2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүллээ


Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүллээАрдчиллын салхийг сэвэлзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн аймгуудын нэг болох Дархан-Уулд одоо тэр үеийн тэмцэл үнэгүйджээ.

Хамгийн сүүлд дарханчууд 2004 онд АН-ын Л.Гансүх, “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн Б.Цэрэнбалжир, М.Сономпил нарт итгэл хүлээлгэсэн түүхтэй. Сонгосон түшээд нь ч олигтой ажиллаагүй, аймгийн намын хороо амбицалсан олон толгойгоо дийлэхээ байсан учраас сэвэлзэх салхины эрч суларч, одоогийн МАН тийш зүгээ өөрчилсөн байна. Одоо бүр тэнд АН-ын хороо гэхээр юм ч алга, тамга тэмдгээ булаацалдсан хэдэн хүний хэрүүл л үлдэв. Намын хорооны хуучин удирдлагын талаас 30 орчим хүн намынхаа төв байрны нарийн хонгилд шахцалдан суугаад эсэргүүцэл зарлаж байна.

2008 он. УИХ-ын ээлжит сонгуулиар энэ аймгийн АН-ын хорооны ужиг маргаан эхэлжээ. “Алтангадас” болон МоАХ фракцынхан хоорондоо талцсанаар дотроо эв түнжингүй болж, завшаанд нь МАН-ын Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар УИХ-д сонгогдсон түүхтэй. Дотооддоо ч эвтэй байж чадахгүй байгаа Ардчилсан намд биш, нөгөө талд нь итгэл үзүүлэхийг дарханыхан илүүд үзсэн байна. Намдаа нөлөө бүхий “Алтангадас” фракцынхан МАН-ын талд үйлчилснээс ийм зүйл болсон хэмээн МоАХ талаас энэ ялагдлыг тайлбарладаг. Энэ үеэс л даргын суудлаа тэд булаацалдаж, үе үе төв намын байрандаа суулт хийдэг “уламжлал” тогтсон юм. Тухайн үед Дархан-Уулын АН-ын хорооны даргаар Г.Гантулга ажиллаж байжээ.

2012 он. Ардчиллын нэг өлгий нутгийг хяналтаас алдаж буйгаа АН-ын удирдлагууд ойлгосонгүй юү, тэнд байдал цэгцрэхгүй л байлаа. Талцал, тамганы маргаан үргэлжилсээр дараагийн сонгуультай золгов. Сонгуулийг холимог системээр зохион байгуулж, тойргоор сонгогдох мандатын тоо тэнд хоёр болж буурсан. Энэ удаа сонгогчид бие даагч С.Ганбаатар, МАН-ын Д.Хаянхярваа нарт итгэл үзүүлэв. УИХ-ын сонгуульд талцлаасаа болж бүдэрсэн аймгийн АН-ынхан орон нутгийн сонгуулиар бүр дөрөвдүгээр байрт шалгарч, “онигоо” болсон. Тэр үед “Бурхан Халдун”-ы гэдэг Б.Мягмардаш намын хорооны даргаар ажиллаж байсан аж. Намын хорооныхоо шийдвэрээр 2012 оны сонгуульд Б.Мөнхтуяа, Г.Гантулга нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн ч амжилт олсонгүй. Б.Мягмардаштай зэрэгцээд “Алтангадас” фракцын Д.Баянмөнх шинэ даргаар “гарч ирсэн”. Уг нь тэр намын хорооныхоо олон дэд даргын нэг байсан юм. Маргаан нь үргэлжилж, Б.Мягмардаш Л.Наранбаатарт суудлаа тавьж өгчээ. Гэхдээ бусад нь хүлээн зөвшөөрсөнгүй. Ингэж явсаар энэ оны дөрөвдүгээр сард АН-ын генсек Ц.Оюундарийн оролцоотойгоор Эвлэрлийн гэрээ байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түр нэгдсэн билээ.

Албан тушаалд өгсөн “дурлал”-ын золиос

2004 он хүртэл эв найртай амьдарч байсан тус намын хороо удирдлагад нь байсан хэдхэн хүний албан тушаалд өгсөн “дурлал”-ын золиос болчихжээ. 

МоАХ талаас дэд дарга Г.Гантулга, “Алтангадас” талаас Д .Баянмөнх нар одоо “тулж” буй аж. Дархан-Уулын намын хороо 99 гишүүнтэй байхаас эдүгээ 26 хүний суудал эзэнгүй байгаа юм. Үүнд дээрх хоёр фракцын төлөөлөл тэнцүү шахам ордог гэх. Тиймээс л нэг талдаа шийдвэр гаргаж чадахгүй ужгирсан маргаан өрнөж байгаа бололтой. 

Д.Баянмөнх нь 2012 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-даа сонгогдсон АН-ын 11 гишүүний нэг. Гэвч тэрбээр эртнээс эхэлсэн “хоролмаа” ажиллагаагаа үргэлжлүүлж, МАН-ынхантай сүжрэн Засаг даргын орлогчийн албанд хүрч чадсан хэмээн МоАХ-ныхон ярьж байна. Эвлэрлийн гэрээ байгуулж маргаанаа хэсэг мартсан ч сонгуулийн дараа сэдэрч, өнөөдөр суулт хийхдээ тулсан байна. Энэ сард намын хорооны 60 орчим гишүүн хуралдаад намынхаа эсрэг ажилласан Г.Баянмөнхийг хөөсөн аж. Мөн Эвлэрлийн гэрээгээ дүгнээд “Биелэлт 80 хувьтай учраас анхан шатны нэгжийг шинээр байгуулах шаардлагагүй” хэмээн үзсэн гэнэ. 

Л.Наранбаатар нь ч хүсэлтээрээ албаа өгснөөр намын даргын суудал эзгүйрчээ. Үүний дараа буюу энэ сарын 18-нд АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад дөрөвдүгээр сарын Эвлэрлийн гэрээнээс хойших бүх шийдвэрийг цуцалж, фракцуудын төлөөллөө оролцуулан хуралдаж, даргаа шинээр томилох шийдвэр гаргасан аж. Улмаар генсек Ц.Оюундарь “Дархан-Уул аймгийн намын хороо эрх зүйн чадамжгүй” хэмээн зарлаж орхив. Нэг ёсондоо Д.Баянмөнхийг хөөсөн, Л.Наранбаатарыг чөлөөлсөн нь цуцлагдсан гэсэн үг.

Намын дүрмээр дунд шатны байгууллагын дотоод асуудалд дээрээс оролцох хориотой атал Хяналтын ерөнхий хороо болон генсек Ц.Оюундарь үүнийг зөрчлөө хэмээн Г.Гантулгын талынхан үзээд суулт хийж буй юм. Хууль бус шийдвэрээ цуцлахгүй бол Ц.Оюундарийг огцруулах асуудал хөндөж, томоохон цуглаан хийх гэнэ. Мөн тэд “Намын дарга бүх шатны ротацын сонгуулийг зогсоосон нь аймгуудад хяналтын болон намын хорооны бүрэлдэхүүн дутахад хүргэсэн. Намын даргын ч, Хяналтын ерөнхий хорооны ч бүрэн эрхийн хугацаа дууссан. Их хурлаа хийж энэ бүхнийг цэгцлэх ёстой” хэмээн шаардаж буй юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжилсан их хурлыг тэд “Зүгээр л ёслолын ажиллагаа байсан” хэмээн үзжээ. 

Мөн аймгийн ИТХ-д АН 11 суудалтай, МАН-ын хоёр нэр дэвшигчийн хууль зөрчсөн тухай маргааныг шүүхээр шийдэж байгаа, Дээд шүүхээс өмнөх шатны шүүхүүд тэдний талд гарсан учраас суудлаа нэмэх, бие даагчид болон эвслийнхэнтэй нэгдээд олонх болох боломж ч бий гэнэ. АН-д олонх болох боломж олгохгүй байх сонирхол ч МАН-д элэгтэй “Алтангадас” фракцынханд байна гэж нөгөөдүүл нь хардаж буй. “Манай асуудалд МАН хошуу дүрээд эхэллээ” хэмээн суулт зарлагчид ярьж байна лээ.

Ийнхүү намын хороо нь хоёр тал болон талцаж, Хяналтын ерөнхий хороо нь шийдэх гэж оролдоод шүүмжлүүлсэн байдалтай өдөр хоног өнгөрч байна. Дархан-Уул аймгийн намын хорооны асуудлаа АН-ын удирдлагууд нэг тийш нь шийдэж, ужигт маргаанаа удахгүй цэгцэлнэ хэмээн найдъя. Эсвэл тэр аймагт намын хороогүй болсноо албан ёсоор зарлачихвал шулуухан юм биш үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.