2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хотын дарга Сэнгийн Эрдэнийн Бат-Үүл танаа

Хотын дарга Сэнгийн Эрдэнийн Бат-Үүл танаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Хотын дарга Сэнгийн Эрдэнийн Бат-Үүл танааАмьдралын даваа өөд өгсөж яваа идэр залуу насандаа өөрөөсөө ахмад, хүндлэх учиртай улсын баатар хүнд хатуу хайрган үгтэй захидал бичиж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Би санал бодол, байр сууриа илэрхийлэх хэвлэлийн талбарыг хэдэн жилийн өмнөөс мэдэх болсон болохоор иймэрхүү захидал мэтийн зүйлд маруухан хүний нэг. Гэвч мэргэн ахад энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүй болсон шалтгааныг ойлгоно биз ээ. Та бид хоёрын дунд адилхан Монгол Улсын иргэн гэхээс өөр ямар нэгэн өр шир, хэлхээ холбоос байхгүй. Миний бие шүлэг зохиол оролддог залуу хүний хувьд өөрийг чинь Монголын нэртэй зохиолч аавын хүү гэдгээр нь талтай нүдээр харж явдаг байлаа. Бас жанжны талбайд жагсаал удирдаж сайн муугаараа баалуулж явсны хувьд Монголд ардчиллыг цогцлоох үйлсийг манлайлж, Сүхийн талбайд трактортай жагсаж явсан таны эр зоригийг жаахан ч болов биеэрээ мэдэрч, ойлгож хүндэлдэг юм.

 

1980-аад оны дундуур сургуулиа төгсөөд ажилгүй явахдаа “Үнэн” сонинд Батдэлгэр нэрээр бичлэг тавьдаг байсныг чинь Л.Түдэв гуайгаас сонсоод басхүү тэрүүхэндээ өөриймсөж, нийтлэлүүдийг чинь сонины архиваас шүүж уншдаг байлаа. Харин одоо бол би таныг явган зальтай, “ойрын бодолтой холын шуналтай хүн юм” гэж хэлэх байна. Таны аав дээхнэ цагт нэгэн хүнийг “холын бодолтой, холын шуналтай” хүн гэж байсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ үг өнөөдөр өөрт чинь дэндүү их тохирохоор болжээ. Хотын дарга болчихоод хийж буй үйлдлүүдийг чинь хараад энэ бодол маань улам бүр лавширч байна.

Одоо бол та ардчилал гэдэг том хаягны ард нуугдсан шуналтан байжээ гэдгийг шулуухан хэлъе. Таны мэтийн хумсаа нуусан ийм шуналтангууд ардчиллын үнэ цэнийг өдрөөс өдөрт уландаа гишгэн үнэгүйдүүлж байна. “Ах дүүстээ төрийн мөнгийг тендер нэрээр хуваан өгч, хотын газрыг хууль бусаар олгох нь ардчилал биш, анархизм мөн” гэж хэлэхдээ унагасан шүлс чинь хатаж амжаагүй байхад хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанид нийслэлийн барилгын тендерийг өрсөлдөөнгүйгээр өгчихөөд хээвнэг инээж суухыг чинь хараад өмнөөс чинь ичиж билээ. / Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/533 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий төлөвлөгөөний дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан/ Таны хүүгийн компани Улаанбаатарын хаана, хэчнээн барилгыг ямар зөвшөөрлөөр барьж байгааг нийслэлчүүд мэдэж байгаа. Таны улстөржсөн шийдвэрээр өчнөөн олон гэм зэмгүй төрийн албан хаагчид ажилгүй болж хүүхдийнхээ сургалтын төлбөр, хүйтний ам хоёрыг яаж давна даа хэмээн зутарч явна. Нөгөө их гайхуулаад байдаг ардчилал, шударга ёс чинь энэ үү.

 

Ардчиллын алтан хараацай гэгддэг улсын баатар хүн “ардчилал бол зөвхөн хэсэг хүний, бараг миний өмч” мэтээр ярьж, хандаж байгааг чинь хараад гутрах юм. Ардчиллын төлөө зүтгэсний шагнал хэмээн олгосон гэх улсын баатар цолыг “С.Зоригтоо нэхэн олгосны дараа авъя” гэж хэлэх сэтгэлийн тэнхээ танд дутсан уу, эсвэл талийгаачийн гэрт малгайгаа мартсан шигээ бас мартсан уу, мэдэхгүй. Хэдхэн хоногийн өмнө орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, агуу их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг буулгалаа. Хувьсгал хийж, дайснаа дарж байгаа мэтээр сүржигнэн нураасан Лениний хөшөөний суурин дээр босгочихлоо. Хэвлэлийн хуудас, олны амны салхинаас их зохиолчийн хөшөө байсан газрыг авах, өөрийн чинь найз УИХ- ын гишүүн С.Эрдэнийн гэгддэг “Бэгдү констракшн” компанийн барьсан барилгын автомашины зогсоол болгохоор өгөх гэж байгаа хэмээн сонсогдох боллоо. /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр нэртэй уг барилгыг барихдаа УИХ-ын гишүүн Зоригтын компаниийн эзэмшлийн болон Чойжин ламын сүм музейн газраас хууль бусаар булааж авсан гэгддэг/ Энэ үнэн бол Монголын том зохиолч баавайн өвөр дээр хүн болж, зохиол бүтээл хэрхэн төрдөг тухай, соёл урлагийн бүтээлийн үнэ цэнийг нялх багаасаа мэдэрч өссөн гэж ойлгодог танд “арай ч дээ” гэж хэлэх ч ахадна. Соёл урлагийн гэрт төрж өссөн та ийм зүйл хийж байгаа юм чинь бусдыг нь бол гайхаад байх ч хэрэггүй болжээ.

 Хэдэн ном, хэдэн зохиолоо өөрөөсөө ч илүү хайрлаж явсан өвгөн буурал аав чинь амьд сэрүүн байсан бол нэг үг хэлэх л байсан байх. Та үнэхээр ардчилалд хайртай юм бол ардчиллын хамгийн том үнэт зүйл болсон оюуны өмч, урлагийн бүтээл, соёлын өв, сэтгэлгээний эрх чөлөө рүү ингэтлээ шүд зуун дайрахгүй байсан. Д.Нацагдорж гэж хэн байсан, бидэнд юу үлдээсэн гавьяаг ганц хөшөө, алга дарамхан газраар үнэлэх боломжгүйг оюун санааг эд мөнгө, эрх мэдлээс илүүд үздэг Монголын ард түмэн бүгдээрээ сайн мэднэ. Улаанбаатарт хөшөө дурсгал цөөдөөгүй ч гэсэн хэдхэн хүний халаас түнтийлгэсэн аар саархан конторын барилга бүр ч цөөдөөгүй ээ.

 

Саяхан хүн амьтан амарч наадаж явах цагаар Сүх жанжны талбайг Чингисийн талбай болгох шийдвэр гаргаж, хөшөөг нь нүүлгэх тухай ярьж, “чоно борооноор” гэгч болсныг чинь Монголын ард түмэн түүх, урлаг хоёр уруугаа нулмилаа хэмээн үнэлж байна. Үнэндээ 1921 оны Ардын хувьсгалыг хийж эх орноо тусгаар тогтнуулж, сэргэн мандуулсан өвөг дээдэс байгаагүй бол та өнөөдөр ардчиллын тухай цэцэрхэж, хотын дарга, улсын баатар хэмээн цээжээ дэлдээ ч үү, үгүй ч үү. Ажил хийж болох ч аливаа юманд ёс суртахууны хэм хэмжээ гэж бас бий. Би танд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Тиймдээ ч аавын чинь хэн нэгэнд бичсэн захидлын адил өөрт чинь ил захидал бичлээ. Гэхдээ Монголын их утга зохиол, соёл урлаг, нийгмийн сэтгэлгээний эрх чөлөөний төлөө амьдралаа зориулсан эрхэм хүндэт тэр баавай энд ямар ч хамаагүй гэдгийг бас хэлье. Цаашдаа таны мэтийн ардчиллын баг зүүж, дүр эсгэгчдийг тэвчих ард түмний тэвчээрт хязгаар бий гэдгийг, тэдний нэгэн төлөөлөл болгож танд үзэглэлээ. Та нарын хэлдгээр шударга байцгаахын тулд шударга бус бүхний эсрэг бичсээр, тэмцсээр байх болно.

Хүндэтгэсэн “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.