэй. Харин одоо “Агуу ихүүд” маань улам залуужиж байна. Нобелийн шагналт эдийн засагч Жон Нэш өөрийгөө “Антарктидын Эзэн хаан” хэмээн агуу ихийн солиорол тусч байсныг санаж, хэн ч энэ өвчнөөр өвчилж мэдэхийг эцэст нь сэрэмжлүүлье.

 

Б.Цогтгэрэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.