2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Гей байлаа гээд гэгээлэг амьдарч болохгүй юм гэж үү


Гей байлаа гээд гэгээлэг амьдарч болохгүй юм гэж үү

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Ижил хүйстэн гэхээр л бид эвэртэй туулай үзсэн мэт болдог. Түүх сөхөж үзвэл,  хүн төрөлхтөн XIX зууны сүүлчээс ижил хүйстний бэлгийн чиг хандлагыг судалж эхэлсэн ба ихэнх эрдэмтэд гомосекс байна гэсэг бол өвчин гэж үзэж байсан. Түүгээр ч барахгүй сэтгэц мэдрэлийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн байх юм. Харин 1970-аад оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолжээ. Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн Сэтгэц мэдрэлийн өвчний жагсаалтаас хассан байна.

 

Өдгөө дэлхийн ихэнх оронд дээрхтэй адил өвчин эмгэг биш хэмээн үзэж, өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчний жагсаалтаас хассан. Харамсалтай нь, Монгол Улсын хувьд өнөөг хүртэл “өвчин” гэсэн ангиллаас хасаагүй байгаа.  Төр нь өвчин биш гэдгийг нь хүлээн зөвшөөрч хасаагүй байхад түмэн олон нь яаж ч эерэг ойлголттой байх билээ. Ижил хүйстнээ сонирхдог болно гэсэг бол хэн нэгэнд уруу татагдах, эсвэл өөрийн дур хүслээр болно гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг. Ялангуяа Монгол Улсын хувьд 1990-ээд оны сүүлчээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн буруу ташаа мэдээллээс болж иймэрхүү байдлаар буруу ойлгох ойлголт газар авсан. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан дээрх ойлголт нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг нотолжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд уруу татагдаад, эсвэл өөрийн дур хүслээр ижил хүйстнээ сонирхдог юм уу татагддаг болно гэж байдаггүй аж.  “Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрөх нь олонтаа байв. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа.

 

 

 

Учир нь энэ бол өвчин биш. Харин гомосекс хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей хүн эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж. Судалгаагаар ижил хүйстнээ сонирхдог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илүү тохиолддогийг тогтоожээ. Магадгүй бусад хүмүүс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсон нь нөлөөлсөн байж болох юм. Монгол Улсад одоогоор иймэрхүү нарийн судалгаа хийгдээгүй байгаа нь харамстай. Нэгэн гей мисс залуугийн яриаг хүргэе

 

-Би жаахан хүүхэд байхдаа ээжийнхээ туфлийг өмсөөд л будгаар нь нүүрээ будчихдаг байсан. Жаахан байхдаа охин шиг гэж доромжлуулаад л, жаахан том болонгуутаа “хүүхэн шиг” гэж хочлуулаад, сүүлдээ манин гээд л олон нэр хоч зүүсэн л дээ. Тэгж явсаар дунд сургуулиа төгсөж оюутан болсон чинь нөгөө доромжлох хандлага арай өөр болсон. Боловсролынхоо төвшингөөр хүн сэтгэдэг гэдэг нь үнэн. Оюутнууд бол хичнээн эмэгтэйлэгийг мэдэж байгаа ч гэсэн ил гаргахгүй. “Манай хүн жаахан эмэгтэйлэг дээ” гээд дотроо бодоод өнгөрөх жишээтэй. Гэтэл би их сургуулиа төгсчихөөд ажил төрөлтэй, бие хүн болчихсон мөртлөө миний дотроос “Би хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн шиг хувцаслаад,нүүрээ будаад “энэ эмэгтэй” гэж бодогдуулахаар ганц удаа ч гэсэн олны дунд явж үзэх юмсан гэсэн бодол салж өгөхгүй л байсан юм. Тухайн үед олон нийтийн ажил хийдэг байсан болохоор бодолтойгоо тэмцэлдсэн.

 

Гэхдээ хичнээн тэмцэлдсэн ч хүн төрөлхийн бэлгийн чиг хандлага, тэр хүслээсээ татгалзаж, тэрийгээ ялан дийлж чаддаггүй юм байна лээ. Олны дунд орж ирээд миссийн тэмцээн болдогийг мэдсэн. Тэгээд миний хүсэл биелэх боломж байгааг ойлгож миссийн тэмцээнд нь оролцсон. Тэгээд л өөрийнхөө хүслээрээ даашинзаа, туфлиэ өмсөөд ёстой нэг хүссэнээ хийх боломж олдсон доо. Гэтэл юу вэ,бүр хүслээ давж биелүүлээд гей мисс болсон. Олон хүний өмнө тайзан дээр гарахад сайхан байсан. Би дотроо их айж байсан. Миний урд байгаа амьдрал,өнгөрсөн амьдрал хоёр хоорондоо зөрчилдөөд байсан юм. “Алийг нь чи сонгох вэ. Урагшаа нэг алхвал маш их эрсдэлийг өөртөө дагуулна. Харин буцаад байрандаа очих юм бол үхэн үхтлээ бусдын л адил зовлонгүйгээр амьдрах болно гэдэг сонголт байсан. Тийм сонголтон дээр тулгарчихсан байсан мөртлөө би урагшаа л алхчихсан. Монгол Улсад ижил хүйстнүүд баттай бус тоогоор 15 мянга байна гэдэг бол аюулын харанга. Энэ нь Үндэсний аюулгүй байдал, удмын сантай холбоотой гэдэгтэй би ерөөсөө маргадаггүй. Яагаад гэвэл ижил хүйстэн залуучууд эхнэр авахгүй, үр удмаа үлдээхгүй. Гэтэл Монгол Улсын маань хүн ам яаж өсөж үржих вэ. Тийм биз дээ. Гэхдээ биднийг тийм байна, ийм байна гэж эсэргүүцээд, элдэв янзаар доромжилсон ч гэсэн энэ бол төрөлхийн зүйл учраас байсаар ч ирсэн, байсаар ч байх болно. Хатуухан хэлэхэд,бид өөрт оногдсон хувь тавилангаа, өөрсдийнхөөрөө л туулж өнгөрөөгөөд ясаа тавьцгаана. Хүмүүс элдэв янзаар хичнээн муулаад бид яалтай ч билээ.

 

Жишээ нь би хүмүүсийн хэл амнаас эмээгээд эхнэр авч, нэг хүүхэд гаргачихъя гэвэл болно л доо. Хөөрхий тэр эмэгтэй тав, арван жилийн дараа хүүхдээ тэврээд хоцрох болбол яах вэ. Би төрөлхийн мэдрэмжээ дагаад алга болох эсэхээ тодорхой хэлж мэдэхгүй. Би хэн нэгэн эмэгтэйг, хүүхдийг нь тэврүүлээд өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Ээжийнхээ сэтгэлийг уйлуулж яваагаа бодоод би маш ихээр шаналж, ганцаараа зөндөө их уйлдаг. Миний ээж ухаантай, сайхан хүн бий. Намайг гадуурхсан хандлага гаргаж байсан удаа ер байхгүй ч яагаад ч юм ээжийнхээ дэргэд байхаар зүрх уйлдаг. Өөрийгөө зүхдэг. Гэлээ ч өнгөрүүлсэн амьдралдаа би харамсдаггүй ээ. Зовлонгоо өөрөө л үүрсээр амьдралын төгсгөлтэй золгоно доо. Ээжийнхээ, бас эмээгийнхээ ачийг л бага ч атугай хариулвал хүсэл биелэнэ .Би өөрийгөө хорьж охидтай найзлаж, бэлгийн харьцаанд орж, аль болохоор өөрөөсөө зайлуулах гэж хайж үзсэн л дээ. Дээрээс нь одоогийнх шиг ийм олны танил байгаагүй учраас өөрийгөө тусгаарлах боломж надад байсан.

 

Гэтэл анх интернэтээс Монголд ийм хүмүүс олон байдаг, тэр хүмүүс уулзаж үдэшлэг зохиодог, бас эрх ашгийг нь хамгаалах гурвын гурван төв байдгийг мэдсэн. Тэгээд нэг залуутай зориглоод уулзсан. Тэр өдрөөс л мэдрэмжээ,өөрийгөө хорих ёсгүй юм байна гэдэг бодол их хүчтэй төрсөн. Бид шулуун гэдсээр л бэлгийн хавьталд орно. Гэтэл эмэгтэйчүүдгүй орчин буюу шорон, цэргийн ангид албан хүчээр эмэгтэйлэг нэгэнтэйгээ шулуун гэдсээр бэлгийн хавьталд орж, сексийн таашаал авдаг тохиолдол байдгаас болж “бандидуулах” буюу үүнээс ч муухайгаар хэлэгдсэн нэр томьёо байдаг. Тэр утгаараа л биднийг муухай бузар юмнууд “бандидуулдаг” гээд ярьдаг. “Бандидуулдаг” гэдэг чинь муухай үг шүү дээ. Тухайн эрэгтэй хүн хүсээгүй байхад өшөө нэг эрэгтэй хүн шулуун гэдсээр нь хүчээр бэлгийн хавьталд орох явдал. Тэнд ямар ч сексийн таашаал, мэдрэмж байхгүй. Харгис ойлголт. Гэтэл бидний сексийн харьцаа өөр. Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орлоо ч түүнээсээ таашаал авч байна. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн сексийн харилцаанд яаж ордог вэ, яг тэрэнтэй л адил таашаалыг авдаг. Бэлгийн чиг хандлага төрөлхийн гэдэг утгаараа нийгмийн анги давхаргыг ялгахгүй. Траншейны жаал байна уу, төрийн сайд байна уу хамаагүй. Хэн ч ижил хүйстэн байж болно.

 

Яг одоо хажууд сууж байгаа энэ найз маань уяач. Хэн ч харсан манай найзыг ижил хүйстэн гэж хэлэхээргүй байгаа биз дээ. Энэ наадмаар өчнөөн морь нь айрагдаад баярлаж хөөрсөн амьтан сууж байна. Харин энэ найз маань бүжгийн багш болох гээд урлагийн сургуульд сурч байна. Дуучид, зураачид, сэтгүүлчид, эдийн засагчид, хуульчид гээд салбар бүрт ижил хүйстнүүд байна. Харин над шиг дуу хоолойгоо илэрхийлээд гарч ирнэ гэдэг эрсдэлтэй асуудал. Бүхэл бүтэн амьдралаа золиосолж байгаа учраас хэцүү л дээ. Тэгээд ч албан тушаал нэр сүр ахих тусам бэлгийн чиг хандлагаа улам илүү нууцлахыг боддог нь аргагүй шүү дээ” гэжээ. Энэ хүний ярианаас би ихийг ойлгов. Нээрээ ч тийм дээ. Тэднийг бид гадуурхлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч хэн нэгнээ харанхуй нүх рүү түлхэж байгаа нь тэр. Гей байлаа гээд гэгээлэг амьдарч болохгүй юм гэж үү. “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж Галсансүх найрагч тун сайхан онож хэлж.  Тэр эрхтнийг л өвчлүүлэхгүй хайрлая. Гей хүмүүсийн гэгээн замд сүүдрээ бүү тусгаач.

 

Б.Анхцэцэг

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.