2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Р.Амаржаргал “явбал” Ч.Ганхуяг “ирэх” боломжтой

Р.Амаржаргал “явбал” Ч.Ганхуяг “ирэх” боломжтой

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Р.Амаржаргал “явбал” Ч.Ганхуяг “ирэх” боломжтой

Р.Амаржаргал үлдэх үү, нүүх үү гэдгийг УИХ-ын чуулганаас түрүүлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд шийднэ. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Ардчилсан намынх. Тиймээс Р.Амар­жаргалын өргөдлийг хүлээж авах боломжгүй гэж үзэх магадлал өндөр. Гэхдээ сон­гогчдын гэхээсээ хувь хүний үзэл бодол, эрх чөлөөг яаж ч хориглоод нэмэргүй л болов уу. Р.Амаржаргалыг авч үлдлээ гэхэд тэр “Би энэ УИХ-д суумааргүй байна” гээд гараад явчихвал хорьж дийлнэ гэж үү. Ёстой яаж ч чадахгүй. Тэр цалингаа авдгаараа аваад, УИХ-ын гишүүн гэсэн статустайгаа танхимаас гадуур яаж ч явсан бүрэн эрхтэй. Муугаар бодвол ямар нэг асуудал гарлаа гэхэд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх нь түүнийг хамгаална. Түүнийг яаж ийгээд УИХ-ын гишүүнээр нь авч үлдлээ гэхэд ийм л хувилбар бий. “Явъя гээд байхад та нар явуулаагүй шүү” гэж хэлэх эрх нь ч түүнд нээлттэй. Нөгөө талаар Р.Амаржаргалын өргөдөлд Байнгын хороо “цохолт хийгээд” өгчихвөл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгуулийн асуудал яригдана.

 

Энэ тойргоос УИХ-д АН-аас Л.Гантөмөр нийт сонгогчдын 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналыг авч орж ирсэн. Тэдний ард МАН-ын нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн саналаар жагссан. Маш цөөхөн хувийн саналаар ялагдсан гэсэн үг. Нөхөн сонгууль зарлалаа гэхэд Ардын намын нэр дэвшигчдэд өөрсдийгөө сурталчлаад ухуу­лаад байх шаардлагагүй. Хан­галттай сурталчилсан, танигдсан. Ардчилсан нам тэднээс давж гарахуйц, Р.Амаржаргалаас илүү гарна уу гэхээс дутахгүй лидер өрсөлдүүлэхгүй л бол УИХ дахь 34 суудлынхаа нэгийг сөрөг хүчинд алдаж мэдэх аюултай. Нөхөн сонгуулийн сургаар бие дааж нэр дэвшигчид болон Ардын нам, МАХН-аас нэр дэвших хүмүүсийн нэр яригдаж эхэллээ. Тухайлбал, Ардын намаас Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Хотын орлогч дарга асан Ц.Цогзолмаа, Ардчилсан намаас Да.Ганболд, НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших тухай яриа амнаас ам дамжиж байна. Түүнчлэн “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар бие даан нэрээ дэвшүүлж магадгүй гэх яриа ч гарчээ.  Гэвч нөхөн сонгууль явуулах ёстой юу, үгүй юу гэдгийг бодолцох л ёстой. 

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн саналыг авсан хүн УИХ-ын гишүүн болох ёстой. Хуулиараа бол Ч.Ганхуяг УИХ-ын гишүүн болж болох “визээ” авчихсан гэсэн үг. Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулж, УИХ-ын 2012 оны сонгуулийг намын жагсаалтаар, тойргоос нэр дэвшүүлэн өрсөлдүүлж энэ удаагийн парламентыг бүрдүүлсний хэрэг юу билээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын их хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэж заажээ. Тэгвэл Ч.Ганхуяг санал өгсөн сонгогчдын 30.81 хувийн саналыг авчихсан байдаг. Ингэж тооцвол нөхөн сонгууль явуулж, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр асуудлыг шийдчихэж болмоор. УИХ сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулсны гол утга учир нь хөрөнгө мөнгө хэмнэх, сонгуулийг элдэв будлиан маргаанаас холуур тойруулах гэсэн санаа. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээс сургамж авч, сайжруулсан хуулийн гол үзэл санаа нь энэ. 

 

Нөгөөтэйгүүр мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтад “Тойргоос сонгогдсон Улсын их хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” гэх болон 52.3-т зааснаар “Улсын их хурлын ээлжит чуулганы үеэр Улсын их хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна” гэсэн заалт бий.  

 

УИХ-ын сонгуулийн түүхэнд монголчууд 1997 онд 21 дүгээр тойрогт, 1998 онд 37 болон 53 дугаар тойрогт, 2001 онд 22 болон 11 дүгээр тойрогт, 2002 онд 36 дугаар тойрогт, 2005 онд 65 дугаар тойрогт, 2006 онд 46 дугаар тойрогт, 2009 онд 24 дүгээр тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулж байв. Тухайн үед ихээхэн төсөв зардал гаргаж, олон хүн нэр дэвшин өрсөлдөж, хэл ам, маргаан будлиан ч гарч байлаа. Тухайлбал, 2002 онд 36 дугаар тойргийн нөхөн сонгуульд улсын төсвөөс 8.324.686 төгрөг, 2005 онд 65 дугаар тойрогт 5.273.400 төгрөг, 2006 онд 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд 12.305.770 төгрөгийг тус тус зарлагадсан юм.  Нөхөн сонгууль явуулах учиртай ч гэлээ улс орны эдийн засаг, төсөв мөнгө бага татуу байгааг бодолцож, сонгуулийн пропорциональ системийн ид шидийг үзмээр байна. 

 

Б.ОЮУНГЭРЭЛ

 

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.