2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Америк зан

Америк зан

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Америк зан

 
Украины байдал их сонин болж байна. Манай монголчууд дэндүү их мартамхай учраас саяхны үйл явдлыг сануулах гэсэн юм. Хоёр гуравхан жилийн өмнөх юмыг санахгүй бол улс төр, геополитик гэж солиорохоо болих л хэрэгтэй ш дээ…

Косово бол тусгаар тогтнож болно

Балканы хагас арал дээр Косово гээд нэгэн өчүүхэн жижиг улс байх. Одоо санаж байна уу ?! Энэнээс болж бөөн юм болоо биз дээ. Хоолтойгоо холиод идчихсэн үү ?! Тэгвэл сануулаад өгье.

Одоо Косовогийн Бүгд Найрамдах Улс гэж нэрлэгдээд байгаа энэ улс бөөн будлианы уурхай. Уг нь бол нэг талаасаа Сербийн Бүгд Найрамдах Улсын нэг хэсэг гэж явдаг. Гэхдээ Сербид үл захирагдана. Гэхдээ сербүүд голлон суурьшсан хэсэг нь Косоводоо бас үл захирагдана. Яахаараа ийм холион бантан болдог билээ ?!

1991 оноос өмнө Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс гэж байлаа. Энэ улсаас 1991-2008 онд холбооны 6 улсаас 4 нь бие даасан улс болж салсан юм. Словени, Хорват, Босни, Герцеговина, Македони гэж салсан юм. 1999 онд АНУ болон түүний холбоотнууд НҮБ-ын ивээлд байсан Косовогийн автономит хязгаарыг Сербээс булаан эзлэх цэргийн ажиллагаа явуулав. Цэргийн энэ ажиллагааг хүмүүнлэгийн интервенци гэж нэрлэв. Үнэн хэрэг дээрээ цэргийн аймшигт түрэмгийлэл байсан юм.

2008 оны 2 дугаар сарын 18-нд АНУ хамгийн түрүүнд Косовогийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөв. Үндэслэл нь аль ч үндэстэн хүсэл зоригоо илэрхийлэн тусгаар тогтнох эрхтэй. Мөн оны 2 дугаар сарын 20-нд Герман Косовогийн тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөв.

Серби болохоор энэ үйлдлийг Сербийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулсан хэрэг гэж үзсэн юм. 2010 оны 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын Олон Улсын Шүүх Косовогийн тусгаар тогтнолыг тунхагласныг олон улсын эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөөгүй гэж үзсэн юм. Ингээд 2012 оны байдлаар Косовогийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн НҮБ-ын гишүүн улсын тоо 98 болоод байгаа юм.

Югославын энэ үйл явдлыг бид бүхэн бүгдээрээ мэднэ дээ. Цэцэглэн хөгжиж байсан улсыг олуулаа нийлж бөмбөгдөөд балгас болгож байсныг бид нүдээрээ харсан билээ.

Ерөнхийлөгч байсан Слободан Милошевичийг 2001 оны 4 дүгээр сард тусгай операци явуулан барьж аваад Гаагийн шүүхээр оруулсан билээ. Энэ хэрэг олон жил сунжирч Слободан Милошевич 2006 оны 3 дугаар сарын 11-нд Гаагын шоронд ихээхэн сэжигтэй нөхцөлд нас барсан билээ.

Энэ бүх үйл явдлыг АНУ манлайлан удирдаж, Югославыг газрын хөрстэй тэгширтэл бөмбөгдөж, улсынх нь Ерөнхийлөгчийг барьж аваад алж байгаа юм. Энд олон улсын хууль дүрэм огт хамаагүй байсан. Тэгж байгаад Косовогийн “тусгаар тогтнолыг” хамгаалж, Югославыг олон хувааж чадсан юм.

Косовогийн үйл явдлаас хэрэв ард түмэн “тусгаар тогтнолоо” зарлах л юм бол түүнийг нь “дэвшилтэт” улсууд зэвсгийн хүч хэрэглээд ч гэсэн хамгаалж болдог гэдгийг дэлхийн нийтээрээ ойлгож авсан юм.

Крым бол тусгаар тогтнож болохгүй

Одоо Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн ард түмэн тусгаар тогтноно гэсэн чинь АНУ болон Европын Холбоо болохгүй гэнэ ээ. Украин улсын бүрэн эрхэд халдлаа гэнэ. Тэгвэл Югослав, Сербийн бүрэн эрх гэж байсныг өөрсдөө нулимаад хаясан биз дээ…

Косово “тусгаар тогтнож” болдог, Крым болдоггүй хачин утгагүй, хоёрдмол шинжтэй олон улсын эрх зүйн стандарт гэж байхгүй л дээ. Өмнөхийг нь ярьдаггүй юмаа гэхэд 1990-ээд оноос хойш АНУ дэлхийд ганцаараа байгаа мэт аашилж, сайн дураараа дэлхийн харгис цагдаа болчихсон гэхэд нэг их хилсдэхгүй.

Афганистан, Югослав, Иран, Ирак, Сири гээд тоолж баршгүй олон түрэмгийлэл үйлдэв. Танайх атомын бөмбөгтэй, химийн зэвсэгтэй гээд дайн хийнэ, дайны дараа юу ч олохгүй байх жишээний. Уучлаарай ч байхгүй. Европын Холбоо АНУ-ыг дагаж давхиад байвал өөрийнх нь эдийн засаг сүйд болно доо.

Одоо болохоор “барууныхан” тусгаар тогтнолыг хамгаалах нь битгий хэл тусгаар тогтнох гэсэн Крым болон түүнийг өмөөрсөн Оросын эсрэг цэргийн хүч явуулна ч гэх шиг. Ёстой явуулж харагдаач. Орос бол хүссэн зоргоороо бөмбөгдөж болдог Югослав биш л дээ. Хориг арга хэмжээ авна ч гэх шиг. Өөрсдөө мөнгөгүй байж ямар үхснийх нь хориг арга хэмжээ авах юм ?! ОУВС-д одоо бол үнэндээ ямар ч мөнгө байхгүй ш дээ…

Хэрэв би эндүүрээгүй бол Монгол Улс 2005-2006 онд Косово руу 40 цэрэг “энхийг сахиулах” гэж илгээсэн юм. Үүнийг би буруу гэхгүй. Харин Косовогийн тусгаар тогтнолыг хамгаалсан шигээ Крымийн тусгаар тогтнолд адилхан хандаж түүнийг зөвшөөрөх ёстойг сануулж байна.

Үгүй гэвэл Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, цэргийн сүрдүүлэх үйл ажиллагаанд оролцож таарна байх…

Одоо хүн төрөлхтөн энэхүү “ганц төвт” тогтолцооноос үнэн залхаж байна. Нэг зангаараа, нэг зарчмаараа байдаг бол бас яая гэхэв. Америк зан гэж үнэн хачин юм. Оросын хувьд бол тэснэ тэснэ гэхэд тэсэх шиг л болсон.

Одоо бол Крым Орост нэгдэх нь гарцаагүй. Энэ бол хамгийн энгийн шударга ёс юм. Байдал их хурцадвал зүүн Украиныг нэмээд Орост алдчихгүй бол их юм ш дээ…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn