2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАХН-ын хошин шог

МАХН-ын хошин шог

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

МАХН-ын хошин шог

 

МАХН-ынхны ядмагхан шоу ил болов.

 

“Намын батлах өвөртөлсөн бүхэн  МАХН руу хошуурч байна” гэх мессежийг олонд өгөх гэж тэд их л чармайж байгаа бололтой. Тэд “МАН-ын гишүүд, олны танил хүмүүс МАХН-д элсэнэ” гэх зарыг байсхийгээд л тараадаг болсон.  Харамсалтай нь энэ сүржин зарын цаана хэдэн өвөө эмээ, олны танил бус хүмүүс л батлах гардаад өнгөрдөг.  Харин  тус намынхан энэ долоо хоногийн эхээр өнөөх зараа дахин явуулах нь тэр.  Хэдийгээр “Олны танил нэр нөлөө бүхий хүмүүс  элсэнэ” хэмээх сүржин даржин зараа дахин явуулсан ч тэр гээд онцлоод хэлчихээр олны танил хүн  намд элсэгчдийн дунд байгаагүй юм. Гэвч МАХН-ын удирдлагууд  “Чөлөөт  бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг манай намд элссэн”  гэж хэлснээс гадна үнэхээр ч  С.Батцэцэгийн МАХН-ын дэд дарга Б.Тэрбишдагваас батлах гардаж байгаа зураг  цахим сүлжээгээр цацагдсан нь хэн хүний эргэлзээг  тайлсан юм. Гэсэн ч гавьяатыг намд элсэн, улстөржиж байгаад дургүйцсэн хүн олон байлаа. Харин энэхүү үйл явдлын учир төд удалгүй тайлагдах нь тэр. 

 

МАХН-ынхан  С.Батцэцэг гавьяатыг намдаа элсүүлэхийн тулд урьдаас төлөвлөн, нарийн зохион байгуулалттай шоу  бэлдсэн нь ил болсон юм.  МУГТ С.Батцэцэг өчигдөр телевизэд өгсөн ярилцлагадаа   "Би Хувьсгалт намд элсэх гэж очоогүй. Нэг хүнтэй хувийн журмаар уулзах ёстой байсан. Гэтэл тэр хүн маань "Би МАХН-ын байранд байна, хүрээд ир" гэсэн.  Нөгөө хүнтэйгээ уулзах гэж байтал гэнэт дарга нар нь ороод ирсэн. Тулгамдсан, санамсаргүй л юм болсон. Олон хүний дунд  нэр биччихсэн, намынхаа батлахыг гэнэт гардуулсан болохоор яаж ч чадаагүй. Миний хувьд МАХН-д элсэх, улстөрийн карьер хөөх бодолгүй, тийм хүсэл сонирхол ч байхгүй. Зөвхөн барилдах л сонирхолтой. 2016 оны олимп гээд том тэмцээнүүд намайг хүлээж байна. Тийм болохоор өгсөн үнэмлэхийг нь буцааж өгөх бодолтой байгаа" гэжээ.

 

Эндээс үзэхэд МАХН-ынхан   намын батлахаа гавьяатад хүчээр тулгаад өгчихсөн болж таарч байна. Магадгүй “Олны танил хүмүүс манай намд элсэнэ” хэмээн шодчихаад яах учраа олохгүй сууж байхад нь С.Батцэцэг гавьяат намын байраар  орж таарсан нь тэдэнд олз болсон байж ч болох. Ямартай ч МАХН-ынхан гавьяат тамирчны хүсэл сонирхлыг үл харгалзан намын батлахаа хүчээр өгсөн нь тодорхой боллоо. Тиймдээ ч нарийн учрыг олоогүй батлах гардсан С.Батцэцэг “Буцааж өгнө” гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Эндээс үзэхэд МАХН олны танил хүмүүсийн нэрийг барьж намдаа гишүүн элсүүлэх энэ аргадаа нэлээд гаршиж байгаа бололтой. Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг элсэх гэж байгаа гэсэн  мэдээлэл тараасан нь тэр  даруйдаа л цуурхал болох нь илэрсэн. УИХ-ын гишүүн асан Д.Загджав тэргүүтэй хүмүүс МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл мөн л худлаа болохыг нэр нь дурдагдсан хүмүүс баталсан.

 

Тэгэхээр МАХН-д МАН-ын гишүүдийг эгнээндээ элсүүлэх, олны танил хүмүүсийн нэр барьж гишүүн элсүүлж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх гэж оролдохоос өөр арга олдохгүй байгаа бололтой. Хүний хүсэл сонирхлыг үл харгалзан улс төрийн тоглоомдоо хүчээр татан оролцуулж  байгаа энэ үйл явц хэдийгээр инээдтэй мэт боловч үнэн хэрэгтээ улс төрчдийн увайгүй, улайрсан үйлдлийн нэг илрэл юм.   МАХН байгуулагдсан цагаасаа эхлэн  сенсаац тарьж, ямар ч хамаагүй аргаар олны анхаарлыг татахыг оролдож ирснийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл тэд бүр улаан цаймдаа гарч, хүний үзэл бодол хүсэл сонирхлыг хүртэл уландаа гишгэж байгаагийн тод жишээ нь энэ үйл явдал боллоо.  Тэд “Манай нам л  нийтэд том харагдаж, олны танил хүмүүсээр  хүрээгээ тэлж байвал таны хүсэх  эс хүсэх огт  хамаагүй” гэж боддог бололтой.  Тэдний энэхүү хошин шогийн гэмээр үйл явцыг  “Олны танил хүмүүс минь, онцын шаардлагагүй бол намын байраар битгий яв.

 

Эс бөгөөс хүчээр барьж аваад намын батлахаа гардуулчихна шүү” хэмээн шоглох нэгэн ч байна. Цаашид хошин шог давтагдахгүй гэж найдъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.