2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Н.Дашэвэг: Цээжний бангаар төлөвлөгөөгүй хөрөнгө зарцуулж болохгүй

Н.Дашэвэг: Цээжний бангаар төлөвлөгөөгүй хөрөнгө зарцуулж болохгүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

-Ханш өснө гэдэг цэвэр бодлогын алдаа байдаг- 

 

Гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэгтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  

 

-Монгол Улсын эдийн зас­гийн нөхцөл байдал сүү­лийн үед уналтад ороод бай­­­гааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

 

-Нэн тэргүүнд үнэ ханшийн хэлбэлзэл хүчтэй нөлөөллөө. Худалдаа эрхэлдэг хүмүүс бараагаа зарчихаад дахиад бараагаа татахдаа алдагдалд орж байна. Тиймээс үнээ нэмэхээс аргагүй. Хэрвээ тэгэхгүй бол өөрсдөө алдагдалд орно шүү дээ.  Улсын төсөв буурчихсан. Ялангуяа нүүрсний экспорт маш бага болсон.

 

30 сая тн нүүрс гадагшаа гаргана гэж байсан. Гэтэл одоо гурав хүрэхгүй хувьтай байна. Үйлдвэрүүд өөрөө хүнд байдалтай байна. Гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулж, түүнийхээ хэрээр ажилчдаа цомхотгосон. Үүнээс үүдээд улсын төсөв, энэ жил хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд ч бүрхэг харагдах боллоо. 
-Ямар ч асуудалд учир шалтгаан байдаг. Ийм хүнд байдал үүсэх болсон шалтгаан нь юу вэ?
-Эмх замбараагүй мөнгө нийлүүлж, хөрөнгө оруулалт хийж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж 720-иод тэрбум төгрөг, мөн бонд нэрээр 1.5 тэрбум ам.доллар гаргаж байгаа нь сайн хэрэг.  Гэсэн хэдий ч мөнгөний ханшийг унагах сөрөг нөлөөтэй.
Ханш өснө гэдэг өө­рөө цэвэр бодлогын алдаа байдаг. Монголбанк 2.7 тэрбум ам.долларын валютын нөөц­тэй, Хятадын Төвбанкнаас хоёр тэрбум ам.доллартай тэнцэх юань авч ашиглах эрх­тэй мөртлөө ханшаа хүчтэй савлуулж, улмаар инфляцийг өсгөхөд хүрч буй нь буруу үйлдэл.
-Тэгэхээр төрөөс баримталж буй бодлогод муу дүн тавьж байгаа хэрэг үү?
-Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засаг нийгэм, байгаль орчны бодлого дэв­шүүлж чадахгүй. Мон­голбанк хан­шийн болон хүүгийн бод­логоо явуулж чадахгүй байна. УИХ төрийн мөнгөний бодлогоо тодорхойлж чадахгүй байна. Ийм  байхад эдийн засаг сайжрах үндэслэлгүй.

 

УИХ-д суугаа цөөн эдийн засагчдын хүрээнд асуудлыг хагас дутуу тавиад баймааргүй байна.  Тиймээс нэн түрүүнд төр өөрөө үр ашиггүй зардлуудаа танах ёстой. Өнөөдөр Засгийн газар 16 яам, олон агентлагтай болсон. Түүнийг нь дагаад төрийн албан хаагчдын тоо 20-30 мянгаар нэмэгдсэн. Үүнийг ч цөөлөх хэрэгтэй. 

 

Дэлхийн улс орнуудын жишиг ч гэсэн төрийн албан хаагчдын цалинг бууруулж үргүй зардлуудаа хэмнэдэг туршлага бий. Үүний адил үйлдвэрлэлийн салбарууд ч гэсэн ийм бодлого боловсруулах хэрэгтэй.      

 

-Яавал эдийн засгаа жаахан дээрдүүлэх вэ. Зөв гарц нь юу юм бэ?

 

-Ханшийн зөв бодлого л явуулах хэрэгтэй. Монгол­банкны зүгээс хийж буй тайлбарууд их өрөөсгөл. Зөв бодлого явуулж мэдэхгүй бай­на уу гэсэн сэтгэгдэл тө­рүү­­лэхээр байна. Валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж буй бүх хүчин зүйлсээ зөв тооцоолж, тайлбарлах ёстой.
Тэр ч байтугай загварт оруулж ямар хүчин зүйлс, хэдэн хувиар нөлөөлснийг харуулах хэрэгтэй.  УИХ болон ҮАБЗ Засгийн газрын, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн яамныхыг байр суурийг яаралтай сонсох шаардлагатай.
Мөн гарах арга, зам төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Ингээд богино, дунд, урт гэсэн төлөвлөгөөг гаргах нь зүйтэй. Хэрвээ ингэж зөв шийдэлд хүрч чадвал энэ байдлаас хөнгөхөн гарч чадна. 

 

-УИХ-ын ээлжит бус чуул­ган хуралдахаар болсон. Мэдээж энэ хурлын үеэр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярина. Харин үр дүн нь хэрхэх бол? 

 

-Эдийн засгийн хямралын байдалдаа маш сайн дүн шинжилгээ хийх ёстой. Үүссэн нөхцөл, шалтгаан, түүнд тохирсон бодлогыг Засгийн газар, Монголбанк явуулж чадсан уу гэдгийг Засгийн газар Монголбанкаар тайлагнуулж, улмаар хөндлөнгийн эрдэмтдээр шалгуулж үнэлүүлэх нь чухал.
Хямралын эсрэг үндэсний зөвлөл байгуулж, түүнд эрдэмтэд, ТББ, хувийн хэвшлийн төлөөллийг оруулмаар байна. Хямралын эсрэг хөтөлбөр дэвшүүлж ажиллах ёстой. Энэ нь нөхцөл байдлыг зөөлрүүлж, сэтгэл зүйн хувьд ч таатай нөлөө үзүүлнэ. 

 

-Чингис бондын санхүү­жилт эргээд ашиг олох, зардлаа нөхөх тал дээр тааруу гэсэн шүүмжлэлийг дагуулах боллоо? 

 

-Чингис бондоор санхүү­жүүлж байгаа төслүүд ТЭЗҮ-гүй болохоор эргэж төлөх графикаа хийж чадахгүй байна.  Цээжний бангаар төлөв­лөгөөгүй хөрөнгө зарцуулж болохгүй.

 

Энэ үйлдэл нь гад­ныханд “Монголын мангар Засгийн газар бондын мөнгөө эргүүлж төлж чадахгүй нь” гэсэн хардлагыг төрүүлж, авсан бондоо эргүүлэн зарж эхлэхэд хүргээд байна. Одоогийн байдлаар бондын үнэ 10 орчим хувиар уначихсан.

 

Монголын Засгийн газрын бондыг дахиж авах хөрөнгө оруулагч эрс багасах аюул нүүрлэлээ. Энэ бол мэргэжлийн бус Засгийн газрын алдаатай, буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм. 

 

 -Монгол Улс цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?

 

-Уул уурхайн салбарынхаа үр ашгийг дээшлүүлж иж бүрнээр нь кластержүүлж, инновацижуулж хөгжүүлэх асуудал байна. Эдгээртэй зэрэгцээд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрлэлээ ши­нэ шатанд гаргах ёстой.

 

Цаашилбал өндөр технологийн кластерүүдийнхээ хөгжлийн суурийг тавимаар байгаа юм. Шинжлэх ухаан, дээд боловсролд шинэчлэл хийх шинж тэмдэг харагдахгүй байна.                

 

М.Санчир

 

Эх сурвалж : ӨГЛӨӨНИЙ СОНИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.