2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Я.Төмөрбаатар: Ардын намд сэрэлт авчирсан, гишүүдээ сэргээсэн түүхэн хурал болоосой

Я.Төмөрбаатар: Ардын намд сэрэлт авчирсан, гишүүдээ сэргээсэн түүхэн хурал болоосой

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ, Ярилцлага

Я.Төмөрбаатар: Ардын намд сэрэлт авчирсан, гишүүдээ сэргээсэн түүхэн хурал болоосой

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, Улстөр судлалын доктор (Ph.D) Я.Төмөрбаатартай удахгүй болох МАН-ын их хурал, шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

 

-Удахгүй Ардын намын Их хурал хуралдана. Хурлаар ямар асуудлыг чухалчлан хэлэлцэх вэ. Үүнд ард түмэн төдийгүй, намын гишүүд нэлээн хүлээлттэй байгаа байх?

 

-Намын Бага хурлаас Их хурал хуралдуулах товыг зарласан. Үүнээс хойш хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд Их хурлын бэлтгэл ажлыг хангах ажилд оролцоод л явж байна. Юуны түрүүнд бодлогын баримт бичгүүдийн төсөл дээр ажиллаж саналаа өгсөн. Төслүүдийг ажлын хэсгүүд бэлтгэж бэлэн болгосон. Одоо энэхүү баримт бичгээ орон даяар намын үүрүүдээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна. Ерөнхийдөө энэ Их хурлаар гурван чухал асуудлыг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэгдүгээрт, хоёр Их хурлын хооронд Ардын нам ямар ололт, амжилт, алдаа дутагдал гаргав гэдэг дээр албан ёсны улстөрийн дүгнэлт өгөх байх. Хоёрдугаарт, Ардын нам цаашид ямар бодлого, чиглэл гаргаж, ямар тоглоомын дүрмээр явах юм гэдгээ хэлэлцэнэ. Мөн үүнтэй холбоотойгоор намын мөрийн хөтөлбөр, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдах нь мэдээж. Гуравдугаарт, Ардын нам улстөрийн ууган хүчин гэдэг утгаараа цаашид улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдгийг ярих нь тодорхой. Зөвхөн намынхаа дотоод асуудлыг ярихаас гадна улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх, цаашлаад улс орныхоо хөгжилд МАН ямар хувь нэмэр оруулах талаар хэлэлцэнэ.

 

-Их хурлыг илүү үр дүнтэй болгохын тулд салбар хуралдаан зохион байгуулна гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

 

-Их хурлыг илүү үр дүнтэй болгож, аль болох олон хүн санал бодлоо илэрхийлэх, үгийг нь хэлүүлэх үүднээс салбар хуралдаан зохион байгуулъя гэсэн чигтэй байгаа. Ерөнхийдөө бэлтгэл ажил нь хангагдаад явж байгаа. Энэ Их хуралд хоёр, гурван онцлог байгаа юм. Ардын нам түүхэндээ бүх шатанд цөөнх болсон энэ үед Их хурлаа хуралдуулах гэж байна. Мөн Ардын нам уугуул нэрээ сэргээж авсны дараах анхны их хурал. Ардын намд ололт, амжилт, алдаа оноо бүгд бий. Олон сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж өнөөг хүрсэн туршлагатай нам. Үүнээс гадна Их хурал хоёр шинж чанарыг агуулсан гэж намын гишүүд яриад байгаа юм. Тодруулбал, энэ Их хурал ерөөсөө л шинэчлэл, эв нэгдлийн хурал байх болно. Мөн Ардын намд сэргэлт авчирсан, намын нийт гишүүдийг сэргээсэн, намынхаа түүхэнд сэргэлтийн гэсэн тодотголтой ийм л хурал болоосой гэж бодож байна. Сэргэн мандалтын гэх юм уу даа. - Ардын намыг цаашид ямар бүрэлдэхүүн удирдах бол гэдэг олны сонирхлыг татаж байна? -Намын шинэ бодлого дүрмийн дагуу 2016 он хүртэл Ардын намыг ямар бүрэлдэхүүн удирдаж авч явах вэ гэдгийг Намын Их хурал хэлэлцэж шийднэ. Хамгийн гол нь 2016 онд Ардын намыг сонгуульд ялуулж чадах тийм л удирдлага, баг Их хурлаас гаргах байх. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний дуу хоолой болж чадах тийм л бүрэлдэхүүн гарч ирээсэй гэж хүсч байна. Мэдээж туршлагатай ахмад, залуу, дунд үеийн төлөөллүүд бүх шатанд хангагдана гэж ойлгож байгаа.

 

-Намын дүрэмд ямар ямар өөрчлөлт орох бол...?

 

-Гурван жилийн өмнө XXVI Их хурлаар түүхэн шийдвэр гаргаж уугуул нэрээ сэргээсэн. Мөн үзэл баримтлалаа ч тодотгосон. Тэгэхээр энэ XXVII Их хурлаар намын үзэл суртал, үзэл баримтлал нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, нийгмийн ардчилсан үзэл, зүүн төвийн үзэл баримтлал дээрээ хатуу зогсч үлдэх байх. Харин намын мөрийн хөтөлбөр, дүрэмд нэмэлт өөрчлөлт зохицуулалт хийх байх. Яагаад гэвэл бид сөрөг хүчин болсон учраас намын дүрэм, мөрийн хөтөлбөрт зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа юм. Үүнтэй холбогдсон олон заалт шинээр оруулах чиглэлтэй байна. Тухайлбал, намын бүх шатны сонгуультнуудын хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Бага хурлын эрх мэдлийн тэнцвэржүүлэлтийн асуудал, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод болгох, хүний нөөцийн бодлого зэрэг асуудалд нэлээн ахиц гаргасан хурал болно гэж бодож байгаа. Мөн дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр дүрэмд зарчмын өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн намын Бага хуралд сонгогдсон сонгуульт гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөрсгөх заалтууд орно. Ерөөс “Ардын нам өргөн, олон түмний нам байна” гэсэн энэ чиглэл хандлагад чиглэсэн зохицуулалт хийгдэнэ. Намын ажил экстенсив буюу тулган шаарддаг, гуйлгаж явах бус интенсив буюу намын гишүүд өөрсдөө үүрэг хариуцлагаа ухамсарлаад явах заалтуудыг оруулахаар ярилцаж байна. Аливаа асуудлыг бүх шатанд хамтын эрүүл өрсөлдөөний, ил тод ардчилсан зарчмыг баримтлан шийддэг байхыг илүүд үзэж, түүндээ зорьж байна. Өмнөх дүрэмд тусгагдсан заалтууд их хатуу. Хариуцлагыг хавтгайруулан тооцож байсан. Энэ заалтаас хүмүүс жийрхдэг байсан шүү дээ. Тиймээс одоо хариуцлагыг эзэн биетэй тооцдог байх нь зөв гэсэн хандлага уруу чиглэх байх.

 

-Ардын намд зарим нь ажлаа хийгээд, зарим нь хойш суугаад байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Ийм байдлыг дүрмээр зохицуулж болох уу?

 

-Ардын намын гишүүд дунд намынхаа бүх шатны хуралдаа суудаггүй, сонгуульд ажилладаггүй, улстөрийн акц, жагсаал цуглаан, аянд огт оролцдоггүй хүмүүс бий. Тэгсэн хэрнээ ажил албан тушаалын сургаар цэцгэнд шунасан зөгий шиг л дүнгэнэлдээд хүрээд ирдэг хэсэг хүмүүс байна аа. Тиймээс энэ үзэгдлийг таслан зогсоож тоглоомын нэг дүрмээр зохицуулах цаг нь болсон гэж үзсэн л дээ. Энэ намыг сэтгэлтэй, эрч хүчтэй, эрмэлзэлтэй, туршлагатай, мэдлэг боловсролтой, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүмүүс удирдаж авч яваасай гэж хүсч байгаа. Гуйлгаж, шаардуулалгүй сонгуульдаа явчихдаг, жагсаал, цуглаан улстөрийн акцын үеэр утсаа салгаад алга болдоггүй, улс эх орон, намынхаа төлөө өөрийгөө дайчилж ажиллаж чадах тийм хүмүүсээр нам бүх шатандаа бэхжих хэрэгтэй. Хамгийн гол нь тэдэнд үүд хаалгыг нь ардчилсан, чөлөөт өрсөлдөөний зарчмаар нээж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тиймээс ирэх аравдугаар сарын 1-7-ны хооронд болох 1600 гаруй үүрийн хуралдаанаар ийм л хүмүүсийг сонгож Их хуралд төлөөлөгчөөр оруулаасай гэж хүсч байна.

 

-Хоёр Их хурлын хооронд МАН юу хийсэн бэ. Та МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын аппаратад олон жил ажилласан хүн шүү дээ?

 

-XXVI хурлаас хойш бид их зүйлийг хийж бүтээсэн. Намынхаа нэрийг сэргээсэн, “Ард түмнээ сонсох аян”-г өрнүүлсэн. Ер нь манай нам 2008-2012 онд засгийн эрхийг хамтарч буюу дангаараа барьж байх хугацаандаа ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрийг 96 хувьтай биелүүлсэн гэж дүгнэсэн. Харамсалтай нь өнгөрсөн сонгуулиудаар сонгогчид бидэнд итгэл хүлээлгэсэнгүй. Улс орныхоо төлөө ч тэр, намын дотоод ажил амьдралаа зохицуулахдаа ч гэсэн нэлээн их зүйл хийсэн. Гэхдээ ололт амжилтаас илүү улстөрийн намыг дүгнэдэг хамгийн гол зүйл бол сонгууль. Ардын нам хоёр Их хурлын хооронд болсон сонгуулиудад амжилтгүй дүн үзүүллээ. Үүнийг янз бүрээр л тайлбарлаж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд 31 хувь, орон нутгийн сонгуульд 40 хувь, Ерөнхийлөгчийн сонгуульд 42 хувийн амжилт үзүүлсэн. Ингэхээр ард түмний Ардын намд өгөх итгэл цаашаа харчихаагүй л юм байна гэж ойлгож болно. Ер нь сонгууль бол ганц нэг дарга юм уу, хувь хүнээс болдоггүй л дээ. Их олон учир шалтгаантай. Гэхдээ намын дүрэм, улстөрийн соёлын хувьд намыг удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээдэг ийм л жишигтэй. Тиймээс энэ хүнд цаг үед Ардын намыг удирдсан Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд гэхчилэн сэтгэл зүрхээ зориулан ажилласан хүмүүстээ талархал илэрхийлэх ёстой. Мөн ачааны хүндийг үүрч сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон жирийн гишүүддээ талархах ёстой. Чадлынхаа хэрээр ажилласан, намынхаа хамт олны итгэлийг биелүүлэхийн төлөө зүтгэсэн эдгээр хүмүүсээр Ардын нам “туг тахих” ёсгүй л дээ. Харин ч тэдэнд урам өгч цаашдаа хамтарч ажиллах хэрэгтэй. Харин ажлаас хойш суудаг, сэтгэл гаргаж ажилладаггүй тийм хүмүүст тодорхой хэмжээгээр хариуцлага тооцох нь зөв.

 

-Та Ардын намын цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

 

-Ардын нам бол бусад улстөрийн намаас өөр. Энэ бол нэгдмэл нам. Тиймээс ч Ардын намд фракц, жигүүр байгуулагдаад байх шаардлагагүй. Харин түүний оронд идэвхгүй ажиллаж байгаа хүмүүс нь хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүмүүстээ байраа тавьж өгдөг байх ёстой. Ардын нам сөрөг хүчин гэдэг утгаараа бусад улстөрийн хүчнүүдийн алдаа оноог хэлж шүүмжилж, дэмжихийг нь дэмжээд явна. Мэдээж Ардын нам сөрөг хүчин учраас энэ үүргээ сайн биелүүлж ажиллах ёстой. Бусад улс орнуудын тухайд гэвэл улстөрийн нам сөрөг хүчин болохоороо сүүдрийн Засгийн газар байгуулж ажилладаг.Харин энэ чиглэлд ахиц гаргах ёстой. Тийм дээ ч Ардын намын ирээдүйг өөдрөгөөр харж байна.

 

-Тэгвэл өнөөгийн эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд та ямар дүгнэлт өгөх вэ?

 

-АН-ынхан 20 хувьтай ажил хийгээд 80 хувь шоудаж байна шүү дээ. Харин Ардын нам бол 80 хувь хийж, 20 хувь ярьдаг байхгүй юу. Ард түмэн ч гэсэн тэгж ярьдаг юм. Ард түмэн шинэчлэлийн Засгийн газрын хийсэн сайн зүйлүүдийг харж л байгаа байх. Гэтэл зарим ажил арай дэндүү байна аа. Өнөөдөр ардчилагчид, шинэчлэгчид гээд байгаа хүмүүс улстөрийн геноцет үйл ажиллагаа явуулж байна. Ингэж туйлширч явж болохгүй ээ. Бидэнд дүр эсгэсэн ардчилал, анархист ардчилал, автократ ардчилал аль аль нь хэрэггүй. Хамгийн гол нь улстөрийн намууд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Улс орон, ард түмнээ гэсэн чин сэтгэл, бодлого шийдвэрээрээ л намууд өрсөлдөх хэрэгтэй. Аль нэг өрсөлдөгч хүчнээ хууль цагдаа, хуулийн байгууллагаар далайлгах нь ард түмний эв нэгдэлд маш хортой. Би ингэж хэлснээрээ буруу зүйл хийсэн хүмүүсийг өмгөөлж, хамгаалсан зүйл биш шүү дээ. Тэр хүмүүс үнэхээр буруу зүйл хийснийг шүүх шударгаар тогтоовол шийтгэлээ хүлээгээд явах л хэрэгтэй. Хэлмэгдүүлж байгаа бол харин өөр. Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн хугацаанд юу хийсэн гэдгээ огтхон ч тайлагнаагүй байна. Ерөөс нэг жилийн дотор улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газрыг шившиглэлийн Засгийн газар болчихов уу даа гэж хэлмээр байна. Улс орон хүндэрсэн үед ард түмэн Ардын намыг дуудаж, тэдэнд итгэл үзүүлдэг түүх давтагдахыг үгүйсгэхгүй. 1996-2000 онд ч мөн адил ийм зүйл болж байсан. Тиймээс 2016 онд ард түмэн Ардын намд итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн намын Их хуралдаа хэрхэн бэлдэж байна вэ?

 

-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн бол эхний зорилтоо биелүүлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, XXVII Их хурлаа зарлаач ээ гэсэн шаардлагыг намын удирдлага нааштай хүлээн авч ээлжит их хурлаа зарлахаар болсон. Харин одоо намын Их хурлаар шийдэх баримт бичгүүд дээр манай “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүд оролцож, бусад хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Би 2006 оноос хойш энэ намын төв аппаратад ажиллаж байна. Энэ хугацаанд таван намын дарга, таван ерөнхий нарийн бичгийн даргатай хамтарч ажиллалаа. Бидэнд хийсэн, бүтээсэн зүйл их байгаа. Хийж амжаагүй ажил ч бий. Өнгөрсөн XXVI хурлаар аймаг нийслэл, дүүргийн намын дэд дарга нар буюу гал тогтоондоо ажлаа зангиддаг хүмүүсийг намын Их хурал, намын Бага хуралд квотоор оруулах саналыг би оруулж намын дүрэмд суулгаж өгсөн. Үүний дагуу намын аймаг, нийслэл, дүүргийн дэд дарга нар бага хуралдаа суугаад бодлого шийдвэрт оролцоод явж байгаа. Дараагийн нэг асуудал бол “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс Ардын намыг өргөн олон түмний нам байх ёстой, олон түмнийхээ оролцоог хангая гэдэг үүднээс намын Их хурлын төлөөлөгчдийн тоог 720 гэж байсныг 1134 болгох саналыг Бага хуралд оруулж улмаар нийслэлийн 152 үүрээс тус бүр хоёр төлөөлөгч сонгогдохоор нэмэгдүүлсэн. Энэ бол намынхаа Их хурлыг илүү өргөн хүрээтэй болгож, цаашид намын үйл ажиллагаанд намын гишүүдээ идэвхтэй татан оруулах гэсэн бодлого л доо. Ялангуяа нийслэлийн хувьд. Тиймээс төлөөлөгчдийнхөө тоог нэмэгдүүлэхийг Бага хурал дэмжсэн. “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд 13 байгууллага, хөдөлгөөнүүд нэгдсэн. Харин “Шинэчлэлийн хороо” бол тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа. Эцэст нь хэлэхэд удахгүй болох намын XXVII хурал намын гишүүд, дэмжигчдэд сэргэлт авчирсан тийм л хурал болоосой гэж бодож байна

 

Д.МЯГМАР

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn