2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ''ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР''-Т ДЭГДЭХ ИХ ҮЙМЭЭНИЙ СУРАГ БУЮУ ХУУДУУГАА НУУХ ''ХУВЬЧЛАЛ''-ЫН ЧИМЭЭ

''ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР''-Т ДЭГДЭХ ИХ ҮЙМЭЭНИЙ СУРАГ БУЮУ ХУУДУУГАА НУУХ ''ХУВЬЧЛАЛ''-ЫН ЧИМЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

''ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР''-Т ДЭГДЭХ ИХ ҮЙМЭЭНИЙ СУРАГ БУЮУ ХУУДУУГАА НУУХ ''ХУВЬЧЛАЛ''-ЫН ЧИМЭЭ

Аливаа зүйлийн үнэн мөн нь сайхан. Үнэн ил болж байж харгүй цагаан болдог. Ингэж хэлэхийн учир нь 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс хойшхи “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны талаар олон нийт мэдэх ёстой гэж байгаа юм.

Улсын ганц эдийн засгийн саалийн үнээгээ  “Онцгой дэглэм” хэмээх “сав”-нд хийж түгжээд бүтэн жил боллоо.

“…“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 936.5 тэрбумын орлого төвлөрүүлэв” гэдэг гялайх мэдээ 2019 оны сүүлчээр гарсан. Сайхан хэрэг.

“Эрдэнэт үйлдвэр” нь 2016 онд 1.3 их наядын борлуулалтын орлоготой, 126.5 тэрбумын алдагдалтай, 2017 онд 1.9 их наядын борлуулалтын орлого, 321 тэрбумын ашигтай, 2018 онд 2.1 их наядын борлуулалтын орлого, 440 тэрбумын ашигтай, 2019 онд 2.0 их наядын борлуулалтын орлого, 517 тэрбумын ашигтай ажиллажээ.

Түүнчлэн орон нутгийн төсөвт 2016 онд 183.7 тэрбум, 2017 онд 580 тэррбум, 2018 онд 655 тэрбум, 2019 онд 962 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мэдээлэл бий.Гэвч үүний учир хийгээд “Онцгой дэглэм” гээчийн ард юу болсон, одоо юу болж байна вэ гэдгийг бид мэдэх учиртай. Төрийн өмч гэдэг ард түмнийх гэсэн үг. Түүнээс биш хууль гаргаж цоожилсон хэдэн даргын өмчлөл бус юм шүү дээ.

Ийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнгөрсөн нэг жилийг “цоожных нь нүх”-ээр бага ч болтугай харахыг оролдож буй юм.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн улс төр болж гарч ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын талаар энд нурших нь илүүц биз ээ. Асуудлыг хэт нэг талаас нь ч болов төр ч, хэвлэлүүд ч мэдээлсээр олны тархинд шингээгээд орхисон.

Маш товчоор хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростех”-ийн хувьцааг 2016 оны зургадугаар сард “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авсан. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК эзэмшдэг болсон.

Гэвч Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн дээр дурдсан 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн хяналтдаа авсан байдаг. Ингээд тус үйлдвэрт зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 13-ны 74 дүгээр тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан.

Мөн Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн статусыг өөрчилж Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгосон. Дүрмийг нь баталж, зохион байгуулалт хийснээр 100 хувь төрийн өмчийн статустай болсон юм. Энэ цаг хугацаа, тогтоол шийдвэрийн огноог нэгбүрчлэн дурдаад байгааг анхаараарай. Учиртай юм.

“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа хуулиараа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр дуусчээ. Ингээд энэ үйлдвэр урьдын адил нээлттэй хэвээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлсэн гэсэн үг.

Гэвч энэ байдлаар удахгүй болсон байна. Учир нь онцгой дэглэмийн хугацаанд ээдрээтэй, хариулт нэхсэн олон үйл явдал өрнөжээ. Хуулийн хэллэгээр үйлдэл гэсэн ч болох ажээ.

Тиймээс энэ байдлаа нуун дарахаар маш ноцтой нэгэн өөрчлөлт хийхээр бэлдэж байна гэсэн мэдээллийг бид авав. Эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар үйлдвэр дээрээ очилгүй хэд хонож байна. Шалтгаанаа коронавирусын улмаас тогтоосон хязгаарлалтад орсон гэж байгаа юм байна.

Харин тэд Улаанбаатарт огт өөр ажил хөөөцөлдөж явна. Төрийн ордон дахь ЗГХЭГ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөөлөгчийн газар хоёрын дунд жим гартал гүйж байна. ТӨҮГ болоод нэг жил болж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг дахин Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ААТҮГ/ болгохоор ажиллаж байна. Дахин “хувьчлал” ч гэсэн болно. Эсвэл дахин хуваарилалт гэж болохоор юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг ААТҮГ болгосноор маш их өөрчлөлт явагдана.

Хамгийн түрүүнд бүтэц, орон тооны асуудал яригдана. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин ажиллагсдын ажлын байр хөндөгдөх болж байгаа юм.

Тодруулъя. “Эрдэнэт үйлдвэр”-т 2016 онд 5096 хүн, 2017 онд 6045 хүн, 2018 онд 6110 хүн ажиллаж байлаа. Харин онцгой дэглэм тогтоосон хаалттай байсан 2019 онд ажиллагсдын тоо огцом өсч 6648 болжээ. Даруй 500-аар нэмэгдсэн байгаа юм.

Яг үнэндээ энэ бүхний эцэст эрх баригч намын шахаагаар ажилд орсон 500-аад хүний ажил, албан тушаал баталгаажих юм. Эсрэгээрээ түр нэртэй хуучин ажиллаж байсан хүмүүс халагдах дээрээ тулна. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-т их үймээн дэгдэнэ гэсэн үг.

Нөгөө талаас нь үзвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар ингэж шалтгаангүй оролдох болсон нь юутай холбоотой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгж нууж буй шалтгаантай хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллагсдын ажлын байртай байх эсэх юу ч биш байж мэднэ. Учир нь бүтэн жил онцгой дэглэм нэрийн дор ТӨҮГ статустай явсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг ААТҮГ болгосноор Монголын төрд болоод тус үйлдвэрт хууль зөрчиж хийгдсэн үйлдлүүдийг хариуцах эзэнгүй болно. Энгийн логикоор аваад үзэхэд ч энэ ойлгомжтой байгаа. Монголын төрд өмнө нь ийм байдлаар мөрөө баллаж байсан түүх цөөнгүй бий.

Яг өнөөдөр бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнгөрсөн нэг жилийн ял, гавьяа хоёрыг хоёуланг нь эдлэх ганц хүн бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн шүү.

Гэвч тэд статусыг нь өөрчилж чадвал Х.Бадамсүрэн ч, хэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгээс ухагдаж гарч ирэх “үйлдэл”-үүдэд хариуцлага хүлээхгүй.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнгөрсөн жилийн санхүүтэй холбоотой хуудуугаа статус өөрчлөх замаар “дахин хувьчлал” хийж, нуун дараад өнгөрөхөөр зэхэж байна гэсэн үг.

Хэрхэхийг харцгаая.

Та ч, бид ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар мэдэж байх эрхтэй билээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn