2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРМАГЦАА БИЕЛЭГДДЭГ, БҮРЭН БИЕЛЭГДДЭГ БАЙХ УЧИРТАЙ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРМАГЦАА БИЕЛЭГДДЭГ, БҮРЭН БИЕЛЭГДДЭГ БАЙХ УЧИРТАЙ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРМАГЦАА БИЕЛЭГДДЭГ, БҮРЭН БИЕЛЭГДДЭГ БАЙХ УЧИРТАЙ

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Э.Батбаяртай ярилцлаа. 

 

- Шийдвэр гүйцэтгэлийн албаны ажил хүнд мөртлөө хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өнгөрсөн онд хэрхэн ажиллав?

 

- Бид өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөгөө биелүүлж, олон ажилд ахиц, дэвшил, шинэчлэлт гаргаснаа саяхан дүгнэлээ. Бид 2013 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, эрсдэлгүй, үр дүнтэй зохион байгуулах, гүйцэтгэх хуудасны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн тоог бууруулж, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын мэдлэг боловсрол, ур чадвар, нийгмийн асуудлыг дээшлүүлэх, сайжруулах зэрэгт тодорхой ахиц гаргахыг зорьж ажилласан нь үр дүнд хүрчээ. Тухайлбал, нийт 480 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6258 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлсэн нь гүйцэтгэх баримт бичгийн биелэлт 58.3 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 61.2 хувьтай гарсан. 

 

Мөн албаны хэмжээнд 391,1 тэрбум  төгрөгийн 1741 түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичгийг сэргээн ажиллагаанд оруулж дуусгавар болгох буюу оршин суух хаягийг тогтоон харьяаллын дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 42,0 тэрбум төгрөгийн 2678 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1678 гүйцэтгэх хуудасны 379,2 тэрбум төгрөгийн материалын үлдэгдэлтэй болж буурсан байна. Түүнчлэн манай алба Хорихоос өөр төрлийн дөрвөн ялын биелэлтийг хариуцаж ажилладаг. Торгох ялын биелэлт 68.9 хувийн биелэлттэй, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар, эд хөрөнгө хураах ялын гүйцэтгэх хуудасны биелэлт 70.6 хувийн, мөнгөн дүнгийн биелэлт 82.9 хувийн биелэлттэй, өмнөх оны мөн үеэс 41.4 хувиар өссөн байна. Харин албадан ажил хийлгэх ялын биелэлт 95.6 хувьтай, эрх хасах 37.4  хувьтай буюу өмнөх жилээс 8.5 хувиар өсжээ. Зөвхөн манай албаны үндсэн ажил болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнгөрсөн оны ажлын үзүүлэлтийг товч дурдахад ийм байна. 

 

- Иргэд гомдол, өргөдөл, асуудал шийдэгдэхгүй удаж байна гэдэг. Уг ажил яг ямар учраас саатаж, цаг хугацаа шаарддагийг тэр бүр мэддэггүй. Энэ талаар тодорхой ойлголт өгвөл?

 

- Монгол Улсын Хууль зүйн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого” баримт бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх, байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хангаж баталгаажуулахад онцгой анхаарч тодорхой үүрэг, чиглэлээр тогтмол хангаж ирсэн.

 

Энэхүү үүрэг, чиглэлийн дагуу иргэдийн гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийг бид болж өгвөл газар дээр нь, эсхүл ажлын тав хоног, зарим зайлшгүй шаардлагатай нягтлах зүйлсийг 14 хоногт багтаан шийдвэрлэж эхэлсэн. Үүнийг дагаад өргөдөл гомдлын тоо ч мөн буурсан байгаа. Гэхдээ манайд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт 60 гаруй хувьтай байна.  Гаднын улс оронд бол ийм байхгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гарсан л бол шийдвэр гүйцэтгэл биелэгдэнэ. Харин манайд төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэдэн ч удаа гомдол гаргаж, гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах боломжтой хуулийн орчинтой. Үүнийг бид засах л хэрэгтэй. Үгүй бол нэг хэрэг хэдэн арван  жил ч болох тохиолдол цөөнгүй бий. Мөн төлбөр төлөгчийн төлбөрийн чадваргүй байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах нэг гол шалтгаан болдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх.

Ажлын ахиц дэвшил гарахад байгууллагын ил тод, нээлттэй байдал маш чухал нөлөө болдгийг бид анзаарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албаны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр албаны үйл ажиллагааг нээлттэй сурталчилж, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахим хаягаар авч хэвшлээ.

Өнгөрсөн оны мөн үед 251 гомдол, 627 хүсэлт гарч байсан бол 2013 онд 127 гомдол,  171 хүсэлт болж буурсан.

 

- Иргэдийн дунд ялангуяа шүүхийн шийдвэрээр эд хөрөнгөө хураалгаж байгаа эсвэл ямар эрхээ хязгаарлуулж буй иргэд шийдвэр гүйцэтгэж байгаа алба хаагчийг буруутгах, биед нь халдах зэрэг тохиолдол цөөнгүй байдаг. Мөн алба хаагчдыг ёс зүйгүй хэмээн шүүмжлэх нь ч бий? 

 

- Мэдээж эрхээ хязгаарлуулж буй хүн дуртай байхгүй нь лавтай. Энэ утгаараа манай алба хаагчид эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Иймд алба хаагчдын аюулгүй байдлыг хангах тал дээр энгэрийн камер, тусгай хэрэгслээр хангах, мөн удирдлага зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

Алба хаагчдын ёс зүй болоод харилцааны тал дээр гардаг гомдол, саналууд дээр онцгойлон ач холбогдол өгч,  алдаа дутагдлыг засаж, сайжруулахыг зорилгоо болгож байна.

 

 Хууль зүйн яамнаас өнгөрсөн онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хөндлөнгийн судалгаа хийсэн байсан. Уг судалгааны дагуу санал, зөвлөмж ирсэн. Энэхүү санал, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх, засаж, залруулах, сайжруулах, шинэчлэх олон ажлууд байгаа. 

 

Харин уг судалгаагаар нэг чухал дүгнэлт гарсан нь судалгаанд хамрагдсан төлбөр төлөгч, авагч нар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны алба хаагчид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа ямар нэг шан харамж, авлига нэхдэггүй гэж 100 хувь хариулсан байсан. 

Энэ нь бидний ажлыг дүгнэж буй маш  том үзүүлэлт гэж ойлгож байна. 

 

-Алба хаагчдын ажлын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ахиц гарсан гэж байсан. Тодорхой дурдвал?

 

- Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр үргэлж анхаарч ирсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориулж, дүүрэг бүрт нэг шинэ автомашин өгсөн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс энгэрийн камер, нулимс асгаруулагчаар хангасан. 

 

Үүнээс гадна алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэвшил гарсан нэг чухал зүйл бол өнгөрсөн жил манай албаны долоон алба хаагчийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр орон сууцтай болгосон явдал юм.

 

- Ирэх онд танай алба ажиллагаагаа иргэдэд хүртээмжтэй болгохын тулд ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

 

- Бид ирэх онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, сурталчлах, хамтран ажиллах нөхцөлийг бий болгохоор төлөвлөж байна. Тухайлбал, хуулийн чиглэлээр сурдаг оюутан залуус, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, иргэд, олон нийтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шийдвэр гүйцэтгэгч гэж чухам ямар эрх үүрэгтэй, хэрхэн ажилладаг, ямар хүндрэл бэрхшээл байна, хамтран ажиллавал ямар үр дүнд хүрэх зэрэг талаар сурталчилгаа, нээлттэй өдөрлөг, зөвлөмж гаргах, таниулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, дотоод, гадаадын урт богино хугацааны мэргэшүүлэх сургалтанд хамруулахаар холбогдох байгууллагуудтай санал солилцож байна.

 

Түүнчлэн байгууллагын ил тод нээлттэй байдал, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх нөхцөл бололцоог дээшлүүлэх үүднээс угтах үйлчилгээг хэвшүүлж, улам үр дүнтэй болгох ажлыг зохион байгуулна. Угтах үйлчилгээг өнгөрсөн онд нэвтрүүлснээр манай ажиллагаа тодорхой үр дүнд хүрсэн. Энэ үр дүнгээ бататгаж тус албаар үйлчлүүлэгч иргэдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хууль, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх түвшинд хүрэх зорилтыг дэвшүүлэн ажиллах болно. 

 

-Хууль, шүүхийн шинэчлэлийн шүүх, цагдаагийн байгууллагуудад явагдаж байна. Танай салбарын хувьд ямар шинэчлэл хийгдэж байна вэ?

 

-Хууль, шүүхийн шинэчлэл явагдаж байна. Манай салбарын хувьд ч ялгаагүй. “Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх тухай” болон “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Манай албанаас төлөөлөл орсон. Алба хаагчдаас санал авсан. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны биелэлтийг хувиар илэрхийлдэг биш шүүхийн шийдвэр гармагцаа биелэгддэг, бүрэн биелэгддэг байх зарчмыг хэрхэн хангах вэ гэдэг тал дээр анхаарал тавьж эрх зүйн шинэчлэл хийх нь зүйтэй гэж санагддаг юм.

 

Ярилцсан. Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" №013 (4653) 2014.01.17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.