2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Ард түмний сэтгэлд хоногшсон, сайхан дүр бүтээх юмсан гэж боддог

Ард түмний сэтгэлд хоногшсон, сайхан дүр бүтээх юмсан гэж боддог

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Ярилцлага

Ард түмний сэтгэлд хоногшсон, сайхан дүр бүтээх юмсан гэж боддог

Энэ удаагийн дугаартаа "Улаан дөрвөлжин", "Хайрлахсан даа", "Чи итгэхгүй л дээ", "Улаан эрэг" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдийн дүрүүдээрээ үзэгч олны танил болсон жүжигчин Б.Анхбаяртай ярилцлаа.

 

-Багадаа ямархуу хүүхэд байв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

 

-Би нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Хичээлээ тараад л байрныхаа хүүхдүүдийг нэг нэгээр нь уруу татаж гэрээс нь дуудаад л, найзуудтайгаа гадаа тоглож байдаг хүүхэд байлаа. Өдөржингөө тоглож тоглож орой л халтар царайлсан юм гэртээ харьдаг байсан.

 

Их гүйж харайх дуртай, юм юман дээгүүр үсэрч явдаг байлаа. Тэр үед хүүхдүүд контейнэр дээгүүр их гүйж, харайж тоглодог байсан. Яг л тэгж тоглодог байсан даа. Гадуур аав ээжтэйгээ явж байхдаа хажуугаар зөрж өнгөрсөн хүмүүсийн алхаа, нүүрний хувирлыг их дуурайж алиалж явна.

 

Тэр хоёр минь намайг шоолж инээгээд л. Бас спортод их дуртай хүүхэд байсан. Ширээний теннис, софт теннисний дугуйланд хичээллэдэг байлаа. Харин дунд ангид ороод сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Тэмцээнд ч оролцдог байлаа.

 

-Дунд сургуульд сурч байхдаа урлагийн тэмцээн, уралдаанд оролцдог байв уу. Жүжигчин болох авьяас эртнээс тодорсон уу?

 

-Нэг их эртнээс тодроод байсан юм байхгүй ээ /инээв/. Ер нь жоохон дуулах дуртай байсан. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгийн хамтлаг дууны номерт их оролцдог байсан.

 

Ангийнхаа гурван хөвгүүнтэй нийлээд дуулдаг байлаа. "Камертон" хамтлагийн улаан фен байсан шүү. Ялангуяа "Амин нутаг" дуунд нь бүр ч их дуртай байсан. Энэ дууг нь дөрвүүлээ хуваарилж авч байгаад л дуулдаг байсан даа.

 

-Таныг жүжигчин У.Батбаатарын хүү гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Хүмүүсээс аавтайгаа адилхан гэдэг үгийг хэр их сонсдог вэ?

 

-Бараг байнга л сонсдог Харсан хүн болгон л адилхан гэдэг юм.

 

-Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. Аавын нөлөө байсан уу?

 

-Аавынхаа мэргэжлийг өвлөх гэсэн хүсэл байсан. Би өөрөө ч энэ мэргэжлээ сонирхсон. Миний бие дааж гаргасан шийдвэр. Дунд сургууль төгсөөд л шууд энэ мэргэжлээрээ сонгож элсэлтийн шалгалт өгсөн. Их гэнэт шийдсэн.

 

-Энэ сонголтыг аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Гаргасан шийдвэрээ гэрийнхэндээ хэлсэн. Аав ээж маань нэг их дургүйцээгүй ээ. Уг нь би дунд сургуульдаа уран зургийн гүнзгийрүүлсэн анги төгссөн л дөө. Аав намайг тэр мэргэжлээрээ цаашаа гүнзгийрүүлж сурах, тэрийгээ эзэмшинэ гэж боддог байсан гэсэн. Одоо бол намайг энэ мэргэжлийг сонгосонд харамсдаггүй байх гэж боддог

 

-Оюутан насныхаа тухай дурсаач?

 

-2001 онд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний элсэн орж 2005 онд төгссөн. Анх нэгдүгээр курст ороход манай ангийг Н.Сувд багш дааж авч байсан. Тэгээд ардын жүжигчин Сарантуяа багшийнхаа удирдлаган дор төгссөн. Хөгжилтэй, дурсамжтай он жилүүд байсан.

 

-Хамгийн анх камерийн өмнө ямар бүтээлийн, ямар дүрээр гарч байв?

 

-Намайг гуравдугаар курст сурч байхад манай сургуулийн захирал Ж.Солонго "Удам" гээд түүхэн сэдэвтэй кино хийсэн. Би тэр кинонд Чилүгэ гээд гол дүрд тоглож байсан. Ангийнхаа Түвшинбаяр, дуучин С.Сэрчмаа гээд олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байлаа. Бас МУГЖ С.Жавхлангийн "Миний найз" дууны клип байна. Энэ уран бүтээлүүдээр л анх камерийн өмнө гарч үзэж байсан даа.

 

-Зураг авалт хамгийн хүндрэлтэй явагдаж байсан уран бүтээлээ нэрлээч. Таны "Улаан дөрвөлжин" кинонд бүтээсэн дүр өвөрмөц санагддаг?

 

-Яах аргагүй "Улаан дөрвөлжин" киног нэрлэнэ. Дүрийн хувьд ч тэр, зураг авалтын нөхцөл байдал ч тэр хүнд байсан. Өнгөрсөн жилийн яг өдийд зураг авалт хийгдэж байсан. Их хүйтэнд гадаа зураг авалттай байлаа. Эмнэлгийн хувцастай, гэрийн шаахайтайгаар эмнэлгээс оргодог хэсгийн зураг авсан л даа. Энэ кинонд тэр хэсгээс гадна жүжигчний ур чадвар шаардсан хэсгүүд олон байсан.

 

-Олон ангит киноны тухай ярья. Хэд хэд олон ангит кинонд тоглосон шүү дээ?

 

-"Нэгэн нарны доор" гээд 18 ангитай кинонд оюутан байхдаа тоглосон. Дараа нь "Улаан эрэг" гээд хэлмэгдүүлэлтийн үеийн тухай өгүүлдэг кинонд ажилласан. Одоо "Мюзик холл" продакшны "Цахлай нисэх гэж төрдөг" гэж кино хийгдэж байгаа. Энэ кинонд ажиллаж байна. Мэдээж олон ангит кино цаг хугацааны хувьд ялгаатай.

 

Жүжигчний ажиллах нөхцөл байдлын хувьд ч нэг ангит киноноос өөр. Олон ангит киноны зураг авалт объект объектоороо хөөгдөж хийгддэг. Тэгэхээр өмнөх зурган дээрээ хэрэглэсэн жижиг хэрэглэл, өмссөн хувцсаа давхар санаж байх хэрэгтэй. Тэгээд өмнөх сцень дээрээ тоглолт ямар байсан, ямар тээштэй тоглосоноо санаж залгуулж тоглох гээд асуудлууд байна.

 

-Тайзны уран бүтээлүүд дээр хэр их ажиллаж байв?

 

-Энэ тал дээр тийм олон тоо байхгүй ээ. Оюутан байхдаа "Жамух" гээд жүжгийн олны хэсэгт орж байсан. "Атга нөж" жүжгийн Бэлгүдэйн бага насны дүрд тоглосон. Ер нь дэлгэцийн бүтээлд түлхүү ажилласан.

 

-Дэлгэцийн уран бүтээлээс илүү тайзны уран бүтээлд оролцох, тэр талруугаа түлхүү ажиллах бодол байдаг уу. Ялангуяа сонгодог жүжигт тоглох хүсэл бий юу?

 

-Байлгүй яахав. .Жүжигчин мэргэжилтэй хүн болгоны цээжинд, сэтгэлд тээгдэж явдаг хүсэл шүү дээ. Хүсч мөрөөдөж явдаг зүйлсийн минь нэг

 

-Чөлөөт цаг хэр их гарч байна. Хэрхэн өнгөүүлэх дуртай вэ?

 

-Би ер нь аяллаар явах, хөдөөгүүр явах хоббитой. Зуны улиралд бол болж өгвөл агаар салхинд гарч, гэр бүлээрээ амрах дуртай. Бас фитнессээр хичээллэх дуртай шүү.

 

-Ямар нэгэн студи, продакшнд харъяалагдаж байгаа юу?

 

-Одоо бол би чөлөөт уран бүтээлч. Манай аав бид хоёр "Хаан гарьд" гээд студи байгуулсан. Тэр студийнхээ ажлыг давхар хийж байна.

 

-Студийнхээ үйл ажиллагааны тухай яриач?

 

-Студи маань голчлон клип, кино гээд дэлгэцийн уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна.

 

-Сэтгэл дотроо төсөөлдөг, бүтээхийг мөрөөддөг дүр байдаг уу?

 

-Байлгүй яахав. Заавал түүхэн киноны дүр, алтан үеийн киноны тэр дүр шиг гээд хэлэх дүр байхгүй. Гэхдээ тайзан дээр ч бай, дэлгэцийн ч бай, сонгодог ч бай, орчин үеийнх ч бай цаанаа л нэг сайхан, ард түмний сэтгэлд хоногшсон дүр бүтээх юмсан гэж боддог.

 

-Сүүлийн үед уран бүтээлийн санал хэр ирж байна вэ. Хэрхэн хүлээн авч байна?

 

-Ирж байгаа. Эхнээс нь уулзаж ярилцаад, зохиолтойгоо танилцаад байж байна. Одоо хоёр ч киноны зохиолтой танилцаж байна. Гэхдээ би тавьсан санал болгоныг маш сайн бодож, танилцаж байж хариу өгөхийг хичээдэг

 

 

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

 

-Зохиолч Ц.Ууганбаярын "Зоорь" гээд өгүүллэгээс сэдэвлэсэн сэтгэхүйн аймшгийн төрлийн кинонд ажиллаж байна. Энэ киноны Батжаргал гэж залуугийн дүр дээр ажиллаж байгаа.

 

-"Зоорь" уран сайхны киноны талаар дэлгэрүүлж ярья. Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна?

 

- Би өмнө нь "Улаан дөрвөлжин", "Улаан ой" гээд аймшгийн төрөл жанрын кинонуудад оролцож байсан. "Зоорь" киноны хувьд найруулагчаар залуу уран бүтээлч Цогт-Эрдэнэ, зураглаачаар "Zaya Sh"-ын Даваадорж ах, зургийн даргаар Саранцэцэг эгч ажиллаж байна.

 

Мөн жүжигчин Ө.Мөнгөнтулга, Мөнхзул, UBS телевизийн хөтлөгч Э.Уянга нартай хамтран тоглож байгаа. Би өөрөө энэ төрлийн кинонд тийм ч дуртай биш. Гэхдээ энэ удаа киноны зохиол таалагдсан, дээрээс нь уран бүтээлч найзуудтайгаа хамтарч ажиллах учраас татгалзаагүй.

 

А.Халиун

"Нийслэл таймс" сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.