2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Ж.Сүхбаатар: Намын эв нэгдлийг бүх талаар хамгаалах, хангах явдал бол дүрмийн өөрчлөлтийн гол шалгуур болж ирсэн

Ж.Сүхбаатар: Намын эв нэгдлийг бүх талаар хамгаалах, хангах явдал бол дүрмийн өөрчлөлтийн гол шалгуур болж ирсэн

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ, Ярилцлага

Ж.Сүхбаатар: Намын эв нэгдлийг бүх талаар хамгаалах, хангах явдал бол дүрмийн өөрчлөлтийн гол шалгуур болж ирсэн

МАН-ын нарийн бичгийн дарга, Их хурлаар хэлэлцэн батлах намын дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.

 

- МАН-ын дүрэмд 80 гаруй өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Намын дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажил ид өрнөж байна. Намын үүрүүд хуралдаж, Их хурлын төлөөлөгчөө сонгох, дүрмийн өөрчлөлт болон Хөгжлийн хөтөлбөр, мөрийн хөтөлбөрт оруулах саналаа ярилцаж, зарим нь тайлангаа ирүүлсэн. Одоогоор нэгтгэж байна. Эдгээр нэгдсэн баримт бичгийг намын Удирдах зөвлөл дээр ярина. Мөн намын Их хурлын салбар хуралдаануудаар хэлэлцэж байж эцэслэн шийднэ. Анх гарсан 80 гаруй өөрчлөлт дээр дахин нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, хүний нөөцийн бодлогын асуудал дээр зарим шалгуур зарчмыг нэмж тусгах, намын гишүүдтэй дан ганц сахилга, хариуцлага ярих биш, шагнал урамшууллын систем оруулах зэрэг тодорхой саналууд нэмж тусгахаар ярьж байна. Одоо гаргасан өөрчлөлтөө нэмж тусгаад ирэх долоо хоногт дахин хэлэлцүүлэгт бэлтгэхээр төлөвлөж байна. МАН бол улстөрийн ууган хүчин. Бидний ажил амьдралтай холбоотой бүхий л асуудал улстөрийн бодлого, шийдвэртэй хамааралтай явж ирсэн. XXVII Их хурлаар юуны түрүүнд нам улстөрийн шинэ нөхцөл байдалдаа хэрхэн дасан зохицож ажиллах вэ гэдгийг ярина. Намын даргын улстөрийн илтгэлийг сонсч,ярилцана. Мэдээж мөрийн хөтөлбөр, намын дүрмийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлаар нам нэгдсэн шийдэлд хүрч, нийгэмд танилцуулна. Ерөнхийдөө манай нам улстөрийн өөр орчинд орж ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд бид эрх баригч улстөрийн хүчин байсан. Улстөрийн эрх мэдлийг дангаараа шахуу барьж ирсэн. Гурван жил гаруй хугацаанд одоогийн эрх баригчидтэй хамтарч ажилласан. Ингээд бодохоор Ардын нам түүхэндээ хоёр удаа сөрөг хүчин болсон. Харин одоо бидэнд шинэ орчны шинэ сорилтууд тулгараад байна. Ерөнхийдөө нөхцөл байдал өөрчлөгдөхөд намын дүрэм, бүтэц, зохион байгуулалтад нэмэлт засвар хийх шаардлага гардаг. Намын бодлогын баримт бичгийн хүрээнд энэ асуудлуудаа ярилцана. Мэдээж МАН-ын үйл ажиллагаа XXVII Их хурлаас хойш эрчимжих нь тодорхой. Тэгж ажиллах боломжийг Их хурал бүрдүүлэх ёстой.

 

- МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл юутай холбоотой вэ. Их хурлын дараа энэ байдал өөрчлөгдөх болов уу?

 

-Сөрөг хүчин гэдэг бол аливаа асуудалд өөр хувилбар, шийдлийг гаргаж, эрх барьж буй намын үйл ажиллагаанд зөв үнэлэлт, дүгнэлт өгч, байнга зөв чиглэлд түлхэж байдгаараа онцлогтой. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа шинэ парламент бүрдэхэд эрх баригчид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх эрхийг боомилсон. Эрх баригчид “Бид маш чухал ажил хийж байна. Танай бүлэг хууль зөрчөөд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй. Биднийг тайван байлга. Та нар олон юм ярих хэрэггүй, өмнө нь та нар алдсан” гэсэн байдлаар асуудалд хандсан. Ийм хүүхдийн тоглоом шиг зүйл байхгүй ээ. Ардчилсан нийгэмд алдаа онооны аль, аль нь байдаг. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид манай бүлгийг албажуулахгүй хэдэн сар болсон. Харин өнөөдөр манай бүлгийн гишүүд 1-2 байнгын хороонд л харьяалагдаж байна. Гэтэл өөрсдөө гурван байнгын хороонд орж ажиллаж байна. Энэ шударга ардчилсан парламент мөн үү. Яахав гадуур МАН сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байна гэж ярьж байгаа. Яалт ч үгүй эрх баригчдын зохисгүй бодлогоос үүдэлтэй тэгж хэлэгдэх зүйл байгаа гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ МАН-ын бүлгийн үйл ажиллагаа маш хурдтай сэргэж байгаа. Их хурлын дараа намынхаа үйл ажиллагааг дагаад бүр ч сайжирч таарна.

 

-МАН -ын дарга хэн болох вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ талаар таны байр суурь юу вэ?

 

-МАН-ын дарга хэн болох вэ гэдгийг олон нийт анхаарч байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ шинэ дарга ямар шаардлага, шалгуурыг хангаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдэг нь гол асуудал. МАН эрх барьж буй АН-аас нэг зүйлээрээ ялгаатай. 90 гаруй жилийн түүхтэй, 200 мянга гаруй гишүүнтэй ийм том бүтэц. Тэгэхээр энэ намд эрс өөрчлөлт хийнэ, эсвэл энэ намыг огцом өөрчилнө гэдэг асуудал байж таарахгүй л дээ. Тиймээс намын дарга хэн байх нь хамаагүй, намын дүрмийн засаглалынхаа хүрээнд нийгмийн хүлээж байгаа бодлого, шаардлагыг хангаж ажиллах л учиртай юм. МАН- ын зохион байгуулалтын болон бүтцийн зарим тодорхойгүй байдлыг өөрчлөх шаардлагатай. Санхүүгийн менежмент гэхчилэн намын дарга тэргүүтэй шинэ удирдлагын хийх ажил бий. Гэхдээ намын даргын хувьд шинэ, хуучин хүн гэхээсээ илүү шинэ бодлого, шинэ арга барил, шинэ зарчмаар ажиллах чадвартай юу гэдэг л гол асуудал байх болно.

 

-МАН XXV Их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж байсан. Гэхдээ нэр томьёо нь өөр байсан шиг санагдаж байна л даа. Хурлаас хурлын хооронд дүрэм, мөрийн хөтөлбөрөө өөрчлөөд байх нь хэр оновчтой юм бэ?

 

-Би намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд МАН-ын 90 гаруй жилийн түүхийг нэлээн сайн судалж, харах шаардлага гарсан. 1921 оны гуравдугаар сард манай нам анхны түр зуурийн дүрэм гэж гаргаж байсан юм билээ. Түүнд их олон сонирхолтой заалт байдаг. Ерөнхийдөө цаг үеийн өөрчлөлтөөс шалтгаалж намын Их хурлуудаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж ирсэн. Ингэхдээ нэг зүйлийг маш хатуу баримталж иржээ. Энэ бол намын нэгдлийг бүх талаар хамгаалан, хангах явдал бол өөрчлөлтийн гол шаардлага болж ирсэн. Цаг үеийн шаардлагаар намын дүрэмд зохион байгуулалтын өөрчлөлт оруулж байсан. Энэ удаа ч ийм шаардлагаар дүрмийн нэмэлт, өөрчлөлт хийгдэнэ. Гэхдээ МАН сөрөг хүчин болсон гээд дүрмээ бүхлээр нь өөрчлөх гээгүй. Намд эрс шинэчлэл ч хийх гээд байгаа юм биш. Ерөөсөө л нэмэлт засвар хийх гэж байгаа. Сөрөг хүчин болсон учраас намын удирдлага, зохион байгуулалтад зарим өөрчлөлт орно. Тухайлбал, намын даргын эрх мэдлийг нэмнэ, гэхдээ хэтэрхий нэмж болохгүй гэсэн санал гарч байна. Мөн намын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороо гээд гол байгууллагын бүрэлдэхүүнийг цөөлье гэж байна. Цөөн тооны ажлаа хариуцлагатай хийдэг бүтцийг бий болгох гэсэн зарчим л даа. Нөгөө талаар намын анхан шатны байгууллагын хажууд бүлгэм, клубыг ажиллуулах асуудал яригдаж байгаа. Ингэснээр анхан шатны үүрийн ажил идэвхжинэ. Үүнээс гадна намын Удирдах зөвлөл намын бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Бид парламентын хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Тиймээс намын төв аппарат УИХ дахь бүлгийг дэмждэг байхаар дүрэмд тусгаж байна. Мөн МАН-ын гол тулгаар бол намын гишүүд. Бид гишүүдийнхээ оюун санаанд тулгуурладаг байх ёстой. Манай залуучууд аливаа асуудлыг хэлэлцэж, шийддэг байя гэсэн санал гаргадаг. Тэгэхээр намын Бага хурал улс эх орны, нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийдэг болох юм. Мөн намын санхүүжилтэд онцгой анхаарч, хороо байгуулж байнгын ажиллаагаатай байлгахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь намын гишүүдийн татварыг анхан шатны үүр, хороодыг санхүүжүүлэхэд чиглүүлнэ. Дүрэмд энэ мэт зүйлийг өөрчилж тусгаж байгаа. Ерөнхийдөө нам дотогшоо ажиллахаас гадна гадагшаа, иргэний нийгэмтэй тулж ажиллах талаар нэлээн олон заалт оруулж байгаа. Ер нь МАН бодлого, үзэл баримтлалаараа өрсөлддөг, түүгээрээ ч нийгэмд хэмжигддэг зөв сөрөг хүчин байх тэр хэмжигдэхүүндүүдийг энэ удаагийн XXVII Их хурал тодорхой болгож өгнө.

 

Д.АНГАРАГ

Unen.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn