2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Улсын төсвөөс сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг цавчихгүй шүү, гишүүд ээ

Улсын төсвөөс сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг цавчихгүй шүү, гишүүд ээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний  асуудал Мон­гол Улсын тухайд “шүд­ний өвчин” болсоор удлаа. Энэ ч үүднээс су­рах эрх нь зөр­чигдөж буй жаахан хүүх­дүүдийн  өмнө төр ха­риуцлага хүлээх ёстой. 

 

Хичээлийн шинэ жил эхлэх  үеэр жирийн иргэ­­дээс эхлээд УИХ-ын гишүүд нь хүртэл яана аа хэмээн үсээ зулгаадаг. Харин хичээл жигдрээд  ирэхээр  энэ асуу­­дал аяндаа намждаг гэ­хэд болно. Гэхдээ л өвөл барилга барьж болох биш гээд тайван амар суух цаг одоо биш. Учир нь бүгдээрээ нийлж, одоо л сануулж байж сургууль цэцэрлэг барих мөнгөө батлуулж авахгүй бол энэхүү ба­раан үзэгдэл цаашид ч үргэлжлэх болно. 

 

Харамсалтай нь ирэх оныхоо төсвийг хэлэлцэж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар ярихгүй байгаа нь харамсалтай. Засгийн газ­раас байх ёстой хэм­жээнд нь төсвийг танаж оруулсан гэсэн. Нөгөө та­лаас сөрөг хүч­ний ги­шүүд ч төсөв том байна хэ­мээн толгой сэгсэрч, ойр зуурын хэрүүлийн үг бие бие  рүүгээ чулуудахаас хэт­рэх­гүй сууцгаана. Ингэж байгаад л нэг өдөр төсвөө батлах нь тодорхой. Гэтэл хамгийн чухал асуудлаа орхигдуулснаас болж нам­рын намарт сургууль, цэцэрлэгүүдийн үүдэнд багахан шиг мөргөлдөөн үүсдэг. 

 

Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруу­лалт хийж, дөрвөн сур­гууль, 12 цэцэрлэгийн ба­­­­рил­гын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон. Эдгээр сургуулийн нэг нь монгол гуравдугаар сургууль юм. Гэтэл уг сургуулийн ши­нэ барилгын ажил одоо болтол эхлээгүй. 

 

Монгол гуравдугаар сургуулийн бага ангийн сурагчид өнгөрөгч 2012-2013 оны хичээлийн жилд дөрөвдүгээр сургууль дээр гурван ээлжээр хи­чээл­лэ­сэн. Харин 16 дугаар сур­гууль дээр дунд, ахлах ангийн 12 бүлэг хоёр ээл­жээр хичээллэж байсан. Гэтэл энэ жил мөн л энэ байдал дахин давтагдаж байна. Одоо эхлээгүй ба­рилгын ажил дараа жил ашиглалтад орох нь юу л бол. Тиймээс ирэх жил ч гэсэн гуравдугаар сургуулийн сурагчид, багш нар “айлын хажуу өрөөнд амь зуух” нь ойлгомжтой.

 

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо­гийн байдлаар 5020 суудал бүхий 13 сур­гууль, 1475 хүүхдийн 16 цэцэрлэг, 425 ор бүхий таван сургуулийн дотуур байр, долоон спорт заалны барилгын ажлыг дуусгаад ашиглалтад өгсөн талаар БШУЯ-ны Барилга за­хиалагчийн албанаас мэ­дээлж байсан. Ер нь 2013 онд багтаан сургуулийн 20, цэцэрлэгийн 18, дотуур байрны найм, спорт заалны есөн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж бай­гаа бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байгааг албаныхан хэлж байна.

 

Харин 2014 оны төсөвт боловсролын салбарын хө­рөнгө оруулалтад 197 тэрбум 790 сая 600 мян­ган төгрөг төлөвлөөд бай­гаа аж. Энэхүү хөрөнгө оруу­лалтаас 60 гаруй сур­­гуулийн барилга, 57 цэцэрлэг барихаар төлөв­лөжээ. Үүнээс гадна ирэх онд нийслэлийн хэмжээнд кон­цессийн гэрээгээр ба­ригдах 80 бага сургуулийн ажлыг эхлүүлэх талаар яриад байгаа. Эдгээр ажил амжилттай хийгдвэл сур­гууль цэцэрлэгийн хү­рэл­цээний асуудал жаахан ч гэсэн нимгэрэх болов уу.

 

Хугацаа нь дууссан цэцэрлэг, сургуулийн барилгаа яах вэ  

 

Тэгвэл  шинээр баригдах сургууль, цэцэрлэгүүдтэй зэрэгцээд хэзээ мөдгүй дээрээс нурж болзошгүй сургууль, цэцэрлэг ч олон байна. 

 

Тодруулбал улсын хэм­жээнд  баригдаад удсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 51 цэцэрлэг, 27 сургууль үйл ажиллагаа явуулж байна. 

 

Дээрх сургууль цэцэр­лэгт одоогийн байдлаар 81.650 хүүхэд сурч, хү­мүү­жиж байгаа тухай алба­ныхан мэдээлж байсан. Тухайлбал өнгөрсөн ха­вар нийслэлийн Баян­­­зүрх дүүргийн 59 дү­гээр цэцэрлэгийн хана, тааз нурж, улмаар үйл ажил­лагааг нь түр зогсоож байсан. Тус цэцэрлэг 1968 онд анх 100 хүүх­дийн хүчин чадалтай ашиг­лал­тад орсноос хойш 2007 онд 10 сая, энэ онд 60 сая төгрөгийн засвар хийсэн бөгөөд өнөөдөр 180 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа аж. 

 

Ийнхүү нурахад ойр­хон байгаа сургууль, цэ­цэр­лэгүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг бодолцон яаралтай засварлах, эсвэл шинээр барих хэрэгтэйг хаа хаанаа ойлгомоор юм.

 

Уг нь зайлшгүй шинэч­лэн барих сургууль, цэцэр­лэгийн талаар салбар яамнаас судалгаа явуулсан байдаг. Тодруулбал шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төг­рөг шаардлагатай гэдэг тооцоог гаргажээ. 

 

Ойрын жилүүдэд 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчилнэ гэсэн зорилго тавьсан ч санхүүжилтгүйн улмаас нэгийг ч барьж, шинэчлээгүй өнөөдрийг хүрчээ. 

 

Энэ удаад улсын  төсвөөс сур­гууль, цэцэрлэгийн хө­рөнгө оруулалтыг цав­чихгүй шүү, гишүүд ээ. Уг нь төр дэмий зүйлд мөнгө зарцуулахаар энэ сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдсэн  бол хүүхдүүд гурван ээл­жээр хичээллэж, өвлийн цагт харанхуйд гэр, сургууль руугаа зүглэх­гүйсэн. Өм­нөх Засгийн газрын үед Оюу толгойгоос 250, Таван толгойгоос 350 сая ам.дол­ларын урьдчилгаа төлбөр авч, ард иргэдэд үнэгүй тараасан. 

 

Харин шинэчлэлийн Засгийн  газар, Монгол­банк­тай  хамтран “Үнэ тогт­воржуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүл­сэн ч өнөө­дөр үр дүн бага байна гэдгийг олон хүн хэлж байгаа. Энэ­хүү хө­төл­бөрийг төсвөөс га­дуур эхний ээлжинд гурван их наяд төгрөгийн санхүүжилттэйгээр эх­лүүл­сэн. 

 

Дээрх мөнгийг сур­гууль, цэцэрлэг барих, хүүх­дийн сурах орчинг сайжруулахад зарцуулсан бол олон мян­ган хүүхдийн ирээ­дүйг гэрэлтүүлж, инээд хөөр бэлэглэх байлаа.

 

Д.Баяржаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.