2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ

ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ(Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтэн, геологичдоос АН, МАН, МАХН, МҮАН-ын удирдлага болон УИХ дахь намуудын бүлэг, бие даагч гишүүдийн зөвлөл, өргөн олонд сонордуулах мэдээлэл)

 

Засгийн газар он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө “2 дахин урамшуулал,хөнгөлөлт” үзүүлэхээр тусгажээ. Алтны нөөц ашигласны төлбөрийг ингэж бууруулах хуулийн төслийг “Алтны ил тод байдлын тухай хууль” гэж өнгөлөн далдсан байдлаар нэрлэн  “хэсэг нөхдүүд санаачилаад”  тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр “унаад” хэдхэн хоног өнгөрч байхад, шинэ  жилийн өмнөхөн мөнөөх төслөө сэргээж, дүр төрхийг нь дахин хувиргаж ”Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” нэрийдлээр батлуулах гэж улайран зүтгэж байгаа нь чухам хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ.


Энэ хуулийн төслийн нууцалсан далд утга санаа гагцхүү алт олборлогчдын татвар, төлбөрийг бууруулахад чиглэгдэж байгаа юм.


Алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, валютын нөөцийг баталгаажуулах талаар хэрэгжүүлэх төрийн зөв бодлогыг бид ойлгож дэмжинэ. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашиг ба алт олборлогч компаниудын эрх ашгийг зөв зохицуулах нь төрийн үндсэн үүрэг билээ.


Сүүлийн хорин жилд алтны шороон болон үндсэн олон арван ордыг гадаад, дотоодын компаниуд ашиглаж байгаа бөгөөд зарим ордын нөөц шавхагдаж дууссан. Үүний уршгаар эдгээр газарт уул овоо мэт шороо, гүн харанхуй гуу жалга, хавцал үлдэж, хүн амьтанд хор хохирол учруулж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна.


Алт олборлолтыг ямарч аргаар хамаагүй нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл, харалган хандлагаар   алт олборлогч компаниудын татвар, төлбөрийг бууруулах замаар улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн “бодлого” ихээхэн хортой үр дагавартай юм.


 Нөөц ашигласны төлбөр буюу роялтийг 2 дахин бууруулахад жил тутам улсын төсөвт орох орлого мөн тэр хэмжээгээр тасарна. Энэ  хор уршиг үүгээр хязгаарлагдахгүй улам өргөн хүрээг хамарч гадаад, дотоодын этгээдүүд алт руу шунаглан хошуурч, лицензийн далд наймаа цэцэглэж, харин ч алт олборлолт замбараагүй болж, бичил уурхай нэрийн дор “нинжа” нар даврах үүд хаалга нээгдэнэ. 


Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр Канадын компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж, Бороогийн ордоос  60 тонн алт олборлосоноос арваадхан хувь Монголд ногдож, мөнөөх компани ордын ашиглалтын нийт талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, овоолсон шороо, онгойсон нүх үлдээсэн, “Алтан Дорнот” компани Заамарын сайхан байгаль,  Туул голыг сүйтгэсэн ул мөр арилаагүй байхад алт олборлолтын  татвар, төлбөрийг 2 дахин бууруулахаар УИХ-ын зарим гишүүд, салбар хариуцсан сайд хөөрцөглөж байгаа нь Монгол улсын язгуур эрх ашигт огтхон ч нийцэхгүй.


Одоо үйлчилж байгаа хуулиар нөөц ашигласны төлбөрөөс 5 хувь, ашгаас 25 хувийн татвар авч байгааг дэлхийн алт олборлогч орнуудтай харьцуулвал татварын таатай нөхцөлтэй орнуудын ангилалд багтдаг. Үүний нотолгоо бол ерээд оны сүүлчээр Монгол улсын алт олборлолтыг Канадын “Сентарро голд”, ОХУ-ын “Алтан Дорнот” болон Монголын үндэсний “Эрэл”, “Гацуурт”, “Монголын алт”, ”Монгол газар”, монгол оросын  хамтарсан “Монголросцветмет” нэгдэл зэрэг компани жилд 20-24 тонн хүргэж байсан. Эдгээр компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зарим оронд хэрэглэж байсан  алтны хэт өндөр ашгийн татварыг Монголд тогтоохоор  хууль гаргаж мөрдүүлэхэд алт олборлогч компаниуд татвар, төлбөрөө  бүрэн төлсөн бодит баримт байна.


Энэ жил Оюу толгойн ордоос зэсийн баяжмалтай хамтад нь 25 тонн алт гаргаж авах бөгөөд 30 жилийн хугацаагаар лицензийг Канадын компаниудад олгосон, одоо ашиглахад бэлтгэгдсэн нөөцтэй Гацуурт, Баян-Айрагийн  алтны томоохон ордоос  ойрын жилүүдэд жил бүр 5-10 тонн алт олборлох магадлалтай. Ийнхүү мөдхөн жил бүр 30-40 тонн алт олборлох боломжтой болно. Энэ нь өнгөрсөн жилийн олборлолтоос 4 дахин их хэмжээ юм. 


Алтны шороон ордын нөөц үндсэндээ шавхагдан дуусч,  цаашид дээрхээс багагүй хэмжээний алтыг үндсэн ордуудаас олборлох бөгөөд эдгээрийн тусгай зөвшөөрлийг гадаадын компаниуд эзэмшиж байна. Бидний урьдчилсан судалгаагаар ойрын жилүүдэд болон дараагийн 30 жилийн хугацаанд олборлох алтны 80-аад хувийг гадаадын компаниуд гаргах аж. Тэгэхээр алтны роялтийг хоёр дахин бууруулах хуулийн төсөл монголын үндэсний компанид ч биш, монгол улсад ч биш, харин гадаадын компаниуд, хуулийн этгээдүүдэд найр тавьсан үйлдэл болжээ гэж үзэх үндэстэй байна.


Компаниудын алтны нөөц ашиглалт, олборлолтын арга, техник, технологийн  түвшин болон санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах замаар бодит үндэслэлд тулгуурлан татвар, төлбөрийг зөв тогтоох ёстой.


Гэтэл хууль санаачлагч үндэслэлтэй тооцоо, судалгаагүйгээр багцаа баримжаагаар төлбөрийг бууруулна гэж байгаа явдал туйлын харалган төдийгүй, алт олборлогч гадаадын  компаниудын захиалгаар зохион байгуулсан, тусгай санхүүжилттэй төрийн бус байгууллагууд гэсэн нэр зүүж, монгол төрхөө аль хэдийнэ алдаж, баг өмсөн гадаадынхны халаасанд багтсан хэсэг бүлэг этгээдүүдийн үнэмшилгүй худал хуурмаг лоббид хууртагдсан улс төрчдийн муйхар зүтгэл, хандлагын бас нэгэн тодорхой бодит илрэл гэхээс өөрөөр тайлбарлах боломгүй.


Бороогийн алтны ордыг 2004-2009 онуудад олборлосон компани дэлхийн зах зээлтэй жишихэд хэд дахин доогуур хямд өртгөөр олборлолт хийж, асар их олз ашиг олсныг учрыг ойлгох хүн бүхэн мэднэ.


Одоо дэлхийн зарим уурхайд далд аргаар хамгийн хүнд нөхцөлд олборлолт хийж, боловсруулан баяжуулж байхад 1 унц алтны өөрийн өртөг дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаа баримт байна.


Одоогоос 100 орчим жилийн өмнө жилдээ 2 тонн алт олборлож байсан Богдын Засгийн газар алт олборлолтын роялтийг 17.5 хувиар тогтоож, түүнийгээ хатуу хяналттайгаар авч чаддаг байсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатарын 2013 онд хэвлүүлсэн ашигт малтмалын олборлолтын түүхийн  тухай номд тодорхой баримтаар дурджээ. 


Гэтэл өнөөгийн Засгийн газар, түүний салбар хариуцсан сайд Ганхуяг Богд хаанаас “7 дахин дор” ажиллаж болно гэж үү. Бид үүнийг тэвчиж суух нь зөв юм уу.


Алт олборлогч компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, алтны ордуудыг ашиглах ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулж, түүний санал дүгнэлтэд үндэслэн алтны үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор төлбөр татварыг өөрчлөх асуудлыг авч үзэж болох юм.


Төр засгийн анхаарлын төвд цаашид байнга байх ёстой онцгойлон авч үзэх асуудал бол хүссэн болгонд алт олборлох тусгай зөвшөөрөл олгож болохгүй, тусгай шалгуур нөхцөлийг хангасан, зөвхөн мэргэжлийн болон үйлдвэрлэлийн өндөр  дадлага туршлагатай, санхүүгийн баталгаатай чадавхи бүхий, орчин үеийн техник, технологитой компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. 


УИХ урьд өмнө алт олборлогчдыг татвар, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч байсан боловч энэ нь цөөн хэдэн компани, тэдгээрийн ар талыг хамгаалагч эрх мэдэлтнүүдийн олз ашиг болж, төр, ард түмэн шижир алтаа луйварчдад завьшуулсныг мартах ёсгүй. Зөвхөн дотоодын луйварчид төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад алтаа үнэгүйдүүлэн өгснийг та бүхэн өөрсдөө нотлоно.     


Ашигт малтмалын тухай хуульд нэн даруй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай өөр олон заалт, зүйл байсаар байтал зөвхөн алт олборлолттой холбоотой заалтыг “сугалан авч”, дотоод, гадаадын цөөн хэдэн компани, эрх мэдэлтнүүдэд зориулан тусгайлан хууль гаргахаар идэвхийлэн чармайн зүтгэж, яаран сандарч  байгаа нь олон нийт, эрдэмтэн мэргэжилтнүүдэд сэжиг төрүүлж байна.


 Бодлого боловсруулж, хууль санаачлах эрхтэй сүбьектүүд улс үндэстэн, ард иргэдийн эрх ашгийг нам болон хэсэг бүлэг этгээд, дотоод, гадаадын хэдхэн компаний эрх ашгаас хэрхэвч доогуур тавьж таарахгүйг УИХ-ын эрхэм гишүүд оюун ухаандаа тунгаан бодож зөв шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна. 


Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтнүүдийг төлөөлж:


1.    Ч.Хурц уулын инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Ph.
2.    Г.Сандуйжав инженер-геологич, Төрийн шагналт
3.    Ж.Сумьяа инженер-геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
4.    Д.Амгалан  уулын ашиглалтын инженер-технологич  
5.    Ж.Бямба  инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Sc.
6.    Я.Гомбосүрэн уулын инженер, профессор, техникийн шинжлэх ухааны доктор Sc.
7.    М.Дамдинсүрэн инженер-баяжуулагч, металлургч, техникийн  ухааны доктор Ph.  
8.    Д. Даваасамбуу инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Ph.
9.    Ц.Рэнцэн  инженер-геологич
10.   С.Авирмэд уурхайн инженер-геологич, эдийн засагч, доктор Ph.
11.   Ж.Банзрагч  инженер-геологич
12.   Т.Балжинням  геологи-уул уурхайн эдийн засагч
13.   С.Алтангэрэл инженер-геологич
14.   Х.Дагвадорж инженер-геологич
15.   Д.Дашцэрэн инженер-геологич
16.   Т.Ганбаатар инженер-геологич
17.   И.Логшир инженер-геологич
18.   Б.Болд инженер-маркшейдер
19.   Б.Банзрагч инженер-геологич
20.   Н.Лхагва инженер-геологич, доктор Ph.
21.   Г.Сугаржав инженер-геологич
22.   Т.Гансүх инженер-геологич
23.   А.Гүррагчаа инженер-геологич
24.   М.Тогооч өрмийн инженер
25.   Х.Владимир уулын инженер, техникийн  ухааны доктор Ph. 

 


Улаанбаатар хот                            2014 оны 1 дүгээр сар 3-ны өдөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.