2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Нарангэрэл: Х.Тэмүүжин та Гэмт хэргийн тухай хуулийн төслөө татаж ав

С.Нарангэрэл: Х.Тэмүүжин та Гэмт хэргийн тухай хуулийн төслөө татаж ав

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Нарангэрэл: Х.Тэмүүжин та Гэмт хэргийн тухай хуулийн төслөө татаж авХуульч, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ийм дүн тавьсан байна.

-Тантай ярилцах сэдэв, асуух асуулт олон байна. Өнөөдөр эрх зүйн харилцаанд чухал үүрэгтэй олон хууль батлагдан гарлаа. Зарим нь ч гарахаар зэхэж байна. Тахарын тухай хууль, Гэрч хохирогчийн хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл гээд л. Та энэ хуулиуд болон төслүүдийн талаар өөрийн санал шүүмжлэлээ хэлэх боломжтой юу?

-Энэ удаа зөвхөн Гэмт хэргийн тухай хуулийн төслөө дагнан ярих нь зөв биз ээ. Бусад хуулийг ярина гэвэл танай сонины зай талбай хүрэлцэхгүй байлгүй.

-Эрх зүйн шинэчлэлийн олон багц хуулиуд УИХ-аар батлагдаж байна. Саяхан Засгийн газар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байх шиг байна?

-Аливаа улсын Эрүүгийн хууль нь гэмт хэрэгтэй тэмцэх,  түүнээс урьдчилсан сэргийлэх суурь хууль байдаг. Ялангуяа, Эрүүгийн байцаан шийтгэх, мөрдөн мөшгөх, шүүхийн тухай хуулийг батлахын өмнө Эрүүгийн хуулийг батлан гаргах учиртай. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдал, манай улсад гарч байгаа гэмт явдлын бүтэц, хандлага цаашдын прогноз зэрэгт үндэслэж, өөрийн орны түүхэн уламжлал, энэ салбарт гарч байгаа дэлхий нийтийн зөв хандлага чиглэлд үндэслэсний дараа төслийг боловсруулах ёстой. Харамсалтай нь, Эрүүгийн хуулиа боловсруулж батлаагүй байж Мөрдөх албаны зэрэг нэлээд олон хууль түрүүлээд баталчихлаа. Би энэ хуулийн төсөлтэй танилцсан. Юуны өмнө,  Засгийн газарт өргөн баригдаад байгаа одоогийн төсөл Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг ноцтой зөрчсөн байна лээ.

-Яаж зөрчсөн гэж?

-Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн хоёр зүйлд эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг гэсэн нэр томъёо бий. Нэгэнтээ  Үндсэн хуульдаа Эрүүгийн хууль гээд нэрлэсэн байгаа цагт Гэмт хэргийн тухай хууль гэж нэрлэж болохгүй. Хэрэв ингэж нэрлэвэл Үндсэн хуулийн үзэл баримтлал, үг үсгийг ноцтой зөрчих болно.

-Эрүүгийн гэсэн нэр томъёог эрүү шүүлт гэсэн утгаар ойлгож өөрчлөх гэсэн юм биш үү?

-Эрүүгийн хууль гэсэн нэр томъёо Монголын хууль зүйн судлалд их олон жилийн өмнөөс хэвшиж тогтсон. Эрүүгийн гэх энэ үг бол Монгол хэлэнд эртнээс ял зэм гэсэн утгатай явж ирсэн. Нөгөө талаас Эрүүгийн хууль нь хоёр гол асуудлыг зохицуулдаг. Нэгдүгээрт, тухайн улс оронд ямар үйлийг гэмт хэрэгт тооцох вэ. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэр хэмжээтэй ял шийтгэл ногдуулах вэ гэж. Ийм байтал Гэмт хэргийн тухай хууль гээд нэрлэчихвэл ялын тухай асуудлыг орхигдуулж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн гэдэг уламжлалт нэр томъёо нь гэмт хэрэг, ял хоёроо багтааж явсан нэр томъёо. Ер нь аливаа хууль тэр дундаа Эрүүгийн хууль нэр томъёо, үг, цэг, таслал дээр тогтдог юм. Харамсалтай нь, энэ хуулийн төсөл нь монгол хэлзүйн хэнд ч ойлгомжтой уламжлалт холбоос, нэр томъёог бүгдийг нь хасахаар оруулсан байна лээ. Энэ байдлаараа бол  монгол хүн энэ төслийг уншаад юу ч ойлгохгүй.  Яагаад гэхээр манай улсын бүх хуульд ба, буюу, эсхүл гэсэн холбоос үгийг хэрэглэсэн байдаг. Энэ холбоос үгүүд нь монгол хэлзүйд ойлгомжтой үг хэллэг. Гэтэл одоо эдгээр холбоос үгүүд нь хоёрдмол утгыг бий болголоо гээд Эрүүгийн хуулиас хасах өөрчлөлтийг оруулж байх шиг байна.

-Та түрүүн энэ төсөл Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцээгүй гэлээ. Энэ тухайгаа тодорхой хэлэхгүй юу?

-Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар олон улсын маш олон гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон.  Жишээлбэл, Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пакт гэж бий. Энэ пактыг уншаад үзвэл эрүүгийн хэрэг, эрүүгийн хууль гэсэн нэр томъёог бараг зүйл болгонд нь оруулсан байдаг. Өөр нэг жишээ хэлэхэд, манай улсын нэгдэн орсон Олон улсын эрүүгийн ромын дүрэм гэж бий. Үүнийг уншвал зүйл бүрт нь мөн л эрүүгийн гэсэн нэр томъёо бий. Тэгэхээр нөгөө нэгдэн орсон олон улсынхаа гэрээг өөрчлөх үү гэдэг асуудал гарна.  Үндсэн хуульд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг үндэсний хууль тогтоомжийн адил дагаж мөрдөнө гэсэн заалт бий. Одоогийн нөхцөл байдлаас харахад энэ заалт ноцтой зөрчигдөх байдалд орох нь. Үүнээс гадна өөр нэг ноцтой асуудал байна. Хэрэв Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдвал одоогийн гарч байгаа гэмт хэргийн тоо хэдэн зуугаар өсөн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, зохиомлоор гэмт хэргийн тоог өсөн нэмэгдүүлэх төсөл болчихож.

- Монгол Улсад гэмт хэргийн тоо хэдэн зуу дахин өснө гэж байна. Тодорхой ойлгомжтой жишээ хэлэхгүй юу?

-Эрх зүйн онолын хувьд эрх зүйн зөрчлийг гэмт хэрэг, захиргааны эрх зүйн зөрчил, иргэний эрх зүйн зөрчил, сахилгын зөрчил гэж ангилдаг. Эдгээр нь тус бүртээ хуультай. Хүлээлгэх ял зэм нь ч өөр. Нийгэмд учруулсан хор хохирол, нийгмийн аюул ч өөр. Гэтэл одоогийн төслөөр гэмт хэрэг, захиргааны эрх зүйн зөрчил хоёрыг нийлүүлээд гэмт хэрэг гэж томъёолж байна. Ялимгүй жижиг захиргааны хариуцлага хүлээлгэх зөрчлүүд бүгд гэмт хэрэг болж хувирна.

-Захиргааны эрх зүйн зөрчил гэмт хэрэг болсноор ямар үр дагавар үүсэх бол?

-Гудамжинд нус цэр, тамхины иш, хог цаас хаях нь одоогийн Захиргааны хариуцлагын тухай хуулиар бол захиргааны зөрчил. Гэтэл цаашдаа иймэрхүү жижиг зөрчлүүд гэмт хэрэг болно. Үүнээс гадна хамгийн ноцтой асуудал нь өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн толгой дараалан гэмт хэрэгтэн болохоор байна шүү дээ. Яагаад гэхээр одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд найман гэмт хэрэгт 14-16 насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хулгайлах, булаах, дээрэмдэх, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах гэх мэт хэрэг хамаарна.  Гэтэл төслөөр 14 насанд хүрсэн л бол Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрсэн хүүхдүүд Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцогдоод шийтгэлээ хүлээх юм шиг байна. Ер нь төсөл боловсруулагчид Монголын нийгмийг ингэж гэмт хэрэгжүүлж, шоронжуулахын тулд хэчнээн их эдийн засгийн зардал болоод хүний нөөц орно гэдгээ тооцолсон юм болов уу. Хамгийн гол нь захиргааны эрх зүйн зөрчлийг гэмт хэрэг гэж тооцсоноор бүх мэргэжлийн хүмүүс цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад их төвөгтэй болно. Тэр дундаа, сэтгүүлч та нарт энэ хууль маш их халтай хууль болох төлөвтэй байна.

-Харин ч сэтгүүлчийг шийтгэхээ болино гэж Хууль зүйн яамныхан хэлээд байгаа шүү дээ?

-Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчид болон аливаа хүн байр сууцны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гадна талаас зураг хөргийг нь аваад олон нийтэд цацвал үүнийг нь гэмт хэрэг гэж үзээд шийтгэл оногдуулна гээд заачихаж. Тэгэхээр сэтгүүлчид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болно. Тодруулбал, сонин дээр ямар нэг барилгын зураг гарвал  “Эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан уу” гээд байцаана. “Аваагүй” гэвэл бүгдийнх нь  толгой дээгүүр дээлийг нь нөмөргөөд ачаад явах нь. Ер нь сүүлийн үед би нэг зүйлд гайхаад байсан юм. Юу гэхээр яагаад урьдчилан хорих байрыг шинжлээд, олон хүн хорихоор бэлдээд байгаа юм бол гэж. Тэгсэн ийм төсөл оруулж ирээд батлуулах гэж байгааг сая л ойлголоо. Тэрнээс биш төрөх газар, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй байсан юм. Хамаг хөрөнгөө ингэж цацаж байгаа нь угтаа бодож боловсруулсан, бэлтгэл ажил нь хийгдсэн зүйл байжээ гэж ойлгож байгаа.

-Гэмт хэрэг, эрх зүйн зөрчил хоёр ялгагдахын аргагүй боллоо гэж та хэлж байна. Энэ хоёрыг ялгаж салган ойлгоход хууль боловсруулах, тогтоох ямар үйл ажиллагаа хийх ёстой юм бэ?

-Юуны өмнө  Эрүүгийн хууль нь тусдаа. Захиргааны зөрчлийн тухай хууль нь бас тус тусдаа байх ёстой. Нөгөө талаас гэмт хэргийг нийгмийн хор аюулаар шинжлэх ухааны үндэслэлтэй ангилах ёстой. Энэ төсөлд дутагдсан өөр нэг зүйл гэвэл шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан гэж хүн төрөлхтний хууль цаазын шинжлэх ухааны ололтыг ашиглаж чадаагүй. Шинжлэх ухааны хатуу тогтсон нэр томъёо ойлголтыг ойшоож үзээгүй. Хамгийн наад зах нь тухайн гэмт хэргийг аюултай, нөгөө хэсэг нь нийгмийн хор аюулаар бага гэж ангилах ёстой. Гэтэл одоогийн төслөөр ямар ч ангилалт байхгүй. Энэ нь цаашлаад мөрдөн шалгах, эрүүгийн байцаан шийтгэх, шүүхийн тухай зэрэг хуульд нөлөөлнө. Жишээлбэл, ямар хэрэгт мөрдөн байцаалт явуулах, ямар хэрэгт хялбаржуулсан богино хугацаанд ажиллах, ямар хэргийг шүүгч дангаараа шийдэх, ямар хэргийг хамтын бүрэлдэхүүнтэй шийдэх вэ зэрэг нь нийгмийн хор аюулаас шууд шалтгаалах зүйл. Нөгөө талаас Эрүүгийн хуульд ял завшуулах ноцтой заалтууд оруулах гэж байна.

-Тодруулахгүй юу?

-Нотлогдсон гэмт хэрэгт гэмт этгээд гэм буруугаа хүлээвэл шүүхээс тухайн хүнд оногдуулах ялын дөрөвний нэгийг хасахаар заажээ. Энэ юу гэсэн үг гэхээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн “Би буруугаа ойлголоо” гэж хэлбэл ийм их хэмжээний хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байгаа юм. Уг нь иймэрхүү утгатай заалт Эрүүгийн хуульд байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн биш, харин тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогчдоо нэрлэх, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийнхээ хохирлыг сайн дураараа арилгасан бол хөнгөлөлт үзүүлж болно. Түүнээс биш “Би ойлголоо” гэсэн үгийн төлөө ялыг завшуулж хэрхэвч болохгүй.

- Эрүүгийн хуулийн зохицуулдаг нэг зүйл бол ялын тухай асуудал. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг батлахаас өмнө Монголын нийгмийг шоронжуулах хатуу харгис хуулийн төсөл болох нь гэж шүүмжилж байсан. Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрлөө. Үнэхээр энэ хууль дэндүү хүмүүнлэг биш хууль болсон нь тодорхой болсон. Тэгвэл одоо энэ төсөл батлагдвал юу болох бол?

-Онцын өөрчлөлт гарахгүй. Яагаад гэхээр энэ хуульд ихэнхи гэмт хэрэгт ялын доод хэмжээг нь зааж өгсөн. Гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэгтний сэдэлт, хор уршиг, гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг нь харгалзаж үзээд доош нь татах шаардлагатай байдаг. Гэвч тэр доош нь татдаг заалтыг оруулж өгөөгүй байна лээ. Тийм учраас нэгэнт захиргааны зөрчлийг гэмт хэрэгт тооцоод, насыг нь доошлуулаад ирэхээр улам хатуу тэр дундаа одоогийнхоос илүү хатуу харгис хууль болох шинжтэй байна. Гэхдээ дандаа харгис хууль гэж андуурав. Зарим хүмүүст сайн тал олгож. Энэ нь гэмт хэргийн замаар хөрөнгө эд зүйлийг бий болгосон, хөрөнгөжсөн хүмүүсийн хувьд толгойг нь элсэн ээлтэй хууль болно.

-Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүст яагаад ээлтэй байна гэж?

 -Төслөөр эд хөрөнгө хураах ялыг хүчингүй болгож байгаа юм билээ. Тэгэхээр улсын хөрөнгийг идэж завшсан эсвэл бохир мөнгийг угаах замаар бий болгосон хөрөнгийг хураахгүй болж байгаа юм. “Ийм замаар хөрөнгөө арвижуулцгаа. Хууль зүйн хувьд та нарт төр боломж олгож байна” гэдэгтэй ижилхэн. Төсөлд заасан эрүүгийн ял хэрэгжихэд төвөгтэй. Зөвхөн цаасан дээр бичигдэх ийм байдал харагдаж байна. Тодруулбал, нийгэмд ашигтай ажил хийх гэж төсөлд бичсэн байна лээ. Хог цэвэрлүүлэх, цас арилгах эсвэл нийгэмд тустай бусад ажлыг үнэ төлбөргүйгээр хийлгэхийг хэлж байгаа юм. Гэтэл төсөлд болохоор ажлыг шүүх олгоно гээд заачихаж. Шүүх ажил олгогч биш. Шүүхэд хүнээр хийлгэх ямар ч ажил байхгүй. Шүүгч нар цайгаа зөөлгөж, үр хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авахуулахгүй юм бол өөр ямар ажил байх юм.

-Таны бодлоор энэ талын зохицуулалтыг яаж хийж болох вэ?

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай зөвшилцөх замаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр хийлгэх ажлын төрлийг тэндээс гаргуулах нь зөв. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймаг, сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагаас “Манайд хог арилгах, цэвэрлэгээ хийх ийм ажил байна. Үүнийг хийлгэнэ” гэвэл ялын бодлого хэрэгжихэд үр нөлөөтэй болох юм.

-Таны ярианаас харахад энэ төсөл сайн болж чадаагүй нь мэдэгдэж байна. Үүний гол шалтгаан нь юу гэж үзэж байна?

-Үндсэн шалтгаан нь өөрийнхөө орны өвөрмөц онцлог, уламжлалаа уландаа гишгэсэн. АНУ-ын зарим хуулийг хууль зүйн мэдлэггүй англи хэлтэй хүмүүсээр орчуулуулаад хуулийн төсөл маягийн юм хийгээд Засгийн газарт хэлэлцүүлсэн бололтой юм. Ер нь Засгийн газарт Эрүүгийн хууль мэддэг хүн гэж байхгүй. Суурь хуулийг эрдэмтэд ялангуяа тэр чиглэлээр мэргэшсэн хүмүүс хийх ёстой. Түүнээс Хууль зүйн сайдын хийдэг ч ажил биш. Өнөөдөр наад зах нь төсөл боловсруулагчид нэр томъёогоо ойлгоогүй бололтой.  Бүр инээдэмтэй нь, Эрүүгийн хууль эхлэхдээ “Багш, сурган хүмүүжүүлэгч гэж хэнийг хэлэх үү” гэсэн нэр томъёоноос эхэлж байна. Тэгэхээр Эрүүгийн хууль юм уу, өөр хууль юм уу гэдгийг ялгахын аргагүй болгож байгаа юм. Дээрээс нь энэ хууль ямар зорилготой хууль гэдэг талаар нэг ч  үг, үсэг байхгүй. Угтаа бол Монголын нийгэмд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үү, ямар ял шийтгэл оногдуулах уу гээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг агуулсан байх ёстой. Зорилтыг зөв тодорхойлж байж энэ хуулийн бусад агуулга нь тодорхой болох ёстой. Яах вэ, эрх биш УИХ-ын 76 гишүүний дотор эрүүл саруул ухаанаар сэтгэдэг хүн байгаа байх бодож байна. Эцэст нь гэж хэлэхэд сайд Х.Тэмүүжин та энэ хуулийн төслөө даруй татаж ав гэж хэлэх байна.  Үүнээс өөр хэлэх үг алга. Олдох ч үгүй байна. Ийм хууль батлагдвал Монголын нийгэм улам илүү их шоронжих нь байна шүү.


Д.БОЛОРМАА

С.Нарангэрэл: Х.Тэмүүжин та Гэмт хэргийн тухай хуулийн төслөө татаж ав

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.