2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ш.Раднаасэд: ”Ерөнхий сайд үндсэн хууль зөрчсөнийг улсын дээд шүүх тогтоосон”

Ш.Раднаасэд: ”Ерөнхий сайд үндсэн хууль зөрчсөнийг улсын дээд шүүх тогтоосон”

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Монгол Ардын Намын Хууль, аюулгүй байдлын газрын дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа. 

 

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн гэсэн. Яг ямар үндэслэлээр хандаад байгаа вэ? 

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу хуулийг нэг мөр дагаж мөрдөөгүй, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал болгосон хүнийг Засаг даргаар батламжилж захирамж гаргадаг. Энэ шийдвэр нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Болсон бодит нөхцөл байдлыг тайлбарлах юм бол өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг дарга нарыг томилох ажил эхэлсэн. Энэ үед Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн. Гэтэл төрийн албанд гурван жил ажиллаагүй байгаа нь хуультай зөрчилдөх тул томилох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс маргаан үүсч иргэн М.Бадамсүрэн шүүхэд хандаж гурван шатны шүүх Ерөнхий сайдын зөв байна гэсэн шийдвэр гаргасан. Ерөнхий сайд ч өөрийн зөв болохыг олон хуулиас иш татаж нотолсон байна билээ. Гэтэл хууль мөрддөг Н.Алтанхуяг сайд маань 2012 оны арваннэгдүгээр сард гаргасан 80 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг, мөн 92 дугаар захирамжаар Төв аймгийн аймгийн Засаг даргаар Д.Баярбатыг томилсон. Энэ хүмүүс нь аймгийн Засаг дарга төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг огт хангаагүй бүр нэг жил ч ажиллаагүй хүмүүс байсан. Харин Бадамсүрэн 1.6 жил төрд ажилласан байсан шүү. Нэг үгээр хэлбэл, аймгийн Засаг дарга болох шаардлага хангаагүй хүмүүсийг Ерөнхий сайд хууль зөрчөөд баталж байна гэсэн үг л дээ.

 

-Тэгэхээр Ерөнхий сайд өөрийн намын хүмүүсээ хууль зөрчин, албан тушаалд томилж байна гэсэн үг үү? 

-Үүний шалтгаан нөхцөлийг нь харах юм бол аливаа нэг нам эвсэл, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэнээрээ ялгаварлан гадуурхагдаж байгаа хэлбэр хамгийн түрүүнд харагдаж байна. Түүнчлэн Д.Жаргалсайхан, Д.Баярбаатар, М.Бадамсүрэн нарыг харьцуулан харахад Төв, Баянхонгор аймгийн Засаг даргаар томилогдсон хоёр хүн компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй. Харин М.Бадамсүрэн бол эгэл жирийн ажил хийж байсан энгийн л иргэн байгаа юм. Энэ нь Засгийн газар болоод Засгийн газрын тэргүүн ард иргэдээ үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаж харьцдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж ч болохоор байгаа. Мөн Ардчилсан намын хүн биш учраас М.Бадамсүрэнг томилохгүй байх бас нэг шалтгаан болж байгаа юм. Хүний эрхийг дээдлэн ялгаж харьцахгүй байх, хууль бүгдэд тэгш үйлчлэх гэх зэрэг ардчиллын олон үнэт зүйл бүх хуульд байгаа даа. Үүнийг зөрчөөгүй гэж хэн ч хэлэх аргагүй юм. Хууль зүйн хувьд шүүхээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин нотлох гэж оролдох шаардлага байхгүй юм л даа. М.Бадамсүрэнг томилохгүй байгаа шалтгаанаа Ерөнхий сайд “Нэр дэвшигчийн шаардлагыг хангахгүй байгаа. Тиймээс Засаг даргаар томилоход хуульд нийцэхгүй учраас боломжгүй” гэж тайлбарласан. Үүнийг нь ч бүх шатны шүүх “Ерөнхий сайд таны зөв байна” гэсэн шийдвэр гаргачихсан. Шүүхийн энэ дүгнэлтийг дээрх хоёр аймгийн Засаг даргыг томилсон шийдвэртэй харьцуулан харахаар Ерөнхий сайд хууль зөрчсөн гэдэг нь нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, М.Бадамсүрэнг томилоогүй нь хуульд нийцэж байгаа бол Д.Жаргалсайхан, Д.Баярбаатар нарыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл байх нь ойлгомжтой. Одоо бид Үндсэн хуулийн цэц хэрхэн яаж асуудлыг шийдэхийг хүлээгээд сууж байна. 

 

-Ерөнхий сайдыг өмнө нь яг энэ үндэслэлээр шүүхэд өгч байсан шиг санагдах юм...? 

-Тийм ээ. өмнө нь тухайн орон нутгийн шударга иргэд яг энэ асуудлаар шүүхэд хэд хэдэн удаа хандсан. Гэтэл эрх ашиг нь хөндөгдсөн этгээд л захиргааны актыг хүчингүй болгох хүсэлт гаргадаг гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Тийм учраас арга буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм. Үнэндээ Монгол Улсад хууль үйлчилж, цаасан дээр бичсэн чигээрээ мөрдөгдөж байна уу, үгүй юу гэдгийг Ерөнхий сайд өөрийн биеэр харуулж байгаа. Ерөнхий сайд болоод эрх баригч намынхан, найз нөхдөд нь хууль үйлчилдэггүй жишиг манай улсад нэгэнт тогтлоо. Ер нь бол Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа гурав дахь тохиолдол шүү. Олон ч тохиолдлоо үгсэн дарсан даа. Сүүлийн үед ажиглаад байхад Ерөнхий сайд болоод эрх баригч нам бол хууль үйлчилдэггүй ажил олгогч мэт ажиллаж байна даа. Би тун саяхан “Ардчилсан намын гишүүн болоогүй бол хохь чинь” гэсэн нийтлэл уншлаа. Энэ бол өнөөгийн л бодит байдал шүү дээ. Яг одоо Ерөнхий сайд гэдэг хүн маань өөрийнхөө намынханд тал засч ажлыг нь явуулдаг, өөрт ашигтай байдлаар хууль зөрчдөг, нам бус буюу бусад иргэдэд болохоор хуулийг мөрдүүлдэг албан тушаал болж хувирчихаад байна. 

 

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргах хуулийн хугацаа нь ямар байдаг юм бэ? 

-Энэ асуудлаар өнгөрсөн сард үндсэн хуулийн цэцэд өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэхгүй явсаар бараг хоёр сар болох нь. Уг нь хуулийн хугацаа нь 14 хоног л доо. Ер нь Ардчилсан нам болоод Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар цэцэд хандахаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лхагваа гэж хүнд хуваарилдаг. Энэ нөхөр нь асуудлыг дарж байдаг үүрэгтэй ч юм шиг. Төрийн албаны тухай хуультай холбоотой асуудлаар бас цэцэд хандсан. Гэтэл энэ нөхөр дээр дарагдсаар байгаад аль ч үгүй болж дууссан. Тэгэхээр нэг талдаа Лхагваа гэдэг хүн хууль зөрчсөн баримт нотолгоог дардаг, нөгөө талдаа Ерөнхий сайд маань санаа зовох зүйлгүй хууль зөрчдөг болчихсон. Уг нь Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг шүү дээ. Тэгээд ч цэцийн гишүүн гэдэг өөрөө хууль хэрэгжүүлэх дээд эрэмбэ, тэнд томилогдоно гэдэг нэр төрийн хэрэг. Гэтэл нөгөө эрхэм маань нэг нам, хувь хүний талд үйлчлээд байна уу даа гэж харагдахаар нөхцөл байдал нэгэнт үүслээ. Энгийнээр бодоод үзэхэд л энэ байгууллага маань улстөржсөн өнгө аяс харуулаад байхаар бусад нь яах билээ. 

 

-Ерөнхий сайд хууль зөрчин дээрх аймгуудын Засаг даргыг томилсон нь тодорхой байгаа гэлээ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц та бүхний талд шийдвэр гаргах магадал өндөртэй гэж үзэж болох нь. Харин Ерөнхий сайдад энэ байдлаас эвтэйхэн “мултрах” ямар гарц байна вэ. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас хэдхэн цагийн өмнө холбогдох шийдвэрээ хүртэл цуцалж байсан шүү дээ?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө Үндсэн хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Мэдээж, Ерөнхий сайдын санаатай буюу санамсаргүй үйлдэл гэх байх. Өөр ямар ч гарц байхгүй.

 

Д.БУЛГАН

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.