2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын бүлэг Засгийн газар ирэх оны төсвийг засч оруулах ёстой гэж үзлээ

МАН-ын бүлэг Засгийн газар ирэх оны төсвийг засч оруулах ёстой гэж үзлээ

Нийтлэлийн төрөл: Улс төр

МАН-ын бүлэг Засгийн газар ирэх оны төсвийг засч оруулах ёстой гэж үзлээ

 

-МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН МЭДЭГДЭЛ-

 

    Төрөөс мөнгөний бодлогын талаар  2013 онд баримтлах үндсэн чиглэл хэрэгжихгүй болж, гадаадын хөрөнгө оруулалт 50-иар хувиар огцом буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн 3.4 их наядад хүрч, инфляц 10 хувиас давж байна.

 

Монгол Улсын валютын нөөц огцом багасч, экспортын түүхий эдийн үнэ ханш өсөхгүй байх  нь тодорхой болж, төсвийн алдагдал нэмэгдэж байна.

 

Монголбанк, Засгийн газраас хамтарч хэрэгжүүлсэн 3.0 их наяд төгрөгийн өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үр дүнгээ өгсөнгүй. Үнэ нь тогтворжих ёстой орон сууцны үнэ нь 1 м2 нь 1,200,000 төгрөг байсан бол,  2,000,000 төгрөгт хүрч 60 хувиар, "Атар" талх 630 төгрөг байсан бол 850 төгрөг болж 30 хувиар өссөн байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож, валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байхад цалин, тэтгэвэр тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй.

 

 Ийнхүү үндэслэл тооцоо муутай, амьдралаас тасархай, алдаатай хийгдсэн 2013 оны төсөв, мөнгөний бодлогын сөрөг үр дагавар амьдрал дээр илэрч байгаа энэ нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн  төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүд, холбогдох баримт бичгийн төслийг Монгол Ардын Намын бүлэг авч хэлэлцээд дараах үндэслэлүүдээр хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газар эргүүлэн татан авч, хуульд нийцүүлэн засаж оруулж  ирэх нь зүйтэй гэж үзэж байна. ҮҮНД:

 

    1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3.2-т зааснаар Засгийн газар нь Монгол Улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газар нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулж УИХ-аар батлуулах бөгөөд мөн хуулийн  10.1.3-т төсвийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхээр, Төсвийн тухай хуулийн 10.1.3-т дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн жилийн төсвийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заажээ.

 

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаас гадна төсвийн зарчмыг мөрдлөг болгох, макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх, жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх шаардлагыг тус тус хангасан байх ёстой.

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй, холбогдох хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, Тухайлбал, Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-д улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг  2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байхад төсвийн энэ төсөлд өрийн эзлэх хувийг 40 биш 60 хувьд хүргэхээр хуульд өөрчлөлт оруулахаар тооцсон нь  Монгол Улс гадаад өрийн дарамтад улам гүнзий орж байгааг баталж байна. Энэ нь АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаагаа зогсоосонтой ижил шалтгаантай юм. Монгол Улсын өрийн босгыг нэмэгдүүлэх эсэх асуудал нь Монгол Улсын өрийн урт хугацааны бодлогын чухал асуудал тул судалгаа тооцоонд үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй.

 

2. Монгол Улсын 2013 оны төсвийн орлого нэлээдгүй тасарч, төлөвлөсөн зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг юуны түрүүнд боловсруулан батлуулж, 2013 оны тодотгосон төсвийн үндсэн үзүүлэлтүүд, хүлээгдэж буй гүйцэтгэлийн холбогдох тооцоо, судалгаанд суурилсан 2014 оны төсвийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай байхад Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дараа 2013 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр болж байгаа нь агуулгын хувьд, Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл нь өөрөө ямар ч үндэслэлгүй, баталгаагүй тооцоо судалгаанд үндэслэгдсэн болохыг тод харуулж байна.

 

3. Төсвийн орлого тасарснаас төсвийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн өнөөгийн нөхцөлд тэвчиж болох зардлуудыг аль болох нэмэгдүүлэхгүй танах зарчим баримтлах ёстой атал Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн байгууллагуудын орон тоо, урсгал зардлаа нэмж тооцсон байна. Ийм зардлуудыг нэмэхийн оронд цалин тэтгэвэр, тэтгэмжээ 30-аас доошгүй хувиар  нэмэгдүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна.  

 

4. Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг бодитой бус, хэт өөдрөг байдлаар тооцжээ.

 

5. “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай”, “Монгол банкны тухай”, “Төсвийн тухай” хуулиудыг зөрчиж Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур 7 орчим их наяд төгрөгийг хяналтгүйгээр зарцуулж байгаа нь  улсын төсвийн агуулга ач холбогдлыг алдагдуулж байна. Улсын төсвийн тооцоонд оруулан тооцох тохиолдолд төсвийн алдагдал огцом нэмэгдэж, хуульд заасан төсвийн шаардлага хангагдахгүй байх нөхцөл байдал үүсэхээр байна гэж бид үзэж байна.  Иймд 2014 оноос эхлэн санхүү төсвийн бүхий л үйл ажиллагааг зөвхөн УИХ-аас баталсан төсвийн хуулийн  хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай  байна.

 

    Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн “Засгийн газраас өргөн мэдүүлсэн ... тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төсвийн төслийг буцаана.” гэсэн 18.2 дахь хэсгийг удирдлага болгон, хуулийн зөрчлийг арилгуулж, хуульд заасан төсвийн шаардлагыг хангуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газар эргүүлэн  татаж авч засаж оруулж ирэх нь зүйтэй гэж  Монгол Ардын Намын бүлэг үзэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn