2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Блүүмберг” дэлхийн хамгийн сул валютаар төгрөгийг тодруулжээ

“Блүүмберг” дэлхийн хамгийн сул валютаар төгрөгийг тодруулжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

“Блүүмберг” дэлхийн хамгийн сул валютаар төгрөгийг тодруулжээ

“Блүүмберг” дэлхийн хамгийн сул валютаар төгрөгийг тодруулжээ. Хүмүүн төрөлхтний амьдарч буй дэлхий дээр төгрөгөөс хямд мөнгөн тэмдэгт байхгүй болно гэдэг таагүй мэдээлэл хамгийн ханш муутай гэсэн нэрээрээ ядаж түүхэнд үлдэх нь тодорхой боллоо. Энэ бодлогыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хэрэгжүүлсэн юм.

 

Яг одоо ногоон мөнгөний ханш төгрөгийн эсрэг чангарсаар 1800 төгрөгт дөхөөд байна. Магадгүй цаашлаад энэ бодлого шийдвэрээр байвал 2000 төгрөгт ч хүрч мэднэ. Гэтэл нөгөө талд импортын бараа бүтээгдэхүүний ханш өдөр хоног өнгөрөх тусам өсөн дүүлсэн үзүүлэлтэй байгаа нь иргэдийг улам дарамтад оруулж байгаа юм.

 

Үүнийг дагаад дотоодын үйлдвэрүүд ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэв. Хамгийн энгийн жишээ л гэхэд нэг кг монгол гурил 1400 төгрөг, импортын цагаан будааны үнэ 3000 төгрөгт хүрчээ. Мөн ширхэг өндөг автобусны тасалбарын үнэтэй зуузай холбосон дүр зураг бараг л нүдэнд дасах нь.

 

Үүнээс гадна ам.доллараар зээл авсан бизнес эрхлэгчид өнөөдрийн байдлаар “Хохь чинь” болж байна. Уг нь төсөвт ам.долларыг 1384 төгрөг байна гэж тооцсон. Энэ бол ханш биш л дээ. Тэгээд ч УИХ-ын гишүүд эсвэл Монголбанкны зүгээс ам.долларын ханш ямар байхыг тогтоох боломжгүй.

 

УИХ-ын дарга З.Энхболд “2014 оны төсвийг баталж байхад ам.долларын ханш өнөөдрийнх шиг 1700 төгрөг болчихсон байсан. Төсөвт 1400 орчмоор суулгасан. Тэгэхэд яг өнөөдрийнх шиг асуудал үүссэн. Гэтэл ханш яваандаа жилийн дундуур төсөвт төлөвлөсөн хэмжээнд ирсэн” хэмээжээ.

 

Харин Эдийн засгийн хөгжлийн яамныхан ирэх жилийн орлого, зарлагыг бодоод үзэхээр 1384 байх бүрэн боломжтой гэж байгаа. Үүнийгээ батлахын тулд зэс үйлдвэрлэж экпортод гаргах, импортын бараа бүтээгдэхүүн болоод гааль татварын орлого зэргийг тэд дурдаж буй.

 

Мэдээж ирэх оноос Оюутолгойн бүтээн байгуулалт эрчимжиж, Тавантолгой экспортоо улам нэмэгдүүлэхээр манай улсад орж ирэх ам.доллар нэмэгдвэл ханш нь буурах боломжтой. Гэвч 1384 гэсэн тоо бол зөвхөн мөрөөдөл гэдгийг эрдэмтэн мэргэд гэлтгүй иргэн бүр шат шатандаа баталж байна.

 

Тэгэхээр ирэх оны төсөвт учрах хүндрэлийг Эдийн засгийн яам толгой даан хариуцлага хүлээх нь тодорхой болж байна. Уг нь, энэ оны баларсан төсөвт хариуцлагагүй хандсан хариуцлагатай албан тушаалтнуудад зохих “шанг” нь өгөх л ёстой байсан юм.

 

Даанч өөрсдийн бодлого шийдвэрээ буруу байсныг шударгаар хүлээхийн оронд хаацайлсаар байгаад хав дараад өнгөрсөн билээ. Тэгвэл ханшийг ингэж чанга байхаар тооцох нь манай улсын гадаад зах зээлд валютаар төлөх өр нэмэгдсэн үед томоохон эрсдэл дагуулж байгааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төсөв батлахаас өмнө сануулж байв.

 

Өөр олон гишүүн ч тал талаас нь хэлж байв. Мөн төсвийн урсгал зардалд өр, зээлийн төлбөрийн эзлэх хувь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад найм дахин өссөн баримт бий. Манай улс ирэх онд 463 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх учиртай.

 

Гэтэл ханшийг 1384 төгрөгөөр тооцсоноор энэхүү зээлийн төлөлтөд 139 гаруй тэрбум төгрөгийн зөрүү гарах өндөр магадлалтай байгааг ч эдийн засагчид өгүүлж буй. Тэгэхээр энэ хэрээр улсын төсөвт эрсдэл учирч байна гэсэн үг. Маш товчхондоо УИХ энэ удаагийн төсвөө дахиад л эрсдэлтэйгээр баталлаа.

 

Монголбанкны мэдээллийг авч үзвэл манай улсын урсгал дансны орлого 2011 оноос хойш гурав орчим тэрбум ам.доллараар дутаад байгаа ажээ. Энгийнээр хэлбэл манай улсад орж ирэх ам.доллар энэ хэмжээгээр буурсан гэсэн үг. Энэ нь ам.долларын ханш өнөөдрийн төвшинд хүрэх бас нэг шалтгаан болсон байна.

 

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан нь мэдээж сайн үзүүлэлт. Гэвч гаднын хөрөнгө оруулагчид ирэх онд огцом өсч ам.долларын ханш хүссэн хэмжээгээр нь буурна гэдэгт итгэхэд ч бэрх байгаа юм.

 

Тэгвэл судлаачид төгрөгийн ханш шал мөргөсөн байдлыг нүүрсний үнэ 15 хувиар унаж худалдааны орлогыг 47 хувиар бууруулсан, гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсантай шууд холбон тайлбарлаж байгаа юм.

 

Цөөн үгээр Эдийн засгийн хөгжлийн яамны энэ тооцоо цаашид биелэх эсэх нь гаднын хөрөнгө оруулалт болоод уул уурхайн таваарын үнэ ямар байхаас шалтгаалж таарах нь. Угаасаа ч тийм. Гэвч “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран “Хүмүүс 2015, 2016 оноос нүүрсний үнэ өсч, 2010, 2011 оных шигээ эргээд их хэмжээний ашиг олох боломж байгаа юу гэж асуудаг.

 

Даанч тэр цаг өнгөрсөн, дахиж тийм боломж ирэхгүй” хэмээсэн. Мөн олон улсын судалгааны байгууллагууд ч уул уурхайн бүтээгдэхүүний ханш ирэх жил огцом өсөхгүй гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа.

 

Тэгэхээр төсөв боловсруулагчид цаашид дэлхийн зах зээлээ ажиглахгүйгээр хэт өөдрөг бөгөөд алдаатай төсөв баталж, ам.долларын ханшийг тултал нь буулгах тухай мөрөөдөл тээх нь өөрөө эрсдлийг бий болгох нөхцлийг бүрдүүлээд байна. Төсөв бол улстөр биш, тэр тусмаа алдах эрхгүй өнөө үед.

 

Д.Булган

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.