2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » О.Содбилэг: Хамгийн сайн хийж сурсан дарга солих асуудал руугаа МАН-ынхан хэт анхаарч байна

О.Содбилэг: Хамгийн сайн хийж сурсан дарга солих асуудал руугаа МАН-ынхан хэт анхаарч байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

О.Содбилэг: Хамгийн сайн хийж сурсан дарга солих асуудал руугаа МАН-ынхан хэт анхаарч байна УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намрын чуулган албан ёсоор эхэллээ. Таны хувьд энэ чуулганд ямар хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна?

-Намрын чуулганд хэд хэдэн хуулийн төслийн санал оруулсан. Гэхдээ хэлэлцэх асуудалд оруулаагүй байна. Мэдээж намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын хамгийн чухал нь улсын төсөв байгаа. Төсвийн тодотгол хийх шаардлага байгаа, төсвийн орлого маш их хэмжээгээр дутсан. Мөн хөрөнгө оруулалтын асуудлуудаа эргэж харах шаардлага гээд маш чухал асуудлууд бий.

-Төсвийн тодотголоор багагүй хэмжээний хасалт хөрөнгө оруулалтаас хийхээр болж байна. Хөрөнгө оруулалтаа багасгах замаар төсөвт хасалт хийх нь хэр зөв юм бол?

Миний бодлоор төрийн аппарат системийн хэмжээнд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа танах хэрэгтэй. Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд олон жил боллоо. Гэтэл өнөөдөр ахуй үйлчилгээний төвүүдийг олноор аймаг сумын төв болгонд барих асуудлыг яриад сууж байна. Нэг ёсондоо төр нь иргэдийнхээ хайрч, үсийг нь засах болж байна. Ийм байдлаар хувийн салбарын хийх ажил руу хэтэрхий их өнгийж, ажилгүй хүмүүсийн тоог нэмж байна.

Уг нь бол хувийн хэвшлийнхнээ ажил хийх боломжоор хангаад, дэмжих тухай ярих ёстой. Гэтэл социализмын үеийн халуун усыг байгуулах талаар яриад үүнд төсөв мөнгөө зараад сууж байна гэдэг утгагүй. Энэ мэт хөрөнгө оруулалтаа л хасах хэрэгтэй.

Аймаг болгоны төв дээр Мэргэжлийн хяналтын байгууллага болгон өөрийн ордонтой, татварын байгууллагууд нь тусдаа албан тасалгаа, байшин савтай болох шаардлага байхгүй, Тэр хүмүүс урьд нь ажлаа хийж болдог байсан. Гэтэл одоо хийх ажил нэмэгдээгүй байхад заавал ингэж үрэлгэн зардал гаргах хэрэггүй гэж би харж байгаа.

-Эдийн засаг хүнд байгааг дээд түвшиндээ ярьж байна, ард түмэн ч мэдрээд эхэллээ. Гэтэл үүнээс гарах гарцаа тодорхойлж нэг л чадахгүй юм?

-Яг эрх баригчид эдийн засаг муу байна гэж хэлэхгүй байна. Манай бүлгийн зүгээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулж эдийн засгийн асуудлаа ярья гэсэн. Гэтэл ээлжит бус чуулган зарлан хуралдсан ч эрх баригчдын зүгээс таван хуулийн төсөл оруулж ирлээ. Түлээ нүүрс, бараа бүтээгдэхүүний үнэ гэх иргэдийн амьдрал тулгамдсан гол асуудлыг талаар огт яриагүй.

Энэ бол сөрөг хүчин шүүмжлэхийн тулд шүүмжлээд байгаа зүйл огт биш. Бодит амьдрал ийм л байгаа. Оны эцэс гэхэд бүр л хэцүүдэх вий гэж санаа зовж байна. Үүнийг зөв тийш нь залах, бодит гаргалгаа юу байх вэ гэдгийг ээлжит бус чуулганаар ярих болов уу гэж бодож байсан тэгсэнгүй. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байх, алтны худалдааг ил тод болгоё, хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой хуулиа л ярилаа. Яг үнэндээ эдийн засгийн хувьд жижиг дунд битгий хэл том компаниуд хэцүү байдалтай байна.

Том компаниуд нь 1990-ээд онд байсан шиг өрийн сүлжээнд орчихсон, нэг нэгэндээ маш их өртэй болчихсон байна. Ажилчдаа цомхотгож, хөрөнгө оруулалтуудаа зогсоочихсон байна. Олон танил түншүүд маань “Хөрөнгө мөнгөө дэмий үрж байхаар хараад байж байя. Хэдэн хүнээ халж үйл ажиллагааныхаа зардлыг багасгая” гэж байна.

-Ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь юу гэж та харж байна?

-Бүх зүйлд төр оролцсоны гай. Нэг ёсондоо миний түрүүн хэлсэн төр хувийн хэвшлийн өмнөөс боорцог хайрч, үс засаад эхлэхээр ийм байдалд хүрч байгаа юм. Ингэснээр хүмүүсийн ажиллах хүслийг нь мохоогоод байна. Бизнесийн салбараас гарч ирсэн хүний хувьд надад бизнес хийж байгаа найз нөхөд танилууд маш хүнд байгааг хэлдэг. Гэтэл Засгийн газрын тэргүүн ажлын байр нэмэгдэж байна гээд байдаг.

Тэр хүмүүс нь хаана ажилд ороод, хэн авч ажиллуулаад байгааг нь мэдэхгүй. Их л том тоо хэлээд байгаа. Тоо статистикт ч итгэх аргагүй болж. Юу бодитой байна вэ гэхээр иргэдийн түлдэг шуудай нүүрс 5000 болсон, компаниудын хөрөнгө оруулалт зогсч төрийн дарамт шалгалт ихсээд байна гэдэг л үнэн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталснаар эдийн засагт эерэг нөлөө гарна гэж үзээд байгаа юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг би дэмжиж байгаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесийнхэндээ таатай орчин бий болгож, дэмжлэг үзүүлж байгаа дохио нь хэрэгтэй гэж харж байгаа. Гагцхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлага бол байгаагүй. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн шалтгаанаа зөв дүгнээд, гаргалгаа гаргаад явах л зүйтэй байсан.

Эрх баригчдын зүгээс ямар нэгэн алдаа гаргасан, бодлогын хувьд дутуу дулимаг юм байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс их айж байх шиг байна билээ. Уг нь бодит байдлаа зөвшөөрөөд яаж алдаагаа засах вэ гэдгээ ярих нь ард түмэн, улсад хэрэгтэй.

-МАН-ын Их хурал болох дөхөж байна. Энэ хурлаар удирдлагуудаа өөрчлөхөөс өөр шинэчлэл хийж чадах болов уу?

-Би намыг шинэчлэх хөдөлгөөнд залуучуудын хамт орсон. Бид хэд хэдэн чиглэлээр ажиллаж, нам дотроо багагүй амжилтад хүрсэн. Бидний зорилго намын Их хурлыг зарлуулах байсан. Мөн хэлэлцэх асуудалд намын дүрмээ өөрчлөх, үзэл баримтлалд юуг сайжруулж, юуг хэлэлцэх вэ гэдгээ анхаарахыг шаардсан. Үүндээ хүрч чадсан. Миний харж байгаагаар намын Их хурлаар бидний хамгийн сайн хийж сурсан дарга солих ажил руу хүн бүр анхаарч байгаа нь харамсалтай байна. Гэтэл үүнээс чухал зүйл манай намд байлгая.

МАН олон жил энэ улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ирсэн гэдэг утгаараа ирээдүйд юу хийхээ ярих, ер нь манай намын гишүүн хүн юунд итгэх, ямар итгэл үнэмшлээр энэ нам, улс орны төлөө явах юм бэ гэдэг чухал асуудлаа гаргаж тавих ёстой. Бидний хөгжлийн концевц гэж юу байх ёстой юм бэ, нийгмийн бодлого маань юунд чиглэх ёстой гэдгээ ярих ёстой.

Мөн өнгөрсөн хугацаанд юун дээрээ алдсан бэ гэдгээ ч ярих л ёстой юм. Тэгэхгүй намын дарга гинсек хэн байх вэ гэдгээ яриад өнгөрнө гэдэг буруу. Угаасаа энэ нийгэмд манай Нам АН-тай ээлжилж төр барих нь ойлгомжтой. Тиймээс ирээдүйд засаг барих үед юу хийх ёстой юм гэдгээ одооноос л бид ярьж, боловсруулах ёстой. Тэгж байж иргэд биднийг дэмжиж, итгэл хүлээлгэнэ үү гэхээс дарга хэн байх нь тэдэнд чухал биш.

-Дарга өөрчлөх нь тэгээд хэнд хэрэгтэй асуудал гэж?

- Энэ бол нам доторх сонирхлын л асуудал. Нийгэм үүнийг сонирхохгүй, хүлээх ч үгүй байгаа. Бидний юу хийх л чухал. Ялангуяа залуучуудын хувьд. Нийт хүн амын 60 гаруй хувь нь 35-аас доош насны залуучууд байгаа. Тэд улс төр сонирхдоггүй. Тэд юу сонирхож байна вэ гэхээр би яавал ажилтай, амьдралтай, зорилготой, тэмүүлэлтэй байх вэ, Монголдоо яаж гоё амьдрах вэ гэдгийг л сонирхож байна.

-Намын даргыг солих чухал биш гэж байгаа ч үнэхээр энэ намыг чирээд явах, хүнд байдлаас аваад гарах хүн хэрэгтэй байгаатай та санал нийлнэ биз дээ?

Манай нам сүүлийн хэдэн жил лидер юм уу, нарийн бичгийн даргадаа хэтэрхий их анхаарч ирсэн. Тэр буруу байсан гэж би хардаг. Зүгээр чирээд явах, чадалтай хүчтэй лидер ямар ч нийгэм, байгууллага, намын хувьд хэрэгтэй байдаг. Намын аппарат, гишүүдийн хувьд ямар ажлыг хэрхэн, ямар ёс суртахуунтай хийж байсан бэ гэдгийг харах ёстой.

Зөвхөн намын даргын үзэмжээр явдаг цаг өнгөрсөн. Бүх зүйл нээлттэй, мэдээлэл маш хурдан тархаж, түгж байгаа энэ үед даргын амыг харж явдаг хандлага хоцрогдсон. Тэр тусмаа 90-ээд оны залуучууд ийм зүйлийг ойлгох ч үгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Ийм хүмүүжилтэй бүхэл бүтэн үе гарч ирж байна.

-Харин танай үе бол түүнийг мэдэрсэн биз дээ?

-Миний үе яах вэ, пионер байж үзсэн болохоороо ойлгож болно. Гэтэл шинэ үеийн залуучууд тийм биш. Тиймээс одоо арай өөр юм ярьдаг болох хэрэгтэй. Манайхан үнэндээ их хачин сэтгэлгээтэй. Таксины үнэ нэмэгдлээ гэхэд л бүх хүн тийшээ хошуурдаг.

Өдөр тутмын амьдралд нь нөлөөлж байгаа нь үнэн ч энэ бол Монгол Улсын онц чухал асуудал биш л байхгүй юу. Улс орны хөгжилд хэрэгтэй гэхээсээ илүү цаг зуурын л асуудал. Гэтэл бид цаг зуурын зүйлдээ хэтэрхий их анхаарч, туйлширч байна. Үүнийг би нийгмийн нэг доройтол гэж хараад байгаа. ийм байгаад байвал улс хөгжихгүй.

-Тэгвэл даргаа солих нь танай намын хувьд чухал асуудал биш гэж үү?

-Манайх бага хурлаараа удирдлага сонгох асуудлыг хөндөж ярьсан. Энэ бол нэг хүний шийдсэн, ярьсан асуудал биш. Нийт гишүүдийн төлөөлөл болсон хүмүүсийн гаргасан шийдвэр. Хүн солих чухал уу намаа одоогийн нөхцөл байдалд нийцүүлээд ирээдүй рүү харсан бэлтгэлийг нь хангах нь чухал уу гэсэн хоёр асуудал байгаа. Аль алийг нь хэтэрхий няцааж болохгүй.

Нам унах, урагшлах нь хүнээс шалтгаалдаг нь яах аргагүй үнэн. Нам гэдэг чинь өөрөө амьтай юм биш шүү дээ. Дотор нь байгаа гишүүдээс их зүйл шалтгаална. Тиймээс зарим гишүүд байраа тавьж өгөх нь зөв гэж бодож байгаа. Шинээр гарч ирж байгаа эсвэл намынхаа төлөө тодорхой зүйл хийсэн, зүтгэсэн өөрийгөө харуулсан, манлайлсан хүмүүс гишүүдийнхээ дэмжлэгээр сонгогдох нь нээлттэй.

Гагцхүү нэг хүнийг солих асуудалд хэтэрхий анхаарах нь бусад чухал асуудлаа арын эгнээнд оруулж байгаа юм шиг харагдаад байгаа юм.

-МАН-ын залуучууд намаа шинэчилье гэж их ярьж байна. Харин удирдлагууд нь “Манай нам бол тасралтгүй шинэчлэгдсээр ирсэн” гэж байгаа. Ер нь яг юугаа шинэчлэх ёстой юм бэ?

-Ямар ч байгууллага, компани, сургуулийн нэг анги байсан ч тэр хамт олны хувьд дотоод соёл, амин сүнс нь гэж байгаа. Манай намын хувьд сүүлийн хэдэн сонгуульд ялагдсандаа тэр үү, энэ соёл маш их алдагдсан. Үүнийг эргэж сэргээх хэрэгтэй. Би Монгол Улсын иргэний хувьд яагаад МАН-ын гишүүн болов, юунд хүрэх вэ гэдэг чухал.

Мэдээж нам дагаж карьер хөөж байгаа гэж шүүмжилдэг ч байдаг л асуудал. Хүн амбицтай байж амжилтад хүрэх нь буруу биш. Тэр амбиц нь юуны төлөө вэ, ямар үнэт зүйл, ёс суртахуунтай вэ гэдгээ дүрэмдээ оруулж тодорхой болгох ёстой. Харин зөрчвөл “Уучлаарай та манай намд тэнцэхгүй байна” гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхгүй энэ намд орсноор эсвэл аав ээж ах эгчийнхээ хүчээр намын нэр зүүж яваад засгийн эрхэнд гарангуут намын гишүүнийхээ үнэмлэхийг гаргаж албан тушаалд очно гэх горьдлого байж болохгүй.

Харин намын гишүүнийхээ хувьд энэ намд шинэ бодол санаа авчрах, түүнийгээ нам дотроо лобийдож, дарга, гишүүддээ ойлгуулах, намынхаа бодлогод оруулна гэдэг маш чухал. 1990 оноос хойш манай нам олон шинэчлэл хийж, олон үе дамжсан. Одоо бид намынхаа дүрэмд орох өөрчлөлтүүдийг нийгмийн хүлээлттэй уялдуулъя, ирээдүй рүүгээ харсан юм хийе л гээд байна.

-Тэгэхээр МАН-ын шинэчлэлийн асуудлыг хүчтэй ярьж байгаа залуучууд бол Т.Аюурсайхан тэргүүтэй “Шинэчлэлийн хороо”-ныхон. Тэдний тавьж буй илтгэл, хэлж буй үгнээс харж байхад энэ намд болж, бүтэж байгаа юм нэг ч байхгүй байна билээ. Энэ нь нэг талаас энэ намын нэр нөлөөг сулруулаад, муухай харагдуулаад байна гэх хүн танай намд бий?

-Т.Аюурсайханы хэлж байгаа зүйлд авууштай зүйл их байгаа. Олон жил эрх барьсан намд яах аргагүй ялзарсан зүйл бий болдог юм билээ. Үүнийг цэвэрлэе гэж байгаа нь зөв. Харин үүнийгээ ямар байдлаар хэрхэн хийх гэсэн арга барил уралдаж байна, нам дотор.

Энэ бол харин ч ардчилсан зарчмаар явж байгааг харуулж байгаа. Хэн нэгэн “Чи дуугүй бай, болохгүй” гэж хэлэхгүй байгаа нь давуу тал. Харин эцсийн зорилго нь юу вэ, зорилгодоо хүрч чадах уу, хүрэх арга барил нь юу вэ гэдэг нь янз янзаар ялгарч байна.

-МАН-аас УИХ-д сууж буй гишүүдээс Н.Номтойбаяр гишүүн та хоёр хамгийн залуу түшээд. Ойрын үед түүнтэй холбоотой асуудал дэгдлээ. Энэ тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Н.Номтойбаяр бол миний найз. Бид хоёр МАН-ын нэрээр УИХ-д Дорнод, Орхон аймгаас иргэд сонгогчдынхоо итгэлийг авч сонгогдсон. Яг болсон үйл явдлыг би сайн мэдэхгүй. Хэвлэл мэдээллээр явагдаж байгаа процессыг ажиглаж байхад нэлээд гүтгэлгийн чанартай юм байна уу гэж хардаж байна. Үнэхээр гэрч, харсан үзсэн хүн байхгүй хэрнээ ингэж шүүмжлээд байж болохгүй.

Энэ дотор ерөнхий харагдаж байгаа зүйлийг хэлэхэд манай нийгэмд залуу хүмүүсээ дэмжих ойлголт байхгүй байна. Аль болох л нэр хүндэд нь халдаж, муулж, унагаж, нэрийг нь сэвтүүлэх вэ гэдэгт анхаардаг юм шиг. Н.Номтойбаярын хувьд би сайн мэднэ. Зоригтой шийдэмгий, өглөгч, найз нөхөдтэйгөө их аятайхан харилцаатай эр хүн. Эр улсуудын хувьд хүнтэй муудалцаж шөргөөцөлдөх юм байна. Гэхдээ хүн рүү хутга барьж дайраагүй гэдэгт итгэлтэй байна.

-Энэ асуудлаар түүнтэй ярилцсан уу?

-Би өөрөөс нь ч асуусан. 'Тийм юм байгаагүй ээ” гэж байна билээ. Би нэг зүйл хэлье. 1990 онд ардчилал гарч ирэхэд ардчиллын “Алтан хараацай”- нууд биднээс залуу байсан. Гэтэл тэдэнд манай ахмад үеийнхэн боломж өгсөн, дэмжсэн, улс төрийн процесст оруулсан. Ямар нэг байдлаар дарах гэж баривчилж, шоронд хийж, нэр төрийг нь сэвтээх гэж байсан тохиолдол нэг ч гарч байгаагүй.

Тэгэх боломж уг нь байсан. Гэтэл өнөөдөр гарч ирж байгаа залуучуудаа харлуулах гээд байгааг нь өөдгүй хэрэг гэж харж байгаа. 1996, 2000 онд ардчиллаар овоглосон хүмүүсийг бид сонгож л байсан. Гэтэл өнөөдөр ийм өөдгүй байдал гаргаж байгаа нь харамсалтай.

-Та АН-ын залуучуудыг дэмжихгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-Яг тэгж ойлгох нь хаашаа юм бэ. АН-ын парламентад гаргаж ирсэн залуучууд дотор Н.Номтойбаяр бид хоёр шиг залуу хүн байна уу. Архангайн Б.Болор л байна. Х.Тэмүүжинг залуу хүн гэхэд хэцүү. “Алтан хараацай”- уудаасаа л залуу байх. Доошоо намын бүтэц, залуучуудын байгууллагыг нь харахаар бүр байхгүй.

Манай нам бол өөр шүү. Залуучуудын байгууллагууд нь гишүүнчлэлтэй, идэвхитэй. Мэдээж ахмад үеийнхэнтэйгээ “байлдах” асуудал байдаг. Гэхдээ АН шиг залуу үеэ доош нь хийх бодлого явуулдаггүй. Н.Номтойбаяртай холбоотой өрнөж байгаа зүйл бол үүнийг нэг жишээ гэж харж байгаа.

-Магадгүй Н.Номтойбаяр гишүүн Н.Алтанхуяг сайдын өмнөөс нэг биш удаа зоригтой дуугарсантай холбоотой юм болов уу. Дорнодын Засаг даргын томилгоо гээд ...?

Өнөөдөр хүртэл Дорнод аймгийн Засаг даргын асуудал нэг мөр шийдэгдээгүй байгаа. Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулийг дахин хийхээр болж байна гэнэ. Ямар хачин бантан шиг юм. Хийхээрээ ард түмний ардчилсан сонголтыг уландаа гишгэж байгаа юм бэ. Үүнийг маш олон залуучууд хараад байж байгаа.

Юу ч хийж болдог юм бэ, хууль, ёс жудаг аль аль нь хамаагүй юм байна гэсэн ойлголтыг л авна. Энэ нь эргээд ахмад үеийнхнээ барина шүү гэдгийг л хэлмээр байгаа юм. Улам хурц, хүндэтгэлгүй, бүдүүлэг залуу үеийг бий болгосноор эргээд ахмад үеийнхнээ барина.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn