2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Амталж шарсан хорт хавдар, аминд хүрсэн амттан

Амталж шарсан хорт хавдар, аминд хүрсэн амттан

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд

Амталж шарсан хорт хавдар, аминд хүрсэн амттан

Шарсан мах, утсан загас, халуун хуушуур, газрын самар, архи, шар айраг буюу хорт хавдрын үйлдвэрлэл, худалдааны тухай-

 

Алагласан өөхтэй мах ил гал дээр тосыг нь гоожуулан шараад, хүйтэн шар айраг эсвэл хатуу архиар даруулан зооглоход уу. Жинхэнэ янзтай. Хотын гудамж, барааны захууд дээр, Зайсан толгой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу, наадмаар бол Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт утаа савсуулсан зөөврийн зуух түрээд явж байдаг хүмүүсээс тос гоожсон халуун шорлог аваад хорхойгоо дарчихад ч бас дажгүй шүү.

 

Сайхан утсан загас Хөвсгөлөөс, эсвэл Сэлэнгээс захиж авчруулаад дарсан ногоогоор хачирлаад идэх ч янзтай. Шинэ жил, цагаан сар, хурим найр, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баярын ширээн дээр утсан гахайн мах тансаг зоогт тооцогдоно. За тэгээд цэл хүйтэн шар айраг шимэнгээ газрын самар цөмөн суух ч аятайхан даа.

 

Охин бид хоёр шарсан зайдсанд нугасгүй. Гадуур хамт явах болгондоо зайдас, зайдас гээд түргэн хоолны газар, буфет руу ухасхийдэг зантай. Хуушуурт дургүй монгол хүн гэж байхгүй. Миний үдийн хоолны гол цэс бол ажлын газрын хажуу талын цайны газрын том улаан хуушуур. Чи сайхан хоолны нэр хэлваа, би савхадъя гэдэг шиг сайхан амттануудын тухай бичихэд арааны шүлс аандаа асгарч байна гээч.

 

…Дээр дурдсан амттануудад дургүй эр хүн гэж байхгүй. Манай ихэнх эрчүүдийн, за ер нь эмэгтэйчүүдийн ч гэсэн хоолны цэс, дуртай амттаны жагсаалт дээрхээс нэг их зөрөхгүй. Харин яг иймэрхүү хоолны сонголттой хүмүүс бүгд илүүдэл жинтэй байгаа гэдэгт эргэлзэх юм алга.

 

Харамсалтай нь энэ бол зөөлөн хэлэхэд буруу хооллолт, амьдралын буруу зуршил, дэглэм. Хатуухан хэлэхэд өвчин эмгэгийн үйлдвэрлэл. Бүр нарийвчлаад хэлэх юм бол хорт хавдрыг өөрөө өөртөө тарьж ургуулж байгаа хэрэг. Хорт хавдар хэмээх чимээгүй тахлын үүсэх шалтгааныг хүн төрөлхтөн бүрэн дүүрэн олж нээж чадаагүй байгаа.

 

Тиймээс хорт хавдар үүсэх шалтгаан анагаах ухааны үүднээс бол сонирхол татсан судлагдахуун ажээ. Гэхдээ хорт хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийг эрдэмтэд олж тогтоосон байна. Хорт хавдар үүсэх хамгийн гол эрсдэлт хүчин зүйлд буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, зуршил, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас үүдэх таргалалт зэрэг орно.

Монголчуудын дунд сүүлийн үед хотжилтын өвчин гэгддэг жингийн илүүдэл, таргалалт асар хурдтай нэмэгдэж байгаа гэсэн судалгаа бий. Үүнийг дагаад чихрийн шижин, даралт, зүрх судасны өвчлөл ихэсч байгаа. Хорт хавдар ч гэсэн номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг жингийн илүүдэлтэй, дархлаа султай хүнийг л барьж авдаг ажээ.

 

Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг энэ л дээ. Ийнхүү жингийн илүүдэлтэй болж, хорт хавдар зэрэг өвчинд боорлуулахын гол шалтгаан нь буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ байдаг.

 

Эрүүл, зөв хооллодог хүн хорт хавдраар өвчлөх эрсдлийг 30 хувиар бууруулж чаддаг бол буруу хооллодог, архи, тамхи зэрэг хорт зуршилд авсан хүний хорт хавдраар өвчлөх эрсдэл 30 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Хорт хавдар бол ханиад томуу шиг халдварт өвчин биш.

 

ДОХ шиг огт эдгэдэггүй өвчин биш. Эрт шатанд нь илрүүлэн оношилбол бүрэн эдгэрнэ. Хүн өөрөө хичээвэл хорт хавдар тусахгүй байх боломжтой. Гагцхүү ихэнх хүмүүс хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замууд, хорт хавдар үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүдийг мэддэггүйгээс энэ аймшигт өвчний нянг өөрөө өөртөө тарьж ургуулан, эцэст нь амь насаараа хохирч байгаа нь харамсалтай.

 

Хэрвээ та хавдар үүсгэх канцероген нөлөөтэй төрөл бүрийн химийн нэгдлүүдийн талаар мэдлэгтэй бол ил галд шарсан шорлог, утсан гахай, загасны мах, хуучин ургамлын тосонд шарсан хуушуур, хадгалалтыг нь уртасгах зорилгоор тусгай бодис хийдэг халуун зайдас, гахайн мах, хөгц хурдан үүсдэг газрын самар тэргүүтнийг хэзээ ч идэхгүй.

 

Тухайлбал, утсан хүнсний бүтээгдэхүүнд олон цагирагт гидрокарбон үүсдэг бөгөөд энэ нь хавдрын эх үндэс болдог байна. Аливаа амьтны махыг утах, ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас дээрх бодис үүсдэг ажээ. Мөн гидрокарбон нь тамхины утаанд ч агуулагддаг.

 

Шарж, хуурсан хоолонд дуртай хүн олон. Гэтэл хоол хүнсийг хуурах, шарах, утах, хатаах үед бензопирен гэгч бодис ялгардаг. Энэ бодис мөн л хорт хавдар үүсгэх канцероген нөлөөтэй. Хуушуур, боорцог, төмс зэргийг шарсан тосоо хэдэн ч сараар хамаагүй хадгалж байгаад дахин хэрэглэдэг айлууд цөөнгүй.

 

Амьтны болон ургамлын гаралтай тосыг дахин давтан ашиглах үед бензопирен ялгардаг гэдгийг мэддэг бол эзэгтэй нар хэрэглэсэн тосоо шууд л асгах байсан бизээ. Бензопирен нь хоол боловсруулах зам болон амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж, хорт хавдар үүсгэх бөгөөд эхээс урагт цусаар дамжин тархаж, хүний дархлалын тогтолцоог дарангуйлдаг хорт бодис ажээ.

 

Тэгэхээр шарсан тахианд дуртай хүмүүс тэрхүү амттаныг нь хэдэн удаа халаасан, хэр удсан тосонд шарсныг лавлаж байхад гэмгүй байх нь. Нитрозамин хэмээх бодисыг утсан гахайн мах, халуун зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хэрэглэдэг.

 

Хадгалах хугацаа уртасгагч бодис хийж даршилж, нөөшилсөн ийм хүнснээс аль болох зайлсхийж байхыг эмч нар зөвлөж байна. Энэхүү нитрозамин бол дээр дурдсан гидрокарбон, бензопирений төрсөн “дүү” нь. Нитрозамин ашиглан хадгалалтын хугацааг нь уртасгасан бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд ислэгээр баялаг шинэ жимс, хүнсний ногоо идэх нь зохистой гэнэ.

 

Учир нь уг хорт бодисыг С аминдэм саармагжуулдаг юм байна. Зуны улиралд гудамжинд олноор бий болдог жимсний мухлагуудын хамгийн гүйлгээтэй жимс нь газрын самар байдаг. Үр тариа, газрын самар болон тэдгээрийн тосонд үүссэн хөгц, мөөгөнцрөөс афлатоксин гэгч хорт бодис ялгаран, хүний биед орохдоо хавдар үүсгэдэг гэдгийг мэддэггүйгээс л бид газрын самрыг гаран орон цөмж суудаг нь харамсалтай.

 

Энэ мэтээр бид буруу хооллолтын улмаас өөрсдөө хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бий болгосоор байна. Зах дээр шорлог зарж байгаа хөгшин, олон хоног ашигласан тосонд хуушуур шаран худалдаж суугаа бүсгүй, утсан загас, гахайн махаар тансаг хүлээн авалтын ширээгээ чимдэг рестораны эзэн, нөхөртөө амттай хоол хийж өгөхсөн гэхдээ мах, ногоогоо түлэгдтэл хуурч, шардаг эзэгтэй, гүйлгээ сайныг нь бодоод газрын самар граммаар зарж зогсоо залуу… Тэд хоол биш хорт хавдрын нян худалдаалж, үйлдвэрлэж байгаагаа мэддэггүй нь харамсалтай.

 

Хөгжиж буй орнуудын хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн шалтгааны 20 гаруй хувийг хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлс эзэлдэг байна. Шарсан мах, хуушуур, хуурсан хоолноос буцдаггүй монголчуудын хувьд дээрх эрсдэл 20 хувиас ч өндөр байж мэднэ.

 

Байж мэднэ гэсний учир нь манай улсад хорт хавдрыг хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлстэй холбон судалсан судалгаа шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байгаа юм. Хоол тэжээлтэй холбоотой хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд жимс, хүнсний ногооны хангалтгүй хэрэглээ, давсалж даршилсан хүнс, малын мах, архины зохисгүй хэрэглээ, унд хоолыг хэт халуунаар ууж хэрэглэх зэрэг орно гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нэгэн судалгаанд тодорхойлжээ.

 

ЭМЯ, Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хийсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгааны үр дүнд “Хорт хавдар нь манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй өнөө үед хүн амын дунд хавдар үүсгэх хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна” хэмээн дүгнэсэн байна.

 

Энэ нь монголчуудын дунд зохисгүй хооллолт газар авсан, өөрөөр хэлбэл жимс, хүнсний ногооны хэрэглээ маш бага, харин мах, архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр, жингийн илүүдэл тулгамдсан асуудал болсон зэргийг хэлж байгаа хэрэг.

 

Хорт хавдар үүсгэдэг хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлийг дан ганц төр засгийн бодлого, шийдвэр, хууль, тогтоомжоор арилгана гэдэг боломжгүй. Харин хүн бүр өөрийн амьдралын буруу зуршил, дадал, сонголтоо өөрчилж гэмээнэ энэхүү эрсдлийг бууруулж, бүр байхгүй болгож чадна.

 

Өөрөөр хэлбэл зөв, зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөн, эрч хүчтэй амьдралын хэвшлийг бий болгоход л өөрийгөө хорт хавдраас найдвартай хамгаалж байна гэсэн үг. Харин төр захиргааны байгууллагын зүгээс хийж чадах нэг ажил нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хоол, хүнс худалдан борлуулагчдыг хянаж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл шат дараатай арга хэмжээ авах явдал.

 

Тамхины хяналтын хууль гаргасан шигээ хоол, хүнсний хяналтын хууль гаргахад ч болохгүй гэх юмгүй. Яагаад гэвэл хоол, хүнснээс шалтгаалан хорт хавдар үүсэх эрсдэл архи, тамхины дараа бичигдэх болоод байна.

Нийтийн хоолны газруудыг хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог хоол, хүнс худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох, олон нийтэд энэ талаарх мэдлэг, мэдээлэл олгох нь энэхүү чимээгүй тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн том ерөндөг болох биз ээ.

 

Хорт хавдрын үйлдвэрлэл, худалдааг таслан зогсоохын тулд хүн бүр хоол, хүнсээ зөв сонгоход л хангалттай. Нэгдүгээрт сонголт, хоёрдугаарт сонголт, гуравдугаарт сонголт. Үр дүн нь эрүүл мэнд, бас дахин эрүүл мэнд.

Г.Сонинбаяр

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.