2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Баянхонгорын ороо бусгаа тойрог 2020 сонгуулиар өнгө хувирах уу

Баянхонгорын ороо бусгаа тойрог 2020 сонгуулиар өнгө хувирах уу

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ , Сонгууль

Баянхонгорын ороо бусгаа тойрог 2020 сонгуулиар өнгө хувирах уу

Хорин оны сонгуулиар Хонгор нутгийнхан  гурван  төлөөлөгчөө парламентад илгээх учиртай.  Гэхдээ энэ тойрогт горилогчид  дэндүү олон. Өнөөгийн УИХ-д 2016 оны сонгуулиар нэр  дэвшиж сонгогдсон  нэг намын гурван төлөөлөл  бий. Г.Занданшатар парламентыг  тэргүүлж, Л.Элдэв-Очир  байнгын хороо даргалж,  М.Билэгт идэвхтэй гишүүний нэгээр нэрлэгдэж бүгд л  нэр бүтэн, мөр тэгш явж байх шиг байна.  Тэд сонгогчдынхоо чихийг халууцуулж, намынхаа нүүрийг улалзуулаагүй болхоор  МАН-аас дахиад бүгд нэр дэвших магадлал өндөр.  

Г.Занданшатарын УИХ-ын даргын зангараг,  төвч зарчимч  байдлаараа намын даргадаа үнэлэгддэг Л.Элдэв-Очир  хоёрын өмнө нэр дэвших ногоон гэрэл асаалттай байгаа нь баараггүй.

Баянхонгорын тойргоос баталгаатай сонгогддог  дархан түшээ бол Г.Занданшатар. Тэрбээр нутгаасаа гурван ч удаа мандат өвөрлөөд байгаа юм.  Харин Л.Элдэв-Очирыг нутгийнхан нь эхний удаад нэр дэвшээд очиход буцаасан ч  эргээд ирэхэд нь итгэл үзүүлээд буцаасан.  

Харин М.Билэгтийн хувьд эргэлзээ бий.  М.Билэгт М.Энхболдын фракцийн хүн төдийгүй  2018 оны 11 дүгээр сард  бусад 27 гишүүний хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах  бичгийг өргөн барихад оролцож байсан гэдгээрээ намын даргаасаа  дэмжлэг авах магадлал бага. Гэхдээ тэр ЖДҮ-д холбогдоогүй нэр цэвэр гэдгээрээ намдаа чухал хүн мөнөөс мөн. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд тойргоо хангалттай усалсан.  Тойрогтоо данх, гутал, савнаас эхлээд хэрэгцээний  зүйлсийг тарааж, малчдын тухай парламентын танхимд цангатлаа ярьсан. Тойрогтоо нэр дэвшээд очиход тойройтол гараад ирж мэдэх л хүн.  Тэр 2016 оны сонгуулиар Н.Түвшинбаяр аваргыг ялж “аваргалсан”  билээ.  СГЗ Х.Цэвлээ гуай нутгийнхаа бүсгүйн   тухай “Байдрагийн голд дэлбээлсэн бадам цэцэг” гээд томоос том хөрөг нийтлэл бичиж нийтлүүлсэн байна билээ. Харин үнэхээр дэлбээлж чадах эсэх нь ирэх  сонгуулиар харагдана.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд М.Билэгтийг нэр дэвшүүлэх нэг хэцүү, дэвшүүлэхгүй байх бүр ч хэцүү байж мэднэ.  Тэгээд ч тэр үү, түүний мандатыг хэрхэхийг Л.Элдэв-Очир, Г.Занданшатар нарын мэдэлд өгсөн гэх мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр өнөөгийн УИХ дахь  эмэгтэйчүүдийнхээ квотыг нэмэхгүй юмаа гэхэд бууруулахгүй байхыг бас эрмэлзэнэ.  Тэгэхээр М.Билэгт  биш бол өөр хэн гэсэн  хүндхэн асуудал тулгарна.

Баянхонгорын  тойрог ороо бусгаа, сонгогчид  нь барьцгүй. Тэр дундаа ихэнхдээ цэнхэртэх гээд байдаг “гэм”-тэй.  Тухайлбал, 1996, 2012 онд тус тойрог бүхэлдээ  цэнхэртэж байсан бол 2004, 2008 оны сонгуулиар ардчилагчид олонхи  болж байв. Харин 2000 болон 2016  оны сонгуулиар бүхэлдээ улаарч байсан тойрог юм.  

2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонхи болоход Баянхонгорын хоёр суудал хэмжээлшгүй ач тус болсон удаатай. Тэр үед АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, Д.Ганбат нар тойрогтоо төвөггүйхэн ялж байв.Нэг ёсны 2008 оны сонгуулиар авсан ялалтаа  ардчилсан  хүчин дахин баталгаажуулж чадсан юм.  

Тэгвэл  2020 оны сонгуулийг холоос хараачилж буй хүн гэвэл яах аргагүй  Д.Ганбат. 2016 оны сонгуулиар ялагдсан ч өнгөрсөн 4 жил тойрогтоо УИХ-ын гишүүнээс ч илүү ажилласан  гэх яриа бий. Үнэхээр ч тойргоо чамгүй тойглосон.  Урьд нь 40-ийн бидон тарааж  үүгээрээ “бидон” Ганбат   гэсэн тодотголтой болсон тэр  өнгөрөгч оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нутагтаа тэмцээн зохион байгуулж  хүмүүсийг бидоноор шагнасан гэсэн мэдээлэл явж байсан.  2019 оны 12 дугаар сард Д.Ганбатыг аймгийнхаа оюутнуудад мөн дэмжлэг үзүүлж мөнгө тараасан,  дэмжлэгийг нь хүртсэн оюутны тоо 500-д хүрсэн гэж байв.  

Д.Ганбат  Баянхонгорын тойрогт ирэх сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч яах аргагүй мөн. Учир нь тэр 2016 оны сонгуулиар Г.Занданшатартай өрсөлдөж,  46.1 хувийн санал авч багахан зөрүүгээр ялагдаж байсан юм.

АН-аас 2020 оны сонгуульд Д.Ганбатаас гадна  Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж  байгаа. А.Адъяасүрэн  Баянхонгор  аймгийнхаа Ардчилсан эмэгтэйчүүдийн  холбооны тэргүүнээр ажиллахын зэрэгцээ тойргоо идэвхтэй улсалсан гэх юм билээ. 

Харин тус намаас нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж 100 сая төгрөгөө тушаачихсан гэж явсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэ бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд буй.

Тус  тойргийг хараалж байх магадлалтай  хүний нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд.  Баянхонгор бол түүний аавын нутаг. Урьд жилүүдийн сонгуулиар  түүнийг нутагтаа нэр дэвших тухай дуулддаг байсан ч Улаанбаатарт дархан тойрогтоо учир зорьж очоогүй байх. Харин энэ жилийн тухайд  ШИНЭ намаасаа Баянхонгорт очиж нэр дэвшиж мэдэх юм.

Баянхонгорын тойрог  нэг иймэрхүү янзаар зурагдаж байна. Тус тойрог энэ жилийн сонгуулиар өнгө хувирах эсэх нь нэр дэвшигчдийн чансаа, зангарагаас л хамаарах болчихоод байна.  Үндсэндээ АН-ын нэр дэвшигчдийн хувьд хатуу тойрог гэдэг нь л тов тодорхой.

 Тус тойргоос УИХ-д сонгогдож байсан хүмүүс:

1996 оны УИХ-ын сонгуульд

Ё.Гэрэлчулуун/АХ/ эвсэл

Д.Батнасан, /АХ/эсвэл

Ц.Элбэгдорж /АН/

2000 оны УИХ-ын сонгуульд

Д.Түмэндэмбэрэл/МАХН/

Ц.Шийрэвдамба /МАХН/

С.Дулам/МАХН/

2004 оны УИХ-ын сонгуульд

Г.Занданшатар/МАХН/

Ц.Жаргал/Эх орон ардчилал эвсэл/

Х.Баттулга/Эх орон ардчилал эвсэл/

2008 оны УИХ-ын сонгуульд

Г.Занданшатар/МАХН/

Х.Баттулга//Эх орон ардчилал эвсэл/

Б.Батбаяр/АН/

2012 оны УИХ-ын сонгуульд

Х.Баттулга/АН/

Д.Ганбат/АН/

2016 оны сонгуульд

Г.Занданшатар /МАН/

Л.Элдэв-Очир/МАН/

М.Билэгт/МАН/

 

Г.Хантулга 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn