2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ө.ЭНХТҮВШИН МАН-ын XXVII Их хуралд тавьсан илтгэлийн хураангуй

Ө.ЭНХТҮВШИН МАН-ын XXVII Их хуралд тавьсан илтгэлийн хураангуй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Ө.ЭНХТҮВШИН МАН-ын XXVII Их хуралд тавьсан илтгэлийн хураангуй

МАН-ын XXVII Их хурал 2013 оны аравдугаар сарын 27-ны өглөө Соёлын төв өргөөнд эхэллээ. Их хуралд нийтдээ 1134 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 343 нь Улаанбаатар хот, 791 нь орон нутгаас сонгогдсон юм.

          Сонирхуулахад, эдүгээгээс 52 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улсын бие даасан бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Нью-Йоркийн тэнгэрт БНМАУ-ын төрийн далбааг намируулсан түүхтэй аж.

          Их хурлын нээлтийн ёслолын дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Монгол Ардын Намын XXVII Их хуралд тавих улс төрийн илтгэл” тавилаа. Гурван бүлэг бүхий уг илтгэлд улс орон болон Ардын намын дотоод амьдралд оршиж буй алдаа оноог дэнслэхийн зэрэгцээ Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын шийдэл, гарцыг тодорхойлсноороо онцлог байв. Мөн гишүүд,олон түмнийхээ санал бодолд тулгуурлан намын шинэчлэлийн цогц асуудлыг хөндөж, сонгогчдын итгэлийг хүлээсэн хүчирхэг улс төрийн хүчин болгохгарцыг эрэлхийлсэн нь ач холбогдолтой байлаа.

Илтгэлийн гол санааг тоймлон хүргэж байна.

           МАН-ын XXVI Их хурлаас хойш яг З жилийн нүүр үзэж байна. ...Ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, эхлэл, суурийг нь тавьсан, үргэлжлүүлсэн, дуусгасан ажлуудыг нэрлэ гэвэл маш урт жагсаалт гарах болно.

          Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулан, түүний үр шимийг ард иргэддээ хүртээсэн, Атрын III аяныг амжилттай өрнүүлж гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангасан, “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж малын тоо толгойг зарим жилд 50 шахам саяд хүргэсэн, оюутнуудыг үндэсний тэтгэлэгтэй болгосон, олон аймгийг нийслэлтэй авто замаар холбох ажлыг шинээр эхлүүлж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлсэн, ялангуяа орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан иргэдээ онцгой анхаарсан зэрэг бодитой ажлуудыг хийж, чамлахааргүй үр дүн гаргасныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хөгжлийн хураангуйлсан үзүүлэлтийн нэг болох эдийн засгийн өсөлт энэ жилүүдэд төлөвлөснөөс илүү хангагдаж  тухайлбал,  2011 онд 20,2 хувьд хүрсэн гэдгийг саяхан Засгийн газраас УИХ-ын гишүүдэд тараасан Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн танилцуулгад /17-р хуудас/ онцлон тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн байна. Ийм өндөр өсөлт үзүүлсэн улс дэлхий дээр тухайн жилд  тийм ч олон биш байх аа.

Үндэсний зөвшилцлийн тогтолцоог бий болгоё

       ... Улс орныхоо өдгөөгийн байдлыг сайтар тандаж үзвэл, нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид “засаглалын хямрал нүүрлэлээ” хэмээн бас ярьж, бичих болов. Гадаадынхан бүр ноцтой үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан Австралийн Мелбурны Их сургуулийн профессор Андрью Волтер: Монголд 2 төрлийн эрсдэл байна.  Эхнийх нь “Улс төр маш тогтворгүй байна. Энэ бол хамгийн том эрсдэл” гэжээ.​ 

        Улс төр тогтворгүйтэж байгаагийн шинж чанар, шалтгаануудын заримыг товч авч үзье. Улс төр тогтвортой байх эсэх нь тухайн орны улс төрчид, эрх баригчдаас шууд хамаардаг. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа олонхийг бүрдүүлсэн эрх баригчид зөвхөн өөрсдийн сонирхлыг хангах зорилгоор аливаа асуудалд хүч түрэх, зөвшилцлийг зогсоох, УИХ-ын даргыг хууль зөрчин “сонгох”, цөөнхийн бүхий л эрхийг хааж боох зэрэг овилгогүй олон үйлдэл хийсэн нь улс төрийг тогтворгүй болгох эхлэлийг тавьсан юм. Эрх баригчид нийгмийн улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн болон оюун санааны амьдралын асуудал бүрт хушуу дүрж том, жижиг гэлтгүй бүх хэрэгт хутгалдан оролцох нь газар авлаа.

        Өөрсдийнхээ баталсан хуулийг парламент дахь олонх, Засгийн газар зөрчиж эхэлбэл энэ нь улс төр тогтворгүй болохын бас нэгэн ноцтой шинж мөн.Өөрсдөө хуулиа зөрчдөг эрх баригчдыг ард түмэн тоохоо больдог бөгөөд тэд ч хууль биелүүлэхийг иргэдээс шаардах нүүргүй болдог. Үүнийг засаглалын хямралын гол симптом гэж зарим судлаач бичиж байгаа юм.

         ...Тогтворжуулахад юуны өмнө парламентад олонхийг бүрдүүлсэн эрх баригчид онцгой үүрэгтэйгээ ухамсарлахыг бид сануулж байна. Парламент дахь цөөнх бол сөрөг хүч (уг нь оппозоци) учраас түүнийг дарж хавчиж байх ёстой гэж ойлгож довтолдогоо тэд зогсоох ёстой. Олонхийн түрэмгий, алдаатай бодлогын уршгаар ийнхүү зөвшилцлийн боломж үлэмж хумигдаад байгаа ч, бүрмөсөн алдагдсан гэж бас үзэхгүй байна. Улс төрийн тогтвортой байдал бол зөвхөн тэнцвэр, зохицол, ойлголцол, зөвшилцөлд тулгуурладаг гэж бид хатуу итгэдэг учраас үндэсний зөвшилцлийн тогтолцоог бий болгохын төлөө бүхийл  боломж, гарц, арга замыг хайх ёстой гэж үзэж байна. Тийм боломж бүрдвэл, өнөөгийн хэт улс төржилт, талцал хуваагдлаас гарах арга зам, “дордуулсан 7 өөрчлөлт” гэдэг нэртэй болчихоод байгаа Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт өөрчлөлтүүд, сонгуулийг мөнгөний нөлөөллөөс бүрэн ангижруулах нөхцөл боломж, улс төрийн намуудын санхүүжилт, стратегийн ач холбогдолтой том төслүүд, баялгийн хуваарилалт зэрэг олон түмний анхаарал татсан томоохон асуудлыг ярилцаж ойлголцоход манай нам бэлэн байна.

Банкин дахь хадгаламжийн мөнгөний 95,5 хувь нь хүн амын ердөө

5-хан хувьд оногдож байна

      Баян, хоосны ялгаа улам ихэслээ. Тэгш бус байдлыг тодорхойлохын тулд хүн амыг хэрэглээний түвшингээр нь 5 тэнцүү хэсэгт хуваан бүлэг бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргадаг байна. Ингэхэд хамгийн бага хэрэглээтэй хэсэг буюу ядуучууд нийт хэрэглээний 7,7 хувийг эзэлж байхад хамгийн чинээлэг хэсгийнх 41,6 хувь байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ, хамгийн ядуу 20 хувийнхнаас 5,4 дахин их байгааг харууллаа. Бас нэг тоо хэлье. Монголбанкнаас гаргасан статистикийн мэдээгээр, банкууд дахь нийт хадгаламжийн мөнгөний 95,5 хувь нь хүн амын ердөө 5-хан хувьд оногдож байна.

        С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр  сард цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  52  хувиар нэмэгдүүлснээс хойш 21 сар өнгөрч байхад тэдгээрийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй.Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмбэл юмны үнэ өсчихдөг  гэсэн ганц өгүүлбэрээр тайлбар тавиад өнөөг хүрлээ.Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдүүлээгүй байхад ч барааны үнэ яаж өссөнийг өмнө өгүүлсэн. Цалин, хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн амлалт энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байдаг учраас эрх баригчид инфляцийн түвшин тун бага байгаа хэмээн яриад буй нь угтаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг болж өгвөл нэмэхгүй гэсэн бодлоготой холбоотой хэмээн зарим судлаач дүгнэж байна.

          Элдэв шүүмжлэл дагуулж байсан хэдий ч, ядуу олон мянган гэр бүл, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж ирсэн 21 мянган төгрөгийн дэмжлэг зогссон.Иргэдийн худалдан авах чадвар буурахад ямар хүчин зүйл нөлөөлснийг тогтоох зорилгоор өнгөрсөн оны  эцсээр явуулсан нэг судалгаагаар түүнд хамрагдагсдын 70 шахам хувь нь иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөгийн нэмэгдэл зогссонтой холбоотой гэж үзжээ.

         Ийм нөхцөлд манай нам ямар бодлого баримтлах ёстой талаар хэдэн зүйл хэлье.

         Ойрын жилүүдэд эрдэс баялгийн салбарын давамгайлах үүргийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боловч цаашдаа: импорт зонхилсон, хямралд өртөмтгий өнөөгийн эдийн засгийг үндэсний хуримтлал, бүтээмж, шинэ технологид  суурилсан, өрсөлдөх чадвартай, бүтцийн хувьд төрөлжсөн эдийн засаг болгох чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм. Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулна гэж зарим эрдэмтэн яриад байгаа нь үүнийг хэлж буй хэрэг.

       ... Яагаад нэг жилийн дотор Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал ийнхүү уналтад оров?Гадаадаас мөнгө яаж олох вэ гэдгийг л эрх баригчид бодож байгаа болохоос биш цэгцтэй өөр хувилбар, алсын хараа тэдэнд алга. Гэхдээ манай нам “эрх баригчид бодлогогүй байна” гээд зөвхөн шүүмжлээд сууж таарахгүй. МАН  үнэхээр цэгцтэй, бүтээлч оппозици байхыг эрмэлзэж байгаа юм бол, бурууг зөв болгох, хүндрэлийг хямралд хүргэхгүй байх бодлогын зэрэгцээ хувилбаруудыг  дэвшүүлж ажил хэрэг болгохын төлөө шаргуу тэмцэх ёстой. Түүнээс биш, бид засгийн эрхээс мултарсан, бодлого гаргах нь олонхийн хэрэг гэж хандах  эрхгүй. Бид хяналтаа ч тавина, бодлогоо, сэтгэлгээ, арга барилаараа ч өрсөлдөнө. Ийм учраас, Монгол эх орон, ард түмнийхээ цаашдын хөгжлийн асуудалд онцгой анхаарч энэ Их хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Тэгэх тусмаа, эдийн засгийн хямралын ирмэг дээр тулж зогссон одоогийн нөхцөлд тийм хэрэгцээ улам их байна.

Хүний хөгжлийн асуудал Их хурлын шийдвэрийн гол цөм нь

        ... Одоо энэ Их хурлаар хэлэлцэх гэж буй “Монгол Улс-21:хөгжлийн зорилтууд” гэсэн баримт бичгийн агуулгыг МАН-ын мөрийн хөтөлбөрийн зорилтуудтай нягт уялдуулан авч үзэв. Хүний хөгжлийн асуудал урьдын адил, энэ Их хурлаас гарах бодлого, шийдвэрийн гол цөм хэвээр байх нь ойлгомжтой. Зөв бодлого явуулж, нийгмийн халамж, ядуурлыг бууруулах чиглэлээр хөрөнгө нөөцийг оновчтой, үр ашигтай зарцуулж чадвал 2021 он гэхэд ядуурлын өнөөгийн түвшинг 2 дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байна. Ялангуяа залуучуудыг сургаж  дадлагажуулан ажлын байраар хангах, иргэд, багавтар аж ахуй эрхлэгчид хөрөнгө, хөдөлмөрөө хорших, жижиг үйлдвэрүүд нэгдэж томрох боломжийг бүрдүүлэх,  мэргэжил, ур чадвар олгох урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулах, ажиллах хүчийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх үндэсний чадавхи, үйлчилгээний тогтолцоог  бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ мэт арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж чадвал, 2021 он гэхэд хөдөлмөр оролцооны түвшинг 70-аас доошгүй хувьд хүргэж, 18-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшинг 2013 оныхоос 2 дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

          Ирээдүйдээ итгэлтэй, боловсролтой, эрүүл, амьдрах чадвартай шинэ залуу үеийг төлөвшүүлэхэд чиглэсэн залуучуудад ээлтэй бодлогыг манай нам боловсруулан хэрэгжүүлнэ. Монгол Улсын хөгжлийн бодлогод гадаад харилцаа чухал байр суурь эзэлнэ.Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харьцаж, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, тэдгээр орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Намын анхан шатны байгууллагад эрх мэдэл өгнө

         ...Шинэчлэл бол тодорхой хэсэг хугацаанд хэдэн том өөрчлөлтийг ганц хоёрхон далайлтаар хийгээд дуусдаг ажил биш ажээ. Харин, улс төрийн нам оршин байгаа бүхий л үед үргэлжлэх тасралтгүй үйл явц гэж ойлгож байна. Тиймээс  шинэчлэл гэхээр л нам ялагдсан юм уу эсхүл хямарсан үед хийдэг зүйл мэтээр ярих нь утга учир муутай. Тасралтгүй шинэчлэл бол аливаа байгууллагын, түүний дотор улс төрийн намын оршин тогтнох үндэс мөн байна. Яг энэ цаг үед бид юуг шинэчлэх вэ гэдгээ олж харахын тулд яагаад ялагдав гэдэг асуултыг үргэлж хамт тавьж түүнээ тойрч ярилцах ёстой юм. Тэдгээрийн дотроос онцгой анхаарах ёстой хэдэн асуудлыг хөндөж ярья. Эрх барьж байсан он жилүүдэд бидний гаргасан хамгийн ноцтой алдаа, завхрал нь боловсон хүчний бодлоготой шууд холбоотой. МАН-ын дүрмийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтөөр үүнийг хүний нөөцийн бодлого гэж нэрлэх санал явж байгаа.

        ... Үнэнийг хэлэхэд, манай намын боловсон хүчний гол бодлого хэрэг дээрээ 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг болжээ. Боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг боловсрол, шударга чанар,ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг  бус, чухал биш төдийгүй зарчимгүй өөр бусад үндэслэлүүдийг голлодог болоод удсан.

       ...Тэгээд манай намын дээд болон дунд шатны удирдлагын дотор энэ хүрээнийхээ хүмүүсээр  дамжуулж нийгмийг хардаг, тэр цагираг дотроо  л сэтгэдэг, шийдвэр гаргадаг зохисгүй байдал бий болсон. Намын боловсон хүчний бодлого,үйлажиллагаанд  бий болсон нүдэнд үл үзэгдэх энэ хана хэрэм нурах ёстой. Боловсон хүчнийг сайтар бэлтгэж байж ажилд тавьдаг байсан өмнөх үеийн арга барилаа сэргээхэд яагаад болохгүй гэж. Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу гишүүдийн  зан үйл, ёс суртахуунд ноцтой нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгээ хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ. Явцуу сонирхол өвөрлөж, худал мэдээллийг шивэгнэгч  тэр хүмүүс самрын яс мэт бат хүрээ, хуяг дуулга үүсгэж, нэг л мэдэхэд, удирдах ажилтныг олон түмнээс бүрэн тусгаарлаж харах  мэлмий, сонсох чихийг нь тагладаг байна.

        Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн нь олон сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

“Авлигын эсрэг Ардын нам” хөтөлбөр хэрэгжүүлье

          “Авлигын эсрэг Ардын нам” гэсэн бие даасан хөтөлбөр гаргаж, намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эгүүлэн татах  тогтолцоо, механизмыг бүрдүүлж өгөх болно.

    Шинэ Бага хурлаас гаргах боловсон хүчний дүрэм,журамд  намын олон түмний хэлээд байгаа дараах асуудлуудыг бас тусгаж журамлах нь зүйтэй. Үүнд:

​-Бүх сул орон тоо, тавигдах шалгуур, болон хэнийг яаж томилсон тухай мэдээллийг бүхэлд нь нээлттэй, ил тод болгох;

​-Боловсон хүчнийг аль болох шударга сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх;

​-Албан тушаалд дэвшүүлэхдээ мэдлэг, боловсрол, туршлага, улс төрийн ноён нуруу, шударга чанар, мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс гадна өмнө дурьдсан орчин цагийн шинэ шаардлага шалгуурыг гол болгодог байх;

​-Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсоох, түүнд тавих хяналтыг чангатгах;

​-Томилоод зөнд нь орхих биш, ажилд нь тусалж байнга үнэлгээ өгч, түүнээ олон нийтэд мэдээлдэг журам тогтоох;

​-УИХ, орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг наанадаж нэг жилийн өмнө тодруулдаг болох;

​Бид дээрх асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, бодлого болгон баталж түүнийгээ ягштал мөрдөж чадах юм бол, намын дотоод тогтвортой байдал хангагдана, буурсан нэр хүнд сэргэнэ, эрх мэдэлтнүүд дур зоргоор аашлахыг зогсооно, дарга, сайдын нөмөр нөөлөгт хоргодож амьдрагсадын орон зай хумигдана, сонгуульд амжилт гаргаж чадна.

      ...Намын шинэчлэлийг эрчимжүүлье гэвэл олон түмний гүнд нэвтэрч амьд холбоо тогтоохыг бүх талаар эрмэлзэх ёстой.

        Намын шинэчлэлд цогцоор хандахад үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийнхээ хэрэгжилтийг бодитой хангахад дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр, арга барилын шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Үүнийг дүрмээр зохицуулдаг.Чухам ийм зорилгоор дүрэмдээ 80 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулж НАШБ, гишүүдээр хэлэлцүүлсэн.

        -Сонгуульт гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар онцгой анхаарлаа. Үүнийг Намын дарга, намын Бага хурал, Удирдах Зөвлөлөөс  эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Аймгийн намын хорооны квотод дээрээс шахуулан байж Бага хуралд нийслэлээс багтчихаад,аймагтаа  очдоггүй, намын хороондоо тусладаггүй, тэр ч байтугай Бага хуралдаа ирдэггүй, хураамжаа төлдөггүй, хааяа нэг үзэгдэхдээ зөвхөн шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гишүүн олон байдаг. Ийм хүмүүсийг Бага хуралд дөрвөн жил хадгалж суухаа больж, чөлөөлөөд оронд нь, ядахдаа сэтгэлтэй гишүүнээ оруулж сонгодог зарчим тогтооё гэж байгаа юм.

        -Намын хороод, НАШБ-ын үүргийг өндөржүүлэх зорилгоор томоохон өөрчлөлт оруулахаар заалаа.Тухайлбал, УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхдээ НАШБ-уудын түвшинд явуулсан гишүүд, дэмжигчдийн хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан аймаг, нийслэлийн намын хороо шийдвэрлэдэг байхаар өөрчлөв. Одоо намын Бага хурал эдэлж байгаа эрхийг ийнхүү доош нь шилжүүлэх саналтай байна.

        -Намын Бага хурал, Удирдах Зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн тоог цөөлж ажил хэрэгч чанарыг дээшлүүлэх талаар анхаарав.

       ...Асуудлыг шийдэх арга зам, тактик, хувилбар дээр бидний уураг тархи, санал бодол салж, ондоосч болох боловч эцсийн дүндээ улсаа, намаа гэсэн цөм дээр нэгдэж нийлэх нь ойлгомжтой. Үүнээс хойш аливаа асуудалд хандахдаа 2016-2017 оныг онилон харж бодлогоо оновчтой  дэвшүүлэн, хүчээ зангидаж, бие биеэ дэмжин хурдтай, мэдрэмжтэй ажиллаж чадвал мичин жилийн зуны сартай нэгэн шөнө манай гудамжинд галын наадам болж л таарна!

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn