2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Гишүүдэд ялгавартай хандаж байна

С.Бямбацогт: Гишүүдэд ялгавартай хандаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага аваад байгаа. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.


-Хамтын тэтгэврийн даатгалын  төсөл дээр Засгийн газраас санал аваагүй гэж үзээд танай бүлэг  завсарлага авсан гэж ойлголоо?

-Завсарлага авсан нэг үндэслэл нь УИХ-ын дарга гишүүдэд ялгавартай хандаж, аливаа асуудлыг шийдэхдээ  хувийн үзэмжээр хандаж байгаад байгаа юм. Хамтын тэтгэврийн тухай хууль дээр Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаа байхгүй байна. УИХ-ын журмын тухай хуулийг зөрчсөн хууль орж ирж байхад УИХ-ын дарга олонхиор хүч түрэн хэлэлцлээ. МАХН-аас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгөх, Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдэд сар бүр урамшуулал олгох, НӨАТ-ын босгыг 200 сая хүртэл тогтоож, хувийн хэвшлээ дэмжих хууль, Бүсийн нэмэгдлийн хууль зэргийг оруулсан. Гэтэл гацаачихсан, одоо болтол хэлэлцэхгүй байна. Ийм байдлаар МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хойш тавьж, өөрийн намын болон фракцын гишүүдийн хуулийг өргөн бариад удаагүй байхад шууд хэлэлцэх  байдал олон удаа давтагдаж байна. Тиймээс бид УИХ-ын дарга хууль дүрмийн дагуу гишүүдэд адил тэгш хандах ёстой гэсэн шаардлага тавьж байна. УИХ-д хууль өргөн барихын өмнө Засгийн газраас санал авч, тооцоо, судалгаа хийсэн байх ёстой. Гэтэл Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаагүй хуулийг УИХ өнөөдөр хэлэлцэж байна.  Гэтэл МАН-аас өргөн барьсан Малчдын тэтгэврийн насыг ойртуулах хуулийг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ эсэргүүцэж байгаа. Үүний цаана улстөр явж байна гэж харж байна. С.Эрдэнэ сайд Засгийн газрын гишүүн байж Засгийн газрын бодлогын эсрэг хууль санаачилж байгаа нь зөв үү гэдэг асуудлыг бодох ёстой.

-МАН-аас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй, АН-ын гишүүдийн хуулийг долоо хоногийн дотор хэлэлцэх гэх мэт сөрөг хүчнийг сонсохгүй байдлаар хандах хандлага ажиглагдаж байна гэж МАН үзэж байна. Гишүүдийн өргөн барьсан хуулийг адил тэгш хэлэлцэх ёстой гэсэн зохицуулалт байдаг уу?

-МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй байгаа учраас  бид аргаа бараад хуулийн төсөл боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг ялгаж, хуулийг хүссэн хугацаагаараа хойшлуулах, гацаах байдал олон гарч байна. Гэтэл зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариагүй байхад хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах байдлаар ханддаг. Тиймээс УИХ-ын  тухай, УИХ-ын дэгийн тухай хуулиудад тусгаж, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулиудыг  өргөн барьсан хугацааны дарааллаар хэлэлцэж байх хуулийн төслийг боловсруулж байна.

-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?

-Ирэх долоо хоногт  өргөн барихаар төлөвлөсөн. Яагаад гэвэл асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна.

-Долоо хоног бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын зөвлөл баталдаг. МАН-ын бүлгээс УИХ-ын даргын зөвлөлд оролцдог. Энэ хурал дээр яагаад гишүүдэд ийм байдалтай хандаад байгаа талаар УИХ-ын дарга ямар тайлбар өгдөг вэ?

-УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ярилцдаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хамтын тэтгэврийн  даатгалын хуулийг Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх саналыг манай бүлгээс гаргасан. Гэтэл Хамтын тэтгэврийн даатгалын хуулийг чухал учраас хойшлуулахгүй гэсэн. Тэгвэл хүүхдээ асарсан эхчүүдэд урамшуулал олгох хуулийн төслийг хэлэлцье гэсэн боловч энэ хуулийг мөнгө, санхүүтэй холбоотой, төсөвт дарамт учруулах асуудал учраас хэлэлцэхгүй гэсэн. Гэтэл Хамтын тэтгэврийн даатгалын хууль нь Засгийн газрын бодлогоо зөрчсөн, төсөвт санхүүгийн  ачаалал өгөх, Засгийн газар нь зөвшөөрөөгүй хууль явж байх жишээтэй. Ийм байдлаар хандаж байгаад нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Цалин тэтгэврийг ирэх сарын 1-ээс нэмнэ гэсэн сураг байна. МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх таван хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хууль юу болсон бэ?

-Бид бүх зүйлд хуулийн дагуу хандаж байгаа. Хууль өргөн барихын өмнө Засгийн газраас санал авдаг. Үүний дагуу санал авахаар хүргүүлсэн байгаа.  Бид АН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан нэг заалтыг л хэрэгжүүлэх хүсэлт тавьсан. Тодруулбал, жил бүр цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн. Үүнийг хэрэгжүүлэхгүй хоёр жилийн хугацаа өнгөрсөн.  АН хэрэв хуулиа боловсруулж чадахгүй бол  МАН-ын зүгээс хуулийг боловсруулаад өгөе гээд таван хуулийн төсөл өргөн барьсан. МАН-ын бүлгээс санал авахаар хүргүүлсэн хуулийн төслийн хариуг Засгийн газраас нэг сарын дотор хариу өгөх ёстой.

-Цалин тэтгэврийг найман хувиар нэмэх талаар яригдаад байгаа. Танай намын зүгээс 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хэлээд байгаа шүү дээ?

-Эхний ээлжинд бага цалин, тэтгэвэртэй иргэдийнхийг нэмэе гэсэн саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, 320 мянган тэтгэвэр авч байгаа өндөр настануудын 80 орчим хувь нь бага тэтгэвэр  буюу 180 мянган төгрөг авдаг. Энэ хүмүүсийн тэтгэврийг эхний ээлжинд нэмэх ёстой.  Мөн төрийн албан хаагчдын дундаж цалин 700 мянга орчим байгаа. Гэтэл багш, эмч нар 500 мянга, үйлчилгээний албан хаагчид 300 орчим мянган төгрөг авч байна. Гэтэл шүүгч нар өнөөдөр дөрвөн сая төгрөгийн цалин авч байна. Тиймээс эхний ээлжинд бага цалин авч байгаа багш, эмч нар, үйлчилгээний ажилтануудын цалинг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Хэрэв найман хувиар жигд нэмэх гэж байгаа бол энэ нь амарт ч үгүй, хамарт ч үгүй юм болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn