2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Мянганбаяр: 18 тоннын нөөцийг дөрөв гэж ярих хүн би биш

Ц.Мянганбаяр: 18 тоннын нөөцийг дөрөв гэж ярих хүн би биш

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Ц.Мянганбаяр: 18 тоннын нөөцийг дөрөв гэж ярих хүн би биш“Монгол газар” компанийн Ерөнхий захирал Ц.Мянганбаяртай алтны салбарын асуудлаар ярилцлаа.

-Алтны ил тод байдлын тухай хуулийн тө­сөл УИХ-ын чуулганаар яригдаж байна. Энэ хууль батлагдлаа гэхэд алтыг хууль бусаар хил давуулдаг асуудал бүрэн зогсох болов уу. Ол­борлосон алтаа дотооддоо шингээх бололцоо бай­гаа юу?

-Бид энэ асуудлыг нэлээд хэдэн сар ярьсан. Түүний да­раагаар хуулийн төсөл яригдсан байгаа. Төр зас­гийн байгууллага болон улстөрчидтэй ярилцаад тат­в­а­рыг 2.5 хувь болгох шийдвэрт хүрсэн.

-Роялтигийн татварыг 2.5 хувь болгох ёстой гэж зарим нэг хүмүүс л үзэж байгаа?

-2.5 гэдэг бол дэлхийн дундаж тоо байхгүй юу. Өм­нө нь татварыг 10 хувь болгосон нь гадна болон дот­ны ченжүүд  алтыг нууцаар хил давуулах гол шалт­гаан нь болсон. Тиймээс л 2.5 хувь гэдэг тоо гарч ирсэн юм. Нийтээрээ хэлэлцэж байгаад ийм шийд­вэрт хүрсэн юм чинь сэтгэл ханамжгүй байх гээд яах вэ дээ.

-Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг ком­паниуд энэ хуульд санал бодлоо тусгаж чадсан уу. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахад хэр нэгд­сэн бэ?

-Бид нэгдэж чадсан. Нэгдсэн зохион байгуулалтад  ч орж чадсан. Одоо бид хөдөө орон нутгийн иргэд болон бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах болно. Өөрсдийнхөө үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв ойлголт төрүүлэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.

-Татварын хөнгөлөлтийг үзүүллээ гэхэд ком­паниуд алтаа 100 хувь төрд тушаах уу?

-Тэгэлгүй яах вэ. Хуучин алт хөтөлбөр  эхэлж байх үед бид Төв банкинд алтаа тушаагаад явдаг бай­сан. Түүний дараа  татвар нь нэмэгдээд 10 хувь бол­чихоор Монголбанкинд тушаах сонирхолгүй бол­чихсон.

Өөрөөр хэлбэл, 100 ам.долларыг банкинд өгч солиуллаа. Тэгэхэд 90 ам.доллартай тэнцэх төг­рөгийг өгвөл хэн банк руу явах вэ дээ. Түүнчлэн алт чинь өөрөө валют шүү дээ. Тэгэхээр ченжүүд нь илүү үнэтэй авч байхад тийшээгээ л өгөх сонирхол бай­на биз дээ.

-Хууль эрх зүйн орчин сайжраад ирэхээр алтны олборлолт нэмэгдэх байх?

-Хууль эрх зүйн орчин сайжраад ирэхээр нэн тэргүүнд алтны тушаалт эрс нэмэгдэнэ. Харин олборлолт ч гэсэн хөрөнгө оруулалтаасаа хамаараад нэмэгдэх боломжтой.

-Танай компани  жилд хэчнээн тонн алт олборлодог  вэ. Цаашид олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Жилдээ 1-2 тонн алт олборлодог. Шинэ үйлдвэрлэлийн барилгыг Олон-Овоот болон Сэлэнгийн Ерөөгийн ордуудыг түшиглэн барьж байна.  Ирэх жилээс шинэ үйлдвэрлэлийнхээ ашиг шимийг хүртэнэ. Ингээд ирэхээр манай компанийн жилд олборлодог алтны хэмжээ нэмэгдэнэ.

-Алтны салбарт тэр дундаа олборлолтод хөрөнгө нэлээд шаардагддаг. Харин төрийн дэмжлэг хэр байдаг юм бэ?

-Төрөөс алтны салбарыг огт дэмждэггүй. Харин барилга, зам, тээвэр, ноос ноолуур, арьс шир, нүүрсний салбарыг илүүтэй дэмждэг. Нэг үгээр хэлбэл маш их зардалтай салбарыг дэмждэг гэхэд болно. 

Гэтэл өнөөдөр алтны ханш 1300 ам.доллар байна. Тэгэхээр 300 ам.доллар нь зардал шүү дээ. 1000 ам.долларын ашигтай байна гэсэн үг. Ийм ашигтай бизнес өнөөдөр Монголд байхгүй. Үүнийг улстөрчид ойлгох хэрэгтэй. Тиймээс төрийн дэмжлэгийг энэ салбар руу хандуулах цаг нь болсон.

-“Монгол газар” компани болон тантай холбоотой хэргийг УМБГ-т шалгаж байгаа талаарх мэдээлэл  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ үнэн үү?

-Өвөрхангай аймагт өнөөдөр маш олон жижиг аж ахуйн нэгж ажиллаж байгаа. Гэтэл манай компанитай холбоотой жижиг аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх ажил хийх болохоор шалгаад, эрүүгийн хэрэг үүсгээд  эхэлдэг нь гайхалтай санагддаг.

Өөрөөр хэлбэл, хуучин угаачихсан хаягдлыг алттай юутай нь шороонд нь булаад хаях хэмжээний баян тансаг байдалд бид хараахан  хүрчихээгүй. Тиймээс л хаягдлыг угааж байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Асуудлыг хуулийн дагуу шийдэх биз ээ. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ингэсэн, тэгсэн тэгж яримааргүй байна.

-“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүгийн хэргээс үүдэн “Олон-Овоот”-ын орд тойрсон асуудал сөхөгдөөд байгаа. “Олон-Овоот”-ын ордын нөөц үнэхээр батлагдсанаас доогуур байсан  хэрэг үү. Эсвэл танай компанийг эзэмшиж байх үед нөөц багассан юм уу. Энэ асуудал дээр та өөрийн байр сууриа тодорхой илэрхийлээч?

-Нөөцийг нарийвчлан тогтоохын тулд хөндлөнгийн олон улсын байгууллагуудад хандах учиртай.  Бид ч  гэсэн энэ чиглэлийн байгууллагад  хандаж нөөцөө баталгаажуулсан. Олон улсын стандартын дагуу нөөц хамгаалдаг компаниуд гэсэн үг л дээ.

Үнэхээр Олон-Овоотын нөөцийн хэмжээ худал байсан бол тэдгээр байгууллагууд хариуцлага хүлээж, торгууль төлөхөд хүрнэ шүү дээ. Тус ордын нөөцөнд үл итгэсэн хэн ч байсан, “Жаст” ч юм уу,  Монголбанк ч бай Олон-Овоотын нөөцийг баталгаажуулсан компанийг шүүхэд өгч болно.

18 тоннын нөөцийг дөрөв гэж ярих хүн би биш. Тэдний нөөц хамгаалсан тайланг Ашигт малтмалын газар, Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Бидэнд итгэдэггүй юм бол олон улсын компанид л хандах байх. Тэр нь ч дээр биз.

Б.Пүрэвжав
Ц.Мянганбаяр: 18 тоннын нөөцийг дөрөв гэж ярих хүн би биш
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.