2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН малчдын тэтгэврийн насыг 55-50 болгох хуулийн төсөл санаачиллаа

МАН малчдын тэтгэврийн насыг 55-50 болгох хуулийн төсөл санаачиллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

МАН малчдын тэтгэврийн насыг 55-50 болгох хуулийн төсөл санаачиллаа

 

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл санаачиллаа

 

Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ой тохиож байна. Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас малчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаарсан шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд санаачилж энэ долоо хоногт Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр болов. Уг хуулийн төсөл нь малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, малчид хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас эрэгтэйчүүд нь 55 нас, эмэгтэйчүүд нь 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах болзлыг хангасан гэж үзэхээр энэхүү хуулийн төсөлд тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Одоогоос 22 жилийн тэртээх энэ цаг мөчид шинэ Үндсэн хууль батлагдаж байсан юм. Тухайн үеийн АИХ-ын депутатууд "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулж байсан бол 22 жилийн ойн өдөр УИХ дахь МАН-ын бүлэг эрдэнэт мал сүргийг маллаж, өсгөн үржүүлж ирсэн малчдынхаа нийгмийн асуудлаар тодорхой санал санаачилга дэвшүүлж байна. Олон жил яригдсан энэ асуудлыг малчдын захиалга гэж ойлгох хэрэгтэй. Малчид бол нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүс. Малчид хагас бүтэн сайн, баяр ёслолын өдөр амардаггүй. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал ч яригдаж байна. Сар болгон сумын төв орж шимтгэлээ төлж чадахгүйгээс болж олон малчин даатгалын гадна үлддэг. Бидний авсан мэдээллээр малчдын ердөө зургаан хувь нь шимтгэл төлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ирээдүйг бодолцож үзэх шаардлага гарч байна. Сар болгон орлого нь орж ирдэггүй учраас малчид улирлаар шимтгэлээ төлж болох юм. Нөгөө талаас ядуурал хөдөө талдаа 34 хувьтай байгаа нь энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна" гэж мэдээллээ. Хуулийн төсөл боловсруулахдаа статистик болон бусад газрын судалгаанд үндэслэжээ.

 

С.Бямбацогт: Түүхийг бүдгэрүүлэх байдлаар асуудалд хандах ёсгүй

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ долоо хоногт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдад өгсөн шаардлагыг хэрэгжүүлэх, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг шаардаж ажиллахаа мэдэгдлээ. Мөн Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүйн шалтгааныг тайлбарлав. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ойн баярын үеэр төр засгийн удирдлагууд Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байсан. Гэтэл 22 жилийн ойн өдөр буюу өнөөдрөөс эхлэн зөвхөн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөдөг болсныг МАН-ын бүлэг дэмжихгүй байна гэлээ. Тэрээр "Түүхийг бүдгэрүүлэх байдлаар асуудалд хандах ёсгүй. Сүүлийн хоёр жилд өмнөх түүхээ үгүйсгэсэн шийдвэрүүдийг эрх баригчид гаргасан. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон. Улс тунхагласны өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэж бүх нийтээрээ амардаг байсан бол оронд нь Чингис хааны төрсөн өдөртэй болсон. Түүх түүхээрээ л үлдэх ёстой. Ийм байдлаар түүхт үйл явдлуудад үзэмжээрээ хандах нь буруу. Түүхийг мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг МАН-ын бүлэг буруушааж байна" гэлээ.

 

Мөн ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ирээдүй хойч үедээ нөөцөлж үлдээх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

 

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөнийг ойн өдөр дахин сануулъя

 

Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөртэй холбогдуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн үйлдлийг Үндсэн хуулийн өдөр дахин сануулж буйгаа мэдээллийн эхэнд онцолсон юм.

 

Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна", 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Засгийн газрын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана", мөн хуулийн 70 дугаар зүйлд "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж тус тус заасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус шийдвэр тоогоо алдаж, удаа дараа Үндсэн хуулийн цэцэд дуудагдаж, Үндсэн хууль зөрчсөн болох нь нотлогдсон. Тухайлбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилсон захирамж, Тагнуулын ерөнхий газрын дэд даргын хууль бус томилгоог дурдаж болно. Эдгээр асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсмэгц Ерөнхий сайд Н.Алтанхуяг Цэцийн дүгнэлт гарахаас өмнө өөрөө шийдвэрээ хүчингүй болгосон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон юм.

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан нам ялсан аймгуудад "Төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх шалгуур" бүхий хуулийн заалтыг баримтлалгүй Засаг даргыг томилсон атлаа Дорнод аймгийн нийт иргэдийг Ардын намд саналаа өгснийх нь төлөө Засаг даргагүй бүтэн жил болгосон. Дорнодод хэрэгждэг, Баянхонгор, Төв аймагт хэрэгждэггүй хууль байх ёсгүйг ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцоллоо.

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх байдлаар Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудыг удаа дараа зөрчин Үндсэн хуулийг уландаа гишгээд зогсохгүй Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгааг тэрээр баримтаар хэлсэн юм. Тухайлбал, "Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас хойшхи 21 жилийн практикт Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томил гэж байхад томилоогүй, тайлбар өгнө үү гэсэн албан бичиг илгээгээд байхад тайлбар өгөөгүй тийм тохиолдол гарч байгаагүй. Н.Алтанхуяг сайд энэ удаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулаагүй, ямар нэг тайлбар ирүүлээгүй. Засгийн газрын Монголын төрт ёсны уламжлалын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг, Үндсэн хуулийн хараат бус байдлыг хөндсөн энэ үйл ажиллагааг зэмлэн буруутгамаар байна" гэж хэлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн мэдэгдлээс иш татлаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn