2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ийм ч сайд байх гэж...

Ийм ч сайд байх гэж...

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас зарладаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр болж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцов. Харамсалтай нь, тэрээр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг халтуурдана гэгч л болов. Ердөө 10 орчим минут хүрэхгүй хугацаанд Үйлдвэржүүлэлтийг дэмжих хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн төслүүдийн талаар товч мэдээлэл хийгээд л гарч одлоо. Уг нь сэтгүүлчид түүнээс ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор олон зүйл асуухыг хүсэж буйгаа сануулсан ч “Бүтээн байгуулалтын цагаар асуултад хариулдаггүй” гэх тайлбар хийж бултаж орхив.


Хэрвээ дээрх уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, сайдыгаа орлож сэтгүүлчдэд “байцаагдаагүй” бол Засгийн газрыг үнэн муухай харагдуулж, даарин дээр давс үрсэн хэрэг болох байсан биз.

Ийм ч сайд байх гэж... “Сайдын ажлыг хийж чадна” гэж албан тушаалд оччихоод эцэст нь хариуцсан ажлууд нь явахгүй болохоор зугатааж болдог юм уу. Байгаа бодит байдлаа үнэнээр нь хэлээд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа ярьчих нь сайд хүний ажил биш гэж үү. Валютын ханшийн хэлбэлзэл Эдийн засгийн хөгжлийн яамны хариуцах  ажил биш гэж бултаж мэдэх л юм. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурснаас валютын ханшид нөлөөлөөд байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Тодруулж хэлбэл, хөрөнгө оруулалт татах ажил шууд утгаараа Эдийн засгийн хөгжлийн яаманд хамаарна. Тэгээд ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан тухай асуудал нь зөвхөн өнгөрсөн долоо хоногт хөндөгдсөн асуудал биш,  2012 оны сүүл үеэс эхлэн яригдсан. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Засгийн газар дэндүү хойрго хандаж байна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж эхэлсэн нь үнэний ор дагуулах болов.

УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх үед сайд Н.Батбаяр “Ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгана. МАН-ын гишүүд та нар битгий муу амлаад бай. Амьдрал сайхан байхад...” гэж агсарч суусан. Гэтэл өнөөдөр төсөвт суулгасан дээрх үнэ амьдралаас тасарсан прогноз байжээ гэдгийг өнгөрсөн хоёрдугаар сарын валютын ханшийн савлагаа харуулаад авлаа. Уг нь УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд “Валютын ханшийн төгрөгтэй харилцах ханшийн судалгааг хаанаас гаргачих вэ. Энэ чинь хэтэрхий өөдрөг төсөөлөл байна, тэнгэрийн амьдралаасаа буугаач ээ” гэж тухайн үед мэдэгдсэн удаатай. Харин өнөөдрийн бодит байдлаа харахад аль муугаараа дуудуулдаг МАН-ынхан сайн ч, муу ч төр барьж байсан юм гэсэндээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас л илүү холыг харж дээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч “Монгол Улсын 2013 оны төсвийг 1.5 их наяд төгрөгөөр тасалсан сайдууд хариуцлагаа хүлээхгүй юм уу” гэж шүүмжилсэн. Өнөөдөр ч энэ байр сууриа илэрхийлж буй.

Уг нь цөөнхийн бүлэг улсын эдийн засгийг хүнд байдалд оруулсан гэх үндэслэлээр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн удаатай. Харин Ерөнхий сайд “Манай Шинэчлэлийн Засгийн газрын гол ачаа үүрч яваа сайдууд. Хийсэн ажилтай хүмүүс шүү” хэмээн өмөөрч улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч кноп дарснаар хоёр сайдыг үлдээж байсны гор өнөөдөр ийн гарч байх шиг.

Ажил хийж чадахгүй хүнээр улсын том ажлыг даалгана гэдэг ингэж л сүйрүүлдэг юм байна. Хэр удаан улсын эдийн засгаар тоглож, хэчнээн мянган аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулж, улсын данс улайсан хойно хариуцлага тооцох юм болдоо.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтнүүд “Валютын ханш хяналтаас гарч байна. Төв банк төдийгүй УИХ, Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлага үүслээ” гэж мэдэгдсэн. Үүний үр дүн ч гарсан уу, ямартай ч ам.долларын төгрөгтэй харилцах ханш 50 шахам төгрөгөөр буураад байна. Гэхдээ энэ ханш тогтвортой хадгалагдах эсэх нь эргэлзээтэй хэвээр л байна.

Учир нь дэд бүтэц сул хөгжсөн Монгол Улсад нүүрсний экспорт унасан нь нэрмээс болж буйг эдийн засагчид тодотгосоор. Ийм нөхцөлд Засгийн газар, УИХ ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ. Цөөнхийн бүлэг ч зорилгоосоо няцалгүй ам.долларын ханшийг тогтворжуулах чиглэлд илүү хүчтэй ажиллаж эрх баригч хүчнийг шахаж ажиллах ёстой юм биш үү.

Тэгэхгүй бол  Монгол Улсын Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр сайд Н.Батбаяр гараа хөдөлгөж, гадаадынхныг татах чиглэлд ажиллаж байгаа гэхэд нэг л итгэл төрөхгүй байна. Нүүрсний салбарыг уналтаас гаргах чиглэлээр салбарын яамнаас дорвитой үг дуугарахгүй байна. Ийм нөхцөлд авах арга хэмжээ нь юу байх ёстой вэ?.

Өнөөдрийн валютын ханшийн бууралтад сэтгэл амраад сууж боломгүй байх шиг, УИХ ч ээлжит бус чуулганаа даруй зарлах цаг болсон мэт.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn