2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Гэрт амьдардаг иргэд татвар төлнө

Гэрт амьдардаг иргэд татвар төлнө

Нийтлэлийн төрөл: Нийгэм

УИХ-ын намрын чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж шинэчлэх хуулийн төслийг Сангийн яам боловсруулж байгаа. Татварын багц хуулийн хүрээнд 17 хуулийг өөрчилж, шинэчлэх, шинээр боловсруулах ажил хийгдэж байгаа юм.

 

Үүнээс одоогоор Өв залгамжлалын албан татвар, Хотын татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Эд мөнгөний хонжворт сугалааны хууль, Онцгой албан татвар, Газрын хэвлийн төлбөр, Гаалийн тарифын тухай хууль, Гаалийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэх тухай, Хөрөнгийн албан татварын хууль, Байгалийн бохирдлын төлбөр, Ашигт малтмалын болон газрын тосны төлбөр, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг боловсруулаад буй аж.

 

Уг хуулиар ямар ямар өөрчлөлт орж байгаа талаар тоймлон хүргэе. Юун түрүүнд уг хуулийн хүрээнд хэд хэдэн шинэ хууль батлагдах юм. Тухайлбал, Хотын татварыг нийслэлд амьдарч буй иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс авахаар болж байгаа нь иргэдийн анхаарлыг ихэд татаж байгаа.

 

Энэхүү татварыг тогтоосноор Улаанбаатар хот руу ирэх шилжилт хөдөлгөөн буурна хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа юм байна. Төсөлд тусгаснаар хотын албан татвар төлөгч байгууллага нь тухайн улиралд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ тохирсон татварыг сар бүхэн төлж байх аж.

 

Харин иргэний хувьд орон сууцанд амьдарч байгаа өрхөд байрных нь метр тутамд 1-10 мянган төгрөгийн татварыг жилд ногдуулахаар тусгаж байгаа юм. Энэхүү татварыг ногдуулахад улсын комисс хүлээж аваагүй орон сууцны асуудал хөндөгдөх аж.

 

Үүнийг хууль санаачлагчдын зүгээс улсын комисс хүлээж аваагүй ч ашиглалтад орсон л бол орон сууцны эзэмшигч хуулийн дагуу жилийнхээ татварыг төлж байхаар зохицуулсан байна. Харин гэр хорооллын иргэдийн хувьд агаар, ус бохирдуулсан, хог хаягдал хаясныхаа төлөө улсад татвар төлөх юм байна.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэрт амьдардаг иргэний гэрийг тойруулан хэмжиж түүнд нь тохирсон татварыг ногдуулна хэмээж байгаа юм. Ингэхдээ агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгт багтаан Засгийн газар тогтоох тухай заалтыг оруулсан байна.

 

Мөн нүүрс түлсэн иргэдээс гадна нүүрс олборлосон аж ахуйн нэгж байгаль бохирдуулсны төлбөр төлж байхаар хуульчилж буй юм байна. Ингэхдээ олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгт багтаан Засгийн газраас тогтоох ажээ.

 

Харин хуулийн боловсруулалтын шатанд уг хууль үйлчилж эхэлбэл, гэр хорооллынхон нүүрснээс гадна агаарын бохирдлыг нэмэгдүүлэх бусад зүйлсийг түлэх магадлал өндөр болно гэсэн шүүмжлэл ч цөөнгүй гарсан байна. Түүнчлэн уг хуулиар автомашинаас авах татварын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болж байгаа.

 

Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн албан татварын тухай хуулиар авто тээврийн хэрэгсэл эзэмшигч бүхэн татвар төлж байхаар зохицуулах юм. Татварын багц хуульд орж ирж буй бас нэгэн содон зохицуулалт бол Эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төсөл юм.

 

Уг төсөлд урамшуулалт сугалаа явуулах эрхийг хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авах талаар тусгасан. Хэрэв ямар нэгэн байдлаар татварын өртэй хэрнээ хонжворт худалдаа зохион байгуулбал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хуулиар хөндөх ажээ.

 

Татварын багц хуульд орж ирж байгаа Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын хууль бас сонирхол татаж буй. Уг төсөлд өв залгамжлалын албан татвар ногдуулах үнэлгээг өвлөх хөрөнгийн нийт үнийн дүнгээс 100 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг хасч тодорхойлно хэмээн тусгасан байна.

 

Тодруулбал, бэлэглэлийн албан татвар ногдуулах үнэлгээг бэлэг авсан хөрөнгийн нийт үнийн дүнгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгийг хасч тодорхойлох юм байна. Тухайлбал, 100- 300 сая төгрөгийн хөрөнгө өвлүүлсэн тохиолдолд 0.6 хувиар тооцож татвар авах юм байна.

Times.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.