2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.Бат-Эрдэнэ : УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.Бат-Эрдэнэ : УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.Бат-Эрдэнэ : УХРАХ УУ, УРАГШЛАХ УУУлсын Их Хурал улс орны нийгэм, эдийн засагт гарсан хүндрэл бэрхшээл, валютын ханшны өөрчлөлтөөс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнэ, гадаад өрийн хэт өсөлт зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой байтал харин Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг таван хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

 

Энэ төслүүд дотроос Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хурлаар хэлэлцээд ажлын хэсэг томилж, төслийг хэлэлцэх эсэх талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг дахин хэлэлцэхээр тарсан атал ажлын бус цагаар зарим төлөөллийн оролцоог хангахгүйгээр Байнгын хороодоос УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг хэлэлцүүлэх дүгнэлт гаргасантайсанал нийлээгүй учир өөрийн байр сууриа олон түмэн уншигчидтай хуваалцахаар шийдсэн юм.

 

Монгол Улс Үндсэн хуулиа олон түмний саналыг авч өргөн хэлэлцүүлэг явуулж баталсныг бид бүгдээр мэднэ. Үүнээс 17 жилийн дараа орон нутаг, төрийн бус байгууллагууд, иргэдийн санал санаачлагыг үндэслэн нийгмийн захиалгаар баталсан хууль бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль  мөн. Энэ хууль 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсанаас хойш манай улсад хариуцлагагүй уул уурхай цэцэглэхийг тодорхой хэмжээнд хазаарлаж чадсан. 

 

Аливаа асуудал чухал байх тусмаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг нь жам юм. Энэ жишгээр энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарч байсан ч үүссэн асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэж ирсэн, мөн хугацаа алдаж байсан  гэдгийгчтэмдэглэх нь зүйтэй.

 

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн хилийн заагийг тогтоох, хуульд заасан нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг Засгийн газар батлан гаргахаар энэ хуулиар зохицуулсан юм. Үүний дагуу С. Батболдын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нөхөх олговор олгох журам” батлах тухай 299 дүгээр тогтоол гаргаж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд улс орон нутгийн төсөвт төлсөн, журамд заагдсан татвар, төлбөр, хураамжийг, харин бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойшхи санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингийн зардлын нийлбэр нь журамд заасан улс, орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар, зардлын нийлбэр дүнгээс бага бол зөрүүг нь нөхөх олговорт тооцож олгох болсон.

 

Гэхдээ нөхөх олговорыг олгохгүй байхаар заасан заалтууд мөн бий. Үүнд:

 

-санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг нь дээр дурдсан зардлуудаас их  байвал;

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй ;

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3 -т заасан /53.3. ...байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах, энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй/ -заасан үүргээ биелүүлээгүй;

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг биелүүлэхээс зайлсхийсэн/олборлосон алтаа Монгол банкинд тушаагаагүй/'

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учруулсан хохирлоо бүрэн хариуцаж арилгаагүй;

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч  татварын хууль тогтоомжийн дагуу татвараа төлөөгүй;

 

-тусгай зөвшөөрөл эзэмшигч бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх өр төлбөрийг нөхөх олговорт оруулж тооцохгүй зэрэг болно.

 

Энэ журмаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох шалгуурууд нь тодорхой заагдсан.

 

Мөн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолыг батлан гаргаж тогтоолд заагдсан ажлуудыг тухайн үеийн Засгийн газар, харьяалах яамд, Байгаль орчныг хамгаалах иргэний зөвлөлтэй хамтран үе шаттай хэрэгжүүлж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Засгийн газарт танилцуулсан танилцуулгад хэрхэн тайлагнасныг дурьдвал.

 

-       Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 18 аймгийн 109 талбайд нэг бүрчлэн тогтоосон.

 

-       Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг “Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжаар тогтоож, 89049,49 хавтгай дөрвөлжин километр талбайг хамгаалалтад авч, Усны мэдээллийн санд хүлээн авч бүртгэлжүүлсэн.

 

-       Монгол Улсын ойн сангийн нийт талбай18,8 сая га буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 12,03 хувийг эзэлж байна. Ойн сангийн талбай нь заган шугуйг оролцуулаад 18 аймгийн 215 сум, нийслэлийн  6 дүүргийн нутаг дэсгэрийг хамарсан 300 000 орчим талбайгаас бүрдэж байгааг бүртгэж баталгаажуулсан.

 

Ийнхүү тодорхой, үр дүнтэй ажлууд хийгдсэн.

 

Уг хуулийн хориглосон бүсэд 5,08 мян.га талбайд экологийн хохирол учирсанаас 4,79 мян.га талбай алт олборлосны улмаас эвдэгдсэн байдаг.Мөн энэ хуулиар тогтоосон хилийн гадна талд 711.8 га талбай эвдрэлд орсон. Эдгээр талбайн байгаль орчны хохирлын нийт хэмжээ 1.16 их наяд төгрөг, үүний 57.9 хувь буюу  672,0 тэрбум төгрөг нь энэ хуулиар хориглосон  бүсэд учруулсан хохирол байна.  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон талбайн нөхөн сэргээлтэд 54,7 тэрбум төгрөг шаардагдаж байгаа болохыг  Байгаль орчны үнэлгээний компаниудын хээрийн судалгаагаар тогтоосон байна.

 

Монгол орны хэмжээнд 2003, 2007 онуудад хийгдсэн гадаргын усны тоо бүртгэлээр гол, мөрөн, нуур, цөөрөм, рашаан ус жилээс жилд ширгэн хатаж, татарч байсан судалгааны дүн мэдээ бий. 2003 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5565 гол, мөрөнөөс 683 нь, 9600 булаг, шандаас 1484 нь, 4193 нуур цөөрмөөс 760 нь ширгэсэн байв. 2007 оны гадаргын усны тоо бүртгэлээр 5128 гол, мөрөн тоологдсоноос 852, 3347 нуураас 1181, 9306 булаг, шанд тоологдсоноос 2277, 429 рашаанаас 60 нь ширгэсэн тоо гарсан. Тухайлбал Онги, Таац, Түй, Байдраг, Завхан, Хангилцаг, Орхон, Туул, Цэнхэр, Хараа, Ерөө, Хүдэр, Гачуурт, Онон, Балж голуудын эх цутгал голууд дээр алтны шороон ордны олборлолт явуулснаар голын урсац багасаж, зарим үед тасарч байжээ.

 

 

Энэ нь “Алт” хөтөлбөр нэрийн дор Онги голын эх буюу цутгал голууд болох Өлт, Ар өлт, Буянт, Цагаан, Нарийн, Өртөнт, Нарийн жалга, Дэлийн булаг, Бөөрөлжүүт зэрэг голууд дээр алтны шороон ордыг ашиглаж эхэлсэн, хүний зохисгүй үйл ажиллагаанаас гол, нуур, булаг, рашаан ус ширгэхэд үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэж судалгаагаар тогтоогдсон.

 

2004 онд батлагдсан усны тухай хуульд заасны дагуу 2011 онд хийсэн тооллого судалгаагаар гол мөрөн, рашаан булаг, нуурууд эргэн сэргэж, нэмэгдсэн дүн мэдээ гарсан юм. Мөн ойн талбай сүүлийн жилүүдэд бага ч гэсэн нэмэгдсэн. Энэ бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн зохих хэмжээгээр нөлөөлжээ гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

 

Энэ мэтээр Засгийн газраас энэ хуулийг хэрэгжүүлэхэд тохиолдож байсан бэрхшээлийг дэс дараатай шийдвэрлэх оролдлогуудыг хийсээр шинэчлэлийн Засгийн газарт энэ үүргээ шилжүүлсэн билээ.

 

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө Улсын Их хурлаар батлуулахдаа мөрийн хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” гэсэн нэг дэх хэсгийн Монгол Улсад уул уурхай салбарыг хөгжүүлэх бодлогодоо  “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх “ гэсэн заалтыг тусгасан байдаг.

 

Энэ хууль  олон түмний захиалгаар төрсөн хууль гэдгийг дахин тэмдэглэе. Улсын Их хурлын гишүүн Д.Дэмбэрэл уг асуудлаар сонинд нийтлүүлсэн “Алт” өгүүлэлдээ “Байгаль экологи хүнд нөхцөлд орж, 20 жил эрхэлсэн алтны олборлолт Монголд үр дүн багатай болсноор “Урт нэртэй хууль төрсөн юм гэж дүгнэсэнтэй ч санал нийлэх хүмүүс олонх болох байх.

 

Шинэчлэлийн Засгийн газраас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” эх хууль болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилттойгоо зөрчилдсөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьж, Улсын Их Хурлын олонхоор дэмжүүлэн хүч түрэн хэлэлцүүлэх гэж байгааг зөвтгөж чадахгүй байна.

 

Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлж байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нь өмнө нь олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах бус, ашиглуулна хэмээн эх хуулийнхаа “...хайх, ашиглахыг хориглоно” гэсэн 4 дүгээр зүйлийн  4,1 дэх заалттай зөрчилдөж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хадгална гэсэн нь хаачив аа.

 

Энэ хуулиар хориглосон бүсэд олгогдсон тусгай зөвшөөлийг нь цуцалбал зохих  5,08 мян.га талбай, үүний 4,79 мян.га-д  нь алтны  ордууд хамрагдаж байгаагаас үзэхэд алтны олборлолтыг дагасан ашиг сонирхол тэнүүчилж байгаа нь илэрхий байна. Монгол Улсын төрөөс байгаль орчноо дээдэлсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогын салшгүй хэсэг нь энэхүү хуулийг батлан гаргасан явдал юм. Энэ хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талбайг нэг мөр зааж, хуучин олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа  явуулж, нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн компаниудад нөхөн олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан болно.

 

Монгол Улс “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлээд юутай үлдсэн бэ?, ухсан нүх, сүйдсэн байгаль, онгойсон нүх, овоолсон шороо л үлдсэн гэж ярьдаг нь үнэний хувьтай. Ёстой л “Алтыг эдлээд биед шингэдэггүй, амттаныг идээд араанд шингэдэггүй” гэдгийн үлгэр болсон.

 

Оюу толгойн ордыг ашиглалтад оруулснаар жилдээ 30 тн алтыг зэсийн дагалдах баялаг хэлбэрээр олборлож ашиглах бөгөөд энэ нь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сүүлийн 10 жилд Монгол банкинд жилдээ тушааж байсан алтны хамгийн оргил хэмжээнээс бараг хоёр дахин их юм. Валютын нөөц асар их нэмэгдэх дүр зураг харагдсаар байхад хуулиар хориглосон талбай дах ордуудыг ашиглуулах гээд байгаа нь хэний сонирхол вэ? Мэдээж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнх, тэднийг аялдан дагалдагсдынх  л болж таарна.

 

Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ улс орны эдийн засгийн хөгжил саарсан, уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Монгол банкинд тушаадаг алтны хэмжээ багассан, валютын ханш өссөн зэрэг нь  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбоотой гэсэн дүгнэлтийг хийжээ.

 

Дэлхийн эдийн засгийн хямралын ид үе болох 2008-2009 онд Монгол Улс энэ хуулийг боловсруулж баталснаараа байгаль орчинд ээлтэй эдийн засгийн хөгжлийн бодлогыг тууштай баримталж байгаагаа дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ.  Монгол Улсын эдийн засаг ч эдгээр он жилүүдэд өсөлттэй байсаар, 2011 онд 17 хувийн өсөлттэй гарсныг Та бүхэн сайн мэдэж байгаа.

 

Уг хууль батлагдсанаас хойш буюу 2009-2012 онуудад гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байсан. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт: 2009 онд 487 тэрбум, 2010 онд 1761,7 тэрбум, 2011 онд 5195,5 тэрбумд хүрч, 2012 онд 4330,9 тэрбум болсон байна. Харин 2012 онд буурсан нь “Оюу толгойн хөрөнгө оруулалтын эхний ээлж дуусгавар болсон болон хөрөнгө оруулалтын гэрээнд зарим маргаантай асуудлыг шийдэж чадахгүй байсантай голчлон холбоотой.

 

Бас ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил сунжирсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхой хүлээлтийг бий болгосон байх магадлалтай.

 

Энэ хуулийн зохицуулалтанд хамрагдаж байгаа нутаг дэвсгэрт 27,4 тонн шороон ордын 96,4 тонн үндсэн ордын нөөц байгааг ашиглах аваас байгаль орчинд ил, далд хэлбэрээр сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэний үндсэн дээр төрийн бодлогоор хайгуул, ашиглалтыг нь хориглосон. Харин 2006 оноос гэнэтийн ашгаас нь 68 хувийн татвар авах болсоноос алт тушаалт ихээхэн хэмжээгээр буурсан нь үнэнд илүү дөхөмтэй юм. /Эх сурвалж www.mongolbank.mn /

 

Бас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад “Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноос гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд хууль бусаар үйл ажиллагаа явуулах, аж ахуйн нэгжүүд өөрсдөө мөн энэ хэлбэрт шилжиж ажиллах сөрөг хандлага гарсаар байна. Цаашид харуул хамгаалалтгүй орхигдох нөөцийн үлдэгдэлтэй бүх л талбайнуудад иргэд хууль бусаар гар аргаар олборлолт явуулах магадлал өндөр байна.” гэжээ.

 

Хууль тогтоомжид заасны дагуу уурхайг хаах, байгаль орчныг нөхөн сэргээх, тэдгээр талбайд гар аргаар ашигт малтмал олборлогчдыг нэвтрүүлэхгүй байхыг Засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүрэгтэй, түүний төлөө хариуцлага хүлээх ёстой. Мөн Улсын Их хурлын зарим гишүүд, орон нутгийн байгууллагуудаас газар дээр нь явж үзэхэд энэ хуулиар хориглосон нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлогчид ороогүй  мэдээлэл байна.

 

Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан төсөл нь хуучин /”Алт” хөтөлбөр/ руугаа эргэж ухарсан, улс орны байгаль орчноо дээдэлсэн эдийн засгийн бодлогын нийтлэг эрх ашгийн эсрэг бөгөөд манай орны ой мод нь хөрсний усны урсацыг шингээж барих, хөрсийг элэгдэл, эвдэрлээс хамгаалах, гол мөрний усыг зохицуулах, уур амьсгал зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамлын амьдрах орчинг бүрдүүлэх зэрэг экологийн олон талт онцгой үүрэг гүйцэтгэдгийг эс тооцсон, хуулийн техникийн хувьд алдаатай, үлбэгэр сул төсөл болох нь дараах зүйлээр нотлогдоно.

 

Төслийн 1 дүгээр зүйлээр хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болгох хүртлэх хугацаанд ашигт малтмалын ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг мэргэжлийн олон нийтийн байгууллагын хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар заасан байна. Мөн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн дагуу эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр өргөдөл ирүүлээгүй болон ирүүлсэн өргөдөл нь хуульд заасан шалгуурыг давахгүй бол ашиглалтын зөвшөөрлийг цуцлах талаарх эрх зүйн  зохицуулалтыг тусгасан байна.


 

Төслийн 2 дугаар зүйлээр одоо мөрдөж байгаа хуулийн 2 дугаар зүйлийг өөрчилж ашиглалт явуулах нөхцөл хангасан ордын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

 

 

Төслийн 3 дугаар зүйлээр одоо мөрдөж байгаа хуулийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар өргөдөл гаргах хугацааг тогтоосон байна.

 

 

Төслөөс харахад Засгийн газраас тогтоосон хилийн заагт хамаарах талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч байгаа нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.1-д  Монгол Улсын нутаг дэвсгэр дэх “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байна.

 

 

Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйл гэсэн хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дугаар заалт болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дугаар зүйл хамаарахгүй гэж зааснаараа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд ямар нэг нөхөх олговор олгохгүй байхаар тусгагджээ. Ашигт малтмалын хуулийн 56.1.3 (хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл  эзэмшигчид  бүрэн  төлсөн;/ болон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 дугаар зүйлүүдэд нөхөх олговор олгохоор заасантай зөрчилдөж байна.

 

 

Гэтэл энэ хуулийн зохицуулах хүрээнд хамрагдаж байсан, өргөн барьж хэлэлцүүлж байгаа төслийн зохицуулах хүрээнд хамрагдахгүй байгаа ашигт малтмалын хайгуулын болон зарим ашиглалтын тусгай зөвшөөрлийг аль хуулиар зохицуулах вэ?  Хариултаа нэхсэн л асуулт.

 

 

Хуулийн төслийн хоёрдугаар зүйлийн хоёрдугаар зүйл гэсэн хэсэгт “ойн санг” орхигдуулсан байна. Үүнээс гадна танилцуулгад дурьдсан зарим тусгай зөвшөөрлийг энэ хуулийн зохицуулалтанд хамруулаагүй бөгөөд аль хуулиар зохицуулах нь тодорхойгүй үлдэж байна .

 

 

Төслийн “2 дугаар зүйлд “Ашиглалт явуулах нөхцөл хангагдсан, ордын тухайн жилд байгаль орныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлын 50 хувийг урьдчилан байршуулсан болон үлдэгдэл зардлын 50 хувьд дүйцхүйц хэмжээний баталгаа гаргасан, хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх талаарх геологи, уур уурхайн болон байгаль орны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан дүгнэлт, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаараагүй талаарх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт, тухайн аж ахуйн нэгж ордыг ашиглаад бүрэн нөхөн сэргээж хүлээлгэж өгөх баталгаа зэргийг үндэслэн ашигт малтмал ашиглах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх гэрээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч, тухайн орон нутгийн аймгийн Засаг дарга нар хамтран 6 сарын дотор багтаан байгуулна” гэжээ. Энэ нь хуулийг батлуулсаны дараа төрийн захиргааны төв байгууллагаараа дамжуулан тодорхой субъектуудэд давуу байдал буй болгож, ингэснээр байгаль экологид томоохон хохирол учруулахаар байна.

 

 

Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйл гэсэн хэсэгт  “энэ хуулийн 1 дүгээр зүйлд“ гэсэн ишлэл хийсэн нь “... нэмсүгэй” гэсэн 1 дүгээр зүйлд хамаарч байна.  Энэ мэт хуулийн техникийн ноцтой алдаа энэ жижигхэн төсөл дотор цөөнгүй байгаа нь Засгийн газрын хуулийн төслийг боловсруулах, боловсруулалтын чанарыг хянах чадвар ихээхэн суларсан байна гэж дүгнэхэд хүргэж байгаа  юм.

 

Одоо мөрдөж байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль нь тусгай зөвшөөрлийг цуцлах хугацааг тогтоосон болон хууль хүчин төгөлдөр болох гэсэн хоёр зүйлтэй. Энэ хуулиас  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4,3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай” гэсэн хэсэг л үлдэж байгаа юм. Хуулийн 2 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчилсэн байна. Үүнээс үзэхэд энэ хууль бүхэлдээ үйлчлэхгүй болж байна. Нэг үгээр хэлбэл энэ хуулийг биелүүлэх ажлыг бүр мөсөн орхиод өөр шинэ хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж байгаатай агаар нэг юм.

 

 

Энэ бүхнээс үзэхэд Засгийн газар тэргүүн ээлжинд байгаль орчноо дээдэлсэн төрийн эдийн засгийн хөгжлийн бодлогоос ухарч байна.

 

Ухрах уу?, урагшлах уу? гэдгийг Улсын Их Хурал шийдэх л үлдлээ. Улсын Их Хурал энэ бодлогоосоо ухрах эсэхийг ард нийтээрээ ажиглан сууя, бас ухрахгүй харин урагшлахыг дуу нэгтэйгээр шаардая.

 

                                          УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.Бат-Эрдэнэ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.