2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Д.Амарбаясгалан иргэдэд даага бэлэглэсэн хэргээр шалгагдах уу

Д.Амарбаясгалан иргэдэд даага бэлэглэсэн хэргээр шалгагдах уу

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн, Улс төрч

УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль болоход долоогоос арван сарын хугацаа үлдээд байгаа болохоор улс төрийн хүрээллийнхэн нэлээд хөл хөдөлгөөнд орж, хот, хөдөөгүй давхицгаан, хүмүүст бэлэн сэлтээ тараах гээд тун завгүй явдаг болжээ. УИХ-ын гишүүн М.Билэгтээс өгсүүлээд сонгогчиддоо өнөөх өмд гутал, аяга шанагаа түгээхээр зэхэж  буй бололтой. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Амарбаясгалан ирэх сонгуулиар УИХ-д нэр дэвшин өрсөлдөх санаатай тул саяхан өөрийн төрж өссөн Говь-Алтай аймгийнхаа бүх сумаар бууж мордохдоо төр, засгийн томоохон сайд, түшмэл лугаа аашилж, иргэдийн дутагдаж гачигдаж буй зүйлс болон тухайн сум орон нутагт яаралтай шийдэх тулгамдсан асуудлуудыг нэгбүрчлэн хэлүүлж бүртгээд “Би хотод очмогцоо учрыг олж өгнө” гэсэншүү том том амлалт өгөөд иржээ. Мань хашир энэ үеэрээ иргэдэд хошин урлагийн үнэ төлбөргүй тоглолт үзүүлснээс гадна эмээ, өвөө нарт цусны даралт болон биеийн халууныг хэмждэг аппарат зэргийг бас үнэгүй тараасан байна. Түүнчлэн зарим сумын багийн засаг дарга нарт хурдан удмын даага, шүдлэнгүүдийг хувийн бэлэг болгон өгчээ.  Энэ мэтээр очсон газар болгондоо ямар нэг юм түгээж явсан байна. Мөн сумдын сургууль, эмнэлэг, засаг захиргааны байраар орж танилцан барилга байшинг нь шинээр барих, засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг ч үнэ цэнтэй амлалт болгохоо мартаагүй юмсанж.

Харин түүний ингэж сонгогчдын саналыг эртнээс худалдаж авах гэсэн санаархалд нутгийнх нь зарим шударга иргэд таатай хандаагүй аж. Тиймээс Д.Амарбаясгаланг тийнхүү бэлэг сэлтээ тараачихаад нийслэл хотод ирээд удаагүй байхад Авлигатай тэмцэх газарт иргэдийнх нь өргөдөл гомдол  бүтгэгдсэн байв. Хурдан удмын даага, шүдлэн насны морьд өнөөгийн зах зээлийн ханшаар дор хаяж 15 сая төгрөгт хүрнэ. Тэгэхээр ийм хэмжээний бэлэг сэлт нь үнэндээ авлига, хээл хахууль байхаас зайлахгүй. Мөн дээрх даралт,  халуун хэмжигчүүд нь ч ялгаагүй хахууль гэсэн үг. Угаасаа сонгуулийн зорилгоор тараасан бүхнийг ингэж үзэхээс аргагүй юм. Тэгээд ч Д.Амарбаясгалангийн иймэрхүү авлига хээл хахуулийн асуудлаар иргэд урьд нь нэг бус удаа Авлигатай тэмцэх газарт хандаж өргөдөл гомдолоо бичиж өгч байсан юм билээ. Жишээлэхэд, энэ оны эхээр түүнийг нэг хүнээс 60 сая төгрөг хахууль болгож аван төрийн албанд оруулахаар тохиролцсон тухай баримт мэдээлэл өгсөн боловч одоо болтол шалгасан эсэх нь тодорхой бус байгаа ажээ.

Түүнээс гадна Д.Амарбаясгалан өөрийн төрсөн ах, дүү нартаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр удаа нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн нь тус сангийн шилэн данснаас бэлхнээ харагддаг. Тухайлбал, тэрээр 2017, 2018 онуудад ЖДҮХС-аас төрсөн ах Д.Амарсайханыхаа эзэмшлийн “Тайшир Өргөө” болон өөрөө нэг эмэгтэй дүүтэйгээ хамтарч эзэмшдэг “Агро Технологи Шижирт” компаниудад тэрхүү бага хүүтэй зээлийг авч өгсөн байв. МАН-ын дарга Ү.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох үеэр намынх нь хэсэг хүмүүс мань эрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас огцруулахаар улс төрийн суулт зарлан Тусгаар тогтнолын ордоныхоо үүдэнд  нэлээд олон хоног тэмцсэний эцэст тэд хоорондоо хэл амаа ололцсон уу, эсвэл албан тушаалын наймаа үсэргэсэн үү, сүүлдээ тэмцэлийг толгойлогч М.Ганбаатар гэгч нь шахмал түлш боловсруулах үйлдвэрт дарга даамал болоод чимээ тасарсан юмдаг. Одоо харин Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газарт дуудагдан хөдөөгийн иргэдэд даага, шүдлэн тараасан зэрэг дээрх хэргүүдээр шалгагдаж таарах юм шиг байна.

О.Баяр

Шуурхай.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.