2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн баринаУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.12.16/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Ингэхдээ улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярилцлаа. Тухайлбал, эдийн засаг, төсвийн асуудал хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох хүсэлтэд МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барихаар тогтсоныг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Төсвийн орлого тасарсан, гаднын хөрөнгө оруулалт буурсан, өрийн хэмжээ нэмэгдсэн, Төсвийн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь сайд нарыг огцруулах үндэслэл болж байгаа юм. Бусад сайдад хариуцлага тооцох эсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид намын XXVII их хурлын дараа 21 аймаг, есөн дүүрэгт очиж ажиллаж, ард иргэдийнхээ санаа бодлыг сонслоо. Ард түмний амьдрал хүнд байна. Энэ бол яах аргагүй Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс эхний ээлжинд эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан сайдуудад хариуцлага тооцно. Иргэдийн санаа бодлыг сонсож хариуцлагагүй ажиллаж буй сайд нарт цаашдаа хариуцлага тооцох асуудлыг ярина" гэж хариулав.

 

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох, өөрөөр хэлбэл, сайд нарын "давхар дээл"-ийг тайлах зорилго агуулжээ. Хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр санал оруулж ирснийг наашлуулж, батлагдсан өдрөөс нь буюу 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Учир нь том төрөөс ухаалаг төр рүү шилжихийг дэмжиж байгаа бол хуулийн үйлчлэх хугацааг наашлуулъя гэсэн МАН-ын бүлгийн саналыг хууль санаачлагч Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт найдаж байгаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Хуулийн төсөлд малчдад бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхээс эхлээд газрыг гадаадын иргэнд ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг тусгасан байна. Тиймээс МАН-ын бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, анхны хэлэлцүүлэг хийхээс өмнө малчид, иргэдийн санал бодлыг сонсож, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзлээ.

 

Энэ долоо хоногт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн төвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд мэдээлэл хийнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үнийн өсөлттэй уялдуулж цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Иймд төсөвт суулгасны дагуу цалин, тэтгэврийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. 2008-2012 онд Засгийн газар цалин, тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Гэвч шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш цалин, тэтгэврийн хэмжээг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд ам.долларын ханш 30 хувиар өсч, төгрөгийн ханш мөн хэмжээгээр суларсан учраас цалин, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг Засгийн газраас шаардаж байгаа юм. Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсантай харьцуулахад зарчмын хувьд дордуулсан байна гэж бүлгийн гишүүд дүгнэжээ. Гэхдээ энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжинэ, хохирогчдын асуудлыг өмнөхөөс сайжруулж шийдэх ёстой гэж үзлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn