2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Монголчууд бүгдээрээ “мөнгө угаагч, алан хядагч болно”

Монголчууд бүгдээрээ “мөнгө угаагч, алан хядагч болно”

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Монголчууд бүгдээрээ “мөнгө угаагч, алан хядагч болно”

Монгол утаатай. Бас салхитай. Байнга шахуу шороотой. Гэлээ ч бид өссөн төрсөн нутгаа муухай гэж үздэггүй. Учир нь хүн эх орноо сонгож төрдөггүй. Харин эх орон хүнд заяадаг билээ. Халуун дулаан зун, сэр үүн сэвшээ намар, жингэнэм хүйтэн өвөл, урин шинэдэх хавартай, эргэх дөрвөн цагийн дотор эсэн жаргалантай байхын сайхныг бид л мэднэ. Ардчилсан оронд, эрх чөлөөтэй байгаадаа бид баярладаг. Хөгжин дэвших ирээдүй энүүхэнд ирчихээд байгааг мэдрэхдээ таатай байдаг. Эзэн бид хичээвэл бүтээн туурвих, бусдын жишгээр сайхан амьдрах боломж байгааг ойлгодог. Гэтэл ардчилсан, иргэний эрх чөлөөг дээдэлсэн эх орноос маань нэгэн хуучирч муудсан эхүүн үнэр ханхлаад байх боллоо. Коммунист үнэр гэмээр юм уу даа. Ардчилсан засаг төр, ардчилсан парламент, Засгийн газар маань иргэдээ хялайдаг, харддаг, баривчлана, хорино хэмээн сүрдүүлдэг болов. Юм л бол хураана, нураана, зогсооно, шүүнэ гэх. Жишээ баримтыг хэлүүлэлтгүй, хэн хүнгүй л мэдэж байгаа. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох онцгой эрхийг дангаар эдэлдэг УИХ-ын хаалгаар байсхийгээд л тийм үнэртэй хуулийн төсөл хамраа цухуйлгадаг болов.

“Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”, одоо дуншиж байгаа “Гэмт хэргийн тухай” гэх мэт олон хуулиудыг энд дурдаж болно. “Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр баталсан заримыгаа эргэж харж, өөрчилж байгаа. Батлагдах зэхээтэй зарим нь нуувчинд орчихоод аятай таатай цагийг хүлээн буй.

 

Ийм хуулийн жагсаалтыг саяхан Байнгын хороогоор шагайгаад буцсан бас нэгэн хууль нэмэх бололтой. Нэр нь хүртэл айхтар. “Мөнгө угаах болон терроризмыг санх үүжүүлэхтэй тэмцэх тухай” хэмээх Монголбанк хавиас санаачилсан хууль Байнгын хороон дээр багагүй шуугиан дэгдээж, зарим гишүүний энгэр зааманд хүртэл хүрсэн сураг гарсан. Ганц нэг гишүүний товч, зангиагаар гарз хохирол дуусвал яамай. Гэтэл үгүй бололтой. Энэ хууль батлагдаж гэмээнэ иргэн нь орлоготой, мөнгөтэй байж болохгүй болох, үйлдвэрлэл бизнесийнхэн үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл үг дуугүй “дээлээ нөмрөх”-өөс өөр сонголт алга болох юм байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд 20.0 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийвэл юун мөнгө болохыг мэдүүлэх, нотлох шаардлагатай. Хэрвээ чадахгүй бол гүйлгээг чинь зогсооно, түдгэлзүүлнэ, мөнгө хөрөнгийг чинь хураана. Бас угсаа гарал, овог нэр, оршин суугаа хаяг гэх мэт бүхий л мэдээллээ бүртгүүлнэ. Хамгийн инээдтэй нь тэр бүгдийг банк бүртгээд сууж байх юм байна. Банк манийхаа долоон булчирхайг тоочуулж аваад, мэдээллээ Монголбанкны дэргэд байгуулагдах Санхүүгийн мэдээллийн алба хэмээх байгууллагад хүргүүлнэ гэнэ. Санхүүгийн мэдээллийн алба нь бидний хосыг шувтрах юм байх аа.

Банкууд банк биш, иргэнээ, харилцагчаа сэжигтэн гэж үздэг, тагнадаг, байцаадаг, шалгадаг байгууллага болж хувирах юм байна л даа. Ингэхийг мэдээж банкныхан хүсэхгүй. Банкны хувьд харилцагчид нь тэдний оршин тогтнохын үндэс. Бизнес эрхлэгчид, иргэдийн хувьд банк бол хөрөнгийн болоод санхүүгийн үйлчилгээний хамгийн том тулгуур, дэмжигч нь. Нэг нь байхгүй бол нөгөө нь устаж мэдэх, харилцан бие биенээ нөхөж, дэм дэмэндээ амьдардаг түншүүдийг хооронд нь байлдуулах, дайсагналцуулах нь хэнд ашигтай вэ? Лав л монгол хүнд, Монгол Улсын эрх ашигт нийцмээргүй юм.

Энгийн жишээ авъя. Та гадаадад сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрт 20.0 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлэх боллоо гэж бодъё. Банк Таныг мөнгө угааж байж магадгүй гэж үзнэ. Эсвэл алан хядагчийг санхүүжүүлж байж мэднэ гэж хардах ёстой. (Таны хүү алан хядагч байж болох юм байна л даа) Тиймээс таныг хэний хэн бэ, ямар ажил төрөл эрхэлдэг вэ гэдгийг тодруулна, хаанаас ийм мөнгөтэй болсныг судална, бас гадаадад байгаа хүүгийн чинь талаар мэдээлэл цуглуулна. Үүний тулд иргэний үнэмлэх, гадаад паспорт гээд иргэний баримт бичгийг чинь шаардана. Хуулбарлаж авна. Утасны дугаарыг чинь хүртэл тэмдэглэнэ.. Хэрэв эргэлзвэл гүйлгээ хийхээс татгалзана.

Энэ талаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн төслийн 5.1-д “Дараах тохиолдолд энэ хуулийн 4.1- д заасан этгээд (банк) харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй”

5.1.1 санхүүгийн харилцаа үүсгэхийн өмнө

5.1.2 дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг (түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют), түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө...” гэх мэтээр тусгажээ.

Түүнчлэн хуулийн төслийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд (банк) 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэжээ.

Ийнхүү таныг шалдаллаа. Эцэст нь мөнгө угаагч биш, алан хядагчийг санхүүжүүлэх гээгүй, таны төрүүлсэн хүү гэмт хэрэгтэн биш нь тогтоогдож таарна л даа. Гэхдээ ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн шиг, мөнгө угаагч мэт, террорист мэтээр сэжиглүүлэх нь мэдээж таатай байхгүй. Хамгийн ноцтой нь таны мэдээлэл Монголоор тогтохгүй дэлхийд данслагдах боломжтой. Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын гишүүн орны хувьд олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэгтэй юм байна. Энэ үүргийнхээ хүрээнд Монголбанк тодорхой мэдээллийг дээрх болон бусад байгууллагуудад илгээх ёстой гэж учир мэдэх нэгэн ярив.

Ардчилсан Монголд амьдарч байгаагийн хувьд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж орлого олох, түүнээ захиран зарцуулах эрхээр хангагдсан монгол хүн, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудаас 20.0 сая төгрөгийн зиндааны гүйлгээ хийчих чадамжтай нь олон бий. Гэтэл тийм мөнгөтэй болсныхоо төлөө шалгуулж, мэдээллээ өгч, аягүй бол сэжигтэн болж хөрөнгө мөнгөө хураалгах, цаашилбал хоригдож цагдагдахад тулж байгааг юу гэх вэ? Валютын ченжүүд жишээ нь хамгийн түрүүнд өртөх байх. Хэнээс хэдэн долларыг ямар ханшаар авч, буцаагаад хэдээр зарж, ямар хэмжээний ашиг олсноо, магадгүй долларын сери, дугаарыг бичиж тэмдэглэж авч чадаагүйнхээ төлөө шуудхан л сэжигтэн болох нь.

Хуулийн төслийн “Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах” хэмээх 15 дугаар зүйлд “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ. ...мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж, сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ” гэжээ. Хөөрхий Эрээн явж, наймаа арилжаа эрхэлдэг хэсэг маань бас будаа. Байшин сав барих, гэр орноо тохижуулах, байгууллагадаа шинэ техник хэрэгсэл авах гэсэн хэний ч бол хөлийг баталгаатай тушиж авах зорилготой хууль юм байна л даа.

Энэ мэтээр иргэнээ, аж ахуй эрхлэгчээ дарамтлах, өмчид нь халдах “коммунист үнэр”- тэй “аймшгийн” хууль дуншиж байна. Монгол орон дэлхийд нээлттэй болсон. Монголыг сонирхогчид олширсон. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал идэвхжсэн. Банк санхүүгийн байгууллагын тогтолцоо эрчимтэй хөгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг ойлгож байна аа. Энэ шаардлагын дагуу хууль гарган хэрэгжүүлэх ёстойг ч дэмжиж байна. Гэхдээ ингэж иргэнийхээ эрх рүү халдаж, дарамталж, хардаж, шалгаж мөнгө угаагч, алан хядагчтай тэмцэхгүй байлгүй дээ.

“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвл өлдөх уулзалтын индрээс Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдийг дарамталдаг бүхэл бүтэн тогтолцоо байна” хэмээн хэлсэн. Энэ тогтолцоо улам гүнзгийрч, нарийсаж, хуулиар далайлгасан төмөр муна болон хувирч байгаагийн нэгэн жишээ энэ.

Ажил хэрэгч хүмүүс төрөөс юу хүсдэг вэ? Эрх зүйн орчин тогтвортой, тэгш, тунгалаг, татварын орчин нь зохистой, төр бизнест оролцдоггүй байхыг, хаалт хориг, хүнд суртал, хөшүүн хойрго байдлаар тээг тавьдаггүй, элдэв хууль, журам дүрмээр далайлган дарамталдаггүй байхыг л хүсдэг. Бизнес эрхлэгчид өдөртөө хэдэн арав биш, хэдэн зуун саяын гүйлгээ хийх хэрэгцээ нэг биш гардаг. Тэр бүр шалгуулах нь дарамт биш гэж үү? 100 саяын шилжүүлэг хийж болохгүй. Яагаад гэвэл шалгуулна. Тиймээс хуваахаас өөр аргагүй. 20.0 саяас дотогш гүйлгээг хэд хувааж хийнэ гэсэн үг л дээ. Мэдүүлэг энэ тэр бөглөж цаг алдахгүйн тулд, сэжиглэгдэж шалгагдаж нүцгэрэхгүйн тулд зургаа хоногт зургаа хувааж шилжүүлэх хэрэгтэй болох нь. Дээр дурдсан “Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэсэн. Одоо буцааж авчрах гэж арга чаргаа барж байгаа. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдвал дотоодын бизнес эрхлэгчдээ үргээх биз ээ. Ингээд дотоодын үйлдвэрлэл, бизнесгүй, гадаадын хөрөнгө оруулалтгүй болсон Монгол Улс хаашаа явах нь хэнд ч ойлгомжтой.

Сингапур улс “Сингапур хүн мөнгөтэй байж болно. Тиймээс мөнгөтэй байж болохгүй гэсэн шаардлагыг бид иргэддээ, аж ахуй эрхлэгчдэдээ тавьж чадахгүй” хэмээгээд манай нэгдчихээд байгаа (нэгдэх гээд байгаа ч юм уу) конвенцээс зайлсхийсэн юм гэнэ лээ. Ерөөс энэ “аймаар” хуулийг батлуулах гээд зүтгээд байгаа сонирхлын цаад үзүүр гаднын санхүүгийн байгууллагын гарт атгаатай байгаа хэмээн албаны эх сурвалж хэлэв.

Монгол хүн эх орондоо эзэн байя л даа. Яахаараа бусдын заавраар монгол нь монголоо дарамталж байх ёстой юм бэ? Монгол хүн мөнгөтэй болог, хөрөнгөжиг, хөгжиг. Гагцхүү хуулийн дагуу татвараа л төлөг. Дарамталж дэгээддэг биш, үйл ажиллагааг нь зөв зохицуулдаг, шударга өрсөлдөөн, хөгжлийг дэмждэг хуульдаа захирагдаг. Ингээд л болоо юм биш үү. Гэтэл яагаад 20.0 сая төгрөгийн гүйлгээ хийсэн бүхнийг “мөнгө угаагч”, “алан хядагч” байж таарна хэмээн сэжиглэх гээд байгаа юм бэ. Энэ доромжлол биш гэж үү?

 

 

 С.БААТАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn