2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Тэмүүжин нэвтрүүлгийг хааснаар гарах үр дагаврыг бодсонгүй

Х.Тэмүүжин нэвтрүүлгийг хааснаар гарах үр дагаврыг бодсонгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

“Royal HD” телевиз, "Лантуун дохио" Төрийн бус байгууллага хамтран ШШГЕГ-ын дэмжлэгтэйгээр "Маргаашийн наран" хэмээх хорих ангиас бэлтгэдэг нэвтрүүлгийн 23 дугаарыг үзэгчиддээ хүргээд буй. Нийт 50 дугаар гаргана хэмээн төлөвлөсөн ч ийнхүү 23 дахь дугаар үзэгчдэд хүрсний дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уг нэвтрүүлгийг эфирт гарахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Тус нэвтрүүлэг нь хорих ангийн үйл ажиллагааны онцлог, хорих байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажил байдал, ял эдэлж буй хүмүүжигчдийг нийгэмшүүлж буй байдал, хорих ангиас суллагдсан иргэнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилготой байсан юм. Ингээд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлантай ярилцлаа. Тэрээр уг нэвтрүүлгийг хийх хугацаанд багагүй ядаргаанд орж, сэтгэл санааны өөрчлөлтөд орсон учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Учир нь хорих ангид ял эдэлж буй хүний наймаачин, хүн амины гэмт хэрэгтэн, хүчингийн хэрэгтэн гээд хоригдлуудтай ярилцдаг тул ийнхүү сэтгэл санааны хямралд орсон гэв.

 

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ямар шалтгаанаар нэвтрүүлгийг хаах болов. Үүнийгээ тайлбарласан уу?

 

-Хууль зүйн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу манай нэвтрүүлгийг зогсоосон. Гэхдээ Х.Тэмүүжин сайд яг ямар шалтгаанаар хааж байгаадаа ямар нэгэн тайлбар хэлээгүй. Мөн олон нийтийн цахим хуудсаас ч бичлэгээ авахыг шаардсан.

 

-ШШГЕГ-ын дэмжлэгтэйгээр нэвтрүүлгээ явуулж байсан байх. ШШГЕГ-аас ямар тайлбар хийж байх юм?

 

-Бид анхнаасаа ШШГЕГ-тай харилцан тохиролцсоны үндсэнд, албан ёсны зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлгээ явуулсан. Гэхдээ нэвтрүүлэг хаагдсан явдалд ШШГЕГ-ын буруу байхгүй. Энэ бол зөвхөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний гаргасан шийдвэрээр хаагдаж байгаа.

 

-Нэвтрүүлэг чинь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн юм болов уу. Хорих ангийн үйл ажиллагааг хэтэрхий нээлттэй үзүүлсэн учраас хаасан байж болзошгүй?

 

-Нэвтрүүлгийн хамт олон ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй. Харин нэвтрүүлэг хэтэрхий ил тод байна гэдэг шүүмжлэл ирсэн байх л гэж ойлгож байгаа. Бид нэвтрүүлгээ “youtube”-д бас байрлуулдаг байсан. Энэ нь Монголын шорон, төрийн нууцтай холбоотой нэвтрүүлгийг олны өмнө хэтэрхий ил тод гаргалаа гэж үзсэн байх. Мөн хэвлэл мэдээллийн бусад байгууллагын зүгээс энэ төрлийн буюу ял эдэлж байгаа хүмүүсийн орчин нөхцөлийн талаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх, санал, хүсэлт тавьж байсантай холбоотой гэж ойлгосон. Учир нь бусад хэвлэлийн байгууллага барьцсан асуудал гарсан юм шиг байна лээ. Гэхдээ энэ бол зөвхөн миний сэжиг таамаг төдий.

 

-Мэдээж ШШГЕГ-ын газрын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлгээ бэлдэж байсан гэхээр нэвтрүүлгийг олон нийтэд цацахаас өмнө ШШГЕГ-аас хяналт тавьдаг л байсан байх?

 

-Тийм. ШШГЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд нэвтрүүлгийн эвлүүлгэд оролцоод, юуг нь гаргаж болох юуг нь болохгүй талаар зөвлөөд явдаг байсан. Өөрөөр хэлбэл, бид дур мэдэж гаргасан зүйл огт байхгүй, бүх юм ШШГЕГ-ын хяналт дор явдаг байсан. Тийм учраас нэгэнт олонд хүрчихсэн нэвтрүүлгийг хаалгах, олон нийтийн цахим хуудсаас авахуулах шаардлагагүй л гэж би хувьдаа үзэж байгаа.

 

-Тэгэхээр 50 цувралаас 23 цуврал гарчихаад байхад дөнгөж одоо хаах шийдвэр гаргаж байгаа нь их сонин байна л даа?

 

-Салбарын сайд энэ нэвтрүүлгийг гарч эхэлснээс хойш ерөөсөө үзээгүй юм шиг байна лээ. Дундаас нь шуум сонсоод, нийгэмд их бага хэмжээгээр яригдаад эхлэхээр л анхаарал хандуулж, тэгээд хаасан гэж ойлгож байгаа. Угаасаа нэвтрүүлгийн эхний хэдэн дугаар хорих ангийн талаар албаны хүмүүсийн яриа, байр суурь явсан. Энэ утгаараа шийдвэр гаргах төвшний хүмүүс төдийлөн анхаараагүй байх гэж ойлгож байгаа. Харин дунд хэсгээсээ эхлээд ял эдэлж байгаа гомо залуу, эмэгтэйчүүд хүүхэд гараад ирэхээр нийгэм өөрөө шуугиж эхэлж таарна. Энэ үед л олж мэдсэн байх гэж таамаглаж байгаа. Анхнаасаа анхаарал тавьж үзэжбайсан бол ингэж гэнэт дундаас нь зогсоохгүй байх гэж бодоод байгаа юм.

 

-50 дугаар гаргана гэж байсан. Одоогийн байдлаар 23 дугаарыг үзэгдэд хүргээд байгаа. Эфирээр гаргаагүй ч хэдэн нэвтрүүлэг бэлдээд байгаа вэ?

 

-Барагцаагаар 27-28 дугаар бэлэн болсон байсан ч цаашид эфирээр гарах боломжгүй болчихоод байна. Энэ нэвтрүүлгийг хааснаар хорих ангийг нийгэмдсөргөөр харуулаад зогсчихож байгаа юм. Бид анхнаасаа энэ нэвтрүүлгийг хэсэгчлэн хийхээр зорьсон. Ингэхдээ эхний удаад хорих ангийг эерэг талаас нь буюу хорих ангийн сайжирсан төрх. Хөдөлмөр эрхлэлт, сургалт дамжаа гэх мэтийг харуулсан. Харин дараагийн хэсэгт чанга дэглэмтэй хорих ангиудыг харуулахыг зорьсон. Ингэж тал бүрийн төрх, байдлыг харуулж байж дэнслэх учиртай юм. Нэг үгээр бол, монголын шорон сайн муу, сайхан муухайтайгаа гарах байсан. Гэтэл одоо ингээд тасалчихаар үзсэн хүн бараг “шоронд ормоор санагдахаар” харуулчихаад байгаа юм шүү дээ. Ингээд дуусгачихвал шоронгийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан хүн жирийн дэглэмтэй нэг хорихоор л монголын шоронгийн амьдралыг төсөөлчих гээд байгаа хэрэг. Уг нь үүний араас чанга, онцгой дэглэмтэй хорих ангиуд ямар аймар байдаг,тэнд орсон хүн яаж зовдог, яаж ялаа үүрдэгийг төсөөлөхгүй л үлдэж байгаа юм. Нөгөө талаас манай нэвтрүүлгийг үзсэн өсвөр насны хүүхэд ажил хийж мөнгө олох биш, хууль бус үйлдэл хийгээд эрх чөлөөгөө хасуулчихвал тийм сайхан орчинд очно гээд бодчихвол яах вэ. Товчхон хэлэхэд,энэ нэвтрүүлгийг тасалснаар сүүлд нь гарах сөрөг үр дагаврыгсалбарын сайд бодолцож үзсэнгүй л гэж бодож байна.

 

-Үлдсэн цувралуудаа гаргах талаар Хууль зүйн сайдадалбан ёсоор хандах уу?

 

-Энэ талаар “Royal HD” телевиз уулзаж, ярилцах байх.Миний хувьд хүчилмээргүй байна. Гэхдээ энэ бол ганц телевиз юм уу миний асуудал огт биш. Угтаа энэ нэвтрүүлэг маш олон үзэгчтэй болсон байсан. Өнөөдрийн байдлаар ял эдэлж байгаа 7000 гаруй хүний цаана ар гэр, хамаатан сатан гээд нэг хүний цаана 10 хүн бий гэж бодоход 70 мянган хүний сэтгэлийн шаналгаа шүү дээ. Өршөөлийн хууль яригдсаар жилийн нүүр үзэж байгаа энэ үед хорих ангиудын талаар цуврал үзэгчдэд хүрч, нийгмийн сэтгэлзүйг Өршөөлийн хуулийг батлах тал уруу шилжүүлж байгаа нэвтрүүлэг. Энэ хууль батлагдах эсэхийг чих тавин хүлээжсуугаа маш олон хүн байгаа.

 

-Таныг энэхүү нэвтрүүлгээс болж, эмнэлэгт хэвтсэн гэж ойлгож болох уу?

 

-Үнэндээ өнөөдөр эмнэлэгт хэвттэлээ зүтгэсэн. Энэхүү нэвтрүүлгийг хийх гэж маш их хичээж, бүтэн хоёр сарын хугацаанд хүйтэн газар ажилласан. Үнэхээр сэтгэл зүрхээрээ ажилласан л даа. Хүчирхийллийн хэрэг үйлдсэн, хүн худалдсан, алсан, хүмүүстэй нүүр тулж уулзаад ярилцана гэдэг бол асар их сэтгэлийн дарамт юм билээ. Нэг тиймэрхүү хүнтэй ярилцсан өдөр нойрхүрэхгүй, хар дарж зүүдлэх гэх мэт асуудал багагүй гарсан л даа. Нэг үгээр бол, сэтгэл санааны өөрчлөлтөд орсон гэж хэлж болно. Маш их хөдөлмөрлөсөн л дөө.

Б.Чимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.