2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Дугаарын хязгаарлалтаар лхагва гарагт 200 мянган хэрэглэгчээс санал авна


Дугаарын хязгаарлалтаар лхагва гарагт 200 мянган хэрэглэгчээс санал авна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Дугаарын хязгаарлалтаар лхагва гарагт 200 мянган хэрэглэгчээс санал авна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ний өдөр болж, Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулж, хэлэлцлээ.

 

Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр танилцууллаа.

 

Танилцуулгад “Нийслэлийн иргэд хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах хүсэлтийг Иргэдийн хүлээн авах төв болон цахим хуудсаар дамжуулан багагүй ирүүлсэн тул Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд мессеж, цахим хуудас гэсэн 2 төрлөөр санал авлаа.

 

Сайтуудаар авсан санал асуулгад давхардсан тоогоор 31280 хүн оролцож саналаа өгснөөс 72,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн бол мессеж санал асуулгыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 20-60 насны санамсаргүй сонгогдсон 103,997 хэрэглэгчийн дунд явуулахад 15,496 хэрэглэгч хариу илгээснээс 50,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй гэж санал өгчээ.

 

Санал асуулгын 2 төрлийн дүн зөрүүтэй гарсан тул эцсийн дүнг нийслэлийн нийт хүн амыг төлөөлж чадахуйц хамрах хүрээтэй Мобикомын хэрэглэгчдийн дунд дахин мессежээр санал авч гаргах учиртай гэж үзэж байна” гэлээ.

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд яагаад заавал Мобикомын сүлжээг ашиглаж байгааг тодруулахад “Өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторуудаас Мобиком, Unitel корпорациуд хэрэглэгчдээсээ санал асуулга аван дүнг нэгтгэх боломжтой техникийн бааз суурьтай бөгөөд үнийн хувьд Мобиком нь хамгийн хямд нэг мессежийг 12 төгрөгөөр илгээдэг бол Unitel-ийн хэрэглэгч рүү нэг мессежийг 250 төгрөгөөр илгээдэг. Тиймээс Мобикомыг сонгосон” гэсэн юм.

 

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Бид аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчмаар ажиллаж байгаа. Тиймээс иргэдээс дугаарын хязгаарлалтыг цуцлах санал нилээдгүй ирсэн учраас бид санал асуулга явуулж шийдэхээр болсон юм.

 

Гэхдээ иргэд маань дугаарын хязгаарлалтыг зогсоовол замын хөдөлгөөн урьдын адил тэг зогсолттой болно гэдгийг бодох хэрэгтэй. Одоо шинэ жилийн баяр болох гэж байна. Дараа нь Сар шинийн баяр болно. Ингэхээр дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцвол багагүй асуудал үүснэ гэдгийг тооцоолоорой.

 

Ямартай ч дахин санал асуулга явуулж, үр дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барья” гэж  хэллээ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд 11 сарын 27-ны лхагва гарагт 07-22 цагийн хооронд санал асуулга явуулах техникийн боломжтой Мобикомын 200,000 хэрэглэгчээс мессежээр, бусад үүрэн телефоны хэрэглэгчдээс нийслэлийн лавлагаа мэдээлийн 1200 тусгай утсаар санал авч, нэгтгэсэн дүнг эцсийн шийдвэр гаргахаар нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо.

 

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2013 оны 8 дугаар сард гаргасан дүн мэдээгээр Улаанбаатар хотод 321.159 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрээс дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.