2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » ”Дүнжингарав” зах ”Баянмонгол” хороолол цэвэр усны худаг дээр байрлачихсан байгаа нь маш ноцтой зөрчил

”Дүнжингарав” зах ”Баянмонгол” хороолол цэвэр усны худаг дээр байрлачихсан байгаа нь маш ноцтой зөрчил

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Ярилцлага

”Дүнжингарав” зах ”Баянмонгол” хороолол цэвэр усны худаг дээр байрлачихсан байгаа нь маш ноцтой зөрчил

Усны үндэсний хорооны Ажлын албаны орлогч дарга П. Бадамдоржтой ярилцлаа.

 

-Туул голын урсац тасалдаж байгаа гэх мэдээлэл байна?

 

-Хэвлэлээр Туулын голыг хоолойг хэрчлээ гэх мэт мэдээлэл гараад байна. Ер нь би хоолой гэж юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Энэ бол зүгээр л хөрсний ус шүү дээ. Ширхэг шар будааг сарнайн чинээ л болгож дөвийлгөөд байна. Энэ асуудалд ач холбогдол өгөөд, арга хэмжээ зохион байгуулсан юм байхгүй.

 

-Усны ундарга дээр баригдсан барилгууд байна. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Тийм. Хэдэн жилийн өмнө энэ асуудлыг манайхаас хөндөж байсан. Тодруулбал, "Баянмонгол" хороолол болон "Дүнжингарав" худалдааны төв цэвэр усны эх үүсвэрийн 20 худаг байдгийн 3-4 худгийг дараад байрлачихсан байгаа. Тухайн үед бид нар эсэргүүцэж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж өгөөч гэж хандаж байсан. Гэтэл энэ асуудал шийдэгдээгүй, тэгж байгаад намжсан. Гэтэл өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төв ашиглалтад орчихсон байна. Анх шав тавьж байхад нь л тэр газарт барилга барьж болохгүй гэдгийг хэлж, анхааруулж байсан. Ер нь бол хуучирсан барилга байгууламжийг акталж болно. Харин байгалиасаа бий болсон усны эх үүсвэрүүдийг эргээд хэзээ ч актална гэж байхгүй. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр эрх мэдэлтнүүд газар олгоод, нийслэлийг усаар хангаж байгаа ундаргын эх үүсвэрүүдийг актлан байж барилга барьсан юм.

 

Ингэснээр усны цооног болон усны эх үүсвэрүүдийн ашиглалт багасч, усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Мөн тэнд суурьшлын бүс бий болсноор бохирдлын голомтыг бий болгож байгаа юм. Дээрх газар нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын бүсэд хамаардаг. Гэтэл энэ газарт барилга барьж, бохирдлын голомтыг бий болгож байгаа нь маш онц аюултай үзэгдэл. Хэрэв хөрсний ус бохирдвол халдварт өвчин дэгдэхээс ч илүү хэд дахин аюул үүснэ. Эргээд хөрс бохирдоход цэвэршүүлэх гэх зэрэг ажилд асар өндөр өртөгтэй зардал гарна.

 

-Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар гүний худгуудыг хамгаалахын тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон гэдэг?

 

-Хамгаалах биш хамгаалалтын бүс дотроо цэцэрлэгт хүрээлэн байрлаж байгаа юм. Усны тухай хуулиар бол Орон нутгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтын бүс байгуулдаг. Гэхдээ энэ нь энгийн хамгаалалтын бүс биш. Энгийн хамгаалалтын бүсэд эргээс нь 200 метр зайд байх ёстой гэсэн байдаг. Харин хүн амыг усаар хангаж байгаа усны эх үүсвэрт эргэн тойрон нь онцгой хамгаалалтын бүс юм. Дотоодын цэргийн хамгаалалтанд байдаг байгууламж. Гаднаас нь харахад жижиг амбаар шиг харагддаг хэрнээ нарийн байгууламж нь газар дороо байдаг юм. Гэтэл худгуудыг акталж, барилга барьсан нь маш том зөрчил юм.

 

-Акталсан гэлээ. Хэний захирамжаар хэзээ акталсан юм бол. Та акталсан захирамжийг нь харсан уу?

 

-Тухайн үед байсан нийслэлийн Засаг даргын захирамжаар гаргасан байдаг. Уг нь бол нийслэлийн Засаг даргад тийм эрх мэдэл байхгүй. Ялангуяа усны нөөцийн хайгуул, судалгаа, ашиглалт гэх зэрэг асуудал нь хуулиараа байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх мэдлийн асуудал. Миний хувьд захирамжийг нь хараагүй. Гэхдээ тухайн газарт барилга барих зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга л олгодог шүү дээ.

 

-Ер нь нийслэл хот усны хэдэн эх үүсвэртэй юм бэ. Туул голын ус хаагуураа их тасалддаг юм бол?

 

-Улаанбаатар хот дөрвөн үндсэн эх үүсвэртэй. Харин Гачууртад байрлах тав дахь эх үүсвэр энэ жилээс ашиглалтад орж байгаа. Цаашдаа Туул голын урсцыг тохируулах, гадаргуун ус болон газрын гүний усыг хамтатгаж хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төв цогцолборын хайгуулын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Мөн Яармагийн усны эх үүсвэрийн асуудал яригдаж байна. Туул гол сүүлийн жилүүдэд тасалдахдаа III цахилгаан станцын орчимд л тасалдаж байгаа. Энэ орчмоор голын хоёр эргээр арав гаруй цооног байдаг. Зүүн талаас нь Яармагийн иргэдийн усны асуудлыг шийддэг. Ингэснээр гол ачааллаа дийлэхгүй тасалдаж байгаа юм. Хүнээр зүйрлүүлвэл түр зуурын даралт харваж байна гэсэн үг. Энэ жилийн тухайд хур ихтэй жил байсан учраас тасалдсангүй. Харин дараа дараагийн жилүүдээс тасалдах нь тодорхой. Тиймээс Туул голын урсцад нь тохируулга хийж, үертэй жилд үерийн усыг нь барьж хуримтлуулаад гантай жилд нь голын урсцыг сайжруулъя гэсэн судалгааг хийх гээд байгаа юм.

 

-Нийслэлийн иргэд өдөрт хэдий хэмжээний ус хэрэглэдэг юм бол. Мөн нийслэлийн усны нөөц хэр байна вэ?

 

-Энэ асуудал их зөрүүтэй тоо яваад байдаг юм. Ус сувгийн Удирдах газрын гаргаж байгаа тоогоор нийслэлийн иргэд өдөрт 160-180 мянган шоо метр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Гэтэл зөвхөн төвлөрсөн сүлжээгээр авч байгаа тоогоо л ярьдаг юм. Харин түрүүний хэлсэнчлэн III цахилгаан станц, зарим хүнсний үйлдвэрүүд гэх мэт газрууд өөрсдөө усны эх үүсвэртэй болчихсон байдаг. Төвлөрсөн шугамнаас усаа авахгүй байгаа хэдий ч Алтан тэвшийн хөндийгөөс л усаа авч байгаа юм. Тэгэхээр өдөрт хэрэглэж байгаа ус нь хэдийнэ 230 мянган шоо метрээс хол давчихсан. Хэрэглээ хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа учраас 2016-2018 он гэхэд хязгаартай нөөц, хязгааргүй хэрэглээ хоёр маань баланслаж ирэх гээд байгаа юм. Тиймээс л урсцын тохируулга хийж, нөөцийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 2018 он гэхэд ачааллаа дийлэхгүй байна гэсэн тоо бий. Өнөөдрийн байдлаар гэр хороололд оршин суудаг иргэд өдөрт 6-8 литр ус хэрэглэж байхад байшин хорооллын иргэд 200 орчим литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж байна. Харин усны асуудлыг хэрхэн шийдэх бол?

 

-Дамбадаржаа, Сэлх, Бэлх, Хайлаастын чиглэлийн усны нөөцийг Гачууртад байрлалтай тав дахь эх үүсвэрээс авахаар тусгагдаад явсан байдаг. Бусад эх үүсвэрүүдээс дахин төлөвлөлт хийж байгаа газар руу ус нийлүүлэх гэхээр ачааллаа дийлэхгүй гэх асуудал гараагүй байгаа. Тэгэхээр усны нөөц 2018 он хүртэл хангалттай байгаа гэж ойлгож болно.

 

-Усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажил манайд хийгдэж байгаа юу?

 

-Хайгуулын ажлыг хотоос гадна хийж байгаа. Одоохондоо хот дотроо эх үүсвэрүүдийг түшиглэн хайгуул хийж, хамгаалалтын бүс гаргаад тэмдэгжүүлсэн. Голын эрэг дагуу шон байршуулсан. Тэр шонгоос гадагш суурьшлын бүс бий болгож болох юм.

 

-Туул гол орчмоор аялал жуулчлалын бааз болон орон сууц, барилга байгууламж ихээхэн баригдсан байгаа. Энэ Туул голд нөлөөлөл үүсгэх үү?

 

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гараад Туул голын орчмоор шалгалт хийсэн. Улмаар шалгалт хийсэн газруудыг хамгаалалтын бүсэд оруулан, аж ахуй нэгж болон айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлнэ гэсэн тухай яригдсан. Тэр байтугай "Монгол шилтгээн" амралтын газар хамгаалалтын бүсэд орсон байдаг юм. Эдгээр газрууд нь эзэмших эрхээ олон жилээр авчихсан юм билээ. Харин нийслэлээс энэ эрх нь дууссаны дараа дахин эрхийг нь сунгахгүй гэсэн тайлбар өгдөг. Нэгэнт эзэмших эрхийг нь өгчихсөн учраас шууд цуцлахад хүндрэлтэй байна.

 

Г.Баярцэцэг

Нийслэл таймс сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.