2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тэмүүжин сайдын "албад" Аудитын шалгалтад бүдэрчээ

Тэмүүжин сайдын "албад" Аудитын шалгалтад бүдэрчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 Тэмүүжин сайдын "албад" Аудитын шалгалтад бүдэрчээҮндэсний аудитын газраас Шинэчлэлийн Засгийн газрын танхимын сайд нарын төсвийн багцын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийжээ. Тус газраас хийсэн аудитаар хамгийн их зөрчилтэй гарсан нь Хууль зүйн сайдын төсвийн багц байжээ.


Учир нь, Хууль зүйн яамны харьяа агентлагууд төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд дур мэдэж зарцуулсан, бэлэн мөнгийг ямар ч хараа хяналтгүйгээр бусад байгууллагад шилжүүлсэн, шагнал урамшуулал нэрээр мөнгийг хавтгайруулан олгосон зөрчил гээд нэлээдгүй зөрчил илрүүлжээ.

Цаашлаад хөрөнгө мөнгө болоод санхүүгийн бусад зарцуулалтыг тайланд тусгаагүйгээр үл барам заримыг нь мэдэн будилан орхигдуулсан байсныг нь аудитаар тогтоожээ.

Тодруулбал, салбар агентлагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Тамга тэмдгийн үйлдвэр, "Цагаан шонхор" төрийн өмчит үйлдвэрийн газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Улсын бүртгэлийн газар зөрчилтэй гарсан бөгөөд эдгээрээс хамгийн их "асуудал"-тай нь Улсын бүртгэлийн ерөнхий газар байжээ.

Хууль зүйн яамны харьяа салбар, байгууллагууд шинэчлэлээр амьсгалж байхтай зэрэгцэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудал ийн сөхөгдөж байна.

1. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын 217 улсын байцаагчид саяхнаас албаны дүрэмт хувцсаар ижилсэх болсон. Тэднийг ижил формоор хангахад 44,1 сая төгрөг зарцуулсан байна. Харин аудитын шалгалтаар дээрх дүрэмт хувцсыг ажиллагсдадаа хавтгайруулан олгож, 44,1 сая төгрөгийн илүү зардал гаргасан хэмээн дүгнэжээ.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайдын 2010 оны 103 тоот тушаалаар баталсан "Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх журам"-ыг зөрчсөн байна хэмээн үзжээ.

2. 2012 оны урсгал зардлын хэмнэлт болон Засгийн газрын нөөцөөс олгосон санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 721.3 сая, Техник засварын төсвийн цуцалсан гэрээт ажлын хөлс хоёр тэрбум 100 сая гээд нийт хоёр тэрбум 821.3 сая төгрөгийг "Антбиг", "Сектек сервес", "Рояал синержи" зэрэг компаниар дамжуулан Улаанбаатар хотын банкинд байрших ЦЕГ-ын Гэрээт албаны 2611008220 тоот дансанд шилжүүлэн бэлэн буюу бэлэн бусаар зарцуулжээ. "

3.    Цагдаагийн ерөнхий газрын салбар нэгжүүд урсгал зардлын төсвөөс буюу эд хогшил худалдан авах зардлаас 39.6 сая, төлбөр хураамжийн зардлаас 29.9 сая, түрээсийн зардлаас 121.6 сая, нийт 191.1 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг бэлтгэсэн.

4.    Мэдээлэл шуурхай удирдлагын төв 2012 оны цалингийн зардлын баталсан төсвийг 315.6 сая төгрөгөөр хэмнэлттэй зарцуулсан нь олзуурхууштай ч жилийн найман сард нь үр дүнгийн шагнал болох 12.7 сая төгрөгийг алба хаагчдадаа шагнал урамшуулал нэрээр хавтгайруулан олгосон.

5.    Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь 57 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг жижиг эд хогшил бэлтгэх зардлаар бүртгэсэн нь Сангийн сайдын 2005 оны 276 дугаар тушаалаар баталсан зааврыг зөрчсөн байжээ.

6.   Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн санхүүгийн нэгдсэн тайланд Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны хөрөнгө оруулалтын 90 сая төгрөг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албанд нэмж олгосон 2.4 сая төгрөгийг тус тус дутуу тусгасныг аудитаар илрүүлэн, засч залруулахыг үүрэгдсэн байна.

7.   Шүүхийн шинжилгээний зарим албад авлага, өр төлбөрийнхөө үлдэгдлийн тооцоог баталгаажуулдаггүйн дээр томилолтын тооцоог дутуу баримтаар хийдэг, хөрөнгийн тооллогын бүртгэл, актыг баталгаажуулаагүй зөрчил нийтлэг илэрчээ.

8.    Мөн тус газар нь таван автомашиныг зөвшөөрсөн тооноос илүү ашиглаж, шатахууны зардалд 25.1 сая төгрөг, гараашийн төлбөрт 11.4 сая төгрөг нэмж төлж, үргүй зардал гаргасан байна.

9.    Улсын бүртгэлийн ерөнхий газар санхүүгийн программ хангамжид холбогдох логик нэвтрэлт ба аюулгүйн горимтой холбоотой санхүү бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх кодыг ажил үүргийн хуваарийн дагуу нууцалж өгөөгүй.

10.    Сонгогчийн хурууны хээ унших болон нэг удаагийн бүртгэлийн төхөөрөмж зэрэг 9 нэрийн нэг тэрбум 438 сая төгрөгийн хөрөнгийг программын алдаанаас шалтгаалан Санхүүгийн тайланд тусгаагүйгээр үл барам дуусаагүй үйлдвэрлэл нэрээр тайландаа буруу илэрхийлсэн, 1

11.    Хуульзүйн үндэсний хүрээлэн нь Дэлхийн банкны Хууль зүйн үйлчилгээг сайжруулах төслөөс үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн 11.5 сая төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайландаа буруу бүртгэсэн байсныг илрүүлж, аудитын шалгалтын явцад залруулжээ.

12.    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анхан шатны баримтгүй болон бүрдэл дутуу баримтаар нийт 60.2 сая төгрөгийн гүйлгээг бүртгэлд тусгасан.

13.    Тамга тэмдгийн үйлдвэр ТӨҮГ 2012 оны жилийн эцэст богино хугацаат зээл, зээлийн хүүгийн төлбөрт 37 сая төгрөг, актын төлбөрт 2.2 сая, туслан гүйцэтгэгчид төлөх 8.7 сая нийт 47.9 сая төгрөгийн өглөгтэйгээр тайлангаа гаргасан. Мөн 32.8 сая төгрөгийн шагнал урамшууллыг ажилчдадаа олгосон ч нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоогүй байна.

14.    "Цагаан шонхор" ТӨҮГ 2012 онд үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулаагүйгээс элэгдлийн зардлыг 2.1 сая төгрөгөөр дутуу тооцсон. Мөн хяналтын тооллогоор 17.5 сая төгрөгийн хөрөнгө дутсан, анхан шатны баримтын бүрдүүлэлт хангалтгүй байсан ба аудитын явцад 16.6 сая төгрөгийн баримт дутуу байсныг нөхөн хангуулсан байна.

15.    Дэлхийн банкны санхүүжилттэй "Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дансны үлдэгдлийг 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Монголбанкны албан ханшаар хөрвүүлэн төгрөгөөр илэрхийлсэн нь нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх зарчмыг зөрчсөн байжээ. Учир нь, ханшийн зөрүүнээс ашиг олдог, эсвэл алдагдал хүлээдэг учраас бодит байдлыг тооцоход хүндрэл учруулдаг байна.

Хууль зүйн сайдын "албад" санхүүгийн аудитын шалгалтад ийнхүү бүдэрчээ. Бас болоогүй энэ удаагийн аудитын шалгалтаар санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайланг 26.4 сая төгрөгөөр зөрүүтэй бэлтгэснийг илрүүлж, үүнийг нь засч залруулсан байна.

Аудитаар нийт 828.3 сая төгрөгийн зөрчилд 67 зөвлөмж өгч, 10 тэрбум 221.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага бичиж, 925.6 сая төгрөгийн төлбөрт акт тогтоон, 9 тэрбум 883.8 сая төгрөгийн материаллаг алдаанд залруулга хийжээ. Х.Тэмүүжин сайд хуулийн байгууллагын шинэчлэл гэж гүйх хойгуур "цэргүүд" ийм л маягаар ажиллаж ирсэн байна.

У.Мичид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.