2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ёс зүйтэй гишүүнгүй Халдашгүй байдлын дэд хороо

Ёс зүйтэй гишүүнгүй Халдашгүй байдлын дэд хороо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Ёс зүйтэй гишүүнгүй Халдашгүй байдлын дэд хороо

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын 5 ахмад гишүүн багтдаг.   УИХ-ын гишүүдийн алдаа дутагдлыг "шүүж", бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг эхний байдлаар шийддэг дэд хорооныхон гэсэн үг.  Энэ дэд хороонд хамгийн нэр хүндтэй, бүр ахиулбал нэр цэвэр, ёс зүйтэй, бусдын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх эрхтэй хүмүүс багтах ёстой биш үү. Түүнээс биш хамгийн хөгшин гишүүдийг багтаадаг нь дэд хорооныхныг сонгох зөв шалгуур биш байлтай.  

Өнгөрч буй парламентын бүрэн эрхийн хугацаанд цөөнгүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хүчингийн хэрэгт орооцолдсон Д.Гантулга, ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн гэх Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэдзүүлэх эсэхийг тэд хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдлээ. Түдгэлзүүлэхээр ч болсон.  

Хүчингийн хэрэгт холбогдож, Төрийн нэр хүндийг унагасан, үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой зээлийг завшсан асуудалд хутгалдсан гишүүдийг өмөөрөхгүй. Н.Номтойбаяр гишүүнийг ч энхийн цагаан тагтаа гэхгүй. Олон ч асуудалд нэр холбогдож байгаа. Гэхдээ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг яагаад Монголын төрд 30 жил "шигдэж", муу бүхэнтэй нэр холбогдсон хүмүүс шийдэх ёстой гэж. Тэдэнд тийм эрх, ёс зүй байгаа юм уу. 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ салбарт насаараа л ажиллаж, тэргүүллээ.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ц.Нямдорж бол үнэн ярьж байгаа юм шиг худлаа хэлдэг" гэж тодорхойлж байсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр "Ц.Нямдоржийн үед ганц ч албан тушаалыг хэрэг шийдэгдэж байгаагүй" гэсэн.  Энэ мэт олон тодорхойлолтыг дурьдаж болно.  Хоёр том хаусаа "500-хан саяар л барьсан. Хүмүүжигч байшин барьж байгаад биш хашаа барьж байхдаа гэмтсэн. Тэнд нас бараагүй, хорих анги дээрээ очиж нас барсан" гээд хээв нэг телевизээр яриад сууж байдаг хүн. Хүү нь "Эрдэнэт" үйлдвэрт "шахаа" хийсэн асуудалд холбогдсон.  Ордонд хүртэл ширээн дээр гишгээд гутлаа үдэж л байх жишээтэй. Ёс суртахуун гэж байхгүй.  Нэр холбогдсон болж бүтэхгүй болгоныг нь дурьдвал барагдахгүй. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хэвлэлийнхэн аль 10 жилийн өмнөөс л "улайдаггүй" хэмээн тодотгож ирсэн. Үе үеийн Засгийн газарт яаж ийгээд багтаж чаддаг хүнийг Хөдөө аж ахуйн салбарын сайдаар очиход намынх залуу гишүүн Ж.Мөнхбат "Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар л явж байна. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л адилхан. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд явах вий дээ" гэж хэлж байсан удаатай.   Цаашлаад эхнэрийнх нь дүү мал хилээр амьдаар нь гаргадаг гээд зөвхөн Хөдөө аж ахуйн сайд болоод нэр холбогдсон маш олон асуудал байна.  Тав, зургаан удаа сайд хийхдээ түүний холбогдсон болгоныг түүж дурьдвал бас л барагдахгүй. 

Н.Энхболд, Ө.Энхтүвшин гээд намынх нь гишүүн Ж.Мөнхбатын хэлснээр сайдын суудал онгойх болгонд гүйлддэг.  Хийсэн дорвитой ажил гэхээр юмгүй хүмүүсийн болж бүтэхгүйтэй холбогдсон болгоныг түүвэл ч бас барагдахгүй их. Энэ дундаас арай нэр цэвэр нь Д.Лүндээжанцан гишүүн л байгаа байх.  Ийм л хүмүүс бусдын хувь заяаг шийдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд сууж байх нь зөв үү, үгүй юу.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn