2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.ЭнхАмгалан: Бид ямар ч популизм хийгээгүй

Л.ЭнхАмгалан: Бид ямар ч популизм хийгээгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Л.ЭнхАмгалан: Бид ямар ч популизм хийгээгүй

 

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАНТАЙ ярилцлаа.

 

 

-УИХ-аас хөрөнгө оруу­лал­тын орчин таагүй боллоо, хөрөнгө оруулагчид гараад явлаа гээд Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулийг батал­сан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд энэ хууль хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгч чадав уу?

 

 

-Өмнө нь зөвхөн гаднын хөрөнгө оруулагчтай л тогтвортой байдлын гэрээ хийдэг, хөнгөлөлт эдлүүлдэг эрх зүйн зохицуулалт Мон­голд үйлчилж байлаа. Харин шинээр баталсан Хөрөнгө оруу­лалтын хуулиар гадаад, дотоодын гэж хөрөнгө оруулагчийг ялга­хыг больсон. Нийт оруулсан хөрөнгийнх нь хэмжээгээр, аль бүс нутагт хөрөнгө оруулж байгаа­гаас нь хамаарч хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгоё гэсэн.  Ингэж гэрчилгээ олгосноор дөрвөн төрлийн татварын орчин нь тогтворжих юм. Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байсан учраас л энэ хуулийг баталсан.

 

 

-Томоохон төслүүдийн санхүүжилт дууссан болоод л гадаадын хөрөнгө оруулалт буурсан юм биш үү. Үнэхээр бизнесийн орчин тааруу болсон гэдгийг илтгэх өөр ямар жишээ байна вэ?

 

 

-Бизнесийн орчин Монголд муу байгаа талаархи зөвхөн нэг л жишээ хэлье.  Өнөөдөр бизнес явуулахад нийт 1200 орчим лиценз зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Дээр нь татварын албанд бүртгэлтэй 70-80 мянган аж ахуйн нэгжийн бараг 70-80 хувьд нь жилд давхардсан хяналт шалгалт ордог. Өөрөөр хэлбэл, том, жижиг ялгаагүй нэг аж ахуйн нэгжид жилдээ 10-20 давхардсан шалгалт ордог. Мэргэжлийн хяналтын, татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн гээд шалгалтууд ордог юм байна л даа.  АТГ-аас, цагдаагаас ч бас шалгадаг. Ингэж аж ахуйн нэгжүүдэд жилд 10-20 төрийн хяналт шалгалт хийж байгаа нь манайх шиг хөгжилтэй бусад улстай харьцуулахад дэндүү муу үзүүлэлт. Нөгөө талаас нэг аж ахуйн нэгж жилд 40 ор­чим нэр төрлийн санхүүгийн болон санхүүгийн бус тайлан гарга­даг. Энэ бүхнийг аваад үзэхэд Монголд бизнесийн орчин өр­сөл­дөх чадвартай байж чадахгүй байгаа. Өрсөлдөх чадва­рыг сайжруулахад Хөрөнгө оруулал­тын тухай хууль тодорхой үр дүн­гээ өгнө гэж найдаж байгаа юм.

 

 

-Тэгэхээр төр өөрөөс хамаа­рах зүйлээ хийчихсэн гэж ойлгож болох уу?

 

 

-Бизнесийнхний төрөөс хүсч байгаа зүйл бол нэгд, татварын эрх зүйн орчин тогтвортой байх юм. Хоёрт, төрийн дарамт, хянал­тын тоо цөөн байх ёс­той гэж үздэг. УИХ-ын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталлаа. Одоо лиценз зөвшөөрөлтэй холбоотой хуулийг цаг алдалгүй батлах юм бол жинхэнэ утгаараа бизнес эрхлэх бололцоо бий болно.

 

 

-Монголд хийж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбар руу ордог. Сая Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ баталлаа. Энэ баримт бичиг хөрөнгө оруулалтын бод­логотойгоо хэр уялдав. 

 

 

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг залгаад Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодло­гыг баталсан нь зөв. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж байгаа салбар бол эрдэс баялаг. Монгол руу орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын  90 хувь нь уул уурхай руу л ордог. Төсвийн орлогын 30 орчим хувийг энэ салбараас л бүрдүүлдэг. Монгол Улсын экспортын 90 хувь нь бас л уул уурхайн бүтээгдэхүүн. Үндсэндээ эрдэс баялгийн салбар бол манай эдийн засгийн амин сүнс нь болчихсон. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ салбартаа тогтворгүй бодлого баримталж ирсэн нь сөрөг нөлөө авчирсан. Гэнэтийн ашгийн татвар, Гадаа­дын хөрөнгө оруулалтыг тодор­хой салбарт хязгаарласан хууль баталсан шүү дээ. Энэ мэтээс болж хөрөнгө оруулалтын орчин маш их муудсан. Үндсэндээ манай руу орж ирсэн валютын урсгал гадагшилсан.

 

 

-Хөрөнгө оруулалтын орчин муудсанаар хэдий хэмжээний мөнгөө бид алдчихав аа?

 

 

-Хөрөнгө оруулалт багассан гэдгийг манайхан зөвхөн тоогоор хэмжээд байдаг. Хоёр тэрбум орчим ам.доллар хөрөнгө оруу­лалт багассан л гэдэг. Гэтэл үнэндээ энэ хэмжээний мөнгө Монголд ороод ирсэн бол ямар үр дүн гарах байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд л гэхэд бараа бүтээгдэхүүнээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад нийлүүлэх, олон зуун хүн ажлын байртай болох байсан. Энэ бол алдагдсан бо­ломж. Тэгэхээр зөвхөн хөрөнгө оруулалтын дүн буурсан гэсэн гэнэн дүгнэлтээр асуудалд хандаж болохгүй юм.

 

 

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гарс­наар ямар эерэг үр дүн гарах вэ. Байгалийн баялгаа ухаад л дуусгах бодлого гарлаа гэх шүүмжлэл яваад байсан.

 

 

-Монгол Улс бүх газар нутагтаа хайгуулын лиценз өгчихсөн гэдэг буруу ойлголт яваад байдаг. Бо­дит тоог харахад өөр байдаг л даа. Монголд өнөөдөр 3000 орчим лиценз бий. Үүнээс ашиглалтын лиценз нь 1200 орчим бий. Газар нутгийнхаа ердөө 0.6 хувьд л ашиглалтын лиценз өгсөн. Энэ ашиглалтын лицензээс өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа нь 200-300 дээр нь л том, жижиг уурхайн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, маш бага тоо байгаа. “Урт нэртэй” хуулийн хүрээнд нийт газар нутгийн 30 хувь хамрагдсан. Байгаль орчны яамнаас тогтоосон тусгай хамгаалалттай газарт нийт газар нутгийн 20 орчим хувь хамрагддаг. Дээр нь орон нутгийн тусгай хэрэгцээний газарт Монгол Улсын нийт газар нутгийн 20 орчим хувь нь хамаардаг. Ин­гээд нийлэхээрээ Монголын га­зар нутгийн 70 орчим хувь нь ямар нэгэн хайгуулын болон ашиглалтын лиценз байхгүй. Цаашид  хайгуул болон ашиглалт хийх бололцоогүй юм. Үндсэндээ үлдэж буй 30 хувь дээр л хайгуул хийх бололцоо байгаа юм л даа. Эрдэс баялгийн салбарт байгаа энэ тоо баримтыг зөвөөр ойлгох ёстой юм. Хоёрт, манай эрдэс баялгийн салбар өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэгж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ.

 

 

-Манайх харьцангуй бо­ломж­той юм биш үү?

 

 

-Уул уурхайн эдийн засагтай, эдийн засаг нь уул уурхайгаас хамаардаг улс 80 гаруй байдаг. Энэ улсуудын эрх зүйн орчин нь ямар байна вэ, аль нь хөрөнгө оруулагчийг илүү татах, өрсөлдөх чадвартай вэ гээд аваад үзвэл манайх бараг 80-д нь орно. Энэ нь Монголд бизнесийн орчин тогтвортой бус, татварын орчин нь тогтвортой бус байгааг л илтгэнэ. Тиймээс уул уурхайн салбар маань өрсөлдөх чадвар­гүй болчихсон юм. Харин сая баталсан Эрдэс баялгийн сал­барт төрөөс баримтлах бодлого Монгол Улсын  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хууль юм. Олон чухал асуудлыг энэ бодлогоор тодорхой болгосон л доо.

 

 

-Тодруулж болох уу?

 

 

-Цаашид стратегийн орд гэж байх уу, үгүй юү.  Төрийн оролцоо ямар төвшинд байх вэ гэдгийг тодорхойлсон. Төр оролц­­вол бүртгэл, зөвшөөрөл, хянал­­тын төвшинд оролцоогоо чадавхижуулъя. Бүх хайгуулын явцад, ашиглалтын явцад бай­галь орчинд үзүүлж буй нөлөөл­лийг хянъя. Орон нутагт ямар хувь нэмэр оруулав гээд ард иргэдийн болон төрийн хяналтын тогтолцоог сайжруулж өгсөн бодлого болсон.

 

 

-Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой боллоо. Хөрөнгө оруулалтын хуулиа гаргалаа. Нөгөө талд дэлхийн зах зээл ямар байгаа вэ. Жишээ нь, энэ оны төсвийг УИХ батлахдаа 30 гаруй сая тонн нүүрс экспортолно гэчихсэн. Боломж бий юү?

 

 

-Ерөөсөө энэ Засгийн газрын хэлээд байгаатай би санал нийл­дэггүй. Гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, дэлхийн зах зээлийн үнэ унасан гэдэг нь буруу.

 

 

-Яагаад. Угаасаа унасан ш дээ?

 

 

-Нэг л жишээ хэлье. Хятад гадаа­даас худалдаж авсан нүүрс­нийхээ хэмжээг багасгаагүй. Ха­рин манай нүүрс өрсөлдөх чад­вар­гүй болчихсон. Яагаад өрсөл­дөх чадваргүй болсон гэхээр нүүрсний үнэ жаахан буу­чих­сан учраас тээврийн зардал нь өндөр болчихсон. Төмөр замаа тавьж чадаагүй учраас л энэ бүхэн болсон.

 

 

-Австралиас ирж байгаа нүүрснээс үнэтэй болчихож байна гэж үү?

 

 

-Яг тийм. Үнэтэй болчихсон. Бид уг нь газар нутгийн хувьд хам­гийн өрсөлдөх чадвартай, ойрхон зах зээл. Гэвч төмөр замын асуудлаа шийдэж чадаагүйгээс болж, улстөржсөнөөс болж өрсөлдөх чадваргүй болсон. Өнөөдрийг хүртэл Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замын цариг өргөн байх уу, нарийн байх уу гэдгийг Ерөнхий сайдаас асуухаар хэлэхгүй байгаа ш дээ. Тэгсэн хэрнээ төмөр зам барьж байгаа, далангаа барьж байгаа гээд байгаа. Ийм үл ойлгогдох байдал үүссэн учраас манайх өрсөлдөх чадваргүй байгаа юм. Өнөөдөр зэсийн үнэ өсч байна ш дээ. 7200 ам.доллар боллоо. Тэгэхээр гадаад орчин муу байна гэдэг нь буруу юм. Дотоод орчин маань л улс төрийн хувьд тогтворгүй, эрх зүйн хувьд тогтворгүй байгаа. Дээр нь дэд бүтцийн хувьд ямар ч өрсөлдөх чадваргүй байгаа учраас эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхол нь буурчихсан. Монголоос олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгосон 15-17 компани бий. Сүүлийн гурван жилийг аваад үзэхэд эд нарын зах зээлийн үнэлгээ 10-15 дахин уначихаад байна. Энд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч нар, хөрөнгө оруулалтын сангууд 10-15 дахин алдагдал хүлээж байна гэсэн үг. Энэ бол эрдэс баялгийн салбараа өрсөлдөх чадвартай болго гээд байгаа дохио юм. Одоо бид эхний буюу зөв гольдролд оруулах алхмаа хийлээ. Үргэлжлүүлээд Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй байна.

 

 

-Тантай уулзсаных цаг үеийн зарим асуудлаар байр суурийг тань сонсъё. УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг яаралтай нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байна. Тодотголоор шийдвэрлэ гэх юм. Бас малчдын тэтгэврийн насыг доошлуул гэсэн хууль оруулж ирлээ. Ер нь танай бүлгийнхэн популист юмнууд л гаргаж ирээд байх юм.

 

 

-Энд ерөөсөө попиулизм байхгүй. Яагаад байхгүй гэхээр 2014 оны улсын төсвийг батлахдаа 230 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр нэм гээд эх үүсвэрийг нь суулгаад өгчихсөн. Төсвийн хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл, оны эхний өдрөөс эхлэн УИХ-аас баталж өгсөн 230 тэрбум төгрөгт багтаагаад цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Гэтэл цагаан сарыг хүртэл Засгийн газар ингэж цалин, тэтгэврийг нэмэхгүй барьж байгаа нь өөрөө УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа л алхам юм.

 

 

-230 тэрбумын эх үүсвэртээ багтаад нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэх юм бол иргэдэд олигтой нэмэгдэл болж очих уу. Харин ч инфляцаа хөөрөгдөх аюул байгаа юм биш үү?

 

 

-Бидний тооцоогоор хамгийн доод тал нь 6-8 хувиар цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх ёстой. Бид ийм эх үүсвэр баталж өгсөн. Ингэхдээ бас бид зарчим хэлсэн  л дээ. Бага цалин, бага тэтгэвэр авдаг иргэдийнхийгээ арай түлхүү нэмье гэсэн. Түүнээс өндөр цалин, тэтгэвэр авдгаасаа өмнө багийг нь нэмье л гэсэн юм. Хоёрт, цаашид цалин, тэтгэвэр нэмдэг тогтолцоогоо өөрчилье гэсэн. Одоо гурван талт хэлэлцээр гэж хийдэг. Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын төлөөлөл ороод Үндэсний зөвлөл гэж байгуулдаг. Энэ гурван талт Үндэсний зөвлөлийг одоо Засгийн газраас томилдог. Тиймээс бид Үндэсний зөвлөлийг УИХ-аас нь тавих ёстой гэсэн хуулийн төсөл УИХ-д оруулаад байгаа. Тэгэх юм бол арай бие даасан, Засгийн газраас хамааралгүй болох юм.  Тухайлбал, тухайн жилд нь гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нь 12.5 хувь болбол Үндэсний зөвлөл нь Засгийн газраас хамааралгүй цалин, тэтгэврээ нэмье гэсэн шийдвэрээ гаргаад явдаг болох юм. Бид ийм л тогтолцооны шинэчлэл хийе гэж байгаа. Эрх баригчдад аргачлалыг нь зааж өгч байгаа юм шүү дээ. Аль нэг Засгийн газраас хамааралгүй, Н.Алтанхуягийн амыг хардаг биш, цалин, тэтгэврийг нэмдэг аргачлал руу л оръё гэж байгаа юм. Ийм тогтолцоог санал болгож байгаа л даа.

 

 

-Цалинг нууцаар нэмэхгүй бол инфляц хөөрөгдөнө гээд байгаа шүү дээ?

 

 

-Сэмхэн нэмнэ, нууцаар нэмнэ гээд утгагүй юм яриад байгаа. Нэгэнт УИХ-аас төсөв батлахдаа 230 тэрбумын эх үүсвэр хийж өгсөн бол тэр хүрээндээ л нэмэх ёстой ш дээ. Энэ бол тодорхой зүйл.

 

 

Ч.ГАНГЭРЭЛ

 

Л.ЭнхАмгалан: Бид ямар ч популизм хийгээгүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.