2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ЖАНИМХАНЫ САУЛЕ

ЖАНИМХАНЫ САУЛЕ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

ЖАНИМХАНЫ  САУЛЕ ААВ ОХИН ХОЁР         Ихэр биш ихэр юм шиг    зантай аав охин хоёр. Эх оронч зүрх сэтгэл нь эгээ л нэг хүнийх шиг ижилхэн юм. Ийм эх оронч хүмүүсийг “улаан  голоо тасартал  улс орондоо зүтгэдэг хүмүүс” гэж  хэлсэн  академич Ж.Болдбаатартай санаа бодол нийлж байна.  Эцгийн нэр нь Жанимхан. Улаанхус  сумын хүн. Эхнэр нь Дэлүүн сумын Шура хэмээх  эмч бүсгүй  байсан  гэдэг. Жанимхан бээр  дөчин хэдэн жил төр улсдаа зүтгэсэн хүн билээ. Дандаан дарга явсан гэсэн шүү.  Охин нь Сауле. Түүнийг таньдаг хүмүүс удам сайтай айлын охин гэдэг нь үнэн бололтой юм.


 ТЭР УДМЫНХНЫ ОЮУНЫ ҮНЭТ ЗҮЙЛ Ардын намын  хүнийг хүндлэн бишрэх   үзэл  бодлыг бүр хар нялхаасаа  шингээж авсан “намч”   хүүхэд гэж Саулег л хэлнэ биз.   Тав зургаан настайгаасаа аавтайгаа хамт аймгийн намын хорооны том  даргыг дагаж  хөдөө гадаа явахдаа  тэр хүний  настайчуулд  үр хүүхэд  нь юм шиг, хүүхэд залууст эцэг эх нь юм шиг  элгэмсэг,    дулаан харилцаж, бүх хүнтэй  ах дүү,  анд найзын ёсоор   инээд хөөртэй   нөхөрсөг  яриа өрнүүлж явахыг  ажиглан  явсаар     намын хүнийг хүндлэн  биширдэг хүмүүжил  олж авсан   бололтой. Зүрх сэтгэлийг бишрүүлсэн тэрхүү  том дарга нь тэр үед Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  байсан Бугын Дэжид ажээ.  Гэвч зөвхөн ганц тэр хүний нөлөө бус аа. Хамгийн гол нь насан турш намын байгууллагад ямар нэг  дарга тушаалтай ажилласан эцгийнх нь үлгэр жишээ нөлөөлсөн байж таарна.   Сауле бол эцэг эхийнхээ оюуны үнэт зүйлийг дэвсэлж  нулимах болчимгүй  хүн    огт биш байж.  Тэр бас  Тлейхан сайд зэрэг өөрийн удмын олон мундаг улс төрчдийн  оюуны  уламжлалыг ихэд  хүндлэдэг хүмүүжилтэй хүүхэд байсан байж.  Тэгээд л тэр багаасаа ардын намыг  ихэд таашаах болжээ..


АНХНЫ СОНГОЛТ  Охин Сауле бээр  дөнгөж  арван найм хүрч арав төгсөх үедээ  нэгэн  томоохон сонголт хийжээ. Тэр  ардын намын гишүүн  болохоор зоригложээ. Эцэг эхээсээ ч асуусангүй. Зөвхөн өөрөө л дур мэдэн ийм сонголт хийж.  Гэвч бүтсэнгүй. “Даргын  хүүхэд” гээд намд элсүүлсэнгүй.  Тэр үед нэг тийм хорио цээр  байсан байна. Аав нь тэр  хуралд сууж байсан хэрнээ  охиноо дэмжихийн оронд намын  дээд байгууллагын  энэ заалтыг  зөрчиж болохгүй гэж хэлээд нэрэмчихжээ.  Орой нь гэртээ ирээд аавдаа   тунирхан уйлж байсан гэсэн. 


ТЭР ДААГАА НЭХЭЖ САНАСАНДАА ХҮРСЭН   Сауле дараа нь дээд сургуулиа төгссөний дараа даагаа нэхэн  мөнөөх хүслэн болсон  намдаа элсжээ. Эдүүгээ  тэр цагаас  хойш  гучаад   жил өнгөрсөн ажгуу. Энэ завсар анхны төгссөн Орос хэлний дээдээс гадна Москвагийн Пушкины нэрэмжит  дээд болон Монголдоо удирдлагын академийг дүүргэж амжжээ. Яалт ч үгүй гэгээлэг оюунлаг амьдралын төлөө ухамсартайгаар тэмцэж чаджээ.


ТӨРХ ТӨЛӨВ  Энэ онцолж буй айл бол  МУИС-ийн эрдэмтэн багшийнх. Тус сургуулийн сэтгүүл зүйн  тэнхмийн эрхлэгч эрдэмтэн. профессор, сэтгүүлч, МУСГЗ М.Зулькафилийнх. Эхнэр нь Сауле. Тэднийх хоёр хүүхэдтэй, тэд дээд  мэргэжилтэй, өндөр боловсролтой. Энэ айл баян айл. Эднийх эрдэм ухаанаар баян. Ном судраар баян. Эх оронч сэтгэлээр баян айл.Харин эд хөрөнгөөр бол  хараахан  тийм биш ажээ.   Сауле бүсгүй хүмүүний  хорвоогоос ийм л оюунлаг гэгээн  амьдралыг олборложээ. Тэр одоо Ардын намын удирдах зөвлөлд хариуцлагатай алба хашиж  байгаа.

САНАА СЭТГЭЛИЙН “ГИВЛҮҮР” ОНЦ НӨЛӨӨТЭЙ БАЙНА Саяхан  Хөдөө аж ахуйн дэд сайд байснаар нь Саулег  орон даяар  андахгүй  болсон.    Тэнд тэр хэн болохыгоо харуулж чадсан. “Энэ бүсгүй л УИХ-ын сонгуульд өрсөлдвөл казак бүсгүйчүүдээс  анхны ганц суудал чирээд ирэх юм байна” хэмээн  ардын  намын буурал ахмадууд бувар бувар  хөөрөлдөж   суусан. Гэвч санаснаар болоогүй. Ардын намын жагсаалтын 22 дугаарт овог нэрийг  нь бичиж нүд хужирлаад л   дууссан. Тэгэхдээ үүний цаана чимээгүй орхиж боломгүй  урт учиг байна. УИХ ба Засгийн газрын гишүүдийн дотор   казак ээж нарын өвөрмөц   дуу хоолойг илэрхийлэх   ёстой тэр орон зай  эзэнгүй байна. Энэ  суудал 23 жил онгорхой байгаа юм. Юм юманд ганцаардаж  цүүрдсэн хүнийг “Гадаа гарч эр, гэргт орж эм” гэж хэлдэг ончтой мэргэн үг бий. Тэр маягаар утгачилбал өнгөрсөн сонгуулиудаар төрийн сайд, түшээ болсон манай казак эрчүүд нийслэлд очихоороо эм, нутагтаа ирэхээр эр болж цүүрдсээр  зургаан удаагийн сонгуулийн хорин хэдэн жилийг яаж ейгээд эвхэж тавив гэлтэй. . Төр засгийн дээд албанд таарч тэнцэх  казак бүсгүй  нэгээхэн ч алга байна гэвэл тэр худлаа.Харин байгаа хэдээсээ шилж   төр засагтаа илгээх сэтгэлийн бяр дутлаа  гэвэл тэр үнэн.  Эмэгтэйчүүд нь  нүүрэндээ  гивлүүргүй ч  сонгогч түмэн нь  сэтгэлдээ гивлүүртэйг  сонгогч  олон  харж байна. Монголын эмэгтжэйчүүд асуудлаар дүүрэн тэр тусмаа казак бүсгүйчүүд бүр пиг  дүүрэн гэлцдэг учир энэ асуудлыг хөндөх гэж оролдлоо.   Бурхан өршөөх цаг ирнэ буй заа.


ДЭГДЭЭД ДЭГДЭЭД ДЭД САЙД   Энэ удаа эх оронч Сауле хүүхэн дэгдээд  дэгдээд дэд сайд хүрээд зогслоо. Эгэл баатруудын  дээд жишиг  ийм л гэх. Түүнээс дээших зам хөл хориотой гэлцэнэ. Хөл хориотой  гэх  юу байхав  цаана нь эгэл хүн давахын аргагүй  үл үзэгдэх  өндөр даваа  зогсож байдаг гэнэ.  Энэ даваа бол эд хөрөнгийн даваа. Хөрөнгө ь байвал бусад нь хамаагүй. Эрдэм номгүй, хараагүй дүлий байсан ч  манай төрд одоохондоо гологдохгүй. Ачааны хүндийг үүрч, ажлын голыг нугалж өгдөг хамаг  л эрдэм чадалтай эгэл баатрууд энэ  давааны бэлд  сөхрөөд уначихдаг болжээ.   Ариун журамт шудрага иргэн  хэн ч байлаа гэсэн  хэзээ хаана ч  очлоо гээд  албан тушаал эрх мэдэлд ташуурч архи дарсны лонх болчихгүй, алтан зоосны уут болчихгүй бас хорчин, ховчин болж хувирахгүй нь үнэн. Гэвч тэглээ гээд  тийм хүмүүс төрийн   түшээ болж үл чадъю.Тиймээс сонгуульд   нэр дэвшүүлэх эрх мэдлийг  зөвхөн баг хороо, сум дүүрэгт шилжүүлэхээр ардын нам энэ удаагийнхаа   шинэчлэллээр шийдсэнийг   л тэмдэглэе.  

“ДАРГА ДЭЭШ ЭЭ БААТАР ДООШ ОО” Тээр жил Ховдод аймгийн намын хорооныхоо шинэ даргыг танихгүй нэгэн казах эр  сандрахдаа “хүүш яана аа, тэгвэл дарга дээш ээ, баатар доош оо” гэсэн гэх яриа байдаг. Тэр үед аймгийн ардын намын хорооны нэгдүгээр нарийн бичгтийн дарга хүний алдар хүнд  тийм л байсан юм чинь яалтай  билээ. Цагийн юм цагтаа л хүчтэй. Түүхийг одоочилж болохгүй. Тэгэхээр тэр иргэний хэлсэн үгэнд  буруу  юм алга аа.


 “ЭХ ОРОН ДЭЭШ ЭЭ, БУСАД НЬ ДООШ ОО” Харин энэ  цагийн  Сауле бүсгүй бол  “Эх орон  дээш ээ, бусад нь доош оо” гэсэн  итгэл үнэмшилтэй хүн юм.   Тэр тэгэхээр эх оронч хүүхэн. Тэр тусмаа яалт ч үгүй эх оронч казак хүүхэн мөн байна.   Ингэж тодорсон эх оронч хүүхэн казакийн ард түмний дунд цөөвтөр гэж бодохоор тэр  улам тодорч байна.  Ямар боловч Сауле  бүсгүй эх оронч зүтгэлтэй нэгэн мөнийг нотлох баримт олон  байнам.


“БУСДЫГАА АЮУЛ ҮХЭЛ РҮҮ ТҮЛХЭХ  ЁС ЖУДАГ  МАНАЙД БАЙХГҮЙ” 2008 оны долдугаар сарын нэгэнд ардын намын байрны цонх хаалгыг хамх цохин чулуу туйпуугаар шидэж  улмаар  гаднаас нь  галдан шатааж,  намын дарга тэргүүт удирдлагуудыг элдвээр хараан зүхэж , намын байрнаас гаргахгүй дайрч байсан.   Сауле удирдах зөвлөлийн гишүүний хувьд тэнд хамт  байсан   байдаг. Тэгээд    тэднийг арын хаалгаар гаргах үед Сауле  дарга нартайгаа  хамт гарвал гарна, түүнээас биш  та нарыг орхиод түрүүлж гарахгүй, манай ёсонд тийм муухай ёс жудаг  байхгүй гэж даргатайгаа маргаад нулимс унагаж байсан   гэж сонссон.  Энэ тухай өөрөөс нь  лавлахад “ Тийм явдал болсон нь үнэн. Нээрэн тэгээд дарга нар тэндэээсээ гарахгүй байж байгаад тэр улангассан хүмүүст    алуулчихсан байвал  яах юм бэ? Амийг нь үлдээсэн ч тархи толгой, гар хөлийг нь гэмтээчих байсан бус уу?  Үнэхээр муухай үзэн ядаж, яахаас ч буцахгүй  байсан шүү дээ. Намын удирдлагад хэн ч байсан тэднийг  орхиж болохгүй нь тодорхой байсан.  Нэгэн зорилгын төлөө явж байгаа  нэг намын хүмүүс  ийм аймшигт  үед үхсэн ч сэхсэн ч хамт л байх ёстой биз дээ. Тэгээд  л би та нарыг орхиод гарахгүй, хамт гарцгаая гэж уйлж гуйсан. Тэгэхэд чи эмэгштэй хүн түрүүлээд гарах хэрэгтэй, бид хойноос чинь ингээд гарна гэсэн. Тэнд Баяр , Мөнх-Оргил, Отгон.баяр   зэрэг  хэдхэн хүн үлдээд  бусад нь  тараад явцгаасан л даа. Тэгээд бие хамгаалагч нар нь намайг шууд хөтөлж чирээд  ар талын хаалгаар гаргасан. Нөгөөдүүл маань ч тэгсгээд гараад ирсэн” Ингэж ярьдаг, ийм л санаа сэтгэлтэй  бүсгүй билээ. Ардын намын дарга бусад  удирдах нөхдийг  тус намыг удирдаж байгаа хүмүүс гэдэг хэмжүүрээр   ялгаварлан гадуурхаж  амь насыг нь хөнөөх  гээд байгаа юм бол хамтдаа   тэмцэж байгаад нэгийгээ үзье гэж бодсон шиг байна билээ.  Өнгөрсөн намар Сүхбаатарын талбайд  жагсаал цуглаан болж байхад бас л хамгийн түрүүнд ирчихсэн зогсож байсан. Тэр хэзээ ч намынхаа төлөө тэмцлээс хойш сууж чадахгүй  хүн.     

 

 

АМЬД БУРХАД  Ардын намын Сауле ганцаараа биш. Тэр тус намын  арвын нэг биш, мянгын нэг биш, түмний нэг  биш,   харин буман гишүүний нэг  гэвэл  үнэнд ойртсон    үг болно. Ардын нам бумаар тоолбол хоёр  бум гаруй, түмээр яривал хорин гурван түмэн гишүүнтэй  нам.  Сауле шиг тус намын тэдгээр түм буман гишүүд  нь монголын ард түмнийг аз жаргалтай амьдралд хүргэхсэн гэж  туйлын их бартаатай,  замаар  өгсөж яваа тус намын цувааг  чирэгч  /локмотив/ дотоод  хөдөлгүүр мөн     болно. Энэ олон мянган гишүүн  намдаа тоогдох, тоогдохгүй нь  хамаагүй   зүтгэж л байдаг  бурхад  мөн билээ. Бурхад гэсэн энэ нэр  оносон эсэхийг мэдэхгүй  боловч  өөрийгөө умартаж бусдын төлөө тэмцдэг   хүмүүс л гарцаагүй мөн юмдаг. 

 

ХЭЦҮҮГЭЭР ДҮҮРЭН  ХОРВОО   Хүний хорвоо хэцүүгээр дүүрэн. Хэцүүгээр  балбуулж,  хэцүүгээр багшлуулж, хэцүүгээр хөлслүүлж  байж  амьдралд хатаагддаг жам ёсон бий. Бас тийнхүү амьдралд  нухлуулан байж  хатаагдсан  хүнийг  л  ард олон нь сая    нэг  таньж, үнэхээр  үнэнч  сайн хүн мөн байна гэж  үнэлдэг  учиртай.    Сауле  бүсгүй хоёр хатуухан багшийн  шалгуураар  орж амьдралд  хатуужсан   нэгэн. Нурууны чац   өндөргүй ч  сэтгэлийн чац  өндөр энэ бүсгүйг “Хоёр багшийн  ганц шавь”  хэмээн нэрлэвээс зохилтой.  Онцлон бүхий  хоёр багш нь  их хэцүү багш нар. Тэр багш нар хэн бэ гэвэл   хоёр мянга арваад оны  зуд шүлхий хоёр. Энэ хоёр багш нэлээн сонирхолтой хичээл зааж хатуухан  дүн тавьдаг  байсан  тул  зарим нэгэн баримт сэлт дурдахад сонин байж  магадгүй.

 

ҮЗЭЭГҮЙГ ҮЗЭВ Үзээгүй юм  олныг үзжээ. Үхэр босоогоороо хөлдөөд пид хийтэл уначихаж байхыг Хөвсгөлийн Цагаан  уул суманд   явж байхдаа үзсэн байна.  Амьд үхэр босоогоороо хөлдөнө гэж бодохоор    зудад  нэрвэгдсэн   малчдад туслах  энэ баг  ямар  зэргийн ачаа дааж гарсан нь  аяндаа төсөөлөгдөнө.Тэс сумын төв энүүхэнд нь харагдаад л байсан ч арав хүрэхгүй километрийн зайтай тэр хооронд арваад цаг явж  үзсэн гэсэн. Уйлна гэж яваагүй ч уйлж л явж, даарах гэж яваагүй ч даарч л явж.  Хотоо харлуулчихсан айлд очиход “Ингэж ядарч байхад төрийн сайд минь  биднийгээ эргээд хүрч ирлээ” хэмээн уйлан хайлан угтахад    өөрөө ч бас дагаад мэлмэрүүлж явсан гэдэг. Үндсэндээ амьдралгүй болчихож байгаа юм чинь малчдад хэцүү байх нь зүйн хэрэг.  Зарим нь амиа егүүтгэж  мэдэхээр  байдал хүртэл ажиглагдсан гэдэг . 

 

АЗТАЙ УЧРАЛ Хоёр мянга арван оны зуднаар Завханы Загастайн даваа өөд өгсөж явсан  чинь   замчилж явсан Завхан аймгийн   иргэдийн хурлын даргын  машин замаасаа гэнэт хальтарч  гулгаад хясаа руу нисчих  дөхсөн гэсэн. Аймаар  хэрэг шүү. Загастайн хясаа чинь  Монголын алдартай өндөр хясаа. Тэгтэл ашгүй тэрүүхэн доор нь  том ургаа мод таарч түүний шил дээр  хунгарт шигдээд тогтсон байгаа юм.   Буянтай  үйл хэрэгт зүтгэж явсан болохоор  тэнгэр бурхан өршөөсөн юм байлгүй гэмээр. Түүнээс биш  тэр өндөр хясаа руу уначихсан  бол  сүйд болох байсан биз. Ер нь тээр жил Увсын Малчин сумын нутагт болсон онгоцны ослын дараа орох том  осол болох  байсан байх.

 

АМНЫ БИЛЭГ   Цасан шуурганд төөрнө. Нэгэн удаа Сауле сайдын ажлын хэсэг Говь-Алтайн  Хөх морьт суманд явж байгаад  нүдгүй цасан шуурганд  төөрөх дөхсөн байна.   Тэгтэл машинд явсан малын гавъяат эмч Доржсүрэн “манай сайдын хийморь биднийг тэтгэж таарна, Эндээ зогсоод хүлээе. Тэнгэр онгойж таарна” гээд  зогссон байна.  Тэгтэл нээрэн хэлснээр нь болох мэт  нэг цаг орчмын дараа тэнгэр гийж замаа олж цааш явсан гэж ярив.  Дорнодын талд бол олон төөрсөн гэсэн. Одоор баримжаалан  зүг чиг авч явсан тухайгаа ярьсан.  

БҮСГҮЙ ХҮНИЙ АНЗААРСАН НАРИЙН ЗОВЛОН  Гамшигийн хэмжээнд хүрсэн хоёр мянга арван оны их  цас зудны  нарийн зовлонг нийслэл    хотын бүсгүйчүүд  мэдрээгүй  өнгөрсөн. Харин Сауле  бүсгүй  олон зовлон бэрхшээлийг газар дээр нь туулж  явсан юм билээ. Наад зах нь олон  машины цуваанд  явж байгаа эмэгтэй хүн бие засъя гэхэд боломжтой газар  олдохгүй байсан  гэнэлээ . Аргагүйн эрхээр хүрз барин нэлээн зайдуу очиж цас ухаад  бие засдаг байсан  байна.   Олон удаа  ингэж аргалах нь төвөгтэй байлгүй яахав.  Тэгээд сүүлдээ   унд цайнаасаа  хүртэл   бэрхшээдэг  болсон гэж байна билээ. Цас зуднаар бүр шөнө орой болсон хойно л сумын төв эсхүл айлын бараа харна. Өдөр нь үндсэндээ унд хоолгүй туугаад л байна гэсэн үг. Хуурай идэх юм чинь  цайгүй болохоор горойгоод  явж өгдөггүй юм  гэж ярьсан. Хацар нүүр, гар  хуруугаа  хөр цасны жаварт  хайруулж л явжээ.     Ер нь  хэдэн сар ингэж малчдыг эргэн туслах ажлаар хөдөө явахдаа юуг эс үзсэн гэх билээ. Үхэр болж мөөрөх, хонь болж майлахаас бусдыг үзсэн гэхэд болох мэт. Манай улс   2009 онд   хоёр  сая орчим, 2010 онд  арван хэдэн  сая мал зудад алдсан юм билээ.   Дараа нь харин амархан нөхсөн гэсэн. Бэлчээрийн мал аж ахуйн  өөрөө нөхөн төлждөг ид шид энд л байдгийг Сауле сайд нүдээр үзэн биеэр туулжээ. 
Сауле хэмээх шавьдаа  зуд багшийн заасан  хичээл нь нэг иймэрхүү л байж.

 

ГЕНЕРАЛЫН АЖИЛ  Шүлхийн тухайд  бол  тэр ноцтой хүнд гамшиг. Түүнийг дээр үед Жамъян генерал    тулдаа л дарж дийлдэг байсан гэх яриа бий.
Гэтэл  21 дүгээр зууны эхээр тохиолдсон ийм  нэгэн том гамшгийг   давах үүрэг даалгавар   Сауле бүсгүйд оногдох учир тавилантай байж.  Эр хүн шиг л эрэмгий зоригтой бас  өвөг дээдэс шигээ шулуун шудрага, ажилч хичээнгүй  Саулегээс өөр эзэн тэрхэн үедээ олдоогүй биз. Хариуцсан ажил  үүрэг нь ч бас тэгж таарсан байна.  Сауле ч баргийн бүсгүй хүн үүрч даашгүй тэр үүргийг   хүлээн авахдаа  “би эмэгтэй хүн” гэж  янгуулаагүй, ер энэ тухай  бодоогүй юм гэсэн. Харин ч  Жамъян генерал тулдаа л  амжууллдаг байсан ажлыг зөвхөн надад л  итгэж найдлаа хэмээн дотроо  оргилж явсан шиг байгаа юм. “ Би тангараг өргөсөн төрийн ажилтан хүн  тул энэ үүргийг заавал     чадах ёстой” гэж өөртөө үүрэгдэж явснаа  дурсана  билээ. Шүлхийн тэр  ажилд   бүтэн дал хоног  ажилласан байна. Манай малчдын хэллэгээр  бол “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж”  хоёр сар хагас явсан гэсэн үг . Тэр завсар бас олон хэцүү зүйлтэй нүүр тулгарч явсан байлгүй яахав.

 

ХАЙРЛАН ӨРӨВДӨХ ХАЛУУН НУЛИМС “ Нэгэт халдвар авсан л байвал  үнэхээр хайрлаж халагламаар сайхан сайхан том шар үхрийг чинь  буудаад  л унагана. Үнэхээр нүд хальтирмаар.  Шөнө хар дараад  унтаж чадаагүй  удаа нэг биш. Тэр муухай шүлхий чинь заавал тарган том сайхан  эр сувай малыг нь түүж өвлүүлдэг  муу ёрын  өвчин. Ийм сайхан малаа  устгуулахаар ачуулж байгаа малчдын нулимстай нүдийг харна гэдэг үнэхээр хэцүү байсан гэж тэр дуу алдан үглэнэ. Тэр нулимс бол матрын нулимс биш малчны нулимс. Малаа барчихлаа  одоо яадаг билээ гэж  өөрийгөө өмөөрсөн  харууслын нулимс биш.  Хамгийн гол нь өөрөө гардан маллаж ижил дасал болсон хайртай  сайхан малаа алуулахаар ачигдахад  малаа л гэсэн эзэн хүний зүрхнээс нь  асгарч бүхий өрөвдөж хайрлахын  халуун нулимс тийнхүү урсаж байжээ. Ер нь монгол хүн шиг  үхэр малаа өрөвдөж сувдан хэлхээ нулимс асгарууулж л суудаг    ард түмэн монголоос өөр байдаггүй юм биш үү?!  032Сая сая тооны мал устгасан юм гэсэн.Тэгэхээр амаргүй байлгүй яав гэж.

 

САУЛЕ САЙД АРАЙ Ч ӨӨРӨӨ ШҮЛХИЙТЭЭГҮЙ. Шүлхий устгах  штабт ажиллахад өдөрт хэдэн удаа амаа хлораминтай усаар зайлна.  Тэр тийм амархан биш. Амны хөндий өрөвсөнө. Цаашлаад хордлого авч мэднэ. Сауле тэнд  ажиллаж байхдаа  хаврын  салхинд  цохиулж хоолой нь  бүлхийж халуураад  байхаар нь арга буюу хотод ирж долоо хоног  эмчлүүлээд буцсан байгаа юм. “Хүмүүст мэдэгдэхгүй л хичээж байсан, мэдээгүй байх аа гэв. Мэдвэл яана гэж лавлаваас “мөнөөх Сауле нь шүлхийтээд хэвтэж байна гэх  байсан биз” хэмээн арга цөхөрсөн  байдлаар учирлаж сууна билээ.

 

“ФРАКЦТАЙ ХҮН БИШ  ТАНИЛТАЙ ХҮН” Сауле  бээр:

 

-М.Энхболд даргын хувьд  бол түүнийг тойрсон хотын фракц гэж байхгүйг л онцолж хэлье.  Дарга маань   бусдынхаа итгэл сэтгэл хоёрыг соронз шиг татдаг хүн.   Энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан хүн түүнээс холдож чадахгүй болчихдог. Тийм болтол  нь  бусдынхаа төлөө анхаардаг ,тэдэндээ  итгэдэг, хүлээцтэй ханддаг   хүн юм билээ.  Үүнийг нь  хараад “хотын фракц”  энэ тэр гэж улс төржүүлэх  дуртай нэг нь хэлдэг байлгүй.   Онцгой байдлыг хариуцаж байхад нь зуд, шүлхий хоёртой тэмцэж явсан миний хувьд   ийм л бодол төрж байсан. Ажлын  зовлон  бэрхшээлийг сайн мэддэг, хүний хичээл зүтгэлийг зөв үнэлдэг, ажлыг нь сайн дэмждэг,  хамгийн онцлог нь ажилтнаа элдэв дайралтаас   хамгаалж  чаддаг, манайдаа бол ховор чанарын гэмээр  хүн. Ийм хүнээс чинь  тэр бүр холдож хөндийрөөд сураг чимээ тасрана гэж байхгүй шүү дээ.     Сауле ингэж учирлалаа.    Бодсон чинь түүний хэлдэг зөв  бололтой. Манайд  “Замаг сайтай нууранд  шувуу бүхэн чуулдаг, зан сайтай айлд хүн бүхэн цуглардаг” гэсэн үгтэй .  Энэ цонхоор харваас  М. Энхболд дарга  том фракцтай хүн биш  олон танилтай л  хүн юм  шиг байна.  

 

ТӨГСГӨЛД ХЭЛЭХ ЦӨӨН  ҮГ  Монголын сайхан  орныг  минь сүрэг олон дайсан бүслэн хаажээ. Нэг хэсэг нь эх орны байгаль дэлхийн баялагт савраа шургуулчхаад татахгүй байна. Нөгөө нь өрийн олс дээсээр  эх орныг минь хүлж баглаад хөдөлгөхгүй гэж байна. Бас нэг хэсэг нь  эх орны түүх, хэл, соёлыг   өөрийнхөөрөө сольж  байна.  Хулгайч худалч хоёроор нь  монголчуудыг  нүүр хийх газаргүй болтол муучилдаг дайснууд олон улсын тавцанд бий болжээ. Нас хүйс, намын харъяалал, мөнгө хөрөнгө, эрх тушаалаар нь  ялгаварлан гадуурхах үзэл  газар авлаа.

 

Эх орны эрх чөлөө тусгаар тогтнолд  дотроос нь ингэж  халдан  бусниулж байгаа энэ  бүх аюултай  тэмцэхэд    Сауле шиг амьдралд  хатуужиж, учир мэдэж, олонд танигдсан   боловсон хүчнүүд л   хэний ч шаардлага шахалтгүй чин сэтгэлээрээ  оролцож эх орноо бүрэн бүтэн авч үлдэх нь   эргэлзээгүй .  Эд нар бол эх орны алтан сан хөмрөг.  Тэд дээгүүр нь хөвдөг хөөс биш, ёроолд нь тунадаг алт. Хөвдөг  алт, живдэг хөөс гэж орчлон дэлхийд  хаана ч үгүй ээ. 
 
ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn