2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Д.Хаянхярваа: Эдийн засагт далдын чөтгөр шулам шүглэчихээд байна шүү дээ

Д.Хаянхярваа: Эдийн засагт далдын чөтгөр шулам шүглэчихээд байна шүү дээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Ярилцлага

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Эдийн засаг өсөлттэй байгаа гэж эрх баригчид хэлээд байдаг. Гэтэл сөрөг хүчний зүгээс эдийн засаг хямарч байна гэж хэлж байгаа. Гэтэл эрх баригчид бидний хийсэн ажлыг харлуулах гэж оролдоод байна гээд байгаа шүү дээ?

 

-Эрх баригч хүчин нэг юм хэлээд байгаа шүү дээ. Бүх зүйлийг харлуулж байна гэж. Өөрөөр хэлбэл, Монголд ам.долларын ханш өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Амьдрал дээр нөхцөл байдал хүнд байгаа биз дээ. Эдийн засаг өсөлттэй байж болно. Гэвч бодит амьдрал дээр айл гэрийн хаалгаар эдийн засгийн өсөлт орохгүй байна гэдэг өөрөө асуудал болоод байгаа биз дээ. Тэгвэл бид үүнийг хэлээд байна шүү дээ. Монгол Улсын хэрэглээний 75-80 хувийг импортоор авдаг. Тэр 80 хувийн хэрэглээгээ бид гаднаас монгол төгрөгөөр авахгүй шүү дээ. Валютаар авч байгаа. Тэгэхээр ам.долларын ханш өсчихөөд байхад инфляци өсөөгүй, бодит амьдралд нөлөөлөөгүй гэж хэлээд байгаа нь сонин байгаа юм. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдсэн Монгол Улсын эдийн засагт дүн шинжилгээ хийсэн дүгнэлтийг сонсохоор Монголд болж байгаа зүйл нэг ч байхгүй гэж хэлээд байгаа биз дээ. Ингээд бодит байдал дээр эдийн засаг болохгүй байна гэж хэлээд байхад Засгийн газрын гишүүд нь бүх зүйл болж байна гэж хэлээд сууж байна шүү дээ. Тэгэхээр би нэг юмыг л ойгохгүй байгаа юм. Одоо энэ нь эдийн засгийн хямрал биш байж. Бүр санхүүгийн хямрал биш байж ээ. Тэгээд энд юу болоод байгаа юм бэ. Далдын чөтгөр шулам шүглэсэн юм шиг нэг юм болоод байна шүү дээ. Тэгэхээр үүнийг л олон талаас нь хэлэлцэж, хамтарч ажиллах ёстой юм. 2008 оны эдийн засгийн хямралыг давахын тулд УИХ-аас хөтөлбөр баталж байсан. Өнгөрсөн чуулганы төгсгөлөөр Н.Батбаяр сайдаас би асууж байсан. "Эдийн засаг чинь хямрач магадгүй шүү. Тиймээс УИХ-д хөтөлбөр оруулж ирэх бололцоо байна уу" гэж асуухад Н.Батбаяр сайд "Шаардлага байхгүй ээ" гэж хариулж байсан.  

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар үнэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадах уу. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Ер нь ард түмний амьдралыг хэн авч явдаг юм бэ. Хувийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг компаниуд чинь ард түмний амьдралыг нуруун дээрээ авч явж байгаа шүү дээ. Аятай тухтай хөрөнгө оруулалтын нөхцлийг бүрдүүлж өгье гэвэл өөрийнхөөгөө ч ялгаагүй гадныхныг нь ч ялгахгүйгээр таатай нөхцлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хуулиа сайн хийх хэрэгтэй байгаа юм. 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирвэл 5-10 жилийн дотор дөрвөн төрлийн татвараа тогтвортой мөрдөнө гэж байдаг. Ер нь манайд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол энэ. Бид байсхийгээд л татвараараа оролддог. Хөрөнгө оруулалтынхаа хуулийг өөрчилж байна гээд савчаад хаячихдаг. Энэ нь дандаа сөрөг үр дагавар гаргаж байсан учраас гадныхан биднээс зайгаа бариад эхэлчихсэн байна. Тиймээс энэ Хөрөнгө оруулалтын хуулийг гаргаснаар ямар ч байсан Монгол Улсад нэг хууль гарлаа гэдэг сигналыг дэлхий ертөнцөд өгөхөд тодорхой хэмжээгээр ажил урагшаа болох байх. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэлээд чанд батлах хэрэгтэй. Ингэж чадвал гадны хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд зөв эерэг сигналыг өгч чадна.

 

-Монголбанк хөнгөлөлттэй нөхцлөөр банкуудад 2,9 их наяд төгрөгийг өгсөн. Ингэж өгөх нь эрсдэлтэй бөгөөд Монголбанкны валютын нөөц шавхагдаж магадгүй гэх хардлагыг төрүүлээд байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Ер нь Монголбанкны асуудал тун бүрхэг байгаа. Яагаад гэвэл Монголбанк ажлаа УИХ-д тайлагнах ёстой. Өнөөдрийг хүртэл бид Монголбанкнаас хийж байгаа ажлынх нь талаар нэг ч тайлан авч үзээгүй байна. Манай намын зүгээс Монголбанкинд алт авсан талаар шалгалт хийе гэсэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй. Монголбанкинд валютын нөөц нь бүрэн байна уу гэдэг нь эргэлзээтэй. Монгол орны хувь заяатай холбоотой асуудал. Тиймээс үүн дээр бид анхаарлаа хандуулах ёстой. Монголбанкны өгсөн мэдээг харахад валютын нөөц нь 2,7 их наяд ам.доллар байна гэж хэлж байсан. Энэ мэдээлэл нь бодитой юу, үгүй юү ямар эх үүсвэрээс бүрдэж байна вэ гэдэг асуудлыг нарийн шинжилж үзэх ёстой л доо. Тиймээс байнгын хорооноос Монголбанкинд шалгалт оруулсан юм байна. Харин бидний зүгээс УИХ дээр Монголбанкны талаар асуудал оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкуудад тун хөнгөлөлттэй нөхцлөөр 2,9 их наяд төгрөг гаргачихлаа шүү дээ. Эргээд цаад талдаа баталгаагүй мөнгө гаргаад үнийн хөөрөгдлийг үүсгээд байж болзошгүй. Тэгээд ямар компаниудад өгсөн нь тодорхойгүй. Бидний шүүмжлээд байгаа зүйл бол тэр. Хэн гэдэг компани авсан бэ гэхээр өнөөдөр тайлбар хэлэх хүн ганц ширхэг ч байхгүй. Тэгэхээр  ил тод зарчмаар тендер явуулдаг ажил чинь гажуудаад байгаа юм шүү гэдэг асуудал үүсч байгаа юм  л даа. Өнөөдөр эдийн засагт төрийн оролцоо асар их байна гэж олон улсын байгууллагууд хэлээд байна шүү дээ. Тиймээс энэ үнийн хөөрөгдөл зохиомлоор бий болоод байна гэдгийг сануулаад байгаа юм. Ер нь Монголбанк сүүлийн 10-20 жилд Үнэ тогтворжуулах сан гэдэг зүйлийг гаргаж байсан удаа байхгүй. Энэ мэтээр асар их хөрөнгө зах зээл рүү гаргачихлаа шүү дээ.

 

-“Чингис бонд” валютын нөөцийг бүрдүүлж байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Дээр нь “Самурай” бонд гаргах асуудлыг Ерөнхий сайд Японд айлчлал хийхдээ ярьсан. Ер нь ингэж бонд гаргах нь хэр оновчтой юм бэ?

 

-Би ойлгохдоо "Чингис бонд"-оос одоо 600 сая ам.доллар нь гарсан. Цаана нь 900 орчим сая ам.доллар байгаа гэж ойлгосон. Монгол Улс өмнө  нь “Чингис бонд”-гүйгээр хоёр гаруй тэрбум сая ам.долларын нөөцтэй байсан шүү дээ. Ингээд тооцохоор бас анхаарал татаж л байгаа юм. Монголбанкинд байдаг мөнгө хязгаартай. Тэр мөнгө нь дуусвал яана. Дууссан тохиолдолд яах ёстой вэ гэдгээ ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл эд чинь одоо бүх зүйл зүгээр байгаа гээд л дайраад байна шүү дээ. Нэг ёсондоо түр зуурын шокыг аргалах гээд интервенц хийх энэ тэр аргаар аргалах гээд үзээд байна. Гэтэл эдийн засагчид, бизнес эрхэлдэг хүмүүс валютын ханш тогтворгүй байна гэж байнга хэлээд байгаа шүү дээ. “Самурай” бондыг өмнөх Засгийн газрын үед ярьж байсан. Бид улсынхаа нэрээр бонд босгож чадсан. Гэтэл гадаадынхан манайд итгэхгүй байна шүү дээ. Тиймээс Японы банк баталгаа гаргаж байж тэр бондыг босгох чиглэл өглөө шүү дээ. Үүн дээр нэлээд судалгаа тооцоо хийх байлгүй дээ.

 

-Эдийн засгийн энэ хүнд байдлаас бид гарахын тулд яах ёстой юм бэ?

 

-Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахын тулд яах вэ гэдэг дээр Засгийн газар ажил зохион байгуулах ёстой. Судалгаа шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. “Монголын том бизнесмэнүүдээс саналыг нь аваач ээ” гэдгийг би байнга хэлдэг. Яагаад гэвэл энэ хямралаас гарах арга замыг тэд нар олж мэднэ.

 

-Ажлаа сайн хийж чадахгүй байгаа сайд нарыг огцруулах хэрэгтэй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Сайд нарыг огцруулах гэдэг сайн үзүүлэлт биш. Ажлаа сайн хийхгүй байгаа хүнийг толгойг нь илээд байж бас болохгүй. Олонх энэ дээр хариуцлага тооцож чадах нь уу гэдгийг хармаар байна.. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ярихдаа болж байна. Бүтэж байна гээд л  цээжээрээ яриад байдаг юм. Бодит судалгаа хаширын гар дээр байна уу, үгүй юу. Би бол байна гэж хэлж чадахгүй. Ганц хэлж байгаа үг нь "Эзэн Чингис хаан дээд тэнгэрээс харж байгаа " гээд л байгаа юм. Н.Батбаяр сайдыг бол “Эзэн Чингис хаан” нь  дээд тэнгэрээс харахаа байчихаад байгаа юм шүү гэж би бодоод байгаа юм.

 

У.САРАНГЭРЭЛ

- See more at: http://www.info.mn/news/37899.htm#sthash.gbbunIlm.dpuf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn