2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » “Ялгуусан” компанийн тавьсан зам “ял” болж байна

“Ялгуусан” компанийн тавьсан зам “ял” болж байна

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

“Ялгуусан” компанийн тавьсан зам “ял” болж байна

Монголд өдөр бүхэн асар их мөнгөний найраа зохион байгуулагдаж байдаг гэж хэлж болохоор болж. Тэр нь тендер. Хэдэн арван сая төгрөгөөс 16 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний мөнгө тэнд явагдаж байдаг. Ер нь тендер гээч нь асар том хуйвалдаан зохиогдож, лобби явагдаж байдаг нь нүднээ илт.

 

Компаниудын хувьд тендерт оролцоно гэдэг ердөө л аз туршсан явдал. Ялбал аз гээд ордог, тонгоруулж гарч ирээд “За, одоо энүүнд чинь ахиж аз туршихаа байя” гэдэг. Яагаад гэвэл тендерт ялна гэдэг нь зөвхөн акул компаниудын хоорондох наймаа болчихсон учраас жижгүүдэд үмх хэрчим олдоно гэдэг үлгэрийн далай гэсэн үг.

 

Гэхдээ авлигатай, арын хаалгатай компаниудад бол тендер ёстой тэнгэрийн умдаг атгахтай адил гэдгийг жил бүрийн зам засварын тендерээс харж болно. Өдгөө зарласан бүх тендерт ялдаг хэдхэн компанитай болчихжээ, манайхан. 

 

Арга ч үгүй биз. Бүх тендерийг хамаад авахаар томрохгүй яахав. Тэгээд өөрсдийгөө аварга том акул компани гэж хөөрцөглөн цээжээ дэлдэхийг нь яана. Тэд ийм бардам байхаас ч аргагүй.Учир нь тэдний ард жинхэнэ улс төрийн акулууд ар нурууг нь илээд сууж байгаа юм чинь хэний ч өмнө бардам байх нь мэдээж.

 

Тэдний тэргүүлэгчдийн нэг болох замын салбартаа бараг 20-иод жил ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дөвийлгөсөөр нийслэлийн хамгийн чухал хэсгийн тендерийг өөрийн болгож дөнгөсөн “Ялгуусан” компани улсын төсвөөс хөрөнгө авахдаа чанартай сайн зам барих даалгавартай, шинэ техник, технологи ашиглана гэсэн том амлалттай, сайхан замаар хүмүүсийг саадгүй давхиулна хэмээн сүрийг үзүүлсэн ч ам, ажил хоёр нь алд зөрдөг тус компанийг тойрсон асуудал сонирхол татаад болдоггүй. 

 

Хаана ашигтай зам байна, тэр тендерийг ямар нэгэн аргаар авч, хөрөнгөө зузаатгадгаараа зартай энэ компанийн “нялцгай гурил” шиг ажлууд барагдахгүй нь ээ. 

Тодруулбал, Хөвсгөлд Мөрөн-Хатгал чиглэлд тавьж буй 98.8 км хатуу хучилттай замын ажил 2008 оноос эхэлж, саяхан дууссан ч чанарын шаардлага хангаагүй аж. 

 

Тус замын засварын ажлын гүйцэтгэгчийн нэгээр өнөөх “Ялгуусан” компани ажиллаж бас л хэл ам дагуулсан. Тэр ч бүү хэл, чанартай зам тавьж чаддагүй юм аа гэхэд нийгмийн хариуцлага хүлээх чадвар ч уг компанийнханд алга.

 

Учир нь уг компани Нийслэлийн Авто замын газрын захиалгаар явцад гарсан шороогоо XXIII хорооны нутаг дэвсгэр болох Улиастай голын сав дагуу газарт буулгаж, хүн байтугай нохой ч тойрч гарахааргүй “хогон овоо” босгож байсан жишээтэй. 

 

Үүгээр ч дуусахгүй. 2011 оны зам засварын ажлын нэг онцлог нь тендерт шалгарсан компаниуд тохижолт, гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг цогцоор нь хийх учиртай. Тэгвэл өнөөдөр уг компанийн бусниулаад хаячихсан Жуковын музейгээс Офицеруудын ордон хүртэлх хэсэгхэн замыг хоёрхон жилийн өмнө ногоон модон хайстай байгууламж байсныг баянзүрхчүүд санаж буй.

 

Одоо түүнээс үлдсэн юм нь алаг цоог эвдэрхий явган хүний замын тантан л байх шив дээ. Тус компани Шархадны замыг нийт 4.1 тэрбум төгрөгөөр шинэ технологи буюу Герман улсын хуучин асфальтыг хуулаад дахин боловсруулж цементээр зуурч мөн 20 см-ийн суурь тавьж асфалтаар хучсан ажил хийсэн ч явган хүний замын засварыг хөрөнгө мөнгө гэх шалтгаанаар будлиантуулж орхисон. 

 

Гэтэл өдгөө Шархадны замын хучилтын борооны ус зайлуулах шугам бөглөрсөн, ус зайлуулах хоолойгүйгээс хичнээн сайн тавигдсан ч усанд идэгдэж эвдрэлд ороод буй. Мөн БЗД, Энхтаивны өргөн чөлөөний зүүн хэсэг, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун Овоо-Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” компани ажиллаж, энэ оны наймдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ.

 

Одоо замын өргөсөлтийн ажил, явган зам, замын хашлага суулгах ажлууд хийгдэж байгаа гэх бөгөөд Чулуун овооны тойргоос троллейбусны буудал хүртэл 1.8 км авто замыг хэсэгчлэн хааж, суурийн ажлыг дуусаад буй аж. 

 

Ажлын явц 37 хувьтай үргэлжилж байгаа нь ажил хугацаандаа дуусах нь эргэлзээтэй. Мөн даахгүй нохой булуу хураана гэгчээр урдах ажлаа хэл амгүй гүйцэтгэж үзээгүй тус компани энэ жил ч хэд хэдэн тендер зулгааж, энд тэндгүй хагас “үхлүүд” замаа тавьсаар буй нь халагламаар. 

 

Сийрүүлбэл, тус компани Өмнөговь аймгийн авто замын ажил жаахан асуудалтай байна хэмээн салбарын сайдын зэмлэлийг хүртээд буй. Тус компани уг замыг гүйцэтгэхээр болсон ч дөрвөн туслан гүйцэтгэгч авч, тэдний гурав нь ажлаа төдийлөн хийхгүй байгаа гэнэ. Т

 

иймээс “Ялгуусан” компанийн хийхээр авсан замын зарим хэсгийг аргаа барахдаа өөр компанид шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон аж.

 

Хачирхалтай нь эвдэрхий цоорхой зам, энхэл донхол, элдэв асуудал дагуулагч уг компанийн балаг хэнд ч харагдахуйц атал ахин дахин их хотын замыг засах эрх олгож буй нь эрх баригчидтай хүйн холбоотойг нотлох шиг.

 

Угтаа бол энэ мэт ажлын хариуцлагагүй компаниудыг “хар дэвтэрт” бичиж, дахин тендерт оролцуулдаггүй бөгөөд тус компани хэдийнэ уг жагсаалтад багтсан гэдэг яриа ч бий. 

 

Гэтэл уг компанийг юуны учир дахин шалгаруулсныг албаны хүнээс “Тэд чинь хар дэвтэрт орчихсон компани биз дээ” гэхэд нийслэлийн авто замын газрын дарга “Хугацаа алдсан, чанаргүй зам барьсан компаниудын мэдээллийг худалдан авах ажиллагааны газарт өгсөн. Хар дэвтэрт орсон компанийн нэрийг хэлэхгүй...” гэхчилэн өнөөх л жижүүрийн хэдэн үгээр мафантай компаниа хацайлж суух нь төрийн ажилтны үүрэг биш баймаар. 

 

Компаниуд яагаад өөрийн төлөөллийг засгийн газарт юмуу УИХ-д оруулах гэж зүтгэдэг вэ, бизнесменүүд яагаад төрийн түшээ болох гэж улайран дайрдаг вэ гэдэг нь тов тодорхой. Тендер авах гэж, ялах гэж тийшээ зүтгэн улангасдаг.

 

Шударга ёс, авилгагүй амьдрал гэж нүүрэн дээрээ гоё ярих атлаа цаанаа бол хор найруулж хог наймаалцаж явдаг нь энэ байх. Ер нь манайд том нь жижгээ барьдаг нь жирийн үзэгдэл болсны жишээ нь өндөр шаардлага бүхий тендерт энэ мэт компаниуд алга урвуулахын зуурт ялж буйгаас харж болох нь ээ. 

 

Жишээ нь, нэг нөхөр ресторан эрхлээд овоо ашиг олоод ирэхээр нэг том босс дарамтлаад эхэлнэ. Эхлээд “Зар” гэж сүрдүүлнэ. Хөдлөхгүй бол мэргэжлийн хяналтаар дарамтлуулна. Цагдаагаар айлгана. Монгол дахь бизнес ерөөсөө ийм хэлбэр рүү орчихож.

 

Кинон дээрээс бид Орос, Япон, Солонгост л энэ нь байдаг гэж санадаг. Тэгвэл одоо манайд ороод ирчихжээ. Түүнтэй адил жижигхэн компаниуд зориг гаргаад тендерт ороод ирэхэд акул компани тэднийг яг л эрүүгийн элементүүд шиг дарамталж, сүрдүүлж, хүч хэрэглэж ялалт байгуулж төсвийн мөнгөөр цүдийтлээ хөлжиж байна. 

 

Ийм байхад монголын тендер яаж шударга болох юм бэ! Иймээс тендерт шатлал, зэрэглэл тогтоох хэрэгтэй. 10 тэрбумаас дээш өртөгтэй тендерт жилийн борлуулалт нь арван тэрбумаас дээш байгаа компаниуд ордог, нэг тэрбумаас доош өртөгтэй тендерт томчууд ордоггүй байх зааг тогтоовол ямар вэ.

 

Эс тэгвэл жижиг компаниуд хэзээ ч босохгүй. Томынхоо боол байсаар дуусна. Тэгэхээр жижиг компаниудад нар үзүүлэхийн тулд тендерт ялгаа зааг тогтоох нь хамгийн шударга алхам болох биш үү.

 

Эс бөгөөс “Ялгуусан” гэх энэ мэт компаниудын бохир гараар төсвийн мөнгө түмний хэрэгцээнд бус төрийн түшээдийн түрүйвчинд орсоор байвал зам засах төсөв гэж тэрбумаар нь цацахын оронд бага мөнгөөр засвар хийсэн нь дээр биз. 

 

Мэдээж үл мэдэгдэх компанийн ард ямар том компани нуугдсаныг мэдэх боломжгүй ч цаг хугацаа аяндаа мэдүүлнэ. Иймд тендерт шат зэрэг, ялгаа зааг тогтоож, өвөлжих пянгүй өвөртлөгчдийн замыг зогсооё

 

Ж.Эрдэнэчимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.