2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх

С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх

 ДНБ энэ оны эхний хагас жилд 7.3 хувийн өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, ОУВС-гийн таамгуудаас дээрх үзүүлэлт бараг л давжээ. Экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрсний биет хэмжээ долоодугаар сард  21 сая тонныг хол давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй гарав. Ингэснээр уул уурхайгаас 1.7 тэрбум ам.доллар манай төсөвт орж иржээ. Чулуун нүүрсний экспорт гэхэд 2018 онтой харьцуулахад үнийн дүнгээр 177 сая ам.доллараар ахиу байлаа.

Уул уурхайн үндсэн таваарын зах зээл сайн байснаар нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт, түүний ашиг орлогын хэмжээ цөм өсөлттэй хэвээр. Зэсийн баяжмалын хэмжээ гэхэд өнгөрсөн онтой харьцуулахад 19.6 мянган тонноор их байгаа бөгөөд экспортын орлого нь 23.8 сая ам.доллараар өсжээ. Оны эхний долоон сарын үзүүлэлтээр улсын төсөвт 1.7 их наяд төгрөг зөвхөн уул уурхайн компаниуд төвлөрүүлж чадсан байна. Төмрийн хүдрийн экспорт тайлант хугацаанд 311.3 сая ам.долларт хүрч, мөн л өссөн байх жишээтэй.

 Ж.Эрдэнэбат болон Ч.Сайханбилэгийн Засгийн газарт одоогийнх шиг ийм эдийн засгийн нөөц, боломж, давсан төсвийн ашиг орлоготой байсангүй. Уул уурхайн нөлөө бүхий таваарын ханш ч тэр үед таатайхан байгаагүй юм. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар олон улсын зах зээлээс эцэг дээдсээрээ овоглосон бонд босгож, төсвийн алдагдлаа нөхөж байсан бол С.Батболдын Засгийн газар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгаа өсгөж, ДНБ-ий өсөлт хоёр оронтой тоонд хүрч байв. Тэгвэл С.Батболд, Н.Алтанхуягаас хойших хамгийн их мөнгөтэй Засгийн газар У.Хүрэлсүхийнх болж байна.

Гадаад  зах зээлийн ийм таатай байдал хөрөнгө оруулагчдыг хамаг сайнаараа үргээж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг аз болж  ивээсээр. Мөнгөтэй Засгийн газар харин иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, цалин орлогыг нь өсгөх хэмжээний дорвитойхон ажил хийв үү гэсэн асуулт хариулт нэхнэ. Шатахууны үнэ, малын махны үнэ өссөн байна. Төрийн ажил үйлчилгээний хураамж, татвар, хураамж нэмэгдсэн байна. Цахилгааны үнэ бас нэмэгдсэн байна. Хүмүүс амьдрах зардал улам нэмэгдэж, өрхийн амьжиргаа харин доройтсоор.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ажилгүйдэл улсын хэмжээнд өндөр хэвээр байна. Тухайлбал, 30 гаруй иргэн өнөөдөр ажилгүй, ажил идэвхтэй хайж байх юм. Гэтэл ажлын байр олноор бий болгодог хувийн хэвшил, уул уурхайн төслүүд төрийн дарамт, шахалтаас болж зарим нь үүд хаалгаа барих хэмжээнд иржээ. Ийм нөхцөлд ажилгүйдэл улам нэмэгдэх нь хууль. Ажилгүйдэл өндөр байх тусам нийгмийг сэрдхийлгэсэн гэмт хэргийн тоо олширч, архидалт хавтгайрч, өвчлөл тэр хэрээр тэлнэ гэсэн үг. Үндсэндээ нийгмийн доод давхаргын хүрээ тэлж, улс орны хөгжлийн зүтгүүр болох дундаж давхарга хумигдаж, баян хоосны ялгаа улам нийгмийн уур амьсгалыг хуваахаар байна.

Засгийн газрын төсвийн орлого, зардлагыг авч үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг ийм чинээлэг засаг өнгөрсөн хугацаанд байсангүй.

info5.mn 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.