2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАХН-д "Баяртай" гэж хэлье

МАХН-д "Баяртай" гэж хэлье

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

МАХН-д "Баяртай" гэж хэлье

 

Н.Энхбаяр Солонгосоос ирэх гэнэ. Солонгос сүмд зочилж, адис хүртэж гэнэ. Намын удирдлагууд нь очиж золгож гэнэ... Энэ ер нь хэнд хамаатай юм бэ. Тэр өнөөдөр монголчуудын хувьд хэн юм бэ. Монголын улс төрд түүнийг илэрхийлэх албан ёсны статус нь МАХН-ын дарга. Магадгүй энэ үүднээс харвал дээрх дэл сул мэдээллүүд тус намын гишүүд, дэмжигч, Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдэд туйлын чухал байж мэдэх юм. Тэгвэл МАХН гэж юу вэ. Үнэндээ энэ бол Н.Энхбаяр гэж хувь хүний нам. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн бүхий л өндөр, дээд албан тушаалыг хашиж явсан түүнд улс төрийн намын дарга байх л дутав гэж. Топ намыг толгойлж явсан түүнд “том” нэрнээс цаашгүй, цойлж ялгараад байх улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаа гэхээр зүйлгүй цоо шинэ, жижиг намтай зууралдах тодорхой шалтгаан байсан нь мэдээж.


Орхисон нэрийг хэрэглэж болохгүй гэсэн хуулийн тодорхой заалт, зохицуулалт байсаар атал МАХН нэрийг улайм цайм өөртөө авч, бамбай болгосон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, Намбарын Энхбаярыг наранд байлгах найдвар нь МАХН. “ТВ-9” телевизийн тоног төхөөрөмжийг завшсан, МИАТ ХК-иар ачаа үнэгүй тээвэрлүүлсэн, “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэж дуулиантайхан шүүгдэж байсан ч уснаас хуурай гарахтай зүйрлэж болом ял сонсож, эцэст нь Төрийн тэргүүний уучлалд багтсаныг нь ч МАХН-тай холбож тайлбарладаг. Түүний “хэрэг” энэ мэтхэнээр дуусахгүй гэдгийг хэлж, хардах хүмүүс байсаар байгаа цагт МАХН, Н.Энхбаяр хоёр хөтлөлцсөөр байх биз.

Улсын дээд шүүхийн бүртгэлд МАХН шинэ байж болох ч тус намыг бүрдүүлж байгаа хүмүүс нь тийм биш. Шинэчлэлийн Засгийн газарт орсон сайд нарыг нь харъя. Эрэмбээрээ Ерөнхий сайдын дараа орох Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхийг аймгаас аймагт “алдсан” алдаатай. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын ажлыг ГССҮТ-д үүссэн зах замбараагүй байдлаар дүгнэхэд л хангалттай. Харин Сангийн сайд Ч.Улаанд хийж гийгүүлсэн юм алга. Улиг болсон Н.Удвал, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас өөр сайд хийж, салбар аваад явчих аавын хүү, ээжийн охин байхгүй юм гэж үү. Ний нуугүй хэлэхэд, энэ цагийн улс төрөөс гологдогсод МАХН-д очиж нийлдэг, тараа таниулдаг. Н.Энхбаярыг үүрээр гэрээсээ хөл нүцгэн ачигдахад түүнд сул талаа атгуулсан аятай, бүлтийтэл зогсож байсан хүмүүс ч энд хамаатай. Нам дагаад далдганаж чадвал ажил, албан тушаалтай болдог гэсэн эмгэнэлтэй горьдлого тээсэн нэг хэсэг нь “Би Баянсэлэнгээс юугаараа дутуу гэж” гэцгээн МАХН-ын эгнээг тэлж буй. Бас тэд хүмүүсийг хуурч, хүчээр, хоморголон намдаа элсүүлдэг. Саяхан 200 гишүүнээр бүл нэмлээ хэмээн сүржин зарлахдаа олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгт бараг хүчээр батлахаа атгуулчихсан гэсэн.

МАХН-ын удирдлагуудаас батлахаа гардан авч буй зураг нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарсны дараа гавьяат тамирчин үүнийг эрс үгүйсгэн “Би МАХН-д элсэх гэж тэнд очоогүй. Нэг хүнтэй хувийн журмаар уулзах ёстой байсан. Гэтэл тэр хүн маань “МАХН-ын байранд байна, хүрээд ир” гэсэн. Би өнөөх хүнтэйгээ уулзаж байтал МАХН-ын дарга нар орж ирсэн. Тулгамдсан, санамсаргүй юм болсон. Олон хүний дунд намынхаа батлахыг гэнэт гардуулсан болохоор яаж ч чадаагүй. Өгсөн үнэмлэхийг нь буцааж өгөх бодолтой байгаа” хэмээн мэдэгдсэн юм. АН ийм хүмүүстэй хамтарч Засгийн газар байгуулснаараа тэднийг шууд өөд нь татаж, цаашилбал Н.Энхбаярт ашиглуулж байгаа хэрэг. Уг нь ингэх хэрэггүй байсан юм. УИХ-ын өнгөрөгч сонгуулиар МҮАН-тай эвсэж, бүлэг байгуулах хэмжээнд суудалтай болж, Засгийн газарт багтсан нь МАХН-ынхны хувьд эхний бөгөөд эцсийн ялалт байх нь ойлгомжтой. Н.Энхбаярын эргэж Ерөнхийлөгч болох, эсвэл гэм буруугаа далдлан нуух хүслийг гүйцэлдүүлэгч нь байхгүйгээ Монголын ард түмэн мэдэхтэйгээ байлгүй. МАХН-ынхан оршин буйгаа харуулахын тулд гэнэ гэнэхэн хөгийн арга сэддэг.

 

Үргэлжлэлийг унших   Mongolnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.