2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ХААН СОНГОЛТ

ХААН СОНГОЛТ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

Анх УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилсан “ Дуусашгүй яриа” үргэлжилсээр байна. Үүн дээр “Дуусашгүй маргаан” гэлтэй бас нэгэн сэдэв нэмэгдэв. Энэ нь Үндсэн Хуулиар иргэдэд олгогдсон УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийг УИХ Сонгуулийн тухай хуульд гуйвуулж оруулснаас үүдэлтэй юм. Сонгуулийн тухай Хуулийн 5.3-т “Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.” гэжээ. Иргэдийн шууд сонгох эрх гэдэг нь сонгогч саналаа өгөхдөө хэн нэгнийг дагуулж ирж болох, эсэх төдий өнгөц асуудал биш.

    Үндсэн Хуулийн агуулгаар “УИХ-ын гишүүнийг иргэдийн шууд сонгох эрх гэдэг нь сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч нь ард түмний элч бөгөөд төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний нь бүрэн эрх эхэлнэ.” гэж  ойлгогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл ард түмний элч гэдэг утгаараа завсрын ямар нэгэн шат дамжлагын батламжлалгүйгээр бүрэн эрх нь нээгддэг цорын ганц субъект бол УИХ-ын гишүүн болно. Ингэж байж гэмээнэ сонгогчдын улс төрийн эрх, монголын төрийн дархлаа хангагдана. Ардчилалын зарчмаар олонхийн санал авч итгэлийг нь хүлээсэн ард түмний элчийг баалах, мөрдөн мөшгих, шүүн хэлэлцэх эрх хэнд ч байхгүй юм. Сонгуульд нэр дэвшигч, сонгуулиар олонхийн санал авсан нэр дэвшигч нь хууль, эрх зүйн хоёр өөр субъект болно. Сонгуулийн хугацаанд нэр дэвшигч сонгогчдыг татах зорилгоор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулвал, энэ нь тухайн нэр дэвшигчийг сонгуулийн хороодоос эрх хэмжээнийхээ хүрээнд нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах үндэслэл, нотолгоо болно. Харин санал хураалт явагдсны хойно олонхийн санал авсан нэр дэвшигчид хэрэг, маргаан үүсгэж болохгүй. Учир нь сонгуулийн хууль бус ажиллагаанд нь татагдсан байж болзошгүй гэх сонгогчид тухайн нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн, эсэхийг тогтоох баримт, нотолгоо байдаггүй. Гэтэл сонгочдын олонхийн санал авсан нэр дэвшигчдэд хэрэг үүсгэж шүүхээр шүүн хэлэлцэж мандатыг нь олгодоггүй, хүчингүй болгодог “гаж үзэгдэл” бий болов. Энэ нь УИХ-ын гишүүнийг шууд сонгох Үндсэн Хуулиар олгогдсон иргэдийн эрхэд халдаж байгаа явдал мөн. Энэхүү “Дуусашгүй маргаан”-ы “баатарууд” нь дандаа МАН-аас нэр дэвшигчид байдаг нь бүрч хачирхалтай. Эрх баригч АН-ын удирдлагуудаас маргаантай гэгдэх тойргуудын асуудлыг өөрсдөд нь нааштайгаар шийдвэрлэх дарамт, шахалтыг хүсэлт нэрээр Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хороонд үзүүлж байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмэнд мэдээлдэг болов. Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн ...”гэж заасан байдаг. Тэгэхээр Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хорооны  “тусламжтайгаар” УИХ-ын гишүүн болж болдог байлаа гэхэд ард түмний элчийн статус нь байхгүй юм. Энэ нь ард түмний мандатгүй УИХ-ын гишүүн гэсэн үг. АН-ын удирдлагуудын энэхүү үйл ажиллагаа нь сонгогчдыг басамжилсан өнгө аястайгаар барахгүй сонгогчдын улс төрийн идэвхийг бууруулахад хүргэх ноцтой үр дагавартай юм. Дараа дараагийн сонгуульд сонгогчдын ирц хүрэхгүй байх улс төрийн нөхцөл, байдал үүсвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

    Сонгогчдын хийсэн сонголт бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “ХААН СОНГОЛТ” мөн. Өнөөдөр Монголын нийгэмд эрх баригч намын үзэл суртлын хүчирхийлэл явагдаж байна. Хуулийг үл хүндэтгэх, өөрийн үзэмжээр ойлгож хэрэглэх, засварлан зохицуулах, шинээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх замаар эрх ашигтаа тохируулан хуулиар далайлгаж үзэл бодлоо нийгэмд тулган хүлээлгэхийг үзэл суртлын хүчирхийлэл гэнэ.

    Үзэл суртлыг номлогчид нь уг хүчирхийллийнхээ бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгснээрээ төрийн болон засаглалын институцууд аяндаа үзэл суртлалын хүчирхийлэлд татагдаж, түүнд үйлчилдэг.

Хүчирхийлэл нь парламентын ардчилалыг гажуудуулж, улс төрийн олон ургалч үзлийг үгүйсгэж, улмаар нийгмийн ардчилал, шударга ёсны үнэлэмжийг бууруулна. Үзэл суртлын хүчирхийлэл нь эрх баригчдынхаа хараа хяналтаас гарч, жолоодлогогүй үйл явц болон хувирдаг ба нийгмийн харилцааны бүхий л салаа мөчирт, гэр бүлийн хүрээнд хүртэл нэвтрэн орох аюултай байдаг.

Нэг үгээр нийгэм хүчирхийллийн энергиэр цэнэглэгддэг. Хүчирхийллийн машин хүчээ авах тусам ардчилалыг бүдгэрүүлэн үгүйсгэж, шинэ маягийн дарангуйлалыг нөхцөлдүүлнэ.

Хүчирхийлэл, дарангуйллаас нийгэм эд материалын болон оюун санаа, ёс суртахууны их хохирол амсдаг. Энэ бол олон улс орны амьдрал дээр батлагдаж, нотлогдсон улс төрийн болон нийгмийн шинэжлэх ухааны ойлголт болно. Саяхан АН-ын удирдлагуудаас мөн л хуульд өөрчлөлт оруулах замаар парламентын бус гэгдэх намуудаас “танах” бодолтой байгаа тухай ээлжит мэдээллээ хийлээ.

Нам бол хүмүүсийн улс төрийн үзэл бодлын нэгдэл бөгөөд үзэл бодлоорооо эвлэлдэн нэгдэх нь Үндсэн Хуулиар олгогдсон иргэний үндсэн эрх болно. Энэ нь ардчилалын нэг чухал ололт мөн.

Ер нь АН-ын удирдлагуудын явуулж буй үзэл суртлын хүчирхийлэл нь ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлаж, нийгэмд талцал үүсгэж, ард түмний эв нэгдэлд сэв суулгах үр дагавартай юм.

Монголчууд бидэнд эв нэгдлээс илүү эрхэм, чухал зүйл гэж үгүй билээ. 
Миний бие асуудалд “Нийгмийн үзэгдлийг болоод өнгөрсөн хойно нь биш урьдчилан харах ухааныг улс төр гэнэ.” гэсэн  логикоор хандаж байгаа болно.

Нийгэмд сөрөг үр дагавар авчирч болох боломжуудыг хаах арга механизм нь улс төрийн намуудын зөвшилцөл болно.


УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүү
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.