2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Дэмбэрэл: Авлигажсан төсөв нь лоббижсон төсөв болчлоо

С.Дэмбэрэл: Авлигажсан төсөв нь лоббижсон төсөв болчлоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Дэмбэрэл: Авлигажсан төсөв нь лоббижсон төсөв болчлоо Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгээр 100 гаруй асуудлыг хэлэлцэж батлав. УИХ дахь намын бүлгүүд ажлын хэсэг гаргаж ажилласны дүнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын мэдлийн хөрөнгийг 5-10 хувиар бууруулсан дүнтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулжээ. Тухайлбал, БХБ-ын сайд1.1 тэрбум, Зам тээврийн сайд 5.2, Хөдөлмөрийн сайд 3.2 тэрбум төгрөгөөр урсгал зардлаа хасуулсан байна.

 

Түүнчлэн төсвийг “авлигажсан төсөв”  гэж цоллуулахад хүргээд буй төсөвт өртөг нь 5-10 дахин нэмэгдсэн 200 гаруй барилга, объектоос 144-ыг нь хасч, 46 барилгыг үргэлжлүүлэн барихаар болсон байна. Ингэснээр 300 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгааг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцолсон юм. Гэвч санхүүжилтийг нь үргэлжлүүлэхээр төсөвт тусгасан 46 барилга дээр нэмж 96 барилгыг төсөвт тусгахаар болсон нь гишүүдийн дунд маргаан үүсгэв. Өөрөөр хэлбэл, намын бүлгүүд ажлын хэсэг дээрээ “Эдгээр барилгыг төсвөөс шууд хасч болохгүй. Санүүжилтийг нь “0” заалттай буюу аудитын шалгалтын дүнг гартал түр царцаая” гэж тохиролцжээ. Үүнийг зарим гишүүд эсэргүүцэж байлаа. Тэд “төсөвт тусгаснаар бол эдгээр барилгыг ирэх онд үргэлжлүүлэн барихгүй ч байж болох юм байна. Ингэж сунжирснаар дутуу баригдсан барилгуудын чанар муудаж, дахин сэргээн барихад одоо шаардагдаж байгаагаасаа ч их хөрөнгө зарцуулна” гэж байв.

 

 

 

Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ 96 барилгын хувьд дутуу хаяж болохгүй гэж үзсэн учраас төсөвт суулгахаар болсон. Гэхдээ аудитын шалгалтын дүн гарах хүртэл буюу ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл санхүүжилтийг нь царцаая гэж байгаа юм. Энэ хугацаанд барилгуудын санхүүжилтийн хөрөнгө нь Сангийн яамны мэдэлд байж байна. Эдгээр барилга аудитын шалгалтаар төсөвт өртөг нь үндэслэлтэй нэмэгдсэн буюу зөрчилгүй байвал санхүүжилийг нь олгоод явах юм. Үүнээс гадна зарим зам, гүүрийн ажлыг дуусгах ёстой гэж үзсэн учраас төсвөөс салгаж, Хөгжлийн банкинд шилжүүлсэн байгаа” гэсэн тайлбар хийсэн юм. Ерөнхийдөө гишүүд 2014 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр сонгогдсон тойрогт нь баригдаж байгаа барилга, объектуудын хувь заяанд нэлээд анхаарч байлаа. Жишээлбэл, Ховдоос сонгогдсон С.Бямбацогт болон Д.Батцогт нар Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга шатсан. Барилгыг нь сэргээн засварлах, эсвэл шинээр барих шаардлагатай байгааг сануулж байв. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн нийслэлд барьж байгаа III төрөх эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байгаа ч 2014 онд барьж дуусгахаар болсон 46, санхүүжилтийг нь түр царцаахаар болсон 96 барилгын алинд ч багтаагүй байгааг хэлсэн юм. Учир нь, эмнэлгийн барилгын төсөвт өртөг нь найман тэрбумаас 13 тэрбум болж өсөөд байгаа юм байна. Түүнчлэн нийслэл, ЭМЯ санхүүжилтийн асуудал дээр ойлголцоогүйгээс 2014 оны төсөвт тусгааж чадаагүй юм байна. Тиймээс төсөв батлагдахаас өмнө III төрөх эмнэлгийн асуудлыг шийдэж, төсөвт тусгахаар болсон юм. Ийнхүү төсөвт өртөг нь хэд дахин өссөнөөс болж төсвөөс хасагдах дээрээ тулаад байсан барилгуудаас 96-г нь эргэж харж үзэхээр болов. Энэ хугацаанд барилгын ажил гүйцэтгэгч компаниуд нь төсөвт өртөг нь үндэслэлтэй нэмэгдсэнийг аудитын байгууллагад нотолж чадвал санхүүжилтээ авах боломж бүрдэж байгаа юм байна. Төсвийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн байр суурийг сонирхлоо.

 

 

 

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр та нэг ч асуудлыг дэмжсэн санал өгсөнгүй. Яагаад ингэх болов?

 

 

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн хариуцлагатай байдлыг тусгаж өгсөн. Өнгөн дээрээ бид үүнийгээ мөрдөөд байгаа юм шиг харагдаж байна л даа. Гэвч эцсийн дүндээ эсрэгээрээ болоод байна.  Жишээ нь, төсөв хэлэлцэж байгаа одоогийн механизм саань хэн сайн лоббидож чадсанд нь үйлчилж байгааг бид сая харлаа шүү дээ. Тэд үнэхээр сайн лоббидож чадсан учраас тойрогтоо хийж байгаа бүтээн байгуулалтыг авч үлдэж чадаж байна. Тэр хүмүүст баяр хүргэе. Гэхдээ нэг хэсэг нь сэтгэл хангалуун болсон ч, нөгөө хэсэг нь сэтгэл дундуур үлдэж байх шиг байна. Зарчмын хувьд улс төрийн намууд ингэж тохиролцож, лоббид автаж төсвөө батлах нь улс орны амин чухал асуудал болсон эдийн засгийн бодлогоо буруу тал руу нь чиглүүлж байна гэсэн үг. Тийм учраас би бүх асуудал дээр татгалзсан байр сууринаас хандсан

 

 

 

-Таныхаар бол төсвөө яаж хэлэлцэх ёстой байсан бэ?

 

 

 

-Гурван намын бүлэг хамтраад төсвөө цаг хугацаанд нь баталж байгаа нь сайн боловч эцсийн дүндээ оруулж ирсэн төслийнх нь гэдэс дотрийг задлаад үзэхээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй, аль болох тойрогт нь барилга, объектыг нь суулгаж өгөхийг зорилгоо болгосон харагдаж байна лээ. Энд сайн, муу гэж ялгахаасаа илүү тухайн процесст хэн сайн лоббидсон нь хожсон. Хоёрдугаарт намууд хоорондын тохиролцоо ямар байв гэдгийг харж болно. Энэ утгаараа бол энэ хариуцлагагүй төсөв болж байна. Энэ үзэгдэл үүгээр л дуусаасай билээ. Ирэх жилээс дунд болон урт хугацааны хөгжил, сангийн болон төсвийн бодлогын уялдаа ямар байх юм гэдэг механизмаа тохирдог, дараа нь хөрөнгө оруулалтынхаа төсвийг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж баталдаг. Дараа нь нийгмийн ач холбогдлоор нь гэх мэт бүрэн утгаар нь анализ, дүгнэлт хийсэн төсөв хэлэлцэж батлах ёстой шүү дээ.

 

 

 

-Төсөвт зарим нэг эерэг зүйл ажиглагдсан шүү дээ. Жишээ нь, зардлаа багагүй танасан.

 

 

 

-Орлог, зарлага гээд бүх тал дээрээ л хариуцлагагүй байгаа

 

 

 

-Уг нь ирэх жилийн төсвийг намуудын ажлын хэсэг, Байнгын хороод гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн шүү дээ?

 

 

 

-Бусад Байнгын хороогоор хэлэлцдэг ч Төсвийн байнгын хороон дээр очоод вакумд орчихдог шүү дээ. Бусад нь бол зүгээр л формальны хэлэлцэж байгаа. өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороон дээр нөгөө л тохиролцоо, лобби ордог. Ер нь цаашдаа төсөв хэлэлцдэг процедур болон хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

 

 

 

-Сөрөг хүчний байр суурийг та хэрхэн үнэлж байна вэ?

 

 

 

-Чуулган дээр МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Эхлээд их л шүүмжлэлтэй хандаж байлаа. Гэвч төгсгөлдөө “Бид тохиролцсоныг онцлон тэмдэглэе” гээд явчихсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хэлсэн, ярьсан, шүүмжилсэн зүйлийг логикоороо, төсөвт оролцож байгаа байдлаараа үгүйсгэчихсэн. Ийм байхад хоёр том намын тохиролцоог эрүүл гэж хэлэхэд хэцүү л юм.

 

 

 

-Эндээс гарах үр дүн ямар байх бол?

 

 

 

-Ерөнхийдөө хариуцлагагүй төсөв батлагдчихаар эдийн засгийн бодит үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Энэ тохиолдолд зайлшгүй төсвөө тодотгох процесс руу хөтөлнө л дөө. 

 

 

 

Х.Түвшин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.