2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хятад улс одоо Оюутолгойд “нүдээ унагаж” байгаа


Хятад улс одоо Оюутолгойд “нүдээ унагаж” байгаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 

Хятад Улсын зэсийн эрэлтнйн талаар өмнө нь дурдаж байсан ч энд дахин өгүүлэхгүй бол болохгүй нь. Тус улс 2011 онд найман сая шахам тонн зэс хэрэглэснээр дэлхийн нийт зэсийн хэрэглээний 40 хувийг дангаараа эзэмших болов.
Ийм их хэрэглээний хандлага нь зэсийн хүдрийн нийлүүлэлт маш хязгаарлагдмал байснаас үл хамааран 2002 онд Хятад улс дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч болохоо батлан харуулав. Тодруулбал, зэсийн хэрэглээ, эрэлтийн талаар дэлхийд АНУ-аас давлаа гэсэн үг.
Өмнө нь Хятад улсад зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал байснаас үүдэн тус улс хаягдал зэс худалдан авахад хүрч байв. Түүнийг ашиглахын тулд Хятад улс зэс хайлуулах үйлдвэр барьж, байгуулах ажил өрнөсөн юм.
Өнөөдөр тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч тээвэр, дэд бүтцийн салбарыг шинэчлэх шаардлага гарсаар байна. Одоо үүнд Хятадын зэсийн хэрэглээний 62 хувь нь зориулагдаж байгаа юм. Ирэх онд тус улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэхээр байгаа нь томоохон үзүүлэлт юм.
Энэ үзүүлэлт Монголын Оюутолгой, Рио Тинтогийн хувьд томоохон боломж. Оюутолгойг дөнгөж эхэлж байхад буюу өнгөрсөн онд Хятад улс зэсийнхээ нийт хэрэглээний долоон хувийг Монголоос худалдан авч байв. Үүнээс хамаарч тус улсын Латин Америк буюу Чили улсаас авах зэсийн хамаарал эрс багасах юм.
Монголын хувьд асар их боломж
Одоо Хятадын эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл нь аль болох хурдацтай хөгжих нь монголын эдийн засагт ашигтай. Тухайлбал, “Рио-Тинто”-гийн хувьд хамгийн их ашигтай. Учир нь дэлхийн зэсийн ихэнх хувийг өөртөө шингээх гэсэн асар том зах зээл бэлээхэн хажууд нь байна.
Тэд Өмнөд Америкаас зэсийн баяжмал зөөхөөс илүүтэй Монголоос зөөхийг л бодно. Үгүйдээ л тээвэрлэлтийн зардал хамгийн хямд тусна. Иймээс Хятад улс Монголын зэсийн зах зээлийг сонирхох нь гарцаагүй. Бүр тодруулбал, Хятад улс Монголын Оюутолгойд “нүдээ унагаж” байгаа нь илт.
Харин бид энэ боломжийг зөв мэдэрч, зөв ажиллах хэрэгтэй байна. Оюутолгойн хувьд, хөрөнгө оруулалтын зардлаа хурдан нөхөж, ашиг олох нь гол юм. Саяхан Оюутолгой зэсийн баяжмалын анхны тээвэрлэлтээ Хятад руу хийв. Энэ нь “Рио-Тинто”-гийн үйлдвэрлэж буй зэсийн жилийн хэмжээг арван хувиар нэмэгдүүлж байгаа юм.
2021 оноос Оюутолгой ашигтай ажиллаж эхэлнэ
Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтыг босгох ажил ихээхэн үнэтэй туссан нь хэнд ч ойлгомжтой. Үнэндээ гурван жилийн хугацаанд 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус уурхай нь жилд 450 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь спот ханшаар 1.4 тэрбум ам.долларын үнэтэй юм.
Одоо “Рио-Тинто” нь уурхайн 46 хувийг эзэмшиж байгаа. Тус уурхай нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлэх боломжтой юм.
Хамгийн сүүлд гаргасан тооцооллоор тус уурхайг босгох нийт зардал анх тооцож байснаас хэтрэн арван тэрбум ам.долларт хүрсэн ч зэсийн үнэ нэг паунд нь (нэг паунд=0.453 килограмтай тэнцэнэ) гурван ам.доллар байх бололтой.
Хэрэв Хятад улсын эдийн засаг сэргэж, зэсийн эрэлт хэрэгцээ энэ байдлаар үргэлжлэх юм бол 2021 оноос эхлэн Оюутолгой ашигтай ажиллана хэмээн шинжээчид нотолсоор байна.
Монголын  өрсөлдөгчид
Гэвч “Рио-Тинто”-гийн хамгийн том өрсөлдөгч нь Чилийн Эскондидагийн 57.5 хувийг эзэмшигч “Би Эйч Пи Биллитон” (ВНР Вilliton) юм. Энэхүү компани нь өдөрт 457 сая ам.долларын үнэ бүхий 152 мянган тонн зэс үйлдвэрлэдэг зэсийн уурхай учир Оюутолгой дэргэд нь жижигдэж байгаа юм.
Гэхдээ “Рио-Тинто”-гоос ялгаатай нь “Би Эйч Пи” Азийн зэсийн уурхайд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь төдий л  их биш. Эскондида нь дэлхийн баруун хагасын зэсийн хэрэгцээг хангах бүрэн чадвартай.
Байдлыг ажихад Хятадын хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах нь “Би Эйч Пи”-гийн боломжит сонголт байж болох юм. Фрийфорт Мак Ма Ран гэхэд л өнгөрсөн улиралд 158 сая тонн зэс үйлдвэрлэн борлуулжээ. Фрийфортын энэ улирлын цэвэр орлого нь нэг жилийн хугацаанд 482 саяас 300 сая ам.доллар хүртэл буурчээ.
Үндсэндээ тус компани зэс үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, Индонезид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 5.5 тэрбум ам.долларын зардлыг гаргаж байгаатай холбоотой юм. Энэхүү компани энэ улиралд 951 сая паунд зэс борлуулсны 158 сая паундыг Индонезийн уурхайгаас нийлүүлсэн байна.
Гэвч Чили улсын Эл Абру уурхайн 51 хувийг тус компани эзэмшиж байгаа. Чили улсад зэс олборлох нь давуу талтай ч маш их өрсөлдөөнтэй. “Би Эйч Пи”-гийн эзэмшдэг Эскондидагийн уурхай нь ойрын үед хамгийн том хэрэглэгч байх нь илэрхий.
Хамгийн ашигтай хувилбар Монгол улсад байна
Дэлхийн зах зээл судлалын талаас авч үзвэл зэс, нүүрсээ борлуулах хамгийн ашигтай хувилбал өнөөдөр Монгол Улсад байна. Харин энэ хувилбарыг хэрхэн яаж ашиглах нь “Рио-Тинто” Оюутолгойгоос л шалтгаална. Өнөөдрийн байдлаар Оюутолгой өдөрт 100 мянган тонн хүдэр олборлож байгаа.
Хамгийн сүүлийн мэдээгээр тус уурхай 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, түүний 38 мянган тонныг экспортолжээ. Одоогоор экспортолсон тус баяжмал Хятад улсын хилийн агуулахад хадгалагдаж байгаа боловч 122 мянган тонн нь Оюутолгойн агуулахад байгаа дуулдана.
Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улсын эдийн засаг тухайлбал, төсвийн орлого ямар байх нь “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоос шалтгаалах нь гарцаагүй. Тиймээс энэ асуудалд бодитой хандах нь Монголын Засгийн газрын өмнө тулгарч байна
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.