2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Эрх баригчдыг зохион байгуулалттайгаар МАН-ын эсрэг ажиллаж байна

Эрх баригчдыг зохион байгуулалттайгаар МАН-ын эсрэг ажиллаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

Өнгөрөгч орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан өнөө хэр эцэслэгдээгүй бөгөөд зарим аймгуудын засаг дарга нар улс төрийн шалтгаанаар батламжлагдаж амжилгүй байсаар жил тойрсон.

 

 

     Тэгвэл энэ хугацаанд эдгээр аймгуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн нилээдгүй хурцдаж байсан нь сүүлийн өдрүүдэд олон нийтэд ил болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан Л.Цэрэнжавыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтээ АТГ гаргаад буй. Түүнчлэн Дорнод аймгийн МАН-ын бүлэг П.Мөнхтөрийг энэ сарын 02-ны өдөр АТГ-аас баривчлаад байгаа болон Дундговь, Говь-Алтай аймгуудад асуудал үүсээд байгаатай холбогдуулан өнөөдөр МАН-аас мэдээлэл хийлээ.

 

 

 

     Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний сонголтыг үзэл бодол, нам, улс төрийн хүчнээр ялгаварлан хандсанаас бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад Дорнод, Хөвсгөл аймагт өнөө хэр нь Засаг даргыг томилоогүй, Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилсээр, ИТХ нь хоёр талцаж, маргалдсаар байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байгаа нь АН улстөрийн зохион байгуулалттайгаар хууль зөрчиж, Засгийн эрхийг авах, МАН-ын бүлгийн эсрэг ажиллаж байна гэсэн хардлагыг төрүүлж байна” гэлээ.

 

 

 

     Тодруулбал Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг  2013 оны 12 дугаар 02 ны өдрийн 14 цагт аймгийн МАН-ын хорооны даргын өрөөнд хуралдаж байхад нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар З.Баасанням, Шинэбаатар нар ирж саатуулан авч явсан болно.  Түүнийг ажил хийгээгүй хүнд 3 сарын цалин илүү олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэлтэй байна.  П.Мөнхтөрийг хойшлуулшгүй баривчлах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 72 цагийн хугацаагаар баривчилсан байна.

 

 

 

-П.Мөнхтөр нь мөрдөн байцаалтаас оргон зайлсхийгээгүй, байнга оршин суух хаягтай, эхнэр хүүхэд эхийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүл мэндийн хувьд саяхан Солонгос улсад хүнд хагалгаанд орсон эмчийн хяналтад байдаг.

 

 

 

-Дорнод аймгийн Засаг даргын асуудал шийдэгдэхгүй бүтэн жил гаруйн хугацаагаар үргэлжилсэн. Аймгийн ИТХ М.Бадамсүрэнг Засаг даргаар томилуулахаар удаа дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьсан ч “төрийн албанд гурван жил ажиллаагүй” гэсэн шалтгаар томилохоос татгалзсан.   Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтныг төрийн алба хаасанд тооцдог. М.Бадамсүрэн  Улсын нөөцийн газар, Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар нийтдээ таван жил  ажиллажээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан.   Шүүхийн шийдвэр ч нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангасан гэж үзсэн. 

 

 

 

-М.Бадамсүрэнтэй адилхан тухайн намынхаа намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байсан АН-ын хүмүүс аймаг, дүүргийн Засаг даргаар томилогдсон. Тухайлбал,  Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нар  намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байгаад Н.Алтанхуягийн захирамжаар аймгийн Засаг дарга болсон.  Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төрийн албаны тухай хууль АН-аас Засаг даргад нэр дэвшсэн хүмүүст үйлчлээд, МАН-аас нэр дэвшсэн  хүмүүст үйлчлэхгүй байгаагийн нэгээхэн жишээ энэ юм.

 

 

 

-Нэгэнт Ерөнхий сайд Дорнодын Засаг даргын асуудлыг шийдэж өгөхгүй байгаа учир МАН-ын бүлэг П.Мөнхтөрийг нэр дэвшүүлэх тухай ярилцжээ. Гэвч түүнд  улс төрийн шинжтэй хэрэг үүсгэлээ гэж үзэхээс өөр аргагүй. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр энэ хэрэг нь АТГ-ын харьяаллын хэрэг биш, захиргааны хэргийн шинжтэй  гэж үзсэнийг холбогдох шалгалтууд тогтоосон байна.

 

 

 

-2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн МАН-ын хорооноос нэр дэвшигчид  ИТХ-д олонх болсон. Тухайлбал аймгийн ИТХ-д  МАН-аас 18 төлөөлөгч, АН-аас 14 төлөөлөгч, ИЗНН 1 төлөөлөгч, Бие даан сонгогдсон 2 төлөөлөгчдөөс тус тус бүрддэг. Иймд тооны харьцааг ойртуулах, нэр дэвших боломжтой хүнийг нь шалгуулах, нэг бол түр саатуулан хуралд оролцуулахгүй байх, улмаар өөрийн намын нэр дэвшигчийг сонгуулах зэрэг зүй бус үйлдлийг аймгийн АН-ын зүгээс  хийж байна.

 

 

 

-Мөн МАН-ын гишүүн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн орлогч даргаар ажиллаж байсан хүнийг АТГ-аар шалгуулах нэрээр албан тушаалаас нь хүчээр буулган одоогийн АН-ын даргыг аймгийн орлогчоор томилсон зэрэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.дэх заалтыг зөрчсөн байна.

 

 

 

-Одоогийн байдлаар Дорнод аймгийн Засаг дарга нь ИТХ-д 2014 оны  төсвийн төслөө өргөн бариагүй байна. Энэ нь тус аймгийн хувьд ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орох, төрийн  албан хаагчдын цалин хөлс бүрэн зогсож цалингийн доод хэмээгээр цалинжих гэх мэт үр дагаварууд гарч болохыг үгүйсгэх аргагүй.

 

 

 

Хөвсгөл аймаг:

 

 

 

-Орон нутгийн сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-ын 41 мандатаас Монгол Ардын Нам 23, Ардчилсан нам 18 суудал авсан.   ИТХ-ын анхдугаар хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 28-нд хуралдаж, аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг  сонгож, батламжлуулахаар Ерөнхий сайдад уламжилсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг    Л.Ганболдыг томилохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. ИТХ гурван удаа   Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурвууланд нь татгалзсан. Гурав дахь удаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаан нь хуулийн хугацаа хэтрүүлэн хуралдсан, хурал зарлахаас 15 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай байсан” гэсэн шалтгаанаар  томилохоос татгалзав. Гэхдээ цаагуураа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-т шалгагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаагүй учраас батламжлахаас татгалзсан гэх хуурамч мэдээлэл тараасан.

 

 

 

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг энэ оны нэгдүгээр сард  томилсон. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчид Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлын талаар хүсэлт хүргүүлж,   Ерөнхий сайдад   шаардлага хүргүүлсэн байдаг.

 

 

 

-Аймгийн Засаг даргад түр үүрэг гүйцэтгэгч тавьсан асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх “Ерөнхий сайдыг хууль зөрчсөн” болохыг тогтоов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргуулахаар хандсан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдахын өмнөх өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засаг даргын үүрэг гүйцэтгэгч түр томилсон” захирамжаа хууль бус гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч цуцалсан байна. 

 

 

 

-2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн  шийдвэрээр Л.Ганболдыг дэвшүүлсэн аймгийн ИТХ-ын тогтоол хүчинтэй болохыг баталсан. Аймгийн АН-ын дарга уг хурлын шийдвэрийг эсэргүүцсэн гомдол гаргаад байв.

 

 

 

-Энэ хуралтай холбоотой түдгэлзээд байсан ”Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүрэн эрхийнхээ хүрээнд Аймгийн засаг даргыг эхний удаад батламжлахаас татгалзан буцаах эрхтэй, хоёрдахь удаагаа уламжилсан нөхцөлд шууд томилох үүрэгтэй” гэсэн агуулгатай Л.Ганболдын нэхэмжлэлтэй Нийслэлийн Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг аравдугаар сарын 22-нд сэргээсэн болно. Улмаар энэ шүүх хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбогдох уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn